Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2021/00482

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00414/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух,  Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, Ц.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ц.Б-тай 2005 онд танилцаж, гэр бүл болж 2007 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр охин Б.Э-ийг төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа хардаж, хэрүүл маргаан үүсгэж, архи уусан үедээ гар хүрч, гэрээсээ хөөж цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Ц.Б-тай цаашид цуг амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгийг хувааж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Хэнтий аймаг Хэрлэн сум 4-р баг .......тоотод байрлах 52,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 3/2 буюу 37,500,000 төгрөг, эд хөрөнгө 1,851,000, дундын хөрөнгө 2,491,000, нийт 41,841,000 төгрөгийг нэхэмжилж байна... Төрснийхээ дараа хүүхдээ 4 сартай байхад нь ажилдаа орсон. Тэгэхэд нөхөр хардаж, хэрүүл маргаан үүсгэж, нэг бус удаа гар хүрэхдээ буу хүртэл ашигласан байдаг. Сүүлдээ хардалт нь хэтэрч хүүхдийн хажууд хүртэл ийм үйлдэл гаргаж байсан. Энэ байдал цааш үргэлжилвэл хэн нэгэн нь эрсдэлд орно гэж бодсон..маргаан бүхий орон сууцны талаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны 2/3 болох 37.500.000 төгрөг, эд зүйлсийн үнэ 2.490.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, 1.851.000 төгрөгийн эд хогшлын үнийг хариуцагч төлнө гэсэн... Охиноо өөрийнхөө асрамжид авах саналтай байна, хүүхэддээ хуулийн дагуу тэтгэлэг гаргуулна. Гэрлэлтээ цуцлуулах саналтай байна... гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч Д.Д нь нэхэмжлэлийнхээ зарим хэсэгт эвлэрч, зарим хэсгийг дэмжиж байгаа. Гэрлэлт цуцлах тал дээр аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэлтийг цуцлах бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хүүхдийн асрамжийн асуудал дээр хүүхэд өөрөө ээжтэйгээ хамт байя гэдгээ илэрхийлсэн байгаа. Иймээс хүүхдийн хүсэлтийг харгалзан, аль аль талын зөвшөөрлийг харгалзаад ээж дээр нь хүүхдийн асрамжийг тогтоож өгнө үү, мөн хүүхдийн тэтгэлэгийг гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу сар бүр Засгийн газраас тогтоосон цалингийн хувиараар тогтоож, шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Дундын хөрөнгө дээр эвлэрсэн учир санал байхгүй... гэв.

 

Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.Д-гийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Д бид хоёр 2005 онд тагилцаж гэр бүл болж 2007 оны 04 дүгээр сарын 09-нд охин Энэрэл төрсөн. Хамтын амьдралын эхэн үед аз жаргалтай байсан боловч 2016 оноос Д-гийн зан ааш өөрчлөгдөж хэрүүл мөщаргаан гарч эхэлсэн. Миний хувьд хамт амьдарч байх хугацаандаа хардаж цохиж байсан удаа байгаагүй. Ингээд 2016.12.30-ны өдөр Д гэрээсээ явсан. Одоо бидний хувьд 4 жил гаран тусдаа амьдарч байна.

Нэхэмжлэлтэй холбогдуулан гэрлэлтийн баталгааг цуцлуулах, охин Э-ийг ээж Д-гийн асаргаанд үлдээх, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрч байна. Мөн өөрийн мөнгөөр авсан 1.851.000 төгрөгний эд зүйл гэх нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Харин дундын хөрөнгийн 2/3 болох 2.490.000 төгрөг, орон сууцны үнийн 2/3 буюу 37.500.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 06 сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А..... тоотод байрлах .........м2 талбайтай 2 өрөө орон сууцыг метр кв 760.00 төгрөгөөр бодож 40.158.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг ипотикийн зээлийн гэрээгээр худалдаж авсан. Уг байрыг худалдан авахдаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 30%-ийг төлж үлдэгдэл 70%-д 28.108.000 төгрөгний зээлийг Хаан банкнаас авч гэрээгээ байгуулсан юм. Ингээд 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн графикийн дагуу төлөлтийг хийж явсаар өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 21.781.000 төгрөгний зээл үлдсэн боловч 2033 оны 06 сар хүртлэх 142 сарын хугацаанд 33.426.8000 төгрөгийг төлөхөөр байна.Энэ хугацаанд би өөрийн Хаан банкны ....... тоот харилцах данснаас автоматаар таталт хийлгэж явдаг байсан бөгөөд Д-ийн хувьд 2015 оны 09 дүгээр сарын 28-н, 2018 оны 02 сарын 26-н, 2016 оны 08 сарын 26-н, 2016 оны 09 сарын 26-нд өөрийн ....тоот данснаас нийт хугацаанд 4 удаа зээлийн татан авалт хийлгэж байна.

