| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 142/2024/00177/И |
| Дугаар | 001/ХТ2024/00233 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/00233
Г.Аын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2024/00576 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 207/МА2024/00051 дүгээр магадлалтай,
Г.Аын нэхэмжлэлтэй
ОАЭМГт холбогдох
ОАЭМГ-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 10,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2000 оноос 2023 оны номын санчийн ажлын цалин, гэм хорын хохиролд нийт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Г.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ОАЭМГ-ын даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 10,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2000 оноос 2023 оны номын санчийн ажлын цалин, гэм хорын хохиролд нийт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2024/00576 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан ОАЭМГ-ын даргын 2023 оны 05 сарын 18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,218,223 төгрөгийг хариуцагч ОАЭМГ-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэгчийн цалин хөлс 1,181,787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүнд олгох цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутгаж холбогдох байгууллагад төлөхийг хариуцагч ОАЭМГт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх өөрт учирсан хохирол буюу цалингийн зээл, түүний хүү, 23 жилийн номын санчийн ажлын цалин, сэтгэл санааны хохиролд 190,781,787 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Аыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч ОАЭМГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,642 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэсэн.
3.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 207/МА2024/00051 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/00576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгч Г.А хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.А нь эрүүл мэндийн салбарт 31 жил ажилласан бөгөөд 2023.05.09-ний өдөр ажлаасаа хөөгдөж гарсан. Энэхүү өдрөөс эхлэн хууль хяналтын байгууллагуудад шат шатанд нь хандсан боловч өнөөдрийг хүртэл /2024.07.08 / ямар ч шийдвэр хэрэгжээгүй, ажлын байрыг орхигдуулан, эзгүйдүүлж намайг цалингүй, тэтгэвэргүй 1 жил 2 сар сэтгэл санаа, эдийн засаг, эрүүл мэндээр хохироож байна.
Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан 9,218,223 төгрөг нь ажилгүй байсан 7 сарын цалин дутуу ба өдийг хүртэл /1жил 2 сар одоогоор/ болж байгаа ч ажилдаа эргэн ороогүй, тэтгэврээ тогтоолгоогүй мөн гэм хорын хохирол, номын санчийн 23 жилийн цалин нийт 200,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх 190,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би нэгдсэн эмнэлэгт номын санчаар ажиллаж байхдаа ТҮ-6 шатлалаар цалинжиж байсан 2000 оноос Эрүүл мэндийн газарт зайн сургалтын арга зүйч, албан хэрэг хөтлөлт, даргын туслах нарийн бичгийн дарга, архивын ажлыг ТҮ-5 шатлалтай архивын цалингаар 23 жил ажиллаж байсан үед шүүхэд хандсан. Миний бие дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Үүнд:
2014 онд Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хууль эрх зүйн мэдлэггүй, төрийн албан хөтлөлт-архивыг устгаж, нөхөн бүрдүүлэлт хийхгүй, үйл ажиллагаагаа албажуулж, баримтжуулж, нотлох баримтаар хэрэг бүрдүүлж, хуулийн хугацаанд архивт нөхөн бүрдүүлэлт хийж чаддаггүй, архивт халдлага үйлдэн цоож эвдэж, архивын байнгын хадгалалтад байсан хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдийн өвчний түүхийг хулгайлан тараасан, архив номын сангийн ажилтны дархан эрхэд халдсан үндэслэлээр шүүхэд хандаж шүүхийн тогтоол /Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014.09.17-ны өдрийн №831/ гарсан ч түүнийг хэрэгжүүлээгүй алдаа зөрчил давтагдан явсаар 2023.05.18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалын дагуу миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 7 сар ажилгүй байсан хугацаанд тасалдсан цалин, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг бүтнээр нь олгуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр хэрэгжээгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 190,000,000 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулах, архивын Ерөнхий газрын Баримт нягтлан шалгах арга зүйн төв комиссоор ажлаа хүлээлцүүлэх, тэтгэмж, тэтгэвэр авах боломжоор хангах, нийт төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчдаар: Засгийн газрын 2020 оны 246 дугаартай Төрийн албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам батлах тухай тогтоол, албан хэрэг хөтлөлт-Архивын тухай хууль, хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 "БАҮАНЖБ тухай тушаал, баримт бичгийн стандарт MNS 5041-2021 стандартуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажилладаг болгох, үйл ажиллагаагаа албажуулж, баримтжуулж, албан ёсны нотолгоо бүрдүүлж сургах, хууль эрх зүйн мэдлэг чадварыг олгох, төрийн албаны ёс зүй, залгамж чанарыг алдагдуулахгүй ажлыг актаар хүлээлцдэг болгуулах, хүний эрүүл мэндийн нотолгоо устгагдаж, архив номын сангийн сан хөмрөг устгагдаж, ажилтны цаашилбал иргэдийн эрх ашиг, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулаад байхад хэн ч ямар ч албан тушаалтан авч хэлэлцэхгүй юу ч хийхгүй бодит шийдвэр гаргахгүй байгаад туйлын гомдолтой байна гэжээ.
5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01055 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгч Г.Аын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Нэхэмжлэгч Г.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “ОАЭМГ”-т холбогдуулан ОАЭМГ-ын даргын 2023.05.18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 10,400,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2000-2023 оны номын санчийн ажлын цалин, гэм хорын хохиролд 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Тэрээр шаардлагын үндэслэлдээ “...Орхон аймгийн Засаг даргын 2023.02.10-ны өдрийн А/84 дугаартай захирамжийг үндэслэн Эрүүл мэндийн газрын дарга 2023 оны бүтэц орон тоог баталсан тушаал гаргасан. Энэ тушаалыг надад үзүүлээгүй, архивт нөхөн бүрдүүлэлт хийгээгүй. Тухайн тушаалыг гаргахаас өмнө “сонсгол” хийгээгүй, миний тайлбарыг сонсох, тайлан мэдээ, хийсэн ажлаа танилцуулах, өөрийгөө хамгаалах боломжийг олгоогүй. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул хүлээн зөвшөөрөхгүй. Тушаал гарснаар архив, номын сангийн ажилтны халдашгүй эрх, эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засаг, нэр төр, алдар хүнд, оюуны өмч, хувийн эд зүйлсд хууль бусаар санаатай халдсан үйлдэлд нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй ...” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлдээ: ...“ Орхон аймгийн засаг даргын 2023.02.10-ны өдрийн A/84 дүгээр захирамжаар ОАЭМГ-ын бүтэц орон тоог баталж, уг захирамжийн 3 дугаар хавсралтад Эрүүл мэндийн газрын архив, номын сангийн орон тоо батлагдаагүй хасагдсан. Энэ талаар 2023.02.28-ны өдрийн хуралд танилцуулж, мөн өдөр мэдэгдлийг гардуулж өгсөн боловч Г.А нь “хүлээж авахгүй, тушаалаа гарга, би тушаал авна” гэж гарын үсэг зурж хүлээн авалгүй гарч явсан. Мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсөн тул 2023.05.18-ны өдрийн Б/33 тушаалаар Г.Аын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.05.22-ны өдрөөс цуцалсан. Уг тушаалыг хүчингүй болгуулах асуудлаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандаагүй, нэхэмжлэгч нь 2024.01.08-ны өдөр буюу хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч цалингийн зээл авах эсэх асуудал нь өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд хэрэв авсан бол эгүүлэн төлөх нь түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Архив, номын сан хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын 2023.05.18-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүртэл хугацаанд хууль тогтоомжид заасан цалин хөлс, нэмэгдлээ бүрэн авч байсан. Иймд нэхэмжлэгчийн 23 жил номын санчийн ажлыг цалингүй гүйцэтгэсэн гэж байгаа нь үндэслэлгүй...” гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх хариуцагч “ОАЭМГ”-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас ОАЭМГ-ын даргын 2023.05.18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,218,223 төгрөг гаргуулах, түүнд олгох цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутгаж, холбогдох байгууллагад төлөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэж ... ажилд эгүүлэн тогтоолгох бус зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах, хууль бус тушаал гарсны улмаас өөрт учирсан хохирол гаргуулах шаардлага гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам болон хугацааг баримтлах шаардлагагүй. ОАЭМГ-ын даргын 2023.05.18-ны өдрийн Б/33 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан гэх заалтыг үндэслэсэн ... Орхон аймгийн Засаг даргын 2023.02.10-ны өдрийн А/84 захирамжаар Г.Аын архив, номын сан хариуцсан ажилтны орон тоог цөөлж, бичиг хэрэг, архивын ажилтан болгож шийдвэрлэжээ. ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5.1, 5.1.2-т заасан тэтгэвэр авах эрх үүссэн хугацаанд түүнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр буруу, түүнийг ажлаас халснаар түүний өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хаасан хууль бус шийдвэр болсон байна. ... өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ... төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. Цалингийн зээл, зээлийн хүүг зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу нэхэмжлэгч өөрөө төлөх үүрэгтэй бөгөөд, номын санчийн ажлыг 23 жил цалингүй хийсэн, мөн уг тушаалын улмаас сэтгэл санаанд ямар хохирол учирсан талаарх шаардлагуудыг нотолсон холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалд “... Нэхэмжлэгч нь шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, хууль бус тушаал гаргасны улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулах тухай шаардлага гаргасан тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Г.Аыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хугацаанд ажлаас халснаар түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн ... тэтгэмж авах эрхийг хассан хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт хийж, ОАЭМГ-ын даргын 2023.05.18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хүчингүй болгож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,218,223 төгрөг гаргуулах, түүнд олгох цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутгаж, холбогдох байгууллагад төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Г.А нь зарим нэхэмжлэлийн шаардлагын /номын санчийн ажлыг 23 жил цалингүй хийсэн, сэтгэл санааны хохирол учирсан/ үндэслэлийг нотолсон нотлох баримт гаргаагүй, ажиллаж байх хугацаанд авсан цалингийн зээл, түүний хүүг төлөх үүрэг нь өөрт нь байгаа зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. ...” гэж дүгнэсэн.
11. Анхан шатны шүүхийн шийдвэр ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, ажиллаж байсан хугацааны цалин хөлсийг олгоогүйн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохирол нөхөн төлбөрийг гаргуулах, өндөр насны тэтгэвэрт гарах боломжоор хангаагүй ажлаас чөлөөлсөн гэх агуулга бүхий гомдлыг нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гаргасан байх ба хоёр шатны шүүхийн үйл баримтыг тогтоосон болон хууль хэрэглээний дүгнэлтүүд зөрүүгүй байх боловч түгээмэл бус тохиолдох хөдөлмөрийн маргаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж, хууль хэрэглэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг гомдлын хүрээнд хянаж, хууль хэрэглээний зөрүүгүй практик тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.
12. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Г.А нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн газарт архив, номын сан хариуцсан ажилтнаар ажиллаж байх хугацаанд тус газрын бүтэц орон тоо шинээр батлагдан Г.Аын эрхэлж байсан ажлын байр үгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү чөлөөлөгдөх үед Г.А нь 55 нас, 04 сартай байж, өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын хүрээнд хоёр шатны шүүх адил тогтоосон байна.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай Эрүүл мэндийн газрын даргын 2023.05.18-ны өдрийн Б/33 дугаартай тушаалыг хууль бус болсон гэж үзэхдээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5.1, 5.1.2-т заасан тэтгэвэр авах эрх үүссэн хугацаанд түүнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр буруу, түүнийг ажлаас халснаар түүний өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хаасан хууль бус шийдвэр болсон.” гэх алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/33 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч бодит байдалд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн нөхцөл байдал үүсээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн Засаг даргын 2023 оны А/84 дугаартай Аймгийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог батлах тухай захирамжаар “архив, номын сан хариуцсан ажилтан”-ы орон тоог “бичиг хэрэг, архивын ажилтан” болгож шийдвэрлэсэн нь ажлын байрны нэршлийг өөрчилсөн үр дагаврыг үүсгэжээ. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5.1, 5.1.2-т заасан тэтгэвэр авах эрх үүссэн хугацаанд эрх бүхий этгээд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт өгөх эсэх нь түүний эрхийн асуудал бөгөөд ийнхүү хүсэлтээ өгөөгүй байх хугацаанд нь Хөдөлмөрийн тухай хууль, эсхүл хууль тогтоомжид заасан бусад үндэслэл бүрдвэл энэ нь түүнд холбогдох хөдөлмөрийн харилцааг тухайн үндэслэлээр дуусгавар болгоход нөлөөлөхгүй.
Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үед Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль зөрчсөн гэх агуулга бүхий хоёр шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулах нь зүйтэй. Шийдвэр, магадлалын дүгнэлтийг ингэж залруулснаар эдгээр эрхийн актаас үүссэн үр дагавар буюу шийдэл өөрчлөгдөхгүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус гэх хоёр шатны шүүхийн шийдэл хэвээр үлдэнэ.
14. Тус хэргийн хувьд нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон атлаа, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргахгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, түүнээс татгалзах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй бөгөөд энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын үндсэн агуулга мөн. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоолгосон боловч ажилд эгүүлэн тогтоолгохоос татгалзсан түүний шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хоёр шатны шүүхийн шийдлийг буруутгахгүй.
Харин шүүхийн шийдвэрийн дүнд нэхэмжлэгч Г.Аыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосонтой холбоотойгоор ажилтан ба ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаа үргэлжлэх үр дагавар үүсэх хууль зүйн боломжтой. Ийм тохиолдолд ажил олгогч ажилтантай санал солилцон үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж дуусгах нь зүйтэй бөгөөд нэгэнт ажилтан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул энэ нь түүний хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх дараагийн харилцаа үүсэх үндэслэл байж болох юм.
15. Тус хэргийн тухайд нэхэмжлэгч Г.А нь ажилдаа эгүүлэн тогтоолгохоос татгалзаж, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон талаараа хяналтын шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх тул энэ нь түүнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бодитоор илэрхийлсэн гэж үзэх үндэстэй байна. Иймд хоёр шатны шүүхийн нэхэмжлэгч Г.Аыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг тэмдэглэх нь зүйтэй.
16. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо түүнд учирсан хохирол буюу номын санчийн албан тушаалыг эрхлэх хугацааны олгоогүй цалин, гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг, сэтгэл санааны хохирлыг тус тус нэхэмжилсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаанд архивч болон номын санчийн чиг үүрэг нэг албан тушаалын чиг үүрэг байсан нь Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог баталсан тушаалаас тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд тэрээр номын санчийн чиг үүргийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор цалин хөлс тухайлан шаардах үндэслэл болох хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн нь баримтаар тогтоогдсонгүй. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг дээрх агуулгаар тодруулна.
Түүнчлэн, гуравдагч этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг чухам ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан хууль бус тушаалын үр дагавар болох шалтгаант холбоо тодорхойгүй, хууль бус тушаал гарснаар сэтгэл санаанд нь хэрхэн хохирол учирсан болохоо эргэлзээгүй нотолж чадаагүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
17. Нэхэмжлэгч Г.А хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцэхдээ архивын ажил үүргийг албан ёсоор хүлээлцэх, ингэхдээ тодорхой шаардлага хангасан мэргэжилтэн, эрх бүхий зохих этгээдэд хүлээлцэх хүсэлтэй байгаа талаараа илэрхийлж байх боловч энэ нь түүний аль шаардлагын үндэслэл болох нь ойлгомжгүй, энэ нь түүний ямар зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх үр дагавартайг тайлбарлаагүй тул энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.
18. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2024/00576 дугаар шийдвэр, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 207/МА2024/00051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Аын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Г.А хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН