Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1118

 

185/2020/0067/Э

 

 

 

  2020             09            03                                         2020/ДШМ/1118  

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/467 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Б.Б-т холбогдох 1909037591126 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Б.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Ахжол, М.Еркебек нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар тэднийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Еркебек, М.Ахжол нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан зодож тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хяналтын прокурор Ш.Хосбаяр анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор улсын яллагчаар оролцсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 467 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Б.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. Энэ талаар тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй гэсэн, мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ... ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв” гэжээ. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хохирогч нарт хэрхэн ямар байдлаар гэмтэл учруулснаа тодорхой мэдүүлээгүй, мөрдөн байцаалтад “хоёр хүнтэй маргалдаад хэл амаар доромжлохоор нь нэг, нэг удаа цохисон” гэжээ. Мөрдөн байцаалтад хохирогч М.Ахжол “нэг согтуу ах ирээд юу нь мэдэгдэхгүй юм яриад намайг бариад авахаар нь зөрүүлээд барьцалдаж авсан. Тэгсэн чинь миний баруун нүд, хацар орчим гараараа хоёр удаа цохиж энэ гэмтлийг учруулсан”, хохирогч М.Еркебек “очоод салгах гэсэн чинь миний ам руу гараараа цохисон. Тэгэхээр нь бариад авсан чинь баруун хацар руу мөргөж энэ гэмтлийг учруулсан. ...ерөөсөө янз бүрийн хараалын үг хэрэглээгүй, хэл ам хийгээгүй” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр М.Ахжолын биед “баруун нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи хацрын төвгөр орчмын зөөлөн эдийн няцрал”, М.Еркебекийн биед “зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд учирсан нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм. Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх эрхтэй боловч шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхэд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийг хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг. Гэтэл хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын хэн алинд хэд хэдэн тооны гэмтлийг учруулсан атлаа шүүгдэгч нь тэднийг нэг, нэг удаа л цохисон. Хохирогч нар хэл амаар доромжилсон, харилцан гар зөрүүлсэн гэх зэргээр мэдүүлсэн. Яллагдагч, шүүгдэгч хэдийгээр өөрийн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй ч худал мэдүүлэг өгөх эрхтэй гэсэн агуулга биш юм. Хэргийн үйл баримт маш тодорхой байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зөрүүтэй мэдүүлж байгааг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа гэж үзэхээргүй байна. Мөн шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүндрүүлэх нөхцөл байдал болох хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсныг авч үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүйн дээр улсын яллагчаас торгох ял оногдуул санал гаргасанд хэрхэн дүгнэлт өгч ялаас чөлөөлөх болсон талаар дурдаагүй байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсөн. Яллагдагчаар татсан тогтоолыг “хүлээн зөвшөөрч байна” гэсэн хэдий ч хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрөөгүй мэдүүлэг өгч байсан. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруу болон шинжээчийн дүгнэлтийн талаар маргасан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд хохирогч нарыг нэг, нэг удаа цохисон талаар мэдүүлсэн. Хохирогч нарыг нүүрэн тус газарт хоёр удаа цохисон талаарх үйл баримт хэрэгт авагдсан. Үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт хэргийн үйл баримт болон бусад зүйлийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг. Мөн Б.Б-ийн хувийн байдал тухайд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид салааны захирагч ажилтай бөгөөд бусдын эрх чөлөөнд халдахгүй байх гэдгийг дээд зэргээр ухамсарласан байх ёстой. Учруулсан хор уршгийг төлж барагдуулсан боловч хувийн байдалд нь шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохироогүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. ...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар яллагдагч ямар гэмт хэрэгт холбогдсон талаар болон түүнтэй холбогдуулан гомдол, хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд гомдол хүсэлт гаргаж байсан. Үүнийг прокурорын зүгээс гэм буруугаа урьдчилсан байдлаар хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж болохгүй. Өөрийн хийсэн хууль бус үйлдэлдээ гэмшиж, хохирогч нараас уучлалт гуйж эмчилгээний зардлыг төлсөн. Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар удаа дараа илэрхийлж байсан. Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Ахжол, М.Еркебек нартай “өөдөөс томорлоо, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан М.Ахжолын баруун нүд, хацар орчим гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи, хацрын төвгөр орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, М.Ербекийн ам руу гараараа цохиж, баруун хацар луу нь мөргөж эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Еркебекийн “…тэр үед манай дүү Ахжол гадаа хог цэвэрлэж байсан чинь тэр ах дүүтэй зууралдаад бие, биеэ цохиж байгаа харагдахаар нь гараад салгах гэсэн чинь миний ам руу гараараа цохихоор нь би биеэ хамгаалаад унагаасан. Тэгээд босоод явснаа тэгснээ эргэж ирээд миний гараас бариад авахаар нь би зөрүүлээд гараас нь бариад авсан чинь баруун хацар луу мөргөж энэ гэмтлийг учруулсан. …” /хх 52/,

хохирогч М.Ахжолын “…ТҮЦ-ний гадаа хог цэвэрлэж байхад нэг согтуу ах ирээд юу нь мэдэгдэхгүй юм яриад намайг бариад авахаар нь зөрүүлээд барьцалдаж авсан. Тэгсэн миний баруун нүд, хацар орчим гараараа хоёр удаа цохисон. ...” /хх 53/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Ахжолын биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...” /хх 54/,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Еркебекийн зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 55/,

Б.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би найзтайгаа архи уусан. Тэгээд ТҮЦ ороод тэнд байсан хоёр хүнтэй муудалцаад хэл амаар доромжлохоор нь нэг, нэг удаа цохисон…” /хх 40-41/ гэх мэдүүлгүүд,

 

“…М.Ахжолын биед баруун нүдний доод зовхины цус хуралт, доод зовхи хацрын төвгөр орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11552, 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 345 дугаартай дүгнэлтүүд /хх 15, 130-132/,

 

“…М.Еркебекийн биед зүүн доод зовхи, зүүн хацарт цус хуралт, нэг шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11572, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 346 дугаартай дүгнэлтүүд /хх 16, 139-141/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Прокурор П.Ганбаатар “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 40-41, 190/, хохирогч М.Ахжол, М.Еркебек нарын “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 4, 6/, гэх мэдүүлгүүд, хохирогч М.Ахжол, М.Еркебек нарын “...сайн дураараа эвлэрсэн, хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 43-44/, шүүгдэгч Б.Б-ийн “...гэм буруугийн хувьд маргаагүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 45/ гэсэн хүсэлт, баримтууд хэрэгт авагджээ.

 

            Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/467 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН