Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар  2024/ШЦТ/172

 

 

   2024             07          03                                                 2024/ШЦТ/172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Жамъяндорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү /цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд  холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “*******” 3-3 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “*******” гэх газар оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:/, овогт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “” гэх газар *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож газар унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 3 сарын 24-нд эрэлд явах гээд дээрээ гарсан. ******* жижиг овоон дээр байхад нь очиж мэндэлсэн. Манай хашаанд яагаад ийм их үхрийн баас байна гэсэн чинь намайг гэх гээд байна уу гээд гараа шуугаад дайраад ирсэн. Намайг гэх гээ юу гээд салаавч гаргаж, шээс минь гэх мэтээр доромжилсон.  Намайг тонгорох гэж байгаад миний доор орсон. Намайг тонгорох гэхэд нь би биеэ суллачихсан. Тэгээд миний доор ороод гар нь язарсан гэв.    

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 03 дугаар сарын 24-нд хонь овооны ард бэлчиж байсан. Би овооны урдуур нь явж байсан. Хөөе юу байна гэж намайг дуудсан. Би дугараагүй. Барилга дээр үхэр оруулсан юм уу? их баас байна гэхэд нь би мэдэхгүй гэсэн. Надад “чи чагаад мэддэггүй юм” гэсэн. Намайг боож байсан тул би хамгаалаад мотоциклоосоо буусан. Нэг мэдэхэд доор нь орсон байсан. Намайг манай хашаанд үхрээ хашлаа гэсэн. Би тонгороогүй. Өрөөсөн гар гэмтсэн байсан. Би заамдалцаж байгаад хэзээ газар унаснаа санахгүй байгаа. Нэг мэдэхэд миний цээжин дээр байсан  гэв. 

 

Хохирогч *******ын өгсөн “...Тэгээд мотоциклоосоо буугаад мэнд ус мэдээд надаас энэ манай хаваржаан дээр байгаа үхсэн үхэр хэний үхэр вэ бас тэр үхрийн баас хэний үхрийн баас юм бэ? гэж асуусан би хариуд нь мэдэхгүй ээ гэхэд “чи яахаараа мэддэггүй юм” гээд над руу ойртоод ирэхээр нь би урьд өмнө нь эд боолгож байсан болохоор дахиад боочих байх гэж бодоод цамцаа тайлахад намайг ирээд боосон боохдоо чамайг алъя шүү чи яахаараа тэр үхрийг мэддэггүй юм гээд байсан ба нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Тэгээд намайг сэрэхэд миний дээр дарчихсан би газар уначихсан байсан. Тэгээд би за ахын дүү одоо болно ахынх нь амьсгал тавчдаад байна босъё гэж хэлэхэд намайг босгосон. Босоод ирэхэд миний дух хавдчихсан зулгараад урагдчихсан байсан. Мөн миний баруун гар халуун юм гараад байх шиг болохоор нь харахад үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг зүсэгдсэн байсан. Тэгээд би эд хандан чи ахыгаа юугаар хатгачхав гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ надад хатгах юм байхгүй гэж хэлж байсан тэгээд халааснаасаа хиртэй саарал өнгийн даавуу гаргаж ирээд энэ даавуугаар боох уу гэхээр нь яахын бэ гэж хэлэхэд за тэгвэл би явлаа шүү одоо ахиж хоёулаа муудахгүй гэж хэлээд л яваад өгсөн. Би гарынхаа шархыг халаасанд байсан гялгар уутаар боогоод толгой тархи маань эргээд гэртээ арай гэж очсон. Тэгээд гэртээ очиход эхнэр маань сумын төв рүү ярьж түргэн дуудсан юм. Түргэний эмч ирээд миний гарт 4 оёдол тавьсан. Одоо миний шарх халуун төөнөөд жимжигнээд бага багаар эдгэрэлт явагдаж л байна... гэх хүн мотоциклоосоо бууж ирээд л намайг боосон. Тэгээд ухаан алдаж унасны дараа намайг юугаар цохисныг нь мэдэхгүй байна ухаан алдаад босоод ирэхэд миний дух зулгараад хавдчихсан байсан. Мөн баруун гарын шуун хэсэгт зүсэгдээд урагдчихсан байсан тэр шархнаас маань цус олгойдож гараад байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 х/

 

Гэрч өгсөн “...Тухайн үед миний бие сумын төв дээр байж байхад манай эрүүл мэндийн төвийн сувилагч нар сургалттай байсан учраас намайг дуудаж эмчтэй хамт дуудлагад 13 цагийн үед  явсан. Тэгээд тухайн айл дээр 15 цагийн үед очсон. Бид нарыг гэр лүү нь ороход гэх хүн нь гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан. Тухайн шархыг ангайлгаад харахад хажуу талаас нь хавж үзүүртэй зүйлээр хатгасан гэмээр шарх байсан. Ангайлгаад дээш нь өргөж харахад хумсны толионы хэмжээтэй шархнаас цус олгойдож гараад байсан. Тэгээд эмчтэйгээ хамт шархыг цэвэрлэж байгаад 4 оёдол тавьсан. Эмч маань даралт фулсыг нь үзээд даралт нь их байна та даралтны эм өгөөрэй гэж хэлэхэд би даралтны эм өгсөн. Тэгээд тухайн иргэнийг сумын төвд авч ирэн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21х/

 

Гэрч өгсөн “...Тухайн үед миний бие сумын төв дээр байж байхад 12 цагийн үед ажлаас залгаад сумаас 70 гаруй км-ийн цаана байх “” гэх газар гэх хүн нь бусдад зодуулсан байдалтай байна та явах хэрэгтэй байна гэж ярьсан. Тэгээд манай ажлын дуудлагад явдаг тээврийн хэрэгсэл маань эвдрэлтэй байсан болохоор бид хэд машин тэрэг гэсээр байтал 13 цагийн үед гарч яваад тухайн айл дээрээ 15 цагийн үед очсон. Намайг гэр лүү нь ороход гэх хүн гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан. Би тухайн хүний амин үзүүлэлтийг хамгийн анх үзсэн артерийн даралт нь 160/100,150/100 тай, пулс нь 100-тай, хүчилтөрөгч нь 95%-тай биеийн байдал нь ерөнхийдөө дунд зэрэг байсан. Дараа нь би баруун гарын шуун хэсэг дээр байсан шарханд мэдээ алдуулагч тариа тарьж байгаад 4 оёдол тавьж боолт хийсэн. Тухайн шархны гүн ойролцоогоор 2 см-ийн гүн байсан. Тэгээд тухайн иргэнийг сумын төвд авч ирэн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. Тухайн иргэний толгой тархи өвддөг. Даралт их өндөр учир яаралтай хэвтэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25 х/

 

Гэрч өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр 10 цагийн үед н дээр байгаа 3 тооны хонио авч ирж хониндоо нийлүүлэх гээд явсан юм. Тэгээд 20-30 минутын дараа овоон дээрээс мотоциклтойгоо бууж ирээд гэртээ ороод ирсэн. Тэгээд хартал духан дээр нь хавдаад урагдчихсан байдалтай байсан. Тэгээд дээгүүр өмсөж явсан явсан цамцаа тайлтал баруун гарын шуун хэсэгт гялгар цаасаар ороосон байсан гялгар уутыг нь автал цус гараад байсан тэгээд би яаваа юу болов оо мотоциклоосоо унасан юм уу?” асуухад “үгүй ээ овоон дээр тэй таараад намайг хаваржаан дээр үхэр хашлаа гээд боож унагаад ухаан алдаад босоод ирсэн чинь гараас цус гарчихсан байсан. Тэгээд чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь “үгүй ээ надад хутга байхгүй би хутгалаагүй гэж хэлчхээд яваад өгчихлөө” гэж надад хэлсэн тэгээд манай нөхөр толгой эргээд байна гээд гэрийнхээ баруун орон дээр хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 х/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №157 дугаартай “...1. биед тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий, мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 х/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 03-06 х/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09х/

*******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 38-39 х/

*******ын эмчилгээний баримт /хх-ийн 40-45, 91 х/

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь  2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “” гэх газар *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож газар унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ын өгсөн “... “чи яахаараа мэддэггүй юм” гээд над руу ойртоод ирэхээр нь би урьд өмнө нь эд боолгож байсан болохоор дахиад боочих байх гэж бодоод цамцаа тайлахад намайг ирээд боосон боохдоо чамайг ална шүү чи яахаараа тэр үхрийг мэддэггүй юм гээд байсан ба нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Тэгээд намайг сэрэхэд миний дээр дарчихсан би газар уначихсан байсан. Тэгээд би за ахын дүү одоо болно ахынх нь амьсгал тавчдаад байна босъё гэж хэлэхэд намайг босгосон. Босоод ирэхэд миний дух хавдчихсан зулгараад урагдчихсан байсан. Мөн миний баруун гар халуун юм гараад байх шиг болохоор нь харахад үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг зүсэгдсэн байсан. Тэгээд би эд хандан чи ахыгаа юугаар хатгачхав гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ надад хатгах юм байхгүй гэж хэлж байсан тэгээд халааснаасаа хиртэй саарал өнгийн даавуу гаргаж ирээд энэ даавуугаар боох уу гэхээр нь яахын бэ гэж хэлэхэд за тэгвэл би явлаа шүү одоо ахиж хоёулаа муудахгүй гэж хэлээд л яваад өгсөн. Би гарынхаа шархыг халаасанд байсан гялгар уутаар боогоод толгой тархи маань эргээд гэртээ арай гэж очсон. Тэгээд гэртээ очиход эхнэр маань сумын төв рүү ярьж түргэн дуудсан юм. Түргэний эмч ирээд миний гарт 4 оёдол тавьсан. Одоо миний шарх халуун төөнөөд жимжигнээд бага багаар эдгэрэлт явагдаж л байна...” гэх,

Гэрч өгсөн “...Бид нарыг гэр лүү нь ороход гэх хүн нь гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан. Тухайн шархыг ангайлгаад харахад хажуу талаас нь хавж үзүүртэй зүйлээр хатгасан гэмээр шарх байсан. Ангайлгаад дээш нь өргөж харахад хумсны толионы хэмжээтэй шархнаас цус олгойдож гараад байсан. Тэгээд эмчтэйгээ хамт шархыг цэвэрлэж байгаад 4 оёдол тавьсан...” гэх,

Гэрч өгсөн “...Намайг гэр лүү нь ороход гэх хүн гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан. Би тухайн хүний амин үзүүлэлтийг хамгийн анх үзсэн артерийн даралт нь 160/100,150/100 тай, пулс нь 100-тай, хүчилтөрөгч нь 95%-тай биеийн байдал нь ерөнхийдөө дунд зэрэг байсан. Дараа нь би баруун гарын шуун хэсэг дээр байсан шарханд мэдээ алдуулагч тариа тарьж байгаад 4 оёдол тавьж боолт хийсэн. Тухайн шархны гүн ойролцоогоор 2 см-ийн гүн байсан. Тэгээд тухайн иргэнийг сумын төвд авч ирэн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн...” гэх,

Гэрч өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр 10 цагийн үед н дээр байгаа 3 тооны хонио авч ирж хониндоо нийлүүлэх гээд явсан юм. Тэгээд 20-30 минутын дараа овоон дээрээс мотоциклтойгоо бууж ирээд гэртээ ороод ирсэн. Тэгээд хартал духан дээр нь хавдаад урагдчихсан байдалтай байсан. Тэгээд дээгүүр өмсөж явсан явсан цамцаа тайлтал баруун гарын шуун хэсэгт гялгар цаасаар ороосон байсан гялгар уутыг нь автал цус гараад байсан тэгээд би яав юу болов оо мотоциклоосоо унасан юм уу?” асуухад “үгүй ээ овоон дээр тэй таараад намайг хаваржаан дээр үхэр хашлаа гээд боож унагаад ухаан алдаад босоод ирсэн чинь гараас цус гарчихсан байсан. Тэгээд чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь “үгүй ээ надад хутга байхгүй би хутгалаагүй гэж хэлчхээд яваад өгчихлөө” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгүүд

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №157 дугаартай “...1. биед тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий, мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой өвчний түүхийн хуулбар, яаралтай тусламжийн хуудас зэргээр нотлогдон тогтоогдож  байна.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “” гэх газар *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож газар унаган түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, баруун шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 714,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй байна.    

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч, хохирогч хэн хэн нь бие биенээ заамдалцсан талаар мэдүүлдэг бөгөөд нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч ******* нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Хохирогчийн биед урьд халдаж байсан.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч : “...Мөрдөгч, прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай тогтоогоогүй буюу хэргийн объектив, субьектив байдлыг хөдөлбөргүй тогтоогоогүй гэж үзэж байна. ******* ханцуйгаа шамлаад дайрсан, хад чулуутай газар байсан, өөрөө тонгорох гэж байгаад унасан гэх мэдүүлгийг шүүгдэгч өгч байна. Гэтэл хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн хохирогчийн ярьснаар шийдвэр гаргаж байна. Уянгаас юу болсныг асуухад *******эд хутгалуулах шиг боллоо гэж хэлсэн гэсэн. Гэтэл хэргийн газрын үзлэгээр хутга олдоогүй. Хэрэв хутга байсан бол цамцанд зүсэгдсэн ул мөр олдох ёстой. Гэтэл энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Хохирогч гэмт хэргийн байдлыг булзааруулж эд мөрийн баримт болох цамцыг устгасан. ******* рүү дайрсан мэдүүлэг болон өөрийнх нь хувцсыг харахад хэргийн үнэн нөхцөл байдал мэдэгдэнэ. Гэрчүүд хэргийн объектив байдлын талаар мэдүүлээгүй. Хохирлыг л хэлсэн. Шинжээч эмчээс асуухад өөрөө унаад энэ гэмтэл үүсэх боломжтой гэсэн. Хэргийг зөвхөн яллах дүгнэлтийн хэмжээнд хэлэлцэнэ. Өмнөх асуудлуудын хөөн хэлэлцэх хугацаа, шийтгэлийн хугацаа дууссан. *******ийн мэдүүлэг худал гэж үзэх үндэслэл байхгүй. Хохирогч өөрийн үйлдлээр өөртөө хохирол учруулсан нь тогтоогдож байна.

Үзүүртэй зүйл хэрэглэсэн гэх мэдүүлэг шинжээч эмчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургаар хайрга, чулуу нь тийм зэргийн зүсэлт үүсгэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс судалж бодитоор тогтоох үүрэгтэй. Мэтгэлцээний үндсэн дээр хэргийн нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.Гэтэл хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг хамгаалсан шударга ёсны заалт дээд шүүхийн тайлбарыг баримтлан шийдвэр гаргах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.1 дугаар зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэх

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч нар өөр өөрөөр мэдүүлдэг. Хохирогч хөнгөн гэмтэлтэй. Шүүгдэгч ******* *******тай нутаг усны маргаан хийсэн.

Хохирогч шүүгдэгчээс айдаг. Би тэр үед ухаан алдсан. Эхнэртээ хариад болсон явдлыг хэлсэн. Цустай цамцыг шатаасан. Хэн нь зодсоныг харсан гэрч байхгүй гэдэг. ******* нь хохирол учруулсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Эмч зөвхөн тодорхойлолт л бичиж өгсөн. Эхнэр нь зодуулаад ирсэн байсан гэсэн мэдүүлэг өгсөн.

Хохирогч ******* ******* эмчилгээ хийлгэж, Улаанбаатар хотод томограф, MRI шинжилгээ зэрэгт орсон талаар 1,182,450 төгрөгийн зарлага бүхий 9 баримтыг хэрэгт хавсаргасан. Бичиг үсэг мэдэхгүй тул 1,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. Нийт 2,182,450 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. 2-р зэргийг сэтгэл санааны хохирол үүссэн  бөгөөд энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх бөгөөд сэтгэцэд учирсан хохирлыг мөн нэхэмжилж байна ...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    1. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Прокуророос шүүгдэгч *******ийн хохирогч  зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун шуунд шарх  бүхий гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

  ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж хүнийг боож унагахад гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч *******ыг цамцаар нь хоолойг нь боож унаган ухаан алдуулж, түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан “ ... ******* өөрөө ирээд тонгорох гэж байгаад унасан. Хутгаллаа гэж дуудлага өгсөн би гэмтэл учруулаагүй ******* нь намайг чадах гэж ийм хорон санаа гаргаж байна...” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн гэм буруугийн талаар гаргасан “ ... *******ийн үйлдлийн улмаас *******т гэмтэл учирсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. ******* нь тонгорох гэж байгаад өөртөө гэмтэл учруулсан байх боломжтой байна. Гэмт хэргийн шинжгүй байгааг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож *******ийг цагаатгаж өгнө үү ...” гэх дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч  *******ийн хохирогч  *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  үйл баримт нь хохирогч *******ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд удаа дараагийн тогтвортой мэдүүлсэн “намайг ирээд боосон боохдоо чамайг ална шүү чи яахаараа тэр үхрийг мэддэггүй юм гээд байсан ба нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Тэгээд намайг сэрэхэд миний дээр дарчихсан би газар уначихсан байсан. Тэгээд би за ахын дүү одоо болно ахынх нь амьсгал тавчдаад байна босъё гэж хэлэхэд намайг босгосон. Босоод ирэхэд миний дух хавдчихсан зулгараад урагдчихсан байсан. Мөн миний баруун гар халуун юм гараад байх шиг болохоор нь харахад үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг зүсэгдсэн байсан ” мөн гэрч “... гэх хүн нь гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан...гэх, гэрч “...Намайг гэр рүү нь ороход гэх хүн гэрийнхээ баруун орон дээр хэвтчихсэн толгойн дух хэсэгт хавдаад зулгарсан, баруун гарын шуун хэсэгт ойролцоогоор 4 см-ийн зүсэгдсэн шархтай байсан...” гэх, гэрч “.. манай нөхөр *******ын духан дээр нь хавдаад урагдчихсан байдалтай байсан. Тэгээд дээгүүр өмсөж явсан цамцаа тайлтал баруун гарын шуун хэсэгт гялгар цаасаар ороосон байсан гялгар уутыг нь автал цус гараад байсан тэгээд би яав юу болов оо мотоциклоосоо унасан юм уу?” гэж асуухад “үгүй ээ овоон дээр тэй таараад намайг хаваржаан дээр үхэр хашлаа гээд боож унагаад ухаан алдаад босоод ирсэн чинь гараас цус гарчихсан байсан. Тэгээд чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь “үгүй ээ надад хутга байхгүй би хутгалаагүй гэж хэлчхээд яваад өгчихлөө” гэсэн гэх мэдүүлгүүд болон Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №157 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч *******ийн мэдүүлэг, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг. Шүүхээс “гэм бурууг тогтоох” ажиллагааны явцад эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, хуулийн байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлгүйгээр хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд чиглэдэг учраас шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөлд түүнд ашигтайгаар шийдвэрлэдэг.

 

Хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх, хангалттай эсэх, үнэн зөв  эсэх, эргэлзээгүй эсэх, хуульд заасан арга хэрэгслээр цугларсан эсэх зэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн шалгаж, үнэлснээр хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бусад баримт бичиг, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд эргэлзээ үүсээгүй учир гэм буруутайд тооцох дүгнэлт шүүх гаргасан болно.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. 

Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч : Шүүх нэгэнт шүүгдэгчийн гэм буруутай гэж тооцсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага шийтгэлийг оногдуулж өгнө үү  гэх,

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: Хохирогч талын зүгээс ялын талаар саналгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмгөөллийн гэрээнд мөнгөн дүн бичигдээгүй байгаа. 1,000,000 төгрөгөөр тохиролцсон. Өөр саналгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.

   

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрөхгүй мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон мал маллан амьдарч байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* нь эмчилгээний зардалд баримтаар 1,179,255 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь түүнд хохирол нөхөн төлөөгүй байна.

 Хохирогч ******* нь  тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

 Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар шүүгдэгч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэг” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

 Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/  төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  660.000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм. Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 714,000  төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21/83 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ээс 714,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан “өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах” агуулга бүхий саналын тухайд хэдийгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс улбаатайгаар хохирогч өөрийн эд хөрөнгөөс уг зардлыг гаргасан боловч шүүгдэгчийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүйгээр буюу өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул өмгөөлөгчийн хөлс төлсөн зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******эд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******эд авсан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс эмчилгээний зардалд 1,179,255 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000  /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 714,000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчоос өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР