| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0701/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/727 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/727
2024 6 25 2024/ШЦТ/727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г-ын Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 02020 1139 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1 ганцаараа, Баянзүрх ........................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Б овогт Г-ын Г /РД:....................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ................................. –д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдан улмаар хохирогч М.Л-гийн биед халдаж, хамар яс, хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан гэх тэмдэглэл, /хх-ийн 3 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Лгийн өгсөн: "... Би 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ........................ тоотод байх найз охин У-ын гэрт ороод охин болох Ү-рыг тэврээд лифтнээс бууж байтал лифтний үүдэнд найз охин У-ын салсан нөхөр Г зогсож байсан, тэгээд цаашаа явж байтал миний хойноос “чи миний охиныг тэвэрдэг хэн бэ” шууд намайг заамдаж аваад бид 2 ноцолдсон тэгээд бид 2 хоорондоо ярилцаад зогсож байтал шууд миний хамар руу мөргөсөн, тэгээд би барьж аваад болиулаад хана руу шахаад зогсож байтал найз охин У-ын ах болох Д ах гарч ирээд бид 2-ыг салгасан.Тэгээд гадаа гараад Гтэй маргалдаж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хамт орсон... миний хамар хугарсан юм шиг байна битүүрээд цус гараад тогтохгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дахь тал/, Хохирогч М. Лгийн дахин өгсөн: "миний хамар руу мөргөхөөр нь яаж байгаа юм гээд нэг удаа нүүр рүү нь алгадсан өөр гэмтэл тэр хүнд огт учруулаагүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дэх тал/, Гэрч Г.У-ын өгсөн: 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр миний салсан нөхөр Г над руу залгаад хүүхдүүдээ авна гээд намайг харааж зүхээд байсан. Тэгээд уг өдөр нь манай найз залуу Л манай гэрт ирээд би 2 хүүхдээ аваад Лгийн гэр рүү нь явах гээд гарч байсан, миний бага охин 3 настай Л тухайн үед өргөөд явж байсан. Тэгээд цахилгаан шатнаас буутал үүдэнд Гтэй таараад Г нь Л рүү чи яагаад хүүхэд тэврээд явж байдаг юм гээд миний охиныг маш хүчтэй дугтарч татсан тэгтэл Л, Г 2 хоорондоо зууралдаад Г нь Лгийн хамар хэсэг рүү нь мөргөөд цус гаргасан. Тэгтэл манай ах Д гарч ирээд надтай хамт тэр 2-ыг салгасан. Тэгээд Д ах Гийг “яв” гэж хөөгөөд туугаад толгой болон цээж хэсэг рүү нь цохиод “би чамд юу ч хэлдэггүй шүү, одоо битгий давраад байгаарай, битгий миний дүүг зовоогоод бай” гээд хэд хэд цохисон. ... миний салсан нөхөр ******* нь М.Лг хамар хэсэгт нь мөргөж гэмтэл учруулсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дэх тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4500 дугаартай "...1.М.Лгийн биед хамар яс, хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт, /хх-ийн 16-17 дахь тал/, Яллагдагч *******ийн өгсөн: "... Тухайн өдөр би салсан эхнэр Уянгаас хүүхдээ авахаар гэрт нь очтол эхнэр Уянга шинэ хамтран амьдрагч Лгийн хамт цахилгаан шатнаас гарч ирсэн, Л манай охиныг тэвэрсэн байсан тул би “охиноо авъя” гэтэл “өгөхгүй” гээд байхаар нь би уурлаад Лг заамдаж аваад нэг удаа хамар хэсэгт нь мөргөсөн, тэгээд хоорондоо маргалдаж байтал У-ын ах Д гарч ирээд болиулаад салгасан, би Д ахтай нь бас маргалдаад Д нь намайг цээж хэсэг рүү цохисон гэхдээ би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй, одоо бас үзүүлэхгүй гомдолгүй ээ. ... Лтэй маргалдаж хамар хэсэгт нь нэг удаа мөргөж бид нь гэмтэл шарх учруулсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 27 дахь тал/, Оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, "/................./ Г-ын Г нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн .............................. тоотод оршин суудаг" гэх /хх-ийн 37 дахь тал/, Хохирогч М.Лгийн прокурорын байгууллагад гаргасан хүсэлт, *....миний бие *******-д гомдол санал байхгүй мөн сэтгэл санааны хор уршиг тогтоолгохгүй..." гэх хүсэлт, /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Яллагдагч *******ийн прокурорын газарт гаргасан хүсэлт, "...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн хялбаршуулж шийдэж өгнө үү..." гэх хүсэлт, /хх-ийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Л нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн /хх-ийн 45 дахь тал/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Хохирогч нь хамар ясны хамрын мөгөөрсний хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг эмчилгээ шаардлагатай үед нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шйдвэрлүүлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА