Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: А 

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр гэснийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших ******* *******-1 нэртэй XV-.. дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2012 онд геологи хайгуулын ажилд 2961760700 төгрөг зарцуулсан ажлын үр дүнд *******ын ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг батлуулж, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр MV-... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс олгосноор хайгуулын талбайн хэмжээ 4986 гектар болж өөрчлөгдсөн.
Ингээд Ашигт малтмалын газартай байгуулсан ******* дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үлдсэн 4986 гектар талбайд 2012-2014 онуудад геологи хайгуулын 4178923788 төгрөгийн ажил гүйцэтгэж ******* *******, -ийн ордуудыг нээж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж нөөцийг батлуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгсөн.

Тус компани XV-... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2014 онд геологи хайгуулын ажилд нийт 7240684488 төгрөг зарцуулсан.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Төв аймгийн Баянцогт сумын ******* *******-1 нэртэй NM-... дугаарт бүртгэгдсэн 2954.41 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-... дугаар тусгай зөвшөөрлийг олгосон. Эхний жилийн төлбөр 64258418 төгрөгийг төлж мэдэгдэл зөвшөөрлөө гардан авсан юм.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгосон тухай кадастрын хэлтсийн даргын 01 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлийг 06-ны өдөр хүлээн авч, 01 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ******* болон ******* дугаар тушаалуудын хуулбарыг гаргуулж авсан.

Ийнхүү Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалаар манай компанийн ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Маргаан бүхий ******* дугаар тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалыг үндэслэж гарсан байдаг. Гэвч яам болон хариуцагч нараас уг тушаалыг хуулбарлан авах гэсэн боловч ямар нэгэн шалтгаангүйгээр эс үйлдэл гаргаж олгохоос илт татгалзаж байна.

Ашигт малтмалын газрын даргын ******* дугаар тушаал нь С ХХК-ийн нэр дээр олгосон ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захиргааны шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүй, хууль бус хэлбэрээр, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохирол учруулсан захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Баянцагаан сумын нутаг ******* *******-1 нэртэй 9446 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын .... тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн А ХХК-д шилжүүлэн өгч үүссэн бөгөөд анх олгосон огноог 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцохоор кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

А ХХК нь ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдлийг 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр улсын бүртгэлийн ... дугаартай үүсгэн байгуулагч Л овогтой Г-ийн эзэмшлийн С ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.

Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 1292 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас 4104.46 гектар талбайг буцаан хүлээлгэн өгснийг бүртгэж үлдэж буй 5337.50 гектар талбайг ... тоот тусгай зөвшөөрлийн /гэрчилгээ/ хавсралтад бичиж тэмдэглэсэн.

Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтэстэй Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай ******* дугаар гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулсан байна. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* дугаар гэрээнд хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгох, төлбөрийн хэмжээг 1 гектар тутамд 1.5 америк доллараар тооцох, гэрээний хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллах, гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхээр тус тус гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцож өөрчлөлтийг хийсэн.

Мөн ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн 350.56 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын ... дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр олгож ашигт малтмалын хайгуулын ... тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 4986.94 гектар болсон.

Ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу дуусгавар болсныг кадастрын мэдээллийн санд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн байна.

Тодруулж хэлбэл анх 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгогдож 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр эзэмших 12 жилийн хуулийн хугацаа дуусгавар болжээ.

Дээр дурдсан дуусгавар болсон талбайг Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тухай ******* дүгээр тушаалаар Ашигт малтмалын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн С ХХК-ийн ... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй дүгнэлтийг үндэслэн хайгуулын .... тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж тус компанийн ашиглалтын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно заалтуудыг илтэд зөрчсөн болно.

С ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр кадастрын өргөдлийн NМ-.... дугаарт бүртгүүлсэн бөгөөд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай ******* дугаар шийдвэрээр 2954.41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн

 

28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг манай байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж улмаар холбогдох хуулийг зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн зөрчлийг арилгаж хуульд нийцүүлж ажиллахыг мэдэгдэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай дүгээр тушаалын хамт ирүүлсэн.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Төв аймгийн Баянцагаан сумын нутаг ******* *******-1 нэртэй газарт орших 9446 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн А ХХК-д олгосныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр С ХХК-д шилжүүлсэн байна.

Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болж С ХХК нь Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай

зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[1] гаргасныг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалаар[2] С ХХК-ийн ... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгасан байна. Тус шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай ******* дугаар шийдвэрээр 2954.41 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-...[3] дугаар тусгай зөвшөөрлийг С ХХК-д олгожээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийсэн тайлан гаргасан ба тус тайлангийн 8.3-ийн 2-т С ХХК-ийн ашигт малтмал хайгуулын ...дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг дурдсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай дүгээр тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан бөгөөд сайдын уг тушаал Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар тушаал гаргаж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж заасантай болон сайдын тушаалд нийцжээ.

Дээрх 2016 оны ******* дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй бөгөөд харин урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хэрэглэх шаардлагагүй байна. Учир нь нэхэмжлэгч С ХХК-д MV-... дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр олгосон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны а/69 дүгээр тушаалд ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, холбогдох албан хаагчид хариуцлага тооцохоор заажээ.

Тус сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч буй агентлагийн дарга буюу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга ... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгасан 2016 оны ******* дүгээр тушаалаа мөн оны ******* дугаар тушаалаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; гэж заасантай нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан С ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалын нэг дэх хэсгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН