| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2021/00305/И |
| Дугаар | 156/шш2021/00485 |
| Огноо | 2021-10-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2021/00485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн иргэн А.Ч-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух Г.О-д холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Г.О, иргэдийн төлөөлөгч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс миний эзэмшлийн пирус-11 маркийн автомашиныг Хэнтий аймаг яваад ирье гэж авч яваад 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт авто тээврийн осол гаргаж машин эвдэрсэн гэхээр нь би нэг удаа Хэнтий аймагт очиж үзэхэд 2 крилан, 2 хаалга, урд хоёр паар, радиатор зэрэг эвдэрсэн байсан ба би энэ машиныг авахгүй харин чи машиныг засаж худалдаад надад 5.000.000 төгрөг өгөөрэй гэж тохиролцоод явсан юм. Харин би Хэрлэнбаярт машиныхаа даатгалын мөнгийг МИГ даатгал ХХК-иас авч 2 крилан, 2 хаалга, урд гупер, радиатор, толь, урд том жижиг паар зэргийг авч өгөөд эдгээр зүйлийг тавьж машинаа зараад таван сая төгрөг надад өгөөрэй гэсэн. Уг тээврийн хэрэгслийн осол гарахад Г.О барьж явсан, нэг өдөр О утсаар яриад машин хүн авахаар боллоо. Зараад мөнгийг өгнө гээд 9-н сарын дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 24-нд 2.000.000 төгрөгийг өгсөн болно. Иймээс Г.О-оос 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас А.Ч-ын эзэмшлийнмашиныг Хэрлэнбаяр Хэнтий аймаг яваад ирье гээд авч явсан байдаг. Ингэж авч яваад 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймаг Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан байдаг. Ингээд А.Ч ирээд үзтэл машины 2 керлан, 2 хаалга, 2 паар, радиатор зэрэг эвдэрсэн байсан учраас засварт оруулъя гэхэд засварын газраас 14 хоног хүлээнэ гэж хэлсэн. Миг даатгалаас 2,200,000 төгрөгийг өгсөн байдаг. Тэр мөнгөөр нь А.Ч 2 керлан, 2 хаалга, 2 паар, радиатор аваад анх машин авсан Хэрлэнбаярт өгөөд чи энэ машиныг засварт оруулаад зараад надад 5,000,000 төгрөг өгнө шүү гэж амаар тохиролцсон байдаг. Сүүлд нь машиныг 3,000,000 төгрөгөөр зарсан гээд 2,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед Хэрлэнбаярын эхнэр Г.О машин барьж осол гаргасан байдаг. Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, олдохгүй байгаа... гэв.
Хариуцагч Г.О шүүхэд гаргасан болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 25-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол болж, миний унаж явсан тээврийн хэрэгсэлд 2.281.000 төгрөгийн хохирол учирч, уг хохирлыг Н.А нь МИГ даатгал ХХК-иас гаргаж өгсөн. А.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймагт ирэхдээ машинд ямар ямар эвдрэл гарсан, авах эд ангийг асууж тодруулахгүй явсан. Үүнд хоёр хаалга, крилан, радиатор, 2 пар зэргийг авч ирсэн. Өөрөө машинаа засуулна гээд засварын газар очиход 14 хоног болно гэхэд ингэж удаж чадахгүй, нөхөр Х-т машинаа үлдээе машинаа зараад 3.000.000 төгрөг өгөөрэй гээд тохиролцоо хийсэн юм. Уг машин 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй даатгалын компаниас 2.281.000 төгрөгийг авсан, бид 2.000.000 төгрөгийг түүнд шилжүүлсэн тул одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Приус-11 маркийн машины эвдрэлийн талаар иргэн О машин унаж яваад аваар гаргасан. Нэхэмжлэгч тал 5 сая төгрөг нэхэмжилж, хариуцагч өгөх боломжгүй гэж маргасан байна. Иймд тохиролцсон 3.000.000 төгрөгийг 2.000.000 төгрөгийг өгсөн тул 1.000.000 төгрөгийг иргэн О нэхэмжлэгч талд өгөөд тохиролцох саналтай байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч Ц.Х-т холбогдуулан машинд учирсан хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Ц.Х-ыг Г.О-р сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу Г.Ононг хариуцагчаар оролцуулсан байна.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...өөрийн эзэмшлийн приус-11 маркийн авто машиныг Х Сүхбаатар аймгаас авч явж, түүний эхнэр О Хэнтий аймгийн Хэрлэн суманд барьж яваад зам тээврийн осол гаргасан. Машины эвдэж гэмтээсний дараа би машинаа авахгүй, чи машиныг засаж худалдаад 5.000.000 төгрөг өгөөрэй гэхэд За гэсэн, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна .. гэж,
Хариуцагч эс зөвшөөрч .. уг тээврийн хэрэгсэл 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй, МИГ даатгал ХХК-иас даатгалын төлбөрт 2.281.000 төгрөгийг Ч-д өгсөн, мөн манай нөхөр Х бид хоёр 2.000.000 төгрөгийг А.Ч-ын дансанд шилжүүлсэн, одоо төлбөр төлөх үндэслэлгүй... гэж маргасан байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулснаас үүсэх иргэд хоорондын маргаан нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу өөрт хохирол учирсан гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч А.Ч-ын эзэмшлийн гэх тээврийн хэрэгслийг Ц.Х нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Хэнтий аймгийн Хэрлэн суманд унаж ирж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 10 минутын үед иргэн Н.А нь Лада маркийн 00-19 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Приус-11 маркийн 82-47 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байх ба тухайн үед хариуцагч Г.О 82-47 УНЛ улсын дугаартай уг тээврийн хэрэгслийг барьж зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзсэн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэхээр байна.
Хариуцагч Г. О нь уг тээврийн хэрэгслийг барьж зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсны хувьд бусдын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ашиглагч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсны хувьд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан бол гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй байна.
Зохигчид зам тээврийн осол гарсан, машинд хохирол учирсан талаар маргадаггүй, нэхэмжлэгч 82-47 УНЛ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг миний эзэмшлийн машин, хариуцагч Г.О машинд хохирол учруулсны дараа уг машиныг 5.000.000 төгрөгөөр зарж, надад зарсан мөнгийг өгөхөөр тохиролцсон ба 2.000.000 төгрөг авсан, одоо үлдэгдэл 3.000.000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасны дагуу уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн эзэмшлийнх эсэх, хууль ёсоор мэдэлдээ авч эзэмшил үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, түүний үндэслэлээ баримтаар хангалттай нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдэл болон нэхэмжлэгч А.Ч-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой, улмаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа үндэслэл, нотлох баримтаар тогтоогдсон хохирлын хэмжээ, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрх зэргээ баримтаар нотлоогүй тул хариуцагчийн ...тээврийн хэрэгсэл Фэйр валюшн ХХК-ийн үнэлгээгээр 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй, даатгалын компаниас 2.281.000 төгрөгийг, бид 2.000.000 төгрөгийг төлсөн, А.Ч-д хохирлыг нөхөн төлж дууссан... гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх аргагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар Хэргийн нотлох баримт нь зохигч... өмгөөлөгчийн тайлбар... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь МИГ даатгалын компаниас 2.281.000 төгрөг (хх-н 05 хуудас), Ц.Х-аас А.Ч-д 2.000.000 (хх-н 22 хуудас) -ийг машины хохиролд авсан гэдэгт маргаагүй тул А.Ч нь машины хохиролд нийт 4.281.000 төгрөгийг авсан байна.
Хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл-ээр иргэн Н.А-ын үйлдлээс болж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан боловч МИГ даатгал ХХК нь Н.А-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу 82-47 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох даатгалын нөхөн төлбөр 2.281.000 төгрөгийг М гэх хүний ХААН банк дахь дансанд шилжүүлсэн болох нь МИГ даатгалын ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар албан бичиг, Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй (хх-н 20 хуудас), Тайгын булаг кредит ХХК эзэмлийн гэсэн бүртгэлтэй болох нь баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Ч хохирол учирсан эд хөрөнгө болох 82-47 УНЛ улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг өөрийн эзэмшлийнх гэдгийг нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ энэ машиныг авахад банкнаас зээл авсан гэж байгаа боловч нэхэмжлэлд хавсаргасан Улаанбаатар банкны 2020.03.25-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ нь А.Аз-ын нэр дээр байхаас гадна нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...нэхэмжлэгч хариуцагч нар үлдэгдэл 1.000.000 төгрөгт зохицох саналтай гэсэн боловч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд маргаан бүхий асуудлаар зохигчид эвлэрэн хэлэлцээгүй болно.
Нэхэмжлэгч А.Ч нь Г.Б-д 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэл олгож, итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хүлээж оролцохоор заасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар А.Ч-ын нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох Эд хөрөнгөд учирсан хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