Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 165

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Н.Навчинцэцэг,

улсын яллагч Г.Золзаяа,

хохирогч Э.Одонтуяа,

шүүгдэгч Ц.Наранболд, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг /ҮД:0-531/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Өндөр овогт Цоодолын Наранболд-д холбогдох эрүүгийн 201726010050 дугаартай, 188/2017/0182/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжны 16А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Өндөр овогт Цоодолын Наранболд /РД:КВ76073010/

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Наранболд нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоот хашаанд танхайн сэдэлтээр заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн эхнэр Э.Одонтуяагийн нүүр, хүзүүн тус газруудад зүсэж, бие махбодид нь “зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Наранболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Эхнэр хүүхэд салаад явчихсан байсан учир би 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ ганцаараа байсан ба 0.75 литрийн 2 шил архи аваад ганцаараа ууж байгаад нэг шил архийг нь дуусгаад, нөгөө шил архийг ууж байгаад талаас дээгүүр хэсгийг нь үлдээгээд 00 цагийн орчим тасраад унтаад өгсөн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 06 цаг болж байхад даараад сэрсэн чинь хувцастайгаа унтаж байсан. Тэгээд би ус уучихаад үлдсэн хагас шил архиа ганцаараа уучихаад буцаад унтаад өгсөн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад сэрээд гал түлэх гээд модоо оруулж ирээд заазуур авч модоо цуулж галаа асаачихаад нүүрс байхгүй байсан учир хэсэг модоор галлаж байгаад орхисон. Гэртээ байж байгаад 14 цагийн орчим гэрээсээ гарсан, тухайн үед би халамцуу архи бараг гарсан шарталтын байдалтай байсан болохоор пиво аваад уучих санаатай дэлгүүр орж гуйсан боловч архи зардаггүй өдөр байсан болохоор дэлгүүрүүд өгөөгүй. Гэрийнхээ ойр орчмоор хэсэг явж байгаад архи олдохгүй болохоор нь Одонтуяатай уулзахаар хадам аавын гэрт 17 цагийн орчим очоод гэрт нь орох гэсэн чинь гадаа нь эгчийнх нь машин байсан, хүмүүс гэрт нь шуугиад байхаар нь олон хүн байгаа юм байна гэж санаад орж чадалгүй буцаад явах гэж байгаад өөрийн машины хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд би автомашины арын суудал дээр суугаад байж байтал удаагүй Одонтуяа гарч ирээд машины хаалга онгойлгоод намайг харсан. Миний хажуу талд байсан тортой юмыг аваад намайг машинаас буу юу хийж байгаа юм гэхээр нь би таван үг сольё гэсэн чинь архи үнэртээд байсан чи орж ирээд суучихсан байсан байна архичин минь буугаач юу хийгээд байгаа юм чамтай юугаа яридаг юм гэхээр нь чи надтай ярих юм байхгүй бол амьдрал дуусч байгаа юм байна л даа гээд би уурлаад халаасандаа байсан заазуурыг гаргаж ирээд хацрынх нь хажууд заазуураа бариснаа санаж байна. Тэгээд би уурласан байсан болохоор хаана хаана нь зүссэнээ санахгүй байгаа юм. …Би уг заазуурыг санаатай авч гараагүй. Гэрт мод түлэх гэж оруулж ирээд галаа асаахын тулд ганц нэг ширхэг модыг нь цуулж асаасан. Тэгэхдээ уг заазуурыг халаасандаа хийчихсэн юм байна лээ. Тэгээд мэдээгүй явж байгаад санаандгүй халаасандаа гараа хийсэн чинь заазуур байж байсан. Би уг нь уулзаж ярилцах санаатай очсон. Ярилцах гэхэд өөдөөс доромжлоод буу, гар зайл гээд байхаар нь уур хүрээд айлгах санаатай заазуур гаргаж ирсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-98 х/

 

Шүүгдэгч Ц.Наранболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрээсээ гараад 16-17 цагийн үед хадам Элстбаатарын гэрт Одонтуяатай уулзах зорилгоор очсон. Тухайн үед хадмын гэрт олон хүмүүс байсан болохоор нь гадаа машин дотор Одонтуяаг хүлээж байгааг Одонтуяа мэдээд намайг зайл гэж хөөж архичин гээд дуудаж байгаад Одонтуяа буцаад орсон. Би жаахан сууж байгаад машинаас гардаг юм билүү гээд байж байтал удалгүй Одонтуяа буцаад гараад ирсэн. Би машинаас буугаад Одонтуяа бид хоёр маргалдсан. Би уурандаа халаасандаа байсан заазуураа гаргаж ирсэн. Тухайн үедээ хаана нь яаж цохисныгоо мэдэхгүй байна ..., хийсэн хэрэгтээ их гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Э.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ц.Наранболдтой 2004 онд танилцан 2005 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан, 4-10 насны 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэгт хүмүүждэг. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн үед аавындаа ирээд хоол идээд гэр гэр рүүгээ явах болоод ах эгч хоёр миний машинд тортой зүйлээ үлдээсэн байна аваад ир гэхээр нь би хашаанд байсан 73-08 УНГ дугаарын “Тоёота раун” маркийн машин руугаа очин жолооч талын хаалгыг түлхүүрээр нээн арын хаалгыг дотор талаас нь нээх гэтэл маш их архи үнэртсэн, эхэндээ гайхаад дараа нь гэнэт нөхөр ирсэн юм байна гэж санаад салоны гэрэл асаасан чинь нөхөр Наранболд арын суудал дээр сууж байсан, чи юу хийж байгаа юм буугаач гэхэд буухгүй суугаад байсан, би жолооч талын хаалгаа хааж, арын хаалгыг гаднаас нь онгойлгож “чи ингэж явахаар ажил хийгээд өөрөө өөрийгөө аваад яваач” гэхэд “ороод ир таван үг солъё” гэсэн, “чамтай юу ярьдаг юм” гээд зогсож байхад эгч Тунгалаг ирээд машинаас авсан тортой зүйлээ надаас аваад цаашаа явсан, Тунгалаг эгч ээжийн дүүгийн машинаар хүргүүлнэ гээд машинд нь суугаад хөдлөөд явсан, Наранболд машинаас бууж ирээд “би чамд карт, бичиг баримтаа өгье, чи картанд мөнгө байвал ав” гэхээр нь “би чиний картаар яадаг юм, чиний бичиг баримтаар надад мөнгө өгдөг банк гэж хаана байдаг юм” гэж яриад байж байснаа зүүн гараас татахаар нь гараа татаж авсан, нэг харсан чинь Наранболд гүйж ирээд кармаанаасаа заазуур гаргаж ирээд шууд миний духыг зүссэн, би ч ааваа гэж орилоод цаашаа зугтах гэтэл дахин хацар зүссэн, би эргэж хараад зугтахад куртикны захаас татаад хүзүүн дээр дахин зүссэн. Би куртикны захаа урдаас нь хамж бариад доошоо хэвтээд дахин босоод зугтах гэтэл Наранболд намайг татаж унагасан, би дээшээ эргэж хараад 2 хөлөөрөө түүнийг жийсэн, энэ үед аав ирээд Наранболдыг дарж унагасан. Аавд наадах чинь хутгатай шүү гэж хэлчихээд гарнаас нь хутгыг авахаар хайсан чинь ногоон өнгийн заазуур хөлнийх нь хажууд унасан байсаныг олж аваад гэр рүүгээ орсон. Үүнээс 10 минутын дараа дуудлагын цагдаа, түргэн тусламж ирсэн, Гэмтлийн эмнэлэг орж зүүн талын хацар, хүзүүний зүүн хэсэгт тус бүр 16-18 оёдол тавьсан. ...Гар утсаа машинд орхисон байсан тул 10 настай хүү Азжаргалд түлхүүрээ өгч гарган утсаа авахуулсан, тэгэхэд хүү машинаа түгжихээ мартсан байж магадгүй гэж бодсон. Машины цонх хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Ногоон өнгийн хуванцар бариултай манай гэрт хоол хийхэд ашигладаг заазуур байсан. 2016 оны 10 сард Наранболдыг архи уугаад машинаа журамлуулан хүн зовоогоод байхаар нь хүүхдүүдээ аваад аав Элстбаатарын гэрт ирсэн, түүнээс хойш энэ заазуурыг хэрэглээгүй. Намайг өөрөөс нь сална гээд явснаас хойш ажил дээр ирэн хашааны булан тохойд зогсож хүн айлгаад, чамайг алчихаад өөрийгээ ална гэж заналхийлдэг байсан тул би түүнээс аль болох зугтаадаг, машинаа байнга түгждэг, хоёр ч удаа ажлын ойролцоо булан тохойд зогсож байхад нь зугтаасан. Энэ бол хоол хийхэд ашиглах заазуур, манайх гал асаахдаа Наранболдын ажлаасаа авчирсан нарийхан нимгэн модыг хэрэглэдэг байсан. Шарх эдгэтэл үрэвслийн эсрэг эм, өвчин намдаах эм, витамин зэрэг авсан. Тухайн үедээ эдгээр эм танг авахдаа баримт аваагүй, өөр эмчилгээ хийлгээгүй. Одоо биеийн байдал гайгүй байгаа ч сэтгэл санааны дарамт, айдас их байна. Угаасаа архи уудаг болохоор хэзээ согтуу ороод ирэх бол гэдэг айдас байдаг байсан бол хутга бариад дайрсан болохоор хэзээ ирээд алчих бол гэж байнга л айдас түгшүүртэй байх боллоо. Намайг ална гэж эртнээс төлөвлөж байсан юм шиг байна лээ, манай хүргэн ах Буянттай архи ууж байхдаа “би та нарыг баяр үзүүлэх байх даа” гэж занасан гэсэн. 2006 оны 03-04 сард Баянхонгор аймагт намайг 5 сартай жирэмсэн байхад согтуугаар гэдэс рүү цохисон, цагдаад хандаагүй, хадам ээж Сэмбээхүү мэднэ, 2008-2009 онд Баянхонгор аймагт нүд рүү цохиж хөхрөөсөн, ээж маань мэднэ. 2016 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байхад толгой руу цохин хамраас цус гаргасан. Наранболд надтай гэрлэхээсээ өмнө л архи уудаг байсан, нэг уухаараа 2-3, 7 хоногоор уудаг байсан, одоо ч бүтэн сараар уудаг болсон юм шиг байна лээ. Би нөхөр Наранболд-д гомдолтой байна, гэр орныхоо зарж борлуулсан эд хогшлоо болон сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлмээр байна. … Би 900,000 төгрөг эмчилгээнд зарцуулсан. Наранболд миний нэхэмжилсэн 900,000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон. Миний зүгээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 74-76 х/

 

Хохирогч Э.Одонтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Л.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Э.Одонтуяа миний төрсөн охин, Ц.Наранболд нь охин Одонтуяагийн нөхөр. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдүүд маань салхинд гараад манайд ирээд орой 19-20 цагийн үед тарсан, миний дүү нөхрийнхөө хамт ирсэн байсан тул охин маань өөрийнхөө машинд үлдээсэн юмнуудыг авч өгнө гээд хамт гарсан. Би аяга тавгаа хураагаад үлдсэн, энэ хооронд нөхөр маань бие засах гээд жорлон руу гарсан юм байна лээ. Одонтуяагийн том хүү эмээ гадаа сүйд болоод байна гэхээр нь юу болоод байгаа юм гээд зогсож байтал гаднаас Одонтуяа ээжээ түргэн дуудаарай гээд цус нөжөө гоожуулаад орж ирсэн. Юу болов гэхэд Наранболд намайг заазуурдчихлаа гэсэн. Тэгээд охин руугаа харахад хүзүү, дух, зүүн талын хаарыг нь зүсээд ярчихсан маш их цус гарч байсан, би ч яаж байгаа юм гээд орилоод гадагшаа гарахад охины 73-08 дугаартай машины хойд хэсэгт нөхөр маань Наранболдыг дараад унагачихсан байсан, би очоод чи яаж байгаа юм бэ гээд Наранболдыг ганц нэг өшиглөсөн, тэгээд гэртээ орж 102, 103-т дуудлага өгсөн. Зүүн талын хацар, духны гол хэсэг, хүзүүний зүүн талд хутгаар зүсэгдсэн байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-25-26 х/

 

Гэрч Э.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай ах дүү нар гэр бүлээрээ салхинд гарч , аавынд ирж хоол идсэн. Тарах болоод Одонтуяа ээжийн дүүг хүргэж өгнө гээд, би аавынхаас 50 орчим метрийн зайтай байдаг гэртээ орсон, удаагүй аавын гэрийн орчимд аллаа гэж хашгирах чимээ гарахаар нь тэрүүхэн үедээ хэн л хашгирав гэж бодсон. Гэтэл дүүгийн том хүү уйлсан гэрт орж ирээд аав ээжийн хүзүү рүү хутгалчихлаа гэхээр нь юу болсон гээд аавынх руу гүйгээд очтол аав гэрийн гадаа эгчийн машины хажууханд Наранболдыг газар дараад унагачихсан байсан, тэгээд аавынх руу ортол Одонтуяагийн хацар, толгой хүзүүнээс нь цус гоожсон байсан. Хэд хоногийн өмнө Наранболд нь манай нөхөр Буянттай архи ууж байхдаа та нарыг яаж баяр тэмдэглэхийг харнаа, нэг нь шоронд нөгөө нь шороонд булагднаа гээд занаад байсан, анхнаасаа л дүүг маань алах санаатай байсан юм байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-27-28 х/

 

Гэрч Б.Элстбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18-19 цагийн үед манай хүүхдүүд гэр бүлийн хамт салхинд гарчихаад манайд ирээд хоол идээд байж байсан, 19 цагийн үед гэр гэртээ харих болоод Одонтунгалаг хүүхдүүдээ аваад гэр рүүгээ явсан, харин Тунгалаг Одонтуяагаар хүргүүлнэ гээд гарсан ч эхнэрийн дүү тэд нарыг хүргээд өгье гээд Одонтуяа явахаа больсон юм байна лээ, тэр үед би бие засах гээд гарсан, тэгэхэд хүн чанга чанга дуугараад буу наанаасаа гэх сонсогдсон. Тэгтэл ааваа авраарай гэж миний охидоос нэг нь хашгирсан, тэгэхээр нь 00-оос гүйгээд гартал охин Одонтуяагийн 73-08 дугаарын цагаан машины хойд талд  Наранболд Одонтуяагийн нэг гарнаас барьсан өөрөө баруун гараа түүн рүү далайж байсан. Тэгэхэд Наранболдын баруун гарт нэг зүйл гялс хийж харагдсан, би ч сандраад гүйж очоод Наранболдын хувцаснаас татаад барьцалдсан чинь Наранболд гараа угз татан намайг түлхсэн. Тэгэхээр нь дахин зууралдаж аваад хажуугаас нуруу орчимд нь цохисон чинь газар өнхөрөөд унасан. Тэгэхээр нь би дээрээс нь дараад дээр доороо оролцон бид 2 нилээн ноцолдсон. Тэр үед Наранболд гартаа байсан хутгаа хаячихсан юм байна лээ. …Гадаа бүрэнхий болсон, харагдах орчин хязгаарлагдсан байсан тул охиныхоо биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсныг хараагүй. Цагдаа ирсэний дараа би гэртээ ороход охин Одонтуяагийн зүүн талын хацар, духны зүүн тал хэсэгт зүсэгдсэн маш их цус гоожиж байсан, харин түргэний эмч ирсэний дараа охины маань хүзүүнд бас зүссэн байна гэдгийг мэдсэн. Гүрээний судастай их ойрхон байсан гэж хэлсэн байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-29-30 х/

 

Гэрч Д.Сэмбээхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Миний хүү Наранболд нь 1976 онд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. Өмнөговь аймгийн Булган сумын сургуульд 1984 онд орж суралцан 8-р анги төгссөн. Баянхонгор аймгийн төвд байдаг 1-р сургуульд 1992 онд шилжин суралцаж 10-р ангийг 1994 онд төгссөн. Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст 1994-1998 он хүртэл цагдаагаар ажиллаж байгаад гараад 1999 онд Баянхонгорт шилжин очоод Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 2000 онд өөрийн хүсэлтээр гарсан. Түүнээс хойш 2006 он хүртэл Баянхонгор аймаг, хот хооронд хувийн унаатай явдаг байсан. 2006 оны 04-р сард Солонгос улс руу ажил хийхээр яваад 2010 оны 07-р сард ирээд Баянхонгор аймагт байж байгаад 2011 оны 08-р сард Улаанбаатар хотод орж ирсэн. Түүнээс хойш хувиараа барилгын компанид ажиллаж байгаад 2014 оноос 2016 оны 11-р сар хүртэл Макс цонх гэдэг компанид ажиллаж байгаад гарсан. Гэр бүлийн хувьд 2004 онд эхнэр Одонтуяа гэх хүнтэй танилцаад 2005 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хүү Азжаргал 2006 онд, охин Буянжаргал 2012 онд төрсөн. Зан байдлын хувьд элдэв муу зангүй, хүний үгэнд оромтгой, гэр орны ажилд сайн, муу зуршил байхгүй. Жаахан уцаартай зантай ч уурлаад гараад явчихдаг тэгээд гадуур явж байгаад уур нь гарахаар орж ирдэг хүүхэд байсан. 1999 оноос хойш Баянхонгор аймагт очисноос хойш архи уух гээд байдаг болсон байсан. Наранболд эхнэрээ зодож цохидог байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-77-78 х/

 

Гэрч С.Буянтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Наранболдтой тэр болгон нийлээд архи уугаад байдаггүй. Одонтуяа салж явснаас нь хойш нэг удаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орчимд Наранболд манайд ирэхээр нь нэг удаа л хүн хүний 3, 4 лаазтай пиво уусан. Тэрнээс хойш цуг архи уугаагүй. Наранболд надтай архи уухдаа ямар нэгэн байдлаар занасан, ална хядна гэсэн зүйл яриагүй. Би тийм зүйл Одонтуяад болон өөр хүнд хэлээгүй, Наранболд надад та нарыг баяр үзүүлэх байх даа гэж занасан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 80 х/

 

Шинжээч эмч Д.Дэжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Архины шалтгаант зан үйлийн  эмгэг гэдэг нь архи олон жил уусан хүнд үүсдэг өвчин. Энэ нь хүн солиорохгүй зөвхөн архинд дуртай болж ааш зан эвдэрч муухай ааш гаргана. Уг өвчтэй хүн архи уусан ч уугаагүй ч өөрийгөө удирдан жолоодож чадна.   ...” гэсэн мэдүүлэг /хх-81 х/

 

Шинжээчийн ¹1024 тоот дүгнэлт:

1.Э.Одонтуяагийн биед зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.   Шинжээч эмч М.Энхтайван /хх-33 х/

 

Шинжээчийн ¹345 тоот дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон, саарал бариултай заазуурнаас гарын мөр илрээгүй. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Оюунжаргал /хх-ийн 36 х/

 

Шинжээчийн ¹1957 тоот дүгнэлт:

1.Э.Одонтуяагийн шингэн цус О /I/ бүлгийн харъяалалтай байна.

2.Хэргийн газраас бэхжүүлж авсан цусны дээж нь хохирогч Э.Одонтуяагийн цусны бүлэгтэй бүлгийн харъяаллын хувьд тохирч байна. Бактерилогийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Даваасүрэн /хх-ийн 83 х/

 

Шинжээчийн ¹692 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэх цус мэт зүйл дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр О /I/ бүлгийн харъяалалтай байна.

2.Саарал, ногоон алаг өнгийн хуванцар 12 см иштэй 23 см урттай заазуур дээр цус илрээгүй. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж /хх-ийн 84 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹162

1.Ц.Наранболд нь DS: Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг өвчтэй байна.

2.Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг нь олдмол өвчин юм.

3.Ц.Наранболд нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Ц.Наранболд нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5.Ц.Наранболд нь хэрэг хариуцах чадвартай байна. Тэргүүлэх зэрэгтэй эмч  Д.Дэжидмаа, С.Байгальмаа, Б.Энхчимэг /хх-ийн 90 х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 х/

Захиргааны зөрчлийн баримт /хх-ийн 50-52 х/

Гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 54 х/

Н.Буянжаргал, Н.Азжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55-56 х/

Гэрч Ц.Оргилтөгсийн мэдүүлэг /хх-ийн 79 х/

Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 122-123 х/

Ял өөрчлөн сонсгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 124 х/

Эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /хх-ийн 64-67 х/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 72 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

Хохирогч Э.Одонтуяа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 21-23 дугаар хуудсанд авагдсан хохирогч Э.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд анх удаа хохирогчоор өгсөн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасныг зөрчиж авсан байх тул шүүх хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримт гэж үзээд нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхээс бусад нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Ц.Наранболд-д холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд түүний үйлдэлд тухайн гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Учир нь: Шүүгдэгч Ц.Наранболд, хохирогч Э.Одонтуяа нар гэр бүлийн баталгаатай, хоёр хүүхдийн эцэг, эх болсон хүмүүс бөгөөд нөхөр Ц.Наранболдын архи хэтрүүлэн хэрэглэдэг болон хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байсан, хэрэг болсон тухайн өдөр Ц.Наранболд эхнэр Э.Одонтуяатай уулзахаар ирэхдээ гадаа хашаанд онгорхой байсан түүний машинд нууцаар орж сууснаас болж эхнэр болох Э.Одонтуяа “... чи юу хийж байгаа юм буугаач, ... чи ингэж явахаар ажил хийгээд өөрөө өөрийгөө аваад яваач…” гэх зэргээр, Ц.Наранболд нь “би чамд карт, бичиг баримтаа өгье, чи картанд мөнгө байвал ав” гэхэд нь “би чиний картаар яадаг юм, чиний бичиг баримтаар надад мөнгө өгдөг банк гэж хаана байдаг юм” гэх зэргээр хоорондоо маргалдаж байгаад Ц.Наранболд нь хохирогчийг халаасандаа байсан заазуураар нүүр, хүзүүн тус газруудад нь зүсэж гэмтэл учруулан ноцолдож байх явцад Э.Одонтуяагийн эцэг Б.Элстбаатар ирж салгасан нөхцөл байдлууд хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд:  

 

Ц.Наранболд нь хохирогч Э.Одонтуяагийн амгалан тайван байх, амьд явах эрхэд халдсан хэдий ч түүний зүгээс уулзахаар ирсэн хүнтэй зүй бусаар харьцсан, хоорондоо маргалдсан байдлууд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн хувьд ямар ч шалтаг шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтагласан, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн гэх байдлууд тогтоогдоогүй харин хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос болж үйлдэгдсэн хэрэг гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Наранболд нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай тоот хашаанд эхнэр Э.Одонтуяатай уулзахаар очих үед түүний эхнэрийн машин онгорхой байсан тул дотор нь ороод сууж байхад түүний эхнэр Э.Одонтуяа ирж түүнтэй маргалдан хөөж туусны улмаас халаасанд байсан заазуураар түүний нүүр, хүзүүн тус газруудад зүсэж, бие махбодид нь “зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ц.Наранболдын: “… Одонтуяатай уулзахаар хадам аавын гэрт 17 цагийн орчим очоод гэрт нь орох гэсэн чинь гадаа эгчийнх нь машин байсан, хүмүүс гэрт нь шуугиад байхаар нь олон хүн байгаа юм байна гэж санаад орж чадалгүй буцаад явах гэж байгаад өөрийн машины хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд би автомашины арын суудал дээр суугаад байж байтал удаагүй Одонтуяа гарч ирээд машины хаалга онгойлгоод намайг харсан. Миний хажуу талд байсан тортой юмыг аваад намайг машинаас буу юу хийж байгаа юм гэхээр нь би таван үг сольё гэсэн чинь архи үнэртээд байсан чи орж ирээд суучихсан байсан байна архичин минь буугаач юу хийгээд байгаа юм чамтай юугаа яридаг юм гэхээр нь чи надтай ярих юм байхгүй бол амьдрал дуусч байгаа юм байна л даа гээд би уурлаад халаасандаа байсан заазуурыг гаргаж ирээд хацрынх нь хажууд заазуураа бариснаа санаж байна. Тэгээд би уурласан байсан болохоор хаана хаана нь зүссэнээ санахгүй байгаа юм. …Би уг заазуурыг санаатай авч гараагүй. Гэрт мод түлэх гэж оруулж ирээд галаа асаахын тулд ганц нэг ширхэг модыг нь цуулж асаасан. Тэгэхдээ уг заазуурыг халаасандаа хийчихсэн юм байна лээ. Тэгээд мэдээгүй явж байгаад санаандгүй халаасандаа гараа хийсэн чинь заазуур байж байсан. Би уг нь уулзаж ярилцах санаатай очсон. Ярилцах гэхэд өөдөөс доромжлоод буу, гар зайл гээд байхаар нь уур хүрээд айлгах санаатай заазуур гаргаж ирсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-98 х/

 

Хохирогч Э.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Тоёота раун” маркийн машин руугаа очин жолооч талын хаалгыг түлхүүрээр нээн арын хаалгыг дотор талаас нь нээх гэтэл маш их архи үнэртсэн, эхэндээ гайхаад дараа нь гэнэт нөхөр ирсэн юм байна гэж санаад салоны гэрэл асаасан чинь нөхөр Наранболд арын суудал дээр сууж байсан, чи юу хийж байгаа юм буугаач гэхэд буухгүй суугаад байсан, би жолооч талын хаалгаа хааж, арын хаалгыг гаднаас нь онгойлгож “чи ингэж явахаар ажил хийгээд өөрөө өөрийгөө аваад яваач” гэхэд “ороод ир таван үг солъё” гэсэн, “чамтай юу ярьдаг юм” гээд зогсож байхад ... Наранболд машинаас бууж ирээд “би чамд карт, бичиг баримтаа өгье, чи картанд мөнгө байвал ав” гэхээр нь “би чиний картаар яадаг юм, чиний бичиг баримтаар надад мөнгө өгдөг банк гэж хаана байдаг юм” гэж яриад байж байснаа зүүн гараас татахаар нь гараа татаж авсан, нэг харсан чинь Наранболд гүйж ирээд кармаанаасаа заазуур гаргаж ирээд шууд миний духыг зүссэн, би ч ааваа гэж орилоод цаашаа зугтах гэтэл дахин хацар зүссэн, би эргэж хараад зугтахад куртикны захаас татаад хүзүүн дээр дахин зүссэн. Би куртикны захаа урдаас нь хамж бариад доошоо хэвтээд дахин босоод зугтах гэтэл Наранболд намайг татаж унагасан, би дээшээ эргэж хараад 2 хөлөөрөө түүнийг жийсэн, энэ үед аав ирээд Наранболдыг дарж унагасан. ...” гэсэн мэдүүлэг /хх 74-76 х/

 

Гэрч Л.Эрдэнэчимэгийн: “… Одонтуяа ээжээ түргэн дуудаарай гээд цус нөжөө гоожуулаад орж ирсэн. Юу болов гэхэд Наранболд намайг заазуурдчихлаа гэсэн. Тэгээд охин руугаа харахад хүзүү, дух, зүүн талын хацрыг нь зүсээд ярчихсан маш их цус гарч байсан, би ч яаж байгаа юм гээд орилоод гадагшаа гарахад охины 73-08 дугаартай машины хойд хэсэгт нөхөр маань Наранболдыг дараад унагаачихсан байсан, ... Зүүн талын хацар, духны гол хэсэг, хүзүүний зүүн талд хутгаар зүсэгдсэн байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-25-26 х/

 

Гэрч Э.Одонтунгалагийн: “… дүүгийн том хүү уйлсан гэрт орж ирээд аав ээжийн хүзүү рүү хутгалчихлаа гэхээр нь юу болсон гээд аавынх руу гүйгээд очтол аав гэрийн гадаа эгчийн машины хажууханд Наранболдыг газар дараад унагачихсан байсан, тэгээд аавынх руу ортол Одонтуяагийн хацар, толгой хүзүүнээс нь цус гоожсон байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-27-28 х/

 

Гэрч Б.Элстбаатарын: “… 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ... 19 цагийн үед ... би бие засах гээд гарсан, тэгэхэд хүн чанга чанга дуугараад буу наанаасаа гэх сонсогдсон. Тэгтэл ааваа авраарай гэж миний охидоос нэг нь хашгирсан, тэгэхээр нь 00-оос гүйгээд гартал охин Одонтуяагийн 73-08 дугаарын цагаан машины хойд талд Наранболд Одонтуяагийн нэг гарнаас барьсан өөрөө баруун гараа түүн рүү далайж байсан. Тэгэхэд Наранболдын баруун гарт нэг зүйл гялс хийж харагдсан, би ч сандраад гүйж очоод Наранболдын хувцаснаас татаад барьцалдсан чинь Наранболд гараа угз татан намайг түлхсэн. Тэгэхээр нь дахин зууралдаж аваад хажуугаас нуруу орчимд нь цохисон чинь газар өнхөрөөд унасан. Тэгэхээр нь би дээрээс нь дараад дээр доороо оролцон бид 2 нилээн ноцолдсон. ... Цагдаа ирсэний дараа би гэртээ ороход охин Одонтуяагийн зүүн талын хацар, духны зүүн тал хэсэгт зүсэгдсэн маш их цус гоожиж байсан, харин түргэний эмч ирсэний дараа охины маань хүзүүнд бас зүссэн байна гэдгийг мэдсэн. Гүрээний судастай их ойрхон байсан гэж хэлсэн байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-29-30 х/

 

Шинжээчийн ¹1024 тоот дүгнэлт:

1.Э.Одонтуяагийн биед зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.   Шинжээч эмч М.Энхтайван /хх-33 х/

 

Шинжээчийн ¹1957 тоот дүгнэлт:

1.Э.Одонтуяагийн шингэн цус О /I/ бүлгийн харъяалалтай байна.

2.Хэргийн газраас бэхжүүлж авсан цусны дээж нь хохирогч Э.Одонтуяагийн цусны бүлэгтэй бүлгийн харъяаллын хувьд тохирч байна. Бактерилогийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Даваасүрэн /хх-ийн 83 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹162 тоот:

1.Ц.Наранболд нь DS: Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг өвчтэй байна.

2.Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг нь олдмол өвчин юм.

3.Ц.Наранболд нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Ц.Наранболд нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

5.Ц.Наранболд нь хэрэг хариуцах чадвартай байна. Тэргүүлэх зэрэгтэй эмч  Д.Дэжидмаа, С.Байгальмаа, Б.Энхчимэг /хх-ийн 90 х/ гэсэн шинжээчийн дүгнэлтээр Ц.Наранболд хэрэг хариуцах чадвартай болох нь нотлогдсон.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалагаас: Ц.Наранболд-д Прокуророос ял өөрчлөн сонсгохдоо байцаалт явуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчсөн мөн бусдыг танхайн сэдэлтээр санаатай алахыг завдаагүй бөгөөд эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харилцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг байх тул зүйлчлэлийг 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Ц.Наранболд-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ял сонсгож байцаалт явуулсан, прокурорын хяналтын шатанд хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасныг хүчингүй болгож бусдыг нь хэвээр үлдээж, ял өөрчлөн сонсгох тогтоол /хх-ийн 124 х/ үйлдсэнийхээ дараа байцаалт явуулалгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, прокурор урьд сонсгосон ялын заримыг хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд заавал байцаалт явуулахыг хуулиар түүнд үүрэг болгоогүй учраас хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 

Шүүгдэгч Ц.Наранболдын зүгээс өөрийн эхнэр Э.Одонтуяатай уулзахаар ирэхэд түүнтэй зүй бус  харилцаж, хөөж туусны улмаас хоорондоо маргалдаж улмаар халаасандаа байсан заазуураар түүний нүүр, хүзүүн тус газар зүсэх явцад хохирогчийн орилсон дуунаар эцэг Б.Элстбаатар нь ирж шүүгдэгчийг дарж унаган уг зодооныг салгасан.

Дээрх байдлаас дүгнэлт хийхэд: Шүүгдэгч Ц.Наранболдыг гэрээс гарахдаа эхнэрээ алах гэж уг заазуурыг авч гарсан гэдгийг шууд нотолсон нотлох баримтууд байхгүй, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “... би өглөө галаа түлэх үедээ уг заазуураар модоо хагалж байгаад дээлнийхээ халаасанд хийсэн байсан түүнээс биш эхнэрээ алахаар зориуд авч гараагүй ...” гэх мэдүүлгийг тогтвортой мэдүүлдэг бөгөөд уг нотлох баримтыг үгүйсгэсэн өөр нотлох баримт байхгүй.

Гэрч Э.Одонтунгалагийн: “… Хэд хоногийн өмнө Наранболд нь манай нөхөр Буянттай архи ууж байхдаа та нарыг яаж баяр тэмдэглэхийг харнаа, нэг нь шоронд нөгөө нь шороонд булагднаа гээд занаад байсан, анхнаасаа л дүүг маань алах санаатай байсан юм байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-27-28 х/ нь уг нотлох баримтын эх сурвалж болсон гэрч С.Буянтын: “...Би Наранболдтой тэр болгон нийлээд архи уугаад байдаггүй. Одонтуяа салж явснаас нь хойш нэг удаа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орчимд Наранболд манайд ирэхээр нь нэг удаа л хүн хүний 3, 4 лаазтай пиво уусан. Тэрнээс хойш цуг архи уугаагүй. Наранболд надтай архи уухдаа ямар нэгэн байдлаар занасан, ална хядна гэсэн зүйл яриагүй. Би тийм зүйл Одонтуяад болон өөр хүнд хэлээгүй, Наранболд надад та нарыг баяр үзүүлэх байх даа гэж занасан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 80 х/-р няцаагдаж байгаа бөгөөд Ц.Наранболд-д хүнийг алахаар урьдчилан төлөвлөсөн санаа зорилго байгаагүй, харин хүн алах гэсэн шууд санаа хохирогчтой хэрэлдэж маргалдах явцад төрсөн гэж дүгнэх бүрэн боломжтой.

 

Ц.Наранболд нь хохирогч Э.Одонтуяатай уулзаад улмаар муудалцах үедээ халаасандаа байсан заазуураар түүнийг зүсэж гэмтэл учруулсан бөгөөд гадны нөлөөгөөр үйлдлээ бүрэн гүйцэд хийж чадаагүй нь хүн алахыг завдсан шууд санаатай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Иймд Ц.Наранболд-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчлэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

            Ц.Наранболд нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

          Ц.Наранболд урьд өмнө гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 х/-аар, хохирогч Э.Одонтуяагийн зүгээс эмчилгээний зардалд 900,000 төгрөгийг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаа.

 

 Ц.Наранболд хүнийг санаатай алахыг завдсан гэх онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч өөрийн гэм буруугаа зохих хэмжээгээр ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлсөн, хохирогч одоо гомдол саналгүй, биеийн байдал хэвийн ажлаа хийж байгаа, шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн хуванцар иштэй төмөр заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус шийтгэх тогтоолд тусгах  нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Ц.Наранболд-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Өндөр овогт Цоодолын Наранболдыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ц.Наранболдыг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Наранболд-д оногдуулсан 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Наранболдын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Ц.Наранболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 900,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар иштэй төмөр заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Наранболд-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

 

 

       ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                Г.ГАНБААТАР