2016 оны 12 сарын 30-ны өдрөөс тусдаа амьдарснаас хойш 2017 оны 11 сарын 27-н, 2018 оны 02 сарын 26-н ы өдөр тус тус Д-гийн данснаас зээлийн татан авалт хийгдсэн боловч сүүлийн хоёр төлөлтийг Д-ийн дансанд тухайн өдөр буцаагаад шилжүүлсэн байдаг. Орон сууцны сарын төлөлт нь 235.400 төгрөг бөгөөд зээлийн 30 хувиа оролцуулахгүйгээр зээл төлсөн мөнгөө тооцвол өнөөдрийн байдлаар 23.069.200 төгрөг төлөгдсөнөөс Д-гийн хувьд 941.600 төгрөг төлсөн. Уг байрны урьдчидгаа төлбөрийг өмнө Хас банкны зээлээр баригдсан хашаа байшингаа зарж борлуулсны орлогоос бүрдүүлсэн бөгөөд уг хашаа байшингийн зээлийн мөн миний зүгээс дангаараа төлж барагдуулж байсан.

Маргаан бүхий орон сууцны талаар бид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгууллаа, нэхэмжлэгчийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс хасаж, охин бид хоёр өмчлөгчөөр үлдэж, 2022 оны 05 сарын 01-ний өдөр гэхэд 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн... гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ...тоотод байрлах 5....м2 2 өрөө 56.000.000 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцны 2/3 буюу 37.500.000 төгрөг, тавилга эд хогшлын үнэ 2.490.000 төгрөг, мөн эд хогшлын үнэ 1.851.000 төгрөг, нийт 41.841.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох болон дундын эд хөрөнгө хуваах нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127.1-д тус тус зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн дараах байдлаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэг. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Д.Д хариуцагч Ц.Б нар нь 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн тэдний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр охин Б.Э төрсөн болох нь хэрэгт авагдсан ....дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн №......дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Д-ийн Ц.Б-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ..гэр бүлийн хүчирхийллийн болон хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан.. гэж, харин хариуцагч нь ...хамт амьдарч байх хугацаандаа цохиж зодож байсан удаагүй, зан ааш таарамжгүй байдлаас үүдэн тусдаа амьдрах болсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Уг иргэний хэрэгт Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан урьдчилсан арга хэмжээ болох эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигч эвлэрээгүй, зохигчийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох тохиолдол байхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга хэн аль нь гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэгчдийг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн бөгөөд мөн хуульд зааснаар зохигчдын хэн аль нь хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, эх Д.Д-ийн ажил хөдөлмөр эрхэлдэг, охин Б.Э ээжтэйгээ амьдрах саналтайгаа илэрхийлсэн, одоо ээжтэйгээ цуг амьдардаг зэргийг харгалзан охин Б.Э-г эх Д.Д-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2, 26.4, 26.6 зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.Б нь охин Б.Э-тэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.Д-гийн зүгээс саад учруулахгүй байхыг тайлбарлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тухай заасан, зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.5-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин Б.Э-г сар бүр эцэг Ц.Б-р нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хоёр: Эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч Д.Д нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах 52.84м2 2 өрөө орон сууцны 2/3 буюу 37.500.000 төгрөг, тавилга эд хогшлын үнэ 2.490.000 төгрөг, мөн дундын өмчлөлийн эд зүйлсийн үнэ 1.851.000 төгрөг нийт 41.841.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэгт цугларсан баримтаар уг маргаан бүхий байрны өмчлөгч нь Ц.Бн, Д.Д, Б.Э гэх гурван иргэний өмч болох нь хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, уг маргаан бүхий орон сууцыг зохигчид 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкнаас ипотекийн зээлээр үндсэн зээлдэгчээр хариуцагч Ц.Б, хамтран үүрэг гүйэтгэгчээр нэхэмжлэгч Д.Д нар зээлийн гэрээ байгуулан худалдан авсан болох нь зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч нь мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байхаар заасан байх тул маргаан бүхий орон сууц, бусад эд хогшил нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахаар байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед .... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол...., хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар дундын өмчийн эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт  байрлах 52.84м2 2 өрөө орон сууцны 2/3 буюу 37.500.000 төгрөг гаргуулах, тавилга эд хогшлын үнэ 2.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар эвлэрэн хэлэлцэх эрхийхээ хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул маргаан бүхий орон сууцны асуудлыг шүүх зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн болно.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Д нь орон сууцны үнэ 37.500.000 төгрөг, дундын эд хөрөнгийн үнэ 2.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.Б нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 20.000.000 төгрөгийг ХААН банк дахь дансанд шилжүүлэхээр, Орон сууцны ипотекийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ээлийн гэрээнээс нэхэмжлэгч Д.Д-ийн хамтран үүрэг гүйцэтгэх эрх үүргээс чөлөөлөх буюу уг гэрээнээс хасуулах ажлыг Ц.Б гүйцэтгэхээр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг байрлах 52.84м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дэх өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.Д нэрээ хасуулах буюу уг байрны өмчлөгчөөс татгалзах, охин Б.Э, Ц.Б нар уг байрны өмчлөгч хэвээр үлдэхээр харилцан тохиролцов гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрч болно гэж заасны дагуу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлага болох гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар уг шаардлагыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь гэр бүлийн гишүүний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг байрлах 52.84м2 2 өрөө орон сууцны ногдох хэсэг 37.500.000 төгрөг, дундын эд хөрөнгийн үнэ 2.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар эвлэрэн хэлэлцэж, уг шаардлагыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.4-т заасан үр дагаварыг танилцуулсан болно.

Харин нэхэмжлэгч Д.Д нь абажур, стенка, угаалгын машин, паркетан шал, паркет хүрээний үнэ нийт 1.851.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг (хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд) шүүхэд гаргаж өгсөн ба хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, уг эд хогшлууд нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 34.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц.Б, Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Э-ийг эх Д.Д-гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэхийг эцэг Ц.Б-д үүрэг болгож, тэтгэлэгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Д-д үүрэг болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, эцэг, эхийн хэн нэгэн нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг зохигчдод даалгасугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар эцэг Ц.Б охин Б.Э-тэй уулзах, тэжээн тэтгэх зэрэг эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд эх Д.Д-гийн зүгээс саад болохгүй байхыг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Б-аас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжид ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Иргэний хуулийн 126 дугаар зүлийн 126.2.2-т зааснаар хариуцагч Ц.Б-аас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэ болох 1.851.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь Нэхэмжлэгч нь орон сууцны ногдох хэсэг 37.500.000 төгрөг, дундын хөрөнгийн 2.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Д.Д-д 20,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ХААН банкны дансанд шилжүүлэхээр, Орон сууцны ипотекийн 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-342 тоот зээлийн гэрээнээс нэхэмжлэгч Д.Д-ийн хамтран үүрэг гүйцэтгэх эрх үүргээс чөлөөлөх буюу уг гэрээнээс хасуулах ажлыг Ц.Б гүйцэтгэхээр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах 52.84м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дэх өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.Д нэрээ хасуулах буюу уг байрны өмчлөгчөөс татгалзах, охин Б.Э, Ц.Б нар уг байрны өмчлөгч хэвээр үлдэхээр эвлэрэн хэлэлцснийг баталсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 437.350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 328.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавд үүрэг болгосугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА