Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 156/шш2021/00465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, Боржигон овогт О.З-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух, Өндөр овогт А.У-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: О.З, хариуцагч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.З миний бие А.У-тай 2015 оноос хамтран амьдарч, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ө төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй, бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байгаа. А.У нь намайг хэл амаар доромжилж, зэрлэгээр зоддог байсан. Сүүлд 2021 оны 07 дугаар сарын 13-нд намайг шалны мод хугартал зодсон. Энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Ө-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэжээ. 

 

Хариуцагч А.У нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...А.У миний О.З 2016 оноос нэг гэрт хамтран амьдарч, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүүтэй болсон. О.З нь архины хамааралтай, архи ууж агсам тавьж байнга гэрээсээ хөөсөөр өдийг хүрж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Мөн хүүхдээ хараа хяналтгүй, гэртээ ганцааранг нь гаднаас нь цоожилж орхиод архидаад явдаг. З-ийн хувьд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх чадвар маш дутуу тул миний бие хүү Ө-ыг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Ө нь миний хүү мөн.. гэжээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.З нь хариуцагч А.У-т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .. хүү Ө нь миний хүү мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй, хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэгч О.З нь архи уудаг тул хүүхдээ асран хамгаалж чаддаггүй болохоор өөрөө хүүхдээ асрамжиндаа авах саналтай байгаа.. хэмээн маргасан байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.З нь хариуцагч А.У-тай 2015 онд танилцан, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү З.Ө-ыг төрүүлсэн, гэрлэлтээ батлуулаагүй, хүү эх О.З-р овоглодог болох нь хэрэгт авагдсан хүү З.Ө-ын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ..хариуцагч А.У-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас гадна хүү З.Ө-г өөрийн асрамжид үлдээнэ.. гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөх, хүүхдийн эцэг мөн эсэх дээр болон гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр маргаагүй харин хүүхдээ өөрийн асрамжид үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хүүхдийн асрамжийн тал дээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч зохигчид шүүх хуралдаанд хүү О.Ө-ын асрамжийн талаар эсрэг байр суурь илэрхийлсэн тул хүүхдийн асрамжийн асуудлыг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байх тул шүүхээс хүү О.Ө-ын одоо эх О.З-ийн асрамжид өсөж буй байдал, бага насны хүүхэд, эхтэйгээ амьдарсан хугацаа зэргийг харгалзан эх О.З-н асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч О.З, хариуцагч А.У нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч эцэг А.У-р хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй ба эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан ба эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа, хүүхэд эхийн асрамжид үлдсэн тул О.Ө-ыг эцэг А.У-аар тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

Хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т  заасан хэмжээгээр хүү О.Өнөболдод эцэг А.У-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд 3 ам бүлтэйгээр хамрагдаж 359,91 оноо буюу харьцангуй бага хэрэглээтэй түвшинд багтсан, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан тул шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1450 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.У-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.833 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү З.Ө-ыг эх Боржигон овогт О.З-ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү З.Ө-ыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Ууганбаатараар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.З-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.У-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 34.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА