Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01833

 

 

 

 

 

 

 

 

 2021 о    10сарын06дөр                      

          181/ШШ2021/01833

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Т.Х-д холбогдох,

 

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, “М” ХХК-ийн удирдлагын баг болон нийт ажиллагсдад “бусдаас шан харамж авсан гэх” худал үндэслэлгүй мэдээллийг тараагдсан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, А.З, гэрч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.М миний бие “М” ХХК-д хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирлаар ажиллаж байгаад “М” ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын AH-BoDM 15/18 тогтоолоор, “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад “Н ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын дугаар №AH-BoDM 02/18 тогтоолоор 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус тус ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэрээр “М” ХХК-д эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 626 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай тогтоолоор хэвээр батлагдаж, хуулийн хүчин төгөлдөр болсон болно.

1. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өөрийн албан оффист 17:00 цагт Т.М /тус компанийн үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд захирал/, С.Г /тус компанийн дотоод аудитын захирал/ нарын хамтаар надтай уулзсан бөгөөд намайг тус компанийн харилцагч байгууллага болох “М” ХХК-тай байгуулсан гэрээнээс хувь ашиг авсан нь илэрсэн гэж гүтгэсэн. Ингэж гүтгэхдээ “... намайг 6 сарын турш мөрдөн шалгасан” гэсэн ба намайг мөнгө авсныг нотлож “М” ХХК-иас ирүүлсэн гэх баримтын хуулбар, мөн Голомт банкны дансны хүснэгтийн жагсаалт гэх хуудсыг харуулсан бөгөөд 6 сарын турш мөрдөн шалгаж, мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авсны үр дүнд олж авсан гэж хэлсэн.

Миний бие “М” ХХК-д тасралтгүй 17 жил ажиллахдаа “М” ХХК болон аливаа хувь хүн, байгууллагаас хувийн ашиг сонирхлоор хэзээ ч шан харамж авч байгаагүй, ийм санаа сэдэл ч төрж байгаагүй болохыг энэхүү уулзалтын туршид эдгээр 3 албан тушаалтанд тайлбарласан боловч хүлээж аваагүй тул уулзалтыг орхин гарсан.

Дээр уулзалтын дараа тухайн өдрийн 17:30 цагт “М” ХХК-ийн ерөнхий захирал Т.Х нь Мобиком группийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон газрын захирлууд болох 15 орчим хүн оролцсон шуурхай хурал зохион байгуулсан бөгөөд тэр хурал дээр намайг ажил албан тушаалаа ашиглан харилцагч байгууллагатай байгуулсан гэрээний дүнгээс шан харамж авсан гэж, мөн тухайн үед миний хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр /ажлаас халагдсан иргэн компанийн гэрээт зусланд зусах эрхийг надаар дамжуулан олж авсан гэж/ хэлж, үндэслэлгүй худал мэдээллийг компанийн удирдлагын багийн түвшинд амаар зарлан тарааж намайг гүтгэх замаар миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, намайг гутаан доромжилсон болно.

Ингэж худал мэдээлэл тарааж, намайг гүтгэснээрээ “М” ХХК-ийн ерөнхий захирал Т.Х нь тус компанид болон мэдээлэл харилцаа холбооны салбарт 2001 оноос хойш 17 жил тасралтгүй, үүний дотор 2007 оноо хойш удирдах албан тушаалд ажилласан миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нийт 1,000 гаруй ажилтнуудын өмнө гутаасан. Ийнхүү худал мэдээлэл тараасан нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халсан талаар гаргасан миний нэхэмжлэлийн дагуу хэргийг хэлэлцэх үед 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно.

Т.Хтай хийсэн уулзалтын дараа дээр нэр дурдсан Тэргүүн дэд захирал Т.М болон Дотоод аудитын газрын ахлан менежер О.Ө нар 2 хурал зохион байгуулж, Т.Х захирлын миний талаар ярьсан худал мэдээллийг олон хүнд тараан түгээсэн байдаг. Тухайлбал, “Н ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурал, хоёр дахь хурал нь тухайн үед миний шууд удирдлага дор ажиллаж байсан ажилтнуудыг оролцуулж хийгдсэн бөгөөд эдгээр хурал бүр дээр намайг харилцагч байгууллагаас шан харамж авсан гэх худал мэдээллийг тарааж зарлан, миний ажил хэргийн болоод хувь хүний нэр хүндэд халдсанд их гомдолтой байна.

Ажилтнууд миний талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараах үедээ Т.М захирал тухайн үед миний удирдлагад ажиллаж байсан ажиллагдсдад ямар нэг байдлаар надтай харилцахгүй байхыг даалгаж, олон жил хамт ажиллаж ирсэн хүмүүсийн надтай харилцах хүний эрхийг хязгаарлахыг оролдсон зохисгүй үйлдэл хийсэн байдаг.

Бусдаас шан харамж авсан гэх худал мэдээлийн талаар надаас огт асууж тодруулж байгаагүй бөгөөд гуравдагч байгууллагаас мөрдөн шалгах үйлчилгээ авсан ба дотоод аудитын шалгалт хийснээр нотлогдсон гэсэн атлаа тэдгээр шалгалтын тайлан мэдээллийг огт танилцуулаагүй.

Мөн намайг шан харамж авсан гэх баримтыг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь өөрөө Т.Хгийн албан оффист авчирч өгсөн гэж надад болон захирлуудын хурал дээр мэдэгдсэн. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад “М” ХХК-аас ийм мэдээллийг гаргаж байсан эсэхийг тодруулахаар шүүгчийн захирамжаар шаардсаны хариуд “М” ХХК нь надтай холбоотой асуудлаар ямар нэгэн хүсэлт “М” ХХК-аас хүлээж аваагүй, мөн ямар нэгэн албан бичиг болон баримт зэргийг “М” ХХК-д гаргаж өгч байгаагүй гэх хариу тайлбарыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/0648 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн байдаг.

Буруутай болох нь шүүхээс тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуульд зааж, хүний эрхийг дээдэлдэг. Гэтэл намайг огт гэм буруугүй атал хаанаас авсан эх сурвалж нь тодорхойгүй, худал мэдээллийг шалгаж тогтоолгүйгээр иргэн миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаасан ба улмаар энэ байдлаа үндэслэн хууль бусаар, үндэслэлгүйгээр ажлаас халсан нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон юм.

“М” ХХК-ийн ерөнхий захирал Т.Х ажилтан намайг харилцагч “М” ХХК-аас шан харамж авсан, хууль бус үйлдэл хийсэн гэж гүжирдэж гүтгэн иргэн миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит байдалд нийцэхгүй, худал мэдээ, мэдээллийг “М” ХХК-ийн ажилтнуудад тараасанд маш их гомдолтой байна. Энэ худал мэдээллээс болж тус компанийн 1,000 гаруй ажиллагсдын дунд миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, би гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан буруутан болж, улмаар энэ үндэслэлээр ажлаасаа гэнэт халагдсан гэсэн мэдээ нийт ажиллагсдад хүрсэнд миний бие өнөөдрийг хүртэл маш их эмзэглэж, сэтгэл санаагаар унаж, хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзахаас эмээж, санаа, зовж явдаг болсон.

Ийм учраас миний бие нь намайг ажлаас халах үндэслэл болон яригдаж, бусдаас шан харамж авсан гэх мэдээллийг Т.Х бусдад тараасны улмаас миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, улмаар тэрхүү мэдээлэл нь худал, үндэслэлгүй учраас миний нэр төр, ажил албаны нэр хүндийг сэргээж, “М” ХХК-ийн удирдлагын баг болон нийт ажиллагсдад уг худал үндэслэлгүй мэдээллийг тараагдсан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Т.Хд үүрэг болгож, надаас уучлалт гуйхыг хариуцагчид даалгаж, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хувьд хувь хүн ажил хэргийн нэр хүнд тодорхойлж нэхэмжлэл гаргасан байна. Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  40 дугаар тогтоолоор нэр төр алдар хүнд гэдэг ойлголтыг тодорхойлж өгсөн байдаг. Нэр төр гэдэг нь тухайн хүний ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өөрт өгсөн үнэлэмж байна. Алдар хүнд гэдгийг өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно гэж хэлсэн. С.М 18 жилийн хугацаанд ажиллахдаа ёс зүйг дээд зэргээр сахидаг, хүний нөөц, байгууллагын соёлын газрын дарга гэдэг ажлыг хийж байхдаа нэр төртэй сайн ажилтан байсан. 1000 гаруй ажилтнаас бусдад үнэлэгдэх үнэлэмжээрээ бусдаас шан харамж авсан гэх үнэлэлтийг авсан.  Хувь хүний хувьд чадвараа харуулсан эмэгтэй байсан. Аливаа мэдээлэл үнэн зөв, эх сурвалжтай байх ёстой.

...М компаниас баримт гаргуулахаар шаардахад М компаниас С.Мтэй холбоотой ямар ч мэдээллийг М компанид өгөөгүй гэж хариу мэдэгдэл ирүүлсэн. Энэ нь тухайн үед Т.Хгийн гаргасан мэдээ мэдээлэл огт байгаагүйг нотолж байна.

Гэрч Ү, О, М, М, Э нар бүгд М-д ажиллаж байсан.  2018 оны 07 сарын 03-ны өдрийн хуралд гэрч нараас 6 хүн нь хурал дээр байсан. Хариуцагчийн төлөөлөгч захирал ТУЗ-ын тогтоолыг танилцуулсан. ТУЗ-ын тогтоолыг танилцуулсан юм бол контрактын гэрээг зөрчлөө гэж ажлаас чөлөөлсөн мэдээлэл гарах ёстой. Гэтэл өнөөдөр энэ хурал дээр нэхэмжлэгч С.М рүү ямар байдлаар дайрч үндэслэлгүй худал мэдээллээр энэ хүнийг ажлаас халах болсон үндэслэлээ ярьсан. С түвшний 15 захирлуудад яригдаад байгаа мэдээллийг шууд тараасан хүн бол Мйн ерөнхий захирал Т.Х юм. Энэ хүн өөрийнхөө эрхэлж байсан ажил хэргийн хүрээнд өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж тухайн ажилтныг ажлаас чөлөөлөхийн тулд үндэслэлгүй худал мэдээллийг тараасан гэдэг нь гэрч М, Ү, О, М, Э, Ү нарын мэдүүлгээр нотлогдож байсан. Санхүүгийн албаны захирал байж байгаад гарсан Үнэнбат мэдүүлэг өгөхдөө ямар ч байсан харилцагч компанитай холбоотой гэж ярьж байсан.

...Гэрч нар болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгнө гэж баталгаа гаргаад гарын үсэг зураад мэдүүлэг өгсөн. Хариуцагч талын хүсэлтээр асуугдсан. Б, Ү 2 тухайн өдрийн захирлуудын зөвлөлийн хуралд орсон. Гэхдээ “тэр үеийн талаар яг үнэндээ сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн. Энэ хүмүүс яагаад сайн санахгүй байна гэж мэдүүлж байна вэ. шүүхэд очоод үнэнээр мэдүүлвэл ажилгүй болох цалингаа авахын тулд хэлж байна.

С.М захирал англи хэлийг дээд түвшинд эзэмшсэн. Тэнд шан харамж авсан гэмт хэрэг үйлдсэн мэт шууд тулгаж энэ мэдээлэл нийтэд тарсан гэдгийг өөрөө ярихаас гадна бусад гэрч нар нотлохоос гадна гэрч Мөнхтуяа ярьсан. Та нар энэ хүнтэй харьцаж болохгүй гэмт хэрэг үйлдсэн хүн шүү гэх мэдээллийг Т.Хгаас орж ирсэн  М, Ө 2 захирлаас үүрэг авсны дагуу бүх ажиллагсдад мэдээллийг өгсөн. Мд хэзээ ч бүх ажилчдад ерөнхий захирлаас мэдээлэл очдоггүй. Ганцхан тохиолдолд имэйлээр очиж байгаа мэдээлэлд С.Мийг ажлаас чөлөөллөө.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаний захирал бол манай улсын Үндсэн хуульд захирагдаж хувь хүний нэр хүнд, эрхэмлэн хүндэтгэж нотлогдоогүй худал мэдээллийг захирлуудын зөвлөлд тараах ёсгүй байсан. С.Мийг ажил хэргийн хувьд ямархуу үнэлэмжтэйг гэрч нар тогтоож хэлсэн. С.М ёс зүйтэй энэ өндөр албан тушаалд дэд захирал болтлоо дэвшсэн. Харамсалтай нь огт нотлогдоогүй мэдээ мэдээллийг Т.Х захирал олж авч, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон. Ажлаас чөлөөлсөн үндэслэл  үндэслэлгүй байсан нь хэрэгт авагдсан гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоно.

Хууль тогтоогч хувь хүний үнэлэмжийг гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулж нийгэмд оролцож байгаа харилцаагаар дүгнэх ёстой юм гэж тодорхойлсон. С.Мийн нэр хүндийг гутаасан мэдээ мэдээлэл 2018 оноос хойш 3 жил үргэлжлээд явж байна. Энэ мэдээлэл өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна гэж гэрч нар хэлээд байгаа. Хуулийн хувьд нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгах тухай тодорхойлоогүй. Гэхдээ иргэний хуулийн 511 дүгээр зүйлд “Эдийн бус гэм хорыг арилгах” талаар зохицуулсан. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас үүсэх эдийн бус гэм хорыг нэхэмжлэгч өөрийнхөө үнэлэмжээр илэрхийлэхээс өөр арга байхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 100,000,000 төгрөгийг гадаадын иргэн Т.Хгийн хувьд бол өчүүхэн мөнгө Монгол улсын иргэн ялангуяа ажлаа шударгаар хийж байсан ямар ч ёс зүйн зөрчил гаргаагүй хүнийг хэлмэгдүүлж, ажлаас чөлөөлсөн худал мэдээлэл тараасныхаа хариуцлагыг үүрэх ёстой. Тараасан мэдээг бодит байдалд нийцээгүй тохиолдолд хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байгаа. Иймд Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлийг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Хариуцагч Т.Х энэ олон гэрч нарын мэдүүлгийг үгүйсгээд тараагаагүй гэж байгаа бол татгалзаж байгаа үндэслэлээ нотлох ёстой. Ямар ч баримт байхгүй, шүүх өнөөдөр дүгнэлт хийж өгөөч гэж хүсч байна. Суурь эрх болсон нэр төр, алдар хүнд гутаагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн С.М нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх талаар намайг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргажээ.

Иргэн С.М нь “М” ХХК-ийн ТУЗ-ын ээлжит бус хурлын 15/18 тогтоолоор 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэргийн 6-10 дугаар талд авагдсан баримтын нэг нь гэрчийн мэдүүлэг, нөгөө нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд М ХК-иас ирүүлсэн баримт юм. Энэ 2 баримтыг нотариатаар хуулбар үнэн даруулж өгсөн. Нотариатч эх баримт нь байгаа тохиолдолд хуулбар үнэн дардаг. Энэ баримт нь  нотлох баримтын шаардлага хангаж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Жишээлбэл гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлэгийг хэрэв хэргийн материалаас авах тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаад шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг даруулаад авдаг. Тэгэхээр энэ 2 баримтын хувьд хуулбараас хуулбар дарсан харагдаж байна. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч  дурдаж байна. Өмнө нь Мйн хувьд ямар нэгэн ажилтын ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд бүх ажилтнуудад имэйл мэдээлэл ирүүлдэггүй байсан. Зөвхөн С.М гэдэг хүнд имэйл явуулсан. Гэтэл имэйл ирүүлсэн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Хэзээ ирсэн, хэнд ирсэн нь тодорхой биш. Дээрээс нэмээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй. Яг тэр имэйл ирсэн нь харагдаад хэзээ шүүхэд нотлох барим хүргүүлсэн нь тодорхой биш.

Шүүх хуралдааны явцад захирлуудын зөвлөлийн хуралд орсон С түвшний 15 хүнээс 4 нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуралд оролцсон захирлуудаас 6 нь гэрчээр оролцсон гэж хэлсэн. ямар хүн оролцсоныг тодруулж  хэлсэнгүй. Бид нарын харж байгаагаар Үржинсүрэн, Мөнхжаргал, Баярмаа, Өмөрбек нар оролцсон. Энэ 4 гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, захирлуудын зөвлөлийн хуралд яг ямар асуудал яригдсан талаар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар шууд үнэлэгдэх үү үгүй юу гэдэг эргэлзээтэй. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлэх талаар зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн 8.3.-т “Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэг хэмжээгээр хэргийн зохигчидтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзвэл тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив тусгах боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш анхааралтай хандах учиртай.”, Мөн өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа 2.2.”…үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” б/Бусад нотлох баримттай харьцуулахдаа “нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байх, бие биенээ үгүйсгэх нь нотлох баримтын үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлэх үндэслэл болно. Уг эргэлзээ арилаагүй тохиолдолд нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байдаг. Улсын Дээд шүүхийн энэ 2 зөвлөмжөөр юуг хэлэх гээд байна гэхээр хэрэгт 8 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс 5 нь нэхэмжлэгчийн хүсэлтээр, 3 нь хариуцагчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал байгаад байна. Нэмээд гэрч Үржинсүрэн, Оюун, Мөнхтуяа, Мөнхжаргал нар нь ямар нэг байдлаар Мас ямар нэг байдлаар чөлөөлөгдсөн өнөөдөр ажиллахгүй байгаа этгээд юм. Магадгүй С.М гэдэг хүнтэй ярилцаад тухайн нөхцөл байдлын талаар 3 жилийн өмнөх процессыг маш сайн өчигдөр болсон мэтээр шүүхэд мэдүүлж байгаа юм. Энэ гэрчийн мэдүүлэгт яг үзсэн харсан зүйлээ ярьсан уу гэдэг асуудалд хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд эргэлзээ төрж байна.

Сая нэхэмжлэгчийн алдар хүнд, нэр төр, Мобикомын нийт ажиллагсдын дунд нэр төр  буурсан гэж ярьж байна. Гэвч хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Үнэнбат бол С.М гэдэг хүнийг та юу гэж үнэлдэг вэ гэхэд “гайхалтай мундаг хүн гэж би хувьдаа үнэлдэг” гэж хэлсэн. Өнөөдөр яг С.Мийн нэр хүнд алдагдсан зүйл байгаа юу.

Шан харамж авсан гээд байгаа үгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлснээр 1000 гаруй ажилтнуудын дунд яаж тарсан бэ гэдэг нь тодорхойгүй. Гэрч М эхлээд энэ хүн М захиралтай уулзсан С.М захирлыг  ажлаас чөлөөлсөн талаар хэлсэн. Буцаад ширээнд суухад С.М захирал орж ирсэн. Орж ирээд бид нарыг дагуулж сургалтын өрөөнд орж намайг ийм үндэслэлээр халж байгаа юм байна, яг өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байгаа юу шан харамж авсан талаар яриад энэ хүн бол өөрөө хэлсэн.

Энэ хүний эх сурвалж нь магадгүй Т.Х захирал, 2 хүнтэй гурвуулаа уулзсан хурал дээр би нөхцөл байдлаа тайлбарлаж гараад явсан тэр хурал дээр авсан мэдээллээ шууд өөрийн удирдах албан тушаалтанд хэлсэн. Энэ хүн ажлаас чөлөөлөгдсөн гэдэг асуудал яригдахаар тэр дундаас нэг хүн С.М захирал мөнгө авсан юм гэнэ билээ гэдэг юм уу тийм байдлаар тараасан байхыг үгүйсгэхгүй. Хэрэгт хэд хэдэн гэрчийн мэдүүлэг авагдсан. Бүх гэрч нараас Т.Х гэж хүн компанийн ямар нэгэн ажилтанд С.М шан харамж аваад ажлаас чөлөөлөгдсөн гэдэг асуудлыг тарааж байхыг та нүдээр харсан уу? гэхэд хэн нь харсан гэдэг мэдүүлэг өгөөгүйг шүүхээс анхаарч үзээсэй. Хариуцагчийн зүгээс үндэслэл тайлбараа тодорхой хэлсэн. ТУЗ-ийн хурлын шийдвэр гарсан. Тухайн ТУЗ-ийн хурлын шийдвэрийг танилцуулсан буюу С.М гэж хүнийг 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлж 08 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллах боломжгүй, ажлыг хүлээж авч байгаа гэдэг асуудлыг тухайн хурлаар шийдвэрлэж, хуралд оролцсон хүмүүст танилцуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь судлаад үзэхээр  хариуцагч буюу Т.Х гэж хүн нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан, нэр хүндийг гутаасан үйлдэл гаргасан нь тодорхой баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн шийдвэрлэх ёстой. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа нөхцөл байдлыг Т.Х гэж хүн нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. М компаниас 50000 ам доллар авсан тухай мэдээлэл хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа М ХХК-ийн удирдлагын баг болон нийт ажиллагсдад уг худал үндэслэлгүй мэдээллийг тараагдсан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг гаргуулах тухай гэж гаргасан. Нэгт иргэний нэр төр гутаагдсан уу хоёрт ажил хэргийн нэр төрийг гутаасан уу гэдэг асуудал нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байна. Иргэний нэр төртэй холбоотой иргэний нэр төрд халдсан  хувь хүнтэй холбоотой ямар нэгэн байдлаар гутаасан, мэдээ тараасан тухай ямар нэгэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй асуудал. Ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт 3 асуудал нэхэмжлэлд дурдагдаж байна. Ерөнхий захирал Т.Х 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн албан оффист 17 цаг 00 минутад Т.М компанийн үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд захирал, С.Г компанийн дотоод аудитын захирал нарын хамтаар нэхэмжлэгчийг дуудаж анх надад хэлсэн гэдэг. Хурлын дараа 1500 гаруй ажилчдад худал мэдээлэл тараасан гэдэг. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Х, Т.М, С.Ганчулуун нар уулзсан тухай баримт байхгүй хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл ганцхан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан. Мөн эдгээр 3 хүнтэй уулзаад эдгээр 3 хүний хэн нь ямар байдлаар нэхэмжлэгч С.Мт М компаниас 50000 гаруй мянган ам доллар авсан талаар хэлсэн үйл баримт хэргийн үйл баримтаар бол тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь гол агуулга бол 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагт 30 минутын хуралд нэхэмжлэгчийн хэлсэн шиг хуралд нэр төрд халдсан гэж хариуцагч Т.Хгийн зүгээс яриагүй. Нэхэмжлэгч уг хуралд нэр төрд халдсан гэдэг асуудлыг нотлохоор гэрчийн мэдүүлэг авагдсан. Гэрчийн мэдүүлгийг агуулгаар авч үзэх юм бол нэхэмжлэгч талын хүсэлтээр Ү, М, О, М гэх дөрвөн хүн асуугдсан. Одоо Э гэх хүн асуугдах гээд гадаа  сууж  байгаа. Гэтэл эдгээр 5 хүмүүсээс Ү, М хоёр нар нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутын хуралд суусан харин О, М, Э нар нь ажил үүрэг албан тушаалын хувьд ч хуралд суугаагүй.

О, М, Э 3 гэрчийн мэдүүлгийг хууль зүйн хувьд асуух боломжгүй. Яагаад хуралд оролцоогүй байж өнөөдөр хуралд оролцсон мэтээр шүүхэд ирээд гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа юм бэ. Мөн гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Нэхэмжлэгч талаас асуулгасан гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, хариуцагч талын асуугдсан 2 гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Гэрчийн мэдүүлгийг хууль зүйн хувьд үнэлэх боломжгүй. Гэрчийн мэдүүлэг процесс хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу нотолгооны хэрэгсэл юм.

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутын хуралд хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг хариуцагчийн зүгээс тайлбарласан. Өнөөдөр хөдөлмөрийн харилцааны хувьд ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тухайн хүн болоод бусад 15 захиралд танилцуулж болдоггүй юм бэ. Энэ хуралд 1500 гаруй ажилчин оролцоогүй. Зөвхөн гэрчийн мэдүүлэгт дурдсан С түвшний 15 захирал оролцсон. 15 захирлаас 1 захирлыг ажлаас чөлөөлсөн тухай хэлсэн. Контрактыг цуцлах болсон үндэслэл шалтгаан нь ТУЗ-ын тогтоолыг хариуцагч гаргаагүй. ТУЗ магадгүй контрактыг цуцлахдаа ямар нэгэн байдлаар ашиг сонирхол үүсгэсэн байж болзошгүй гэж үзээд эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан бол шаардлагаа ТУЗ-д холбогдуулаад гаргах хэрэгтэй. Хариуцагч зөвхөн ТУЗ-ын гаргасан шийдвэрийг захирлын хувиар танилцуулсан.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-т “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан”, 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан энэ үндэслэлүүд бол ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал юм.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасны дагуу ажилтан ажил олгогчийн гаргасан буруутай үйлдлийн улмаас ажлаас халагдан гэх шалтгаанаар тухайн ажилтныг халаад халсан эсэх асуудал шүүхээр маргаж, маргасантай холбоотой шүүхийн шийдвэр нь давхар нэр хүндэд халдсан гэх үндэслэлийг гаргахгүй. Яагаад зөвхөн контрактыг цуцалсныхаа хариуд шүүхэд дуудагдаж байгааг ойлгохгүй байна.

Энэ хурал англи хэл дээр явагдсан. Англи хэлээр явагдсан, хурал дээр яригдсан үгийг тухайн хуралд оролцсон этгээдүүд өөрийнхөө англи хэлний мэдлэгийн түвшинд тааруулаад ойлгоно. Зарим гишүүд шан харамж, зарим нь мөнгөн шагнал гэдэг. Ийм байдлаар явагдсан хуралд нэхэмжлэгч өөрөө шан харамж гэж ойлгоод шүүхэд нэхэмжлэл гаргаад байх нь үндэслэлгүй юм.  Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримттай танилцахад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үнэн зөв эсэхэд хэд хэдэн эргэлзээ төрж байна.

Нэгд хэрэгт өгсөн баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлсэн баримт биш байна. Хоёрт, хурал дээр яригдсан асуудал. Мэдээ тараагаагүй гэдгээ хариуцагчийг нотол гэж байна. Мэдээ тараагаагүй нөхцөл байдлыг хариуцагч яаж нотлох ёстой вэ? Өөрөөр хэлбэл нотолгооны онол, зарчмын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох ёстой. Гуравт нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр худал тайлбар гаргасан. Шүүхэд гэрчээр асуугдсан хүмүүстэй найз нөхдийн холбоогүй гэж хэлсэн. Гэтэл гэрч М нэг байранд амьдардаг. Үржинсүрэн М нар бид найз нөхдийн холбоотой хэвээр байгаа гэж хэлсэн. Яагаад үүнийг нуугаад шүүхэд хэлэхгүй байгаа вэ? Гэрчүүд бүгдээрээ найз нөхдийн холбоотой, удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс. Тэгэхээр гэрчийн мэдүүлгийг авахдаа тухайн этгээд нь найз нөхөд, төрөл садангийн холбоотой эсэх, субъектив санаа зорилго байгаа юу? гэдгийг харах ёстой. Үүнээс харвал хэдэн найз нөхдөө дагуулж ирээд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн юм шиг харагдаж байна.

Шан харамж авсан асуудал ярьдаг. Гэтэл хурал дээр юу гэж ярьсныг тогтоож чадахгүй сууж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүд нь өөр өөр нэр томъёо хэрэглэдэг...Мөнгөн шагнал бол шан харамж гэдгээс өөр ойлголт. Өнөөдөр Япон улсын иргэн Т.Х яг юу гэж хэлснээ  тогтоолгохгүйгээр хэн нэгнийг гутаасан гэх үйл баримт байхгүй. Хэрэв тухайн хуралд оролцсон хүмүүс англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй юм бол яагаад хүний  хэлсэн үгийг 3-4 янзаар ойлгоод байна вэ. Энэ өөрөө англи хэл дээр явсан ойлголт учраас хэрэв нэг л нэр томъёо байсан бол шан харамж, гэрээний хувь, мөнгөн шагнал гэж хэлээгүй. Энэ байдлаар бол гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Дөрөвт, миний асуусан асуултанд хариулаагүй. Та Мас гарснаас хойш хаана ажиллаж байгаа вэ гэхэд хариулаагүй. Үйлчлүүлэгчийн зүгээс ирсэн мэдээллээр Улаанбаатар хотын банкинд мэргэжлээрээ өндөр цалинтай ажиллаж байгаа. Энэ нь нийгэмд эзлэх байр нь гутаагдсан гэх үнэлэмжийг тогтоох боломжтой байсан. Яагаад нуугаад хэлдэггүй юм.

Хууль зүйн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасан. Нэгэнт хариуцагч нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаагаагүй, нэхэмжлэгч нэр хүндийг нь гутаасан гэдгийг нотлоогүй байна.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан. Энэ заалтын урьдчилсан нөхцөл бусдын ажил хэргийн нэр хүндэд халдсан байх ёстой. Халдсан нь өөрөө үйлдэл эс үйлдэхүй үйлдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэр ТУЗ-аас гарсан шийдвэрийг  захирлуудын зөвлөлийн хуралд танилцуулах нь өөрөө ямар хуулийг зөрчөөд байгаа юм бэ. 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаа ч тооцоолол байхгүй. Сэтгэл санаанд хохирол учирсан талаар баримт байхгүй өөрөө баримтаа гаргаж өгөөгүй...Иймд   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Т.Хд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, “М” ХХК-ийн удирдлагын баг болон нийт ажиллагсдад худал үндэслэлгүй мэдээллийг тараагдсан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно...” гэж заасан.

 

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон С.А нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд ...миний бие тааруу, даралт ихсээд очиж чадахгүй нь... гэсэн захидлыг өөрийн гар утаснаас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр тус тус шүүхэд ирүүлсэн, зохигч, өмгөөлөгч нар ирцтэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэлийг тайлбарлавал:

 

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэлдээ ... “М” ХХК-ийн ерөнхий захирал Т.Х нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн албан оффист 17:00 цагт Т.М, С.Г нарын хамтаар надтай уулзсан бөгөөд намайг тус компанийн харилцагч байгууллага “М” ХХК-тай байгуулсан гэрээнээс хувь ашиг, шан харамж авсан нь илэрсэн гэж гэж гүтгэсэн...дээрх уулзалтын дараа тухайн өдрийн 17:30 цагт М группийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон газрын захирлууд болох 15 орчим хүн оролцсон шуурхай хурал зохион байгуулж, уг худал мэдээллийг зарласан, улмаар тус компанийн 1000 гаруй ажилтнуудын өмнө нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан... гэжээ.

 

Нэхэмжлэгч дээрх үндэслэлийг нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэр, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж, хариуцагч Т.Х, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар нотлоогүй үндэслэлээр тус тус марган мэтгэлцэж байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Мийг “М” ХХК-ийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын захирал, Н ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан.

 

С.М нь өөрийн “нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан” гэх үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр  гэрчээр Г.Ү, Ч.М, Б.О, Л.Э, М.М, хариуцагч талын хүсэлтээр Б.Ү, Б.Б, О.Өнараас гэрчийн мэдүүлэг авчээ. Гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүх үнэлэх боломжгүй гэж үзэв. Тухайлбал:

 

-Гэрч Г.Ү “...Мөнгөнчимэг захирал байгууллагын гэрээ байгуулсан хамтрагчаас мөнгөн шан харамж авсан нь тогтоогдсон... хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэж мэдэгдсэн ...Маргааш нь мэйлээр Мөнгөнчимэг захирлын хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэж дотоод мэдээллээр хүргэсэн...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.О “...шуурхай хурал зарласан...бүх захирлууд цугласан байсан... хуралд ороход эхэлж Т.М захирал Мөнгөнчимэг захирлыг ажлаас чөлөөлсөн...2018.07.03-ны өдрөөс ажилдаа ирэхгүй...учир нь харилцагч байгууллагын гэрээний дүнгээс шан харамж авсан гэж хэлсэн... ”гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Б “...2018.07.03-ны өдөр захирлуудын зөвлөлийн хуралд би орж байсан. С түвшний захирлууд оролцсон. Хүний нөөц байгууллагын соёлын газрын захирлыг ажлаас чөлөөлж байгаа талаар шийдвэр гарсан. Тэрийг танилцуулах гэж байгаа гэсэн...ажлаас чөлөөлсөн үндэслэлийг хэлээгүй...өөр юм дурдаагүй...англи хэл дээр мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг,

-гэрч О.Ө “...2018.07.03-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын дараа Мураяама захирал ажилтнуудад мэдэгдэл хийснийг мэдэж байна, би орчуулагч хийсэн...Мөнгөнчимэг захирлыг чөлөөлсөн талаар Мөнгөнчимэг захирлын албанд тус шийдвэрийг танилцуулсан...үндэслэлийг ТУЗ өөрийн бүрэн эрхийн хүрээнд чөлөөлж байна гэж хэлсэн...тушаалд ямар нэг байдлаар шан харамж авсан талаар байгаагүй...”гэсэн мэдүүлэг зэрэг гэрчүүдийн мэдүүлэгт  2018 оны 07 дугаар  сарын 03-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурал болсон, тухайн хуралд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдсэн үйл баримтыг гэрчлэх боловч, ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар буюу “бусдаас шан харамж авсан” гэж мэдэгдсэн эсэхэд гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “М” ХХК-ийн ерөнхий захирал Т.Х нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн албан оффист 17:00 цагт Т.М, Суурийн Ганчулуун нарын хамтаар надтай уулзахдаа “шан харамж авсан” гэж гүтгэж, улмаар захирлуудын хурал, бүх ажилтнуудын хэмжээнд тараасан гэх боловч уг үйл явдлыг нотлосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөгийг нэхэмжилж буй үндэслэл, тооцоолол тодорхойгүй, баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч тал худал мэдээ тараасан тохиолдолд түүнийхээ үнэн зөвийг нотлох “нотлох үүргийн зарчим” нь  иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг “гутаасан мэдээ тараасан нь тогтоогдсон тохиолдолд хамаарах юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан тоотоор ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 200902623 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд “М” ХХК-иас гаргасан М компанитай хийсэн даатгалын гэрээнүүдийн төлбөрөөс 15 хувийн шимтгэлийг хэн хэн авсан болохыг тогтоолгохоор гаргасан өргөдөлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх бөгөөд одоо зохигч, өмгөөлөгч нар уг хэргийн талаар маргаагүй, зохигчийн хэн аль нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа үйл баримт байхгүй гэх тул шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. /хх-ийн 61-62-р тал/

 

Иймд шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр Т.Хд холбогдох “нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, “М” ХХК-ийн удирдлагын баг болон нийт ажиллагсдад “бусдаас шан харамж авсан гэх” худал үндэслэлгүй мэдээллийг тараагдсан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч С.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

                 1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Хд холбогдох “нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, “М” ХХК-ийн удирдлагын баг болон нийт ажиллагсдад “бусдаас шан харамж авсан гэх” худал үндэслэлгүй мэдээллийг тараагдсан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгах, сэтгэл санааны хохирол 100 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч С.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 728 150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГАНТУЯА

 

 

                          ШҮҮГЧИД                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

                                                                  С.ЭНХБАЯР