Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/743

 

 

 

 

 

 

 

2024          06          21                                       2024/ШЦТ/743

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

улсын яллагч А.Намдаг ,

шүүгдэгч Д.Т, Д.Г нарыг оролцуулан, хуралдаан тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д.Т, Б овогт Д.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000215 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Б овогт Д.Т нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд У аймгийн Т суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, У аймгийн Ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд жижүүр ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт У аймаг У сум, ** дугаар баг, ** тоотод оршин суудаг, ******** дугаарын регистртэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

2.Б овогт Д.Г нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд У аймгийн Т суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт У аймаг С сум, ** дүгээр багт оршин суудаг, ******** дугаарын регистртэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Д.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд У аймгийн У сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух гэртээ, Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 ширхэг “Алтайн хойлог” шувууны түүхий эд болох бодгалийг хадгалсан, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ** УВА улсын дугаартай Киа маркийн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд тавьж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шалган нэвтрүүлэх цэгээр тээвэрлэсэн,

Д.Г нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд У аймгийн С сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөшөөт гэх газар оршин суух гэртээ, Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 ширхэг “Алтайн хойлог” шувууны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.Т хуралдаанд мэдүүлэхдээ: Би хүнс авахаар найз Г-ийн гэрт очсон. Манай найз Г-т үхсэн Хойлог ч юм уу нэрийг нь сайн мэдэхгүй шувуу байсан. Тэгээд хүнд үзүүлэхэд Хойлог гэдэг шувуу мөн байсан. Тэгээд тухайн үед Хойлог шувууны мах ходоодонд сайн гэж ам дамжсан яриа сонссон. Хэрэгтэй хүндээ хэрэг болох гэж бодоод би гэртээ хадгалж, хот тээврийн унаанд өгч явуулсан. Хориотой шувуу гэж мэдээгүй. Хуулийн мэдлэг багатайгаас ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Ийм зүйл хийж болохгүй гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгож байна. Увс аймгаас Улаанбаатар хот руу ирж очиход зардал мөнгө их гарч байна. Хөдөө байгаа мал харах хүн байхгүй, ажлаа зохицуулах зэрэг асуудлууд үүсэж байна. Ан амьтныг үхсэн байсан ч оролдох дэмий гэдгийг ойлгож, ухаарлаа. Манай хүү 2012 онд төрөхдөө зүрхний 4 хавсаргасан гажиг буюу зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй, 2013 онд Солонгос Улсад 50,000,000 төгрөгийг хагалгаанд орсон. Саяхан Солонгос Улсаас эмч нар ирсэн дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн тул би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Иймд миний хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Г хуралдаанд мэдүүлэхдээ: Хуулийн мэдлэг багатайгаас ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би хөдөө мал малладаг, малыг минь харах хүн байхгүй, Хот хооронд ирэхэд хүндрэлтэй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэв.

Эрүүгийн 2408000000215 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Экологийн цагдаагийн албанд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

2.2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас),

            3.Хоёр ширхэг шувууны бодгаль, нэг ширхэг амьтны гаралтай гялгар ууттай махыг эд баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

4.Хохирогч Байгаль орчин, уур амьсгалын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

5.Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

6.Гэрч Ц.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

7.Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

8.Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх Шинжилгээний газрын Байгалийн шинжлэх ухааны Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №536 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шувууны бодгаль нь шинжилгээнд тэнцэж байна. 1 ширхэг ууттай мах нь шинжилгээнд тэнцэхгүй. Уг 2 ширхэг шувуу нь Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) зүйл, Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гургуулыхан-Phasianidae овгийн Ахууна-Lagopus Brisson, 1760 төрлийн шувуу байна. Шинжилгээнд ирүүлсэн шувууны толгой байхгүй тул зүйлийг тодорхойлох боломжгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Алтайн хойлгийн хүзүү хэсэгт 3см орчим нүх үүсэж цус мэт зүйлээр бохирлогдсон, тарс хугарсан байдалтай, 2 дугаартай Ахууна нь толгой байхгүй цус мэт зүйлээр бохирлогдсон байна. Тухайн шувуунуудын агнагдсан байдал болон хэзээ агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг 1,2 гэж дугаарласан шувуунууд нь нас бие гүйцсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалтад орсон зүйл юм. Тахиатан-Galliformes (Gebler, 1836) баг, Гулгуулынхан-Phasianidae овгийн Ахууна-Lagopus Brisson,1760 нь ховор болон нэн ховор ангилалд багтаагүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 260 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг толгой Алтайн хойлог–Tetraogallus altaicus, (Gebler, 1836)-ийн экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөг Тахиатан-Galliformes (Gebler,1836) баг, Гургуулынхан–Phasianidae овгийн Ахууна-Lagopus Brisson, 1760 нь 26,000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын Амьтны аймагт учирсан хохирлын үнэлгээ нь 486,000 төгрөг байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас), дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас),

9.Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №87 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас),

10.Яллагдагч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас),

11.Яллагдагч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

            12.Шүүгдэгч Д.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 105 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 102 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

-шүүгдэгч Д.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 110 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 102 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Б овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д.Т-ийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгийн торгох ял,

-шүүгдэгч Б овогт Д.Г-ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Д.Гнарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Байгаль орчин, уур амьсгалын санд төлөх төлбөргүйг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Алтайн хойлог шувууны 1 ширхэг бодгалийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-өөс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 85,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Т, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА