Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 156/шш2021/00509

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2021/00429/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух С.О-н нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух П.С-т холбогдох зээл 2.200.000 төгрөг, зээлийн хүү 630.000 төгрөг нийт 2.830.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О, хариуцагч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр багт байрлах Нарлаг дэлгүүрийг ажиллуулдаг П.С нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг өдрийн 1% хүү төлөхөөр 14 хоногийн хугацаа тохиролцож зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч П.Сээс үндсэн зээл болох 2.200.000 төгрөг, хүү 630.000 төгрөг, нийт 2.830.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2019 онд анх Хэнтий аймагт таних хүнгүй нөхөр бид 2 ирж ажилласан. Саранчимэг хэнээс сонссоныг мэдэхгүй зээл чөлөөлүүлээд өгөөч гэхэд нь би өдрийн 1 хувиар хаан банкин дээр очоод ээжийнх нь 5.000.000 төгрөгийн зээлээс чөлөөлж өгсөн. Дараа нь 3.500.000 төгрөг аваад удаагүй өгсөн болохоор итгэсэн. 3.000.000 төгрөгийг нэг компаний зээл төлөхгүй бол болохгүй байна гэхээр нь 150.000 төгрөгийг бэлнээр, 2.850.000 төгрөгийг Саранчимэгийн дансанд хийж өгсөн. Саранчимэг 150.000 төгрөгийг ирж бэлнээр авсан. Ирээд хүсэлт бичиж, гарын үсэг зурж өгсөн. Тэр үеэс хойш би дахиж зээл чөлөөлөөгүй...гэв.

Хариуцагч П.С шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Огаас 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг зээлэх хүсэлт гаргаж  дансанд 2.850.000 төгрөг зээлж авсан. С.Огийн дансанд 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 420.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг хийсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүнс, ахуйн бараа, нэгж худалдан авалт хийж 383.200 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд нийт 1.803.200 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан. Үлдэгдэл 1.046.800 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард багтааж төлж барагдуулах саналтай байна. гэв.

 

Шүүх  зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч П.Сээс зээл 2.200.000 төгрөг, зээлийн хүү 630.000 төгрөг нийт 2.830.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: .. иргэн П.С нь надаас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай хоногийн 1 хувийн хүүтэй зээлж авсан боловч авсан зээлийн зарим хэсэг, хүү төлөөгүй тул түүнээс үндсэн мөнгө 2.200.000 төгрөг, хүү 630.000 төгрөгийг нийт 2.830.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна, 3.000.000 төгрөгийг зээлж авахдаа 2.850.000 төгрөгийг дансаар, 150.000 төгрөгийг бэлнээр аваад явсан.... гэж

Хариуцагч П.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг зээлсэн баталгаа бичиж өгч, 2850 000 төгрөгийг дансаар авсан. Би 2019.08.03-ны өдөр 420.000 төгрөг, 2019.08.24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019.10.04-ний өдөр 80.000 төгрөг дансруу нь хийсэн, надаас 383200 төгрөг бараа, хүнсний бүтээгдэхүүн зээлж авсан тул одоо үлдэгдэл 1046800 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард багтааж төлөх боломжтой, .. цаг үеийн нөхцөл байдлаас болж хүү төлж чадахгүй.. гэж маргасан байна.

Хариуцагч П.С нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч С.Огаас мөнгө зээлж авсан, /14 хоногийн хугацаатай, хоногийн нэг хувийн хүүтэйгээр зээлж авсан/ авахдаа Баталгаа гэж гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй байна. Харин нэхэмжлэгч 3.000.000 төгрөг зээлсэн, хариуцагч 2.850.000 төгрөг авсан, хүү төлөхгүй хэмээн үндсэн зээлийн мөнгөн дүн болон хүү төлөх асуудал дээр маргаж байна.

Нэхэмжлэгч С.О нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.7-д заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн хэмээн үзэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын мөнгө зээлэх хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, 3.000.000 төгрөгийн зээлсэн нь иргэд хоорондын зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч тал хүсэл зоригоо илэрхийлэн 3.000.000 төгрөгийг зээлсэн тухай баримт үйлдэн өгч, нэхэмжлэгч хариуцагчийн дансанд 2.850.000 төгрөгийг 2019.07.17-ны өдөр шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зохигчид мөнгө зээлсэн талаар харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар шилжүүлэн өгч, ийнхүү хүлээн авснаа нотолж хариуцагч нь баталгаа гэх баримтыг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан өгсөн байна.

Хариуцагч П.С нь 3.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн хэмээн баталгаа хийж өгсөн байх боловч, цар тахлын нөхцөл байдлыг улмаас хүү төлөх боломжгүй, нэхэмжлэгч С.Од 1.500.000 төгрөг өгсөн шилжүүлж өгсөн, нэхэмжлэгч надаас 383.200 төгрөгийн хүнсний бараа авсан, одоо үлдэгдэл 1046800 төгрөгийг төлнө хэмээн, нэхэмжлэгч С.О нь П.С надаас 3.000.000 төгрөгийг зээлж авахдаа бэлнээр 150.000 төгрөгийг, дансаар 2.850.000 төгрөгийг өгсөн, 2019 оноос хойш миний мөнгийг бүрэн өгөөгүй ашигласан тул түүний өгсөн 1.500.000 төгрөгийг хүүнд тооцно гэж талууд эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

Иргэний хуульд зааснаар иргэдийн хооронд байгуулагдаж буй аливаа гэрээ хэлцэл /зээлийн гэрээ / нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан болон шилжүүлсэн баримтаар талуудын хооронд үүссэн харилцаа нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

Зохигчдын хооронд хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр үүссэн мөнгө зээлсэн тухай баримтыг агуулгын хувьд баталгаа гаргаж гарын үсэг зурж, мөнгийг хүлээн авсан байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна хариуцагч мөнгийг хүү тохирч зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 2.850.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн авсан болох нь хэргийн дугаар хуудсанд авагдсан цахим төлбөрийн баримт, хариуцагчийн гэх дансруу шилжүүлсэн баримт, хариуцагч баталгаа гаргах хүсэлтдээ уг дансаа бичиж өгсөн байдал зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч өөрийн дугаартай ХААН банкны дансны хуулгыг /хэргийн 22-24 хуудас/ баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг дансруу хариуцагч П.Сээс 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 420.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 80.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдохоос гадна нийт 1.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн тал дээр зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүсэл


зоригийн илэрхийллээ бичгээр илэрхийлж, мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэнээс гадна, зээлсэн мөнгөнд тохирох хүү өгөхөөр хариуцагч бичгийн хэлбэрээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч зээлсэн мөнгөнд ногдох хүүг тохирсон хугацаанд авахыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч П.С нь ..би 3.000.000 төгрөг аваагүй, 2.850.000 төгрөг дансаар авсан, хүү төлөх боломжгүй гэж маргаж байгаа хэдий ч мөнгө зээлсэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 14 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 420.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Огийн дансанд шилжүүлсэн нь 3.000.000 төгрөгийн өдрийн нэг хувийн хүү 30.000 төгрөг үүнийг 14 хоногт тооцвол 420.000 төгрөгийн хүүг өгсөн гэж үзэхээр байх тул түүний 3.000.000 төгрөг аваагүй гэдэг татгалзал үгүйсгэгдэхээр байна. /3.000.000*1 хувь= 30.000 , 30.000*14 хоног= 420.000/

Иймд хариуцагч П.С нь нэхэмжлэгч С.Одонтуягаас зээлсэн 3.000.000 төгрөгт ногдох 14 хоногийн, өдрийн нэг хувийн хүү болох 420.000 төгрөгийн хугацаандаа төлсөн байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй зохицуулсан хэдий ч зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн, хүү төлөгдсөн бол хүүг буцаан шаардах, үндсэн төлбөрт тооцох эрхийн үндэслэлд уг хуулийн зохицуулалт хамаарахгүйгээс гадна хариуцагч нь үндсэн зээл 3.000.000 төгрөгөөс 1000.000+80.000=1.080.000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч С.Огийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийг хүүтэй авч байгаагаа илэрхийлэн баталгаа хийж өгснийхөө хувьд хариуцагч нь зээлдүүлэгчийн өмнө хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2019 оноос хойш хариуцагчаас түүний дансанд шилжүүлсэн 1.000.000 болон 80.000 төгрөгийн холбогдох хэсгийг хүүнд тооцож, дахин хүү 630.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх ба хугацаандаа хүүгээ төлсөн байхад дахин хүү нэхэмжлэх эрхгүй болно.

Шүүхээс дээрх үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчийн дансруу шилжүүлсэн 1.080.000 төгрөгийг үндсэн зээл болох 3.000.000 төгрөгөөс хасаж, үндсэн зээл 1920.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх зээл 280.000 төгрөг болон хүү 630.000 төгрөг, нийт 910.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч П.С нь нэхэмжлэгч надаас 383.200 төгрөгийн хүнсний бараа зээлээр авсан хэмээн хх-ийн 37 дугаар хуудсанд барааны үнэ жагсаасан баримт гаргаж өгсөн хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг 383.200 төгрөгийн хүнсний бараа авсан гэдгийг нотлохгүй, зохигчдын гарын үсэггүй баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүйн дээр мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч тал ямар үндэслэлээр 630.000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаагаа тайлбарлаж чадаагүй, нотлох баримтаар гаргаж

өгөөгүй, хариуцагч 383.200 төгрөгийн хүнсний бараа нэхэмжлэгчид өгсөн нь шүүхэд өгсөн баримтаар хангалттай баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлд зааснаар хариуцагч П.С нь хүү тохиролцож зээлсэн 3.000.000 төгрөгт ногдох хүү 420.000 төгрөгийг 14 хоногийн дараа хугацаандаа шилжүүлсэн, мөн үндсэн зээлээс 1.080.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Огийн дансаар шилжүүлэн төлсөн байх тул үлдэх зээл 1.920.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээл 280.000 төгрөг, хүү 630.000 төгрөг нийт 910.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 60.230 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45.670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар С.Огийн нэхэмжлэлтэй, П.Ст холбогдох Зээл, зээлийн хүү нийт 2.830.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 910.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1.920.000 төгрөгийг хариуцагч П.Сээс гаргуулан нэхэмжлэгч С.Од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА