Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2021/00484

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00261/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух, Д.А-ийн нэхэмжлэлтэй, Р.Э-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Р.Э-н нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Р.Э нь 10 жилд манай нөгөө ангид сурдаг байсан. Бид 2012 оноос дотносож хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны хүү А төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Тухайн үед Р.Э нь ажил хийдэггүй, хүүхдээ хардаг, би ажил хийдэг байсан. Намайг ажлаасаа гарсныг далимдуулж Р.Э намайг цохиод үүнээс хойш бид хоёр хөндийрсөн. Тэгээд Р.Э аймагруу гэрлүүгээ явж ирье гэж хэлээд цэрэгт явсан байсан. 3,4 жилийн өмнө шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл өгсөн боловч хаяг тодорхойгүй гээд буцаагдсан. Р.Э хүүхэдтэйгээ уулздаггүй, ярьдаггүй байж намайг тэтгэлэг тогтоолгох гээд дахиж нэхэмжлэл гаргасан чинь гэнэт хүүхдээ гээд байгаа. Би хүүхдээ 7 нас хүртэл нь өсгөсөн. Үүнээс хойших тэтгэлэгийг тогтоолгох хүсэлтэй байгаа, би хүүхдийнхээ тэтгэлэгийг хүүхдэдээ л зарцуулна... гэжээ. 

 

Хариуцагч Р.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2012 онд Д.А-тай танилцаж, хамтран амьдарч байх хугацаанд хүү Э.А 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Одоо найман настай. Миний бие 2015 онд хугацаат цэргийн алба 1 жилийн хугацаагаар хаагаад ирэхэд эхнэр Д.А өөр хүнтэй хамтран амьдарч байсан ба түүнээс хойш бид тусдаа амьдарч байгаа. Миний хүү Э.А нь Хэнтий аймгийн Дадал суманд хөдөө эмээ, өвөөтэйгөө амьдардаг. Миний бие хүү Э.А-тэй Хэнтий аймгийн Дадал сум руу очиж уулздаг. Д.А хүү Э.А-нээ өөрөө харж асрамжилдаггүй өөрийн ээж дээрээ орхисон. Хүүхдийг сургуульд ороход нь сургуулийн дотуур байранд өгдөг. Д.А хүүхдэдээ ямар ч анхаарал халамж тавьдаггүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүү Э.А нь Д.А-йн асрамжид байдаггүй, би Д.А-г зодож үзээгүй худлаа ярьж байна. Би хүүхдээ хардаг байсан учраас ажил хийдэггүй байсан. Д.А өөрөө ажил хиймээр байна гэж хийчихээд ажлаасаа мөнгө хулгайлдаг байсан учраас баригдаад ажлаасаа халагдсан. Мөн бид нарын амьдарч байсан байрны хажуу талын супермаркетаас хулгай хийгээд болохгүй байсан. Бид хоёр маргалдаад би цэрэгт татлагат ороод тэнцээд Халх голд цэргийн алба хаасан. Тухайн үед бид хоёр салаагүй, хоорондоо ярьдаг байсан. Цэрэгт яваад 6 сарын дараа Д.А огт холбоогүй болсон. Тэгээд би хүнээс сурагласан чинь өөр хүнтэй болсон байсан. 2016 оны хавар цэргээс халагдаж ирээд хүүхэд дээрээ очиход Д.А-ийн ээж нь байсан. Хадам ээж А нөхөртэй болоод төрсөн. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөөд аав дээрээ үлдээгээд өөрөө ажил хийхээ урагшаа явсан гэсэн. Би эвлэрье гэсэн бодолтой байсан боловч өөр хүнтэй болсон болохоор боломжгүй болсон. Тэр үед би охин А-ийг хэд хоног авч яваад аваачиж өгсөн. Д.А нь өөрөө л намайг хаясан.. гэжээ.

 

Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: .....Миний бие энэ хугацаанд хүү Э.А-тэй Хэнтий аймгийн Дадал сум руу уулзахаар удаа дараа явж очиход хүү Э.А-ийг эх Д.А өөрийн асрамжинд харж ханддаггүй. Хэнтий аймаг Дадал сумын хөдөө мал дээр амьдардаг өөрийн ээж дээрээ орхисон байсан. Хүү Э.А-ийг эхийн ямарч хайр халамжгүй орхисон. Энэ талаар нутгийн ахан дүүс болон таньж мэдэх хүмүүс удаа дараа хүү Э.А-ийг өөр дээрээ аваачээ энэ хүүхдийг эмээ нь дарамт хүчирхийлэлд оруулаад байна, эмээ нь архи уудаг, хүүхэд байнга айж эмээсэн байдалтай амьдарч байна, хүнд хүчир ажил хийлгэж байна, хүүхэд хөдөө гэрээсээ оргож явсныг сумын иргэд олж гэрт нь хүргэж өгсөн байна энэ хүүхдэд анхаарал тавьж яаралтай арга хэмжээ ав гэж надруу хэлж байна.Энэ явдлаас хэд хоногийн дараа Д.А над руу утсаар ярьж...чи хүү Э.А-ийг аваачээ. Эмээ нь архи дарс уугаад хүүхдийг огт хайхрахгүй байна. Хүү Э.А гэрээсээ оргож явсныг хүмүүс олж эмээ дээр нь хүргэж өгсөн байна. Би хүү Э.А-ийг харах боломжгүй гэж ярьсан. Ингээд би хүү Э.А-ийг 2020 онд авахаар болсон чинь Д.А нь хүүхдээ өгөхөө болилоо харин чи хүүхдийн овгоосоо татгалзаж одоо миний хамт амьдарч байгаа Ц гэдэг хүнээр овоглуул гэдэг шаардлага тавьсан. Тэр үед би хүүхдээ өөрөө авна овогоос нь татгалзахгүй гэдэг хариу өгсөний дараа намайг шүүхэд хандсан байна.Миний бие энэ Э.А-тэй 2019 оны 11 сард очиж уулзахад хүү Э.А нь ааваа надад пүүз, биеийн тамирын хувцас авч өгөөчээ, биеийн тамирын багш намайг биеийн тамирын хувцасгүй гээд хичээлд оруулдаггүй загнадаг гээд уйлж байсан ба би хувцас авч өгөөд буцаж байсан. Мөн ааваа та намайг аваад яваач гээд дагаад уйлаад хоцорч байсан. Хүүхэд эцэг, эхийн асрамжинд өсөх, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Гэтэл эх Д.А нь өөрөө хүүхдээ асрамжилж хамгаалдаггүй хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хүүхдийг хүчирхийлэлд, дарамтанд, дутагдал гачигдалд оруулж амьдруулж байна. Мөн Д.А нь өөрийн гэсэн орон гэргүй хаа сайгүй тэнэж амьдардаг, тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Хүүхдээ өөрийн асрамжинд харж хандаад явах ямарч амьдралын боломж баталгаагүй хүн юм... гэжээ.

Хариуцагч Д.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ цэрэгт явсан үед намайг өөр хүнтэй гэр бүл болсон, хүүхдээ асарч хамгаалддаггүй, хүчирхийлэл дарамтад байлгадаг , гэрээсээ оргож байхад нь хүн олж хүргэсэн, эмээ нь архи дарс уудаг, гачигдалтай амьдруулдаг гэх мэтээр огт худал зүйл бичсэн байна. 2016 онд намайг Хятад улсад ажиллах үед Э хүүг минь ээжээс аваад Хэнтий аймгийн төвд ирж өөрийнхөө гэрт эх эцэгтэйгээ орхиод Дорноговь аймагруу явсан байсан. Тухайн үед хүүг маань өвөө нь зодож айлгасан байсан. Дараа нь Э ирээд хүүгээ аваад Дадал суманд ирж хөдөө байдаг айлын гадаа нохойны гөлөг төөрүүлсэн юм шиг үлдээгээд явсныг миний ээж мэдээд очиж авсан байсан. 2019 оноос би Ц гэдэг хүнтэй гэр бүл болж Дадал суманд амьдарч байгаа, бид хоёр А-с өөр хүүхэдгүй бөгөөд бид хувиараа наймаа худалдаа хийж хөдөө хотын хооронд явдаг ажилтай, ээж маань хөдөө хувийн малаа маллаж амьдардаг хүү маань хичээлдээ орохдоо сумын сургуулийн дотуур байранд зуны цагт амралтаараа надтай цуг байдаг. Би эхийн хувьд хүүхдээ асран тэтгэх үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа, харин эцэг хүний хувьд Э хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа. ....Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Э-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Р.Э нь Д.А-д холбогдуулан хүү Э.А-ийг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр Д.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Р.Э-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Р.Э нар нь 2012 оноос хамт амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.А төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Р.Э-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: .. Р.Э нь эцэг хүний үүргээ биелүүлдэггүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна, би хүүхдээ харж ханддаг тул өөрийн асрамжид үлдээнэ.. хэмээн, хариуцагч Р.Э нь миний хүүхэд мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй харин хүүхдээ өөрийнхөө асрамжид авна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Д.А-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .. Д.А нь хүүхдээ харж ханддаггүй, өөрийн ээж дээрээ хүүг орхисон хүү А гэрээсээ оргож явсныг хүмүүс олж эмээ дээр нь хүргэж өгсөн байдаг, хараа хяналт муутай, хүчирхийлэлд байлгадаг тул хүүгээ өөрийн асрамжид авна.. хэмээн тайлбарлаж, талууд мэтгэлцсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэдний дундаас гарсан хүү А-ний өмнө хэн аль нь эцэг эхийн хувьд хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлэх, үр хүүхдээ асарч, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр товлосон ба шүүх хуралдаан дээр хариуцагч, сөрөг нэхэмжлэл гаргасан Р.Э нь ...Д.А нь эхийн үүргээ гүйцэтгэдэггүй, өөрийнхөө ээж дээр орхисон, сургуулийн дотуур байранд байлгадаг тул хүү А цаашид эцэг эхийнхээ хэнийх нь асрамжид байвал сурч боловсрох, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх боломжтойг тогтоолгохын тулд Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шинжээч томилоход Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 190 дүгээр албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.

Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн гаргасан дүгнэлтэд: Нэхэмжлэгч Д.А нь хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлттэй, өөрийн гэсэн орон гэртэй, өрхийн орлоготой тул гэр бүл, ээж хамтран амьдрагчийн дэмжлэгтэйгээр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой, Хариуцагч Р.Э нь хүүхдээ асрамжид авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч байр суурин дээрээ баттай биш, асрамжиндаа авсан тохиолдолд өөрийн гэсэн гэр оронтой, тогтсон ажил, тогтмол орлогын эх үүсвэртэй, тогтвортой гэр бүл үүсгэсэн тул хүүхдийг аюул эрсдэлгүй өсгөн хүмүүжүүлэх боломжтой байдал харагдсан ч хүүхдийн ээнэгшилтийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай.. хэмээн дүгнэлт гаргажээ.

Хариуцагч Р.Э нь хүү Э.А-ийг өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан эсрэг байр суурь илэрхийлээгүй, харин хүүхдээ өөрийн асрамжид авна хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан, хүү Э.А нь 8 настай тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу саналыг асуухад ..ээжтэй амьдардаг, аавтайгаа нэгдүгээр ангид нэг уулзаж байсан, аавыгаа хараад танихгүй.. гэсэн, 2013 оноос хойш ээж Д.А болон эмээтэйгээ цуг амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, бусад бичгийн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хэн аль нь ахуй нөхцөл, ёс суртахууны болоод эдийн засгийн бололцоотой хэдий ч хүү Э.А нь зохигчдыг тусдаа амьдрах болсон цагаас эхлэн эх Д.А-ийн асрамжид байгаа, хүүхэд ээжтэйгээ ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан Д.А-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, хариуцагч Р.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Р.Э нь сөрөг нэхэмжлэлдээ ...хүү Э.А-ийг дарамт хүчирхийлэлд байдаг, эмээ нь архи уудаг, Д.А нь хүүг харах боломжгүй, асарч хайхардаггүй, хүчирхийлэл дарамт, дутагдал гачигдалд оруулж амьдарч байна гэж... хүүхдээ асрамжидаа авах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т зааснаар Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх, эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд хариуцагч Р.Э нь хүүхдийн асрамж солих асуудлаар маргах эрх нээлттэй, нэхэмжлэгч Д.А нь хүүхдийн асрамжидаа авч үлдэж байгаагийн хувьд хүүхдийн эрхийг зөрчихгүй, хүүхдийн эрхийг хангаж байхыг үүрэг болгож байгааг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй ба зохигч нь хүүхдийн тэтгэлэгийн талаар гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.Э-аар сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч Д.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Э-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэг жилийн хугацаанд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 34.833 төгрөгийг гаргуулан улсын орлогод, хариуцагч Р.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,14.6-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.А-г эх Д.А-ийн асрамжинд үлдээж, хариуцагч Р.Э-ийн гаргасан хүү Э.А-йг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.А-йг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.Э-аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэгэн нь нөгөөдөө саад болохгүй байхыг зохигчид үүрэг болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Э-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-д, нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжид ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА