| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0809/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/871 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/871
2024 8 05 2024/ШЦТ/871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
улсын яллагч Э.Мөнх-Оргил /томилолтоор/
хэлмэрч Б.Саранчимэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б-ийн Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 01343 1414 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "..........." ХХК-нд мах шулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .....................тоотод оршин суух хаягтай, Урьд,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
-Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахын хязгаарлах хорих ялаар тус тус шийтгэгдсэн.
Х овогт Б-гийн Д /РД:.................. 1/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 23, 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ............................тоотод хамтран амьдрагч Б.Нг "эрэгтэй хүнтэй уулзсан" гэх шалтгаанаар түүний биед нь халдан зодож, дагзанд зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алим, зүүн чих, хоёр бугалга, зүүн мөр, баруун шуу, хэвлий, зүүн тохой, цээж, зүүн өвдөг, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нгийн өгсөн: “Би өчигдөр найзтайгаа уулзах гээд 14 цагийн үед 4 зам ороод гэртээ орой 16 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Д намайг өөр эрэгтэй хүнтэй уулзсан байна гэж хардаж уурлаад 19 цагийн үед намайг гурил элддэг модоор биеийн бүх хэсэгт цохиод, галын хайчаар бас миний биеийн бүх хэсэгт цохисон. Өндөг шардаг хайруулын тавгаар миний гар хөлд олон удаа цохисон. Тэгээд 2 хоногийн өмнө миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Тухайн үедээ манай нөхөр намайг үсдээд хагархай шилэнд дээр чирч миний хөлийг урсан. Өчигдөр зодохдоо манай нөхөр миний нүүрэнд гар хүрээгүй. Манай нөхөр намайг “ална” гэж заазуураар айлгаж далайхаар нь би айгаад “болиоч ээ” гэж гуйгаад болиулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дэх тал/.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3240 дугаартай
1. Б.Нгийн биед дагзанд зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алим, зүүн чих, хоёр бугалга, зүүн мөр, баруун шуу, хэвлий, зүүн тохой, цээж, зүүн өвдөг, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөг, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хх-ийн 81 дэх тал/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмт хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА