Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 156/шш2021/00528

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

156/2021/00499

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороонд оршин суух А.Б-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 багт оршин суух Д.Ж-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанднэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие Д.Ж-тай 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон. 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Мыг төрүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа нэг гэрт удаан хугацаагаар амьдраагүй. Нэг нь хотод, нөгөө нь хөдөө байгаад амьдрах аргагүй байдалд хүрээд тус тусын амьдралаа хөөгөөд 12 жил болж байна. Одоо Д.Ж нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Би бас тусдаа амьдралтай болоод 2 жил болж байна. Би өөрийн хүү Б.Мдаа хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрүүлэн зуучлах төвд хуулийн дагуу өргөдөл өгч шийдвэрлүүлсэн. Би одоогоор Чех улсад амьдарч байгаа ирэх боломжгүй тул өөрийн төрсөн эгч Тд итгэмжлэл олгосон төлөөлүүлэн хуралд оролцуулж өгнө үү. Иймд бидний 0365040/28 дугаартай гэр бүлийн гэрчилгээтэй гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь одоо Чех улсад ажиллаж, амьдардаг. А.Б Жаргалсайхан нар нь одоо тусдаа амьдралтай болсон. Тэдний дундаас төрсөн хүү Б.Мдаа хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, гадаад улсад гэр бүлтэй болж хүүхэдтэй болсон бөгөөд уг хүүхдээ өөрөөрөө овоглох гэтэл энд гэрлэлтийн баталгаатай тул болохгүй байдал үүссэн. Жаргалсайхан нь энд бас тусдаа гэр бүлтэй болж Мөнх-Учралаас гадна 3 хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Манай дүү гадаадад байгаа учир Монголд ирж гэрлэлт цуцлуулах асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй... гэв.

Хариуцагч Д.Ж нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлтийн бүртгэлийг цуцлуулж, хүү Б.М-ыг өөрийн амрамжид үлдээж, хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, бидний хэн хэн нь тус тусдаа амьдралтай болоод удаж байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Д.Жд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Б нь Чех улсад оршин суудаг шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй хэмээн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Гадаад хэргийн яамаар дамжуулан шүүхэд нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх эрхийг Б.Тд 2 жилийн хугацаатай олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Т нь оролцсон болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулах маргаан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

Гэрлэгчид нь 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.М төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний болон зохигчийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр Б.М 6а ангид суралцдаг гэх тодорхойлолт, Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б.М эрүүл өсөж байгаа нь үнэн гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн бөгөөд хариуцагч хүүхдээ өөрийн асрамжинд үлдээнэ гэсэн ба зохигч 2009 онд гэр бүл болсноос хойш хүү Мөнх-Учралын нэг нас гарантай байх үеэс тус тусдаа амьдарч эхэлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Д.Жд холбогдуулан  гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хүүхэддээ тэтгэлэг төлөхөө илэрхийлсэн ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэх, гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор зохицуулсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчимтай ба зохигч нь гэрлэлтээ цуцлуулна,


цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ нэхэмжлэл, хариу тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэнтусдаа амьдраад 11 жил болсон, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцээгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн зэрэг гэрлэлт цуцлахад хориглох тохиолдол байхгүй, зохигч тусдаа гэр бүлтэй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар зохигчийн хэн аль нь хүүхдээ асрамжидаа авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусдаа амьдраад 12 жил болсон, хүүхэддээ хулийн дагуу тэтгэмж өгнө гэдгээ, хариуцагч Жаргалсайхан хүүхдээ өөрийн асрамжид үлдээхээ, мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу хүү Мөнх-Учралаас санал асуухад аавыгаа сайн танихгүй, ээжтэйгээ үлдэхээ тус тус илэрхийлсэн, хүүхэд ээжтэйгээ өсөж, ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан насанд хүрээгүй хүү Б.М-ыг эх Д.Ж-ын асрамжид үлдээж, хүү Б.М-ыг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцэг А.Б-оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигчид гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ гэж заасны дагуу гэрлэгчид гэрлэлтээ сэргээх эрхтэй болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгч А.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж-аас 70.200 төгрөгийг нэхэмжлэгч А.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.327 төгрөгийг нэхэмжлэгч А.Б-оос гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б, Д.Ж нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.М-ыг эх Д.Ж-ны асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.М-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б-р сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Ж-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод тайлбарласугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу эцэг А.Б нь 2010 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Мтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх  Д.Жы зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жаас 70.200 төгрөгийг нэхэмжлэгч А.Бод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Боос 55327 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавд даалгасугай.

9. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

10Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА