| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00464/И |
| Дугаар | 156/ШШ2021/00532 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 156/ШШ2021/00532
156/ШШ2021/00532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00464/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг, Баянгол гэдэг газарт оршин суух, Худай овогт Пүрэв-Очирын Тэмүүлэн (РД:СЖ81010205)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 2-р багт оршин суух, Хуасай овогт Дамдинсүрэнгийн Дашмөнх (РД:ЖА83052077)-д холбогдох хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Тэмүүлэн, хариуцагч Д.Дашмөнх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Тэмүүлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дамдинсүрэнгийн Дашмөнхтэй 2010 оноос 2016 он хүртэл хамтран амьдарсан бөгөөд бид хамт амьдарч байх хугацаандаа 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Д.Мөнгөнуурга төрсөн. Д.Дашмөнх нь 2016 онд намайг хүнд өвчтэй байхад өөр хүнтэй нийлээд намайг хаяад явсан. Ингээд 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Одоо Д.Дашмөнх нь гэр бүлтэй болсон. Иймд охин Д.Мөнгөнуургыг миний асрамжид үлдээж, эцэг Д.Дашмөнхөөс охин Д.Мөнгөнуургад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Дашмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Тэмүүлэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Д.Мөнгөнуурга нь миний төрсөн охин мөн. Маргаантай зүйл байхгүй, охин Д.Мөнгөнуургад хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Тэмүүлэн нь хариуцагч Д.Дашмөнхөд холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Дашмөнх нь нэхэмжлэгч П.Тэмүүлэнгийн шүүхэд гаргасан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан. Өөрөөр хэлбэл П.Тэмүүлэн, Д.Дашмөнх нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Д.Дашмөнх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Д.Дашмөнх нь охин Д.Мөнгөнуургыг эх П.Тэмүүлэнгийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тул охин Д.Мөнгөнуургыг эх П.Тэмүүлэнгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Д.Дашмөнх нь охин Д.Мөнгөнуургыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохийг дурдлаа.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Дашмөнхөөр хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.Тэмүүлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 55,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тэмүүлэнд олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг хариуцагч Д.Дашмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Д.Мөнгөнуургыг эх П.Тэмүүлэнгийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Д.Мөнгөнуургыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Дашмөнхөөр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Тэмүүлэнд даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.Тэмүүлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 55,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Тэмүүлэнд олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,261,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,833 төгрөгийг хариуцагч Д.Дашмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА