| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 104/2023/00601/И |
| Дугаар | 001/ХТ2024/00234 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/00234
“У” ОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01219 дүгээр магадлалтай,
“У” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
Л.Ат холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “З”
Бусдын хууль бус эзэмшлээс ......... дүүргийн ............... .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрыг чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
........... дүүргийн ........................ .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь Л.Ат холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс ......... дүүргийн .................. .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрыг чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай, хариуцагч Л.А нь .............. дүүргийн ........................ .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт тус тус зааснаар ........ дүүргийн ................. .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрыг хариуцагч Л.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлээс үлдэх .......... дүүргийн ..................... .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн ............. дүүргийн ....................... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилсэн Л.Аийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ....24 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 210/МА2024/01219 дүгээр магадлалаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "89 дүгээр зүйлийн 89.1, 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1" гэснийг "106 дугаар зүйлийн 106.1" гэж, 2 дахь заалтад "105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1" гэснийг "100 дугаар зүйлийн 100.1" гэж, "шударга өмчлөгчөөр" гэснийг “өмчлөгчөөр” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нэхэмжлэлтэй хариуцагч Л.А-д холбогдох “............ дүүргийн ............... .... дүгээр байрны 1 дүгээр орцны .... тоот байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох...” шаардлага гаргасан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгүүдэд заасан эрхийн хүрээнд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4.1 Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад хуульд зааснаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГыг маргаан бүхий Улаанбаатар хот ............................ тоот орон сууцыг эзэмших эрхтэй гэж дүгнэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8 дахь заалтад "... Гуравдагч этгээд буюу маргаан бүхий байрны өмчлөгч болох ЗХЖШаас нэхэмжлэгчид өөрийн хөрөнгийг эзэмшүүлэхийг зөвшөөрч түүнд эрх олгосны дагуу ............................тоотыг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь “У” ОНӨААТҮГ байна..." гэж 9 дэх заалтад "... Нэхэмжлэгч нь холбогдох албан тушаалтны шийдвэрийн дагуу, ЗХЖШын 2013.06.14-ний өдрийн 1/1821 тоот албан бичгийн дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь “У” ОНӨААТҮГ байна..." гэж тус тус дүгнэж хууль зүйн үндэслэлийг нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан "... Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасан "... Өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд юмсыг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна..." гэж тодорхойлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГыг маргаан бүхий орон сууцны эзэмшигч мөн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 83.3 дахь хэсгүүдийг буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гарган өгсөн албан бичиг зэргийг хэрэгт хамааралтай, маргаан бүхий асуудалд ач холбогдолтой эсэхэд хуульд зааснаар дүгнэлт өгч чадалгүй орхигдуулсан байна. Нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны эзэмшигч болохыг тогтоосон, цаашлаад маргаан бүхий орон сууцны эзэмших эрхийг шилжүүлсэн нөхцөл байдлыг тодорхойлсон ямар ч үйл баримт, бичгийн баримтуудын хүрээнд тогтоогдоогүй. Маргаан бүхий орон сууц нь өнөөдрийг хүртэл БХЯ болон ЗХЖШ, “З” ангиуд хэн алинд нь үүсээгүй Улсын бүртгэлийн газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын мэдээллийн санд тухайн орон сууцны өмчлөл, эзэмшил нь дээрх субъектүүдийн нэр дээр бүртгэгдсэн болон бүртгэгдэж байсан үйл баримт огтоос байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд "...мэдэлд байсан..." гэх тайлбараар 1998 оноос хойших эзэмшигчийг зэвсэгт хүчний “З” дугаар анги гэж тодорхойлж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас илт зөрүүтэй дүгнэлт болжээ.
4.2 Маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмших эрх нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, тушаалаар тодорхойлогдоогүй 1999 оны гэрээ, 2011 оны гэрээ, 2012 оны санамж бичиг, 2013 оны албан тоот зэргийг үндэслэж “У” ОНӨААТҮГ нь ЗХЖШ, Зэвсэгт хүчний “З” дугаар ангиудыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй эсэхэд шүүхүүд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл ЗХЖШ болон “З” дугаар ангиуд нь өөрийн хууль ёсны эзэмшил дэх аливаа эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг төлөөлөх байгууллага албан тушаалтанд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгогдсоны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож буй итгэмжлэл нь хугацаа заагаагүй бол 1 жилийн хугацаанд, хугацаа заасан бол 3 жилээс хэтэрч болохгүй гэх итгэмжлэлд тавигдах хууль зүйн анхан шатны шаардлагыг хангаагүй буюу 11 жилийн өмнөх 1/1821 дугаартай албан бичгээр төлөөлөх эрхийг хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болжээ.
4.3 Нэхэмжлэгчийн зүгээс "... “З” ангийн мэдлийн ... дугаар байрыг карказ байдалтай байхад нь анх 1999.07.19-ний өдөр "... дугаар байрыг ашиглах тухай гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу нийт 30,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, ... дүгээр байрыг ашиглалтад оруулж, ашиглаж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Б, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.М нар 2010-2012 онд "Хамтран ажиллах тухай" санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын "Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай" 2011.06.08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 353,900,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, .... дугаар байрыг сэргээн засварлаж 40 айлын орон сууцыг өөрийн байгууллагад шилжүүлэн авч, ашиглахаар зөвшилцөж 2011-2012 онд засварын ажлыг дуусгаж, БХЯны комисст хүлээлгэн өгсөн..." гэж тодорхойлсон. Гэтэл 2000 онд тус байр нь засвар үйлчилгээ хийгдээгүй, хариуцагчийн гэр бүлийн хүн П.Гнь Городокийн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа дүүргийн Боловсролын газартай зөвшилцөж тус байрыг сургуулийн дулааны шугамтай холбож, халаалт дулааныг шийдвэрлэж байсан гэх тодорхой үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Нөгөө талаар хариуцагчийн амьдарч буй орон сууцанд засвар үйлчилгээ тодорхойгүй, хариуцагчийн зүгээс ....... тоотод 2000 оноос хойш “У” ОНӨААТҮГ болон ЗХЖШын зардлаар ямар нэг засвар үйлчилгээ хийлгээгүй гэж тайлбарлан маргаж байгаа үйл баримтыг шүүх үндэслэл бүхий дүгнэж чадаагүй.
Хэрэв тухайн байгууллагуудын жилийн төсөвт тусгагдаж барилгын засвар үйлчилгээ хийгдсэн гэж үзвэл үндсэн зардал нь улсын төсвөөр санхүүжиж, тухайн эд хөрөнгө нь 1999 оноос эхлэн төрийн өмчийн мэдэлд бүртгэгдэж, шилжсэн байх хууль зүйн үр дагавар үүснэ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийгдсэн орон сууцууд гуравдагч этгээдийн эзэмшилд шилжих, өмчлөх эрх үүсэх зэрэг үйл баримт явагдсан болох нь тодорхой харагддаг бөгөөд маргаан бүхий орон сууцыг энэ явцаас үлдээх, орхигдуулах ямар ч боломжгүй болохыг хяналтын шатны шүүх бодитой дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасны дагуу Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/MA2024/01219 дүгээр магадлалуудыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/01057 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь Л.Ат холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс ... орон сууцыг чөлөөлүүлж, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... байрыг карказ байдалтай байхад нь 1999.07.19-ний өдөр "... дугаар байрыг ашиглах тухай гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу нийт 30,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ... ашиглаж эхэлсэн. Улмаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын "Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай" 2011.06.08-ны өдрийн 173 дугаар тушаалыг үндэслэн манай байгууллага 369,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ... БХЯны комисст хүлээлгэн өгсөн. “У” ОНӨААТҮГ зүгээс Налайх дүүргийн Засаг дарга, Төрийн өмчийн хороо, БХЯанд тус байрны хүсэлт гаргасан 33 айлыг хувьчилсан. Үлдсэн 4 байрыг манай байгууллага ажилчдаа орон сууцаар хангах зорилгоор авч үлдсэн. Гэтэл Л.А нь манай байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэлгүйгээр ... ... тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж манай байгууллагын хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул Л.Аийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох үндэстэй” гэжээ.
8. Хариуцагч Л.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ “... “У” ОНӨААТҮГ уг орон сууцны өмчлөгч биш, хоёр байгууллагын хооронд байгуулагдсан санамж бичгийн дагуу ашиглах эрхтэй. ... Миний нөхөр П.Г нь ... 2000 онд .................. дүүргийн сургуулийн захирлаар томилогдсон. Тухайн онд П.Гнь дүүргийн Боловсролын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу .... тоот орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн ... биднийг тус байранд анх ирэхэд нийтээрээ хүн амьдрах боломжгүй, орхигдсон байдалтай орон сууц байсан. П.Гнь тус байрны нөхцөл байдлын талаар дүүргийн Боловсролын газарт мэдэгдэж, ... сургуулийн дулааны шугамтай холбож, хаалга, цонх зэрэг урсгал засварыг хийж айл өрхүүд амьдрах анхан шатны шаардлагыг хангах ажлыг гардан зохион байгуулсан. Тухайн үед бусдын эзэмшлийн байр, орон сууцанд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр халаалт, дулаан холбож засвар, үйлчилгээ хийж байгаа талаар “З” анги болон “У” ОНӨААТҮГаас бидэнд мэдэгдэж байгаагүй. Миний нөхөр П.Гнас барсан бөгөөд манай гэр бүл тус байранд 2000 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 24 жил амьдарч байна. Тус байр нь БХЯны өмчлөлд байгаа бөгөөд БХЯ-ы сайд, “У” ОНӨААТҮГ даргын хооронд байгуулсан санамж бичгийн дагуу “У” ОНӨААТҮГ ашиглаж байснаас бус, эзэмших, өмчлөх эрх үүсээгүй. Иймд “У” ОНӨААТҮГ орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхгүй. ... талуудын хэн аль нь энэ үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ... Л.А нь төрийн өмчийн орон сууцны эзэмших эрхийг бусад этгээдийнх болохыг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргах субьект биш. Эзэмшигчээр тогтоолгох шаардлагад БХЯ, ТӨБЗГ-ыг хариуцагчаар татах ёстой. “У” ОНӨААТҮГ нь ийм нэхэмжлэл гаргах эрхтэй субьект биш." гэж тодорхойлсон.
9. Хариуцагч Л.А нь нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-т холбогдуулан өмчлөх эрхийг шударгаар олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... П.Г, Л.А гар тус байранд анх ороход хууль ёсны өмчлөгч гэх байгууллага, хуулийн этгээд ашиглаж байгаагүй, орхигдсон орон сууц байсан бөгөөд тухайн үед засвар хийж эзэмшээд 20 гаруй жил өнгөрч байгаа тул миний бие хуульд заасны дагуу шударга өмчлөгч байх эрхтэй. Тухайн эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй тул 24 жил уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсны хувьд тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй этгээд мөн. Бодит байдал дээр орон сууцыг “З” анги эзэмших, ашиглах боломжгүй болж орхисон нь Иргэний хуулийн 115.1-д заасан эзэнгүй эд юмс гэж үзэх үндэстэй. Иймд ....... дүүргийн .................... тоотын шударга өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй” гэж тодорхойлсон байна.
10. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “...Шударга эзэмшигч бол хөрөнгийг хууль ёсоор эзэмших буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг хэлнэ. Л.Ат хөрөнгийг хууль ёсны болон эзэмших эрхийг нь тодорхойлсон баримт бичиг байхгүй. Боловсролын яамнаас зөвшөөрөл олгосны дагуу өгсөн гэсэн. Гэтэл уг барилга нь Зэвсэгт хүчний З ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга гэдэг дээр хэн ч маргахгүй. Уг барилга эзэнгүй эд хөрөнгө биш ... орос цэргүүд амьдарч байх үед гүний худагтай байж байгаад хөлдөөд ашиглах боломжгүй болоход БХЯны хүсэлтээр манайх бага оврын уурын зуух тавьж ашиглах нөхцөл боломж бүрдүүлсэн. ... “З” ангийн үндсэн бүртгэлд бүртгэлтэй талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. 2023.10.11-ний өдрийн Засгийн газрын ... дугаар тогтоолын дагуу хүсэлт гаргасан 33 айлыг хувьчилсан. Манай байгууллага “З” ангитай байгуулсан байр ашиглах гэрээ, БХЯны сайдын тушаал шийдвэр байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.
11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “...1999.07.19-ний өдөр “З” анги, “У” ОНӨААТҮГ-ын ашиглалтын газрын хооронд .............байрыг ашиглах гэрээ байгуулж, өөрийн хөрөнгөөр засварлан балансаас балансын хооронд шилжүүлэн авч, өөрсдийн ажилчдад ашиглуулахаар тохиролцсон байна. БХЯны 2011.06.08-ны өдрийн тушаалаар “У” ОНӨААТҮГ өөрийн хөрөнгөөр засварлан ашиглалтад авсны дараа 40-өөс доошгүй орон сууцны байр авахаар шийдвэрлэжээ. Засгийн газрын 2023.10.11-ний өдрийн тогтоолоор .............. байрны 33 айлын орон сууцыг хувьчилсан байх боловч хариуцагчийн ..... тоот орон сууц хамрагдаагүй, тус байр нь “З” ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3-т заасны дагуу ЗХЖШаас нэхэмжлэгчид өөрийн хөрөнгийг эзэмшүүлэхийг зөвшөөрч эрх олгосны дагуу .... дүгээр байрны .... тоотыг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд нь “У” ОНӨААТҮГ байна. “3” дугаар анги нь нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ эзэмшлийн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу “У” ОНӨААТҮГ нь хөрөнгийг эзэмших эрхтэй болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу орон сууцнаас Л.Аийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. ... маргаан бүхий эд хөрөнгийн эрх гуравдагч этгээд буюу “З” ангид байхад хариуцагчид холбогдуулж хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй. ... Нэхэмжлэгч орон сууцыг эзэмшилдээ байлгаж бусдад ашиглуулж байгаа хэдий ч тухайн орон сууц нь “З” ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй уг орон сууцны өмчлөлтэй холбоотой маргааныг хангах үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ... Учир нь маргааны зүйл болох орон сууц нь “З” ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байх тул уг орон сууцны өмчлөлтэй холбоотой маргааны нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Магадлалд “... “З” ангийн өмчлөлийн ... орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлөөр “У” ОНӨААТҮГ эзэмших эрхтэй, хариуцагч нь тус орон сууцанд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр оршин сууж буй үйл баримтыг зөв тогтоосон. Нэхэмжлэгч нь орон сууцны эзэмшигч тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. Хариуцагч нь уг орон сууцыг хууль болон гэрээнд зааснаар эзэмших эрхтэй болохоо нотлоогүй тул түүний эзэмшил хууль бус, иймд орон сууцыг хариуцагч Л.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болсон боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны эзэмшигч болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлээс орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна. ... Өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт өгөхгүй...” гэж дүгнэсэн.
13. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтын тухайд зөрүүгүй дүгнэсэн байх боловч маргааныг хянан шийдвэрлэхдээ өгсөн эрх зүйн дүгнэлт болон хэрэглэсэн хуулийн зүйл, заалт ялгаатай байх тул энэ агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоожээ. Тухайлбал, зохигчийн маргааны зүйл болсон орон сууц нь 1999 оноос өмнө баригдаж БХЯ буюу орос цэргүүдийн хэрэгцээнд ашиглагдаж байсан, орон сууц нь ...... дүүргийн ........... дүгээр байрны ........................... тоот хаягт байрлаж байгаа ба ... дүгээр байр нь өмнө нь “....” дугаартай байсан, орон сууц нь төрийн өмчийн статустай тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгээгүй, өнөөдрийн байдлаар орон сууцыг “З” анги /хуучнаар ...-р анги/ үндсэн хөрөнгийн жагсаалтдаа бүртгэдэг, тус байранд хариуцагч Л.А ....00 оноос хойш байнга оршин сууж байгаа, … дүгээр байрны тухайн орцны 40 сууцнаас хувьчлагдаагүй үлдсэн 7 сууцны нэг нь маргаан бүхий .... тоот орон сууц болох, .... дүгээр байрыг хоёр удаа “У” ОНӨААТҮГ хөрөнгөөр засварлаж, ашиглах нөхцөл байдлыг дээрдүүлсэн үйл баримтын тухайд тус тус маргаагүй. Хоёр шатны шүүх эдгээр үйл баримтыг адил тогтоосон.
15. Харин зохигч дараах хууль зүйн асуудлаар маргаж байх ба хоёр шатны шүүх эдгээрийн зарим асуудлаар хууль зүйн дүгнэлт өгч, зарим асуудлыг дүгнэлгүй орхигдуулсан байна. Үүнд:
15.1. Маргааны зүйл болсон орон сууц нь эзэнгүй эд юмс буюу өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзан орхигдсон эд зүйл мөн эсэх (Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2)
15.2. Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь орон сууцыг эзэмших эрхтэй эсэх, хариуцагч Л.А орон сууцыг эзэмших эрхтэй эсэх
15.3. Өмчлөх эрхгүй хууль ёсны эзэмшигч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардан гаргуулах эрхтэй эсэх,
15.4. Хууль ёсны эзэмшигч эзэмшлээ хамгаалуулах эрхтэй бол энэ эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэх
15.5. Хариуцагч Л.А давуу эрхийн үндсэн дээр орон сууцыг өмчлөх эрхийг олж авах хууль зүйн боломжтой эсэх (Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1)
15.6. Хариуцагч Л.А орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх (Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1) зэрэг болно.
16. Анхан шатны шүүх маргаан бүхий сууц нь “З” ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тул ЗХЖШыг өмчлөгч гэж үзэн, тус байгууллагын зөвшөөрөлтэйгөөр .... тоотыг эзэмших эрх нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-т үүссэн тул нэхэмжлэгч орон сууцыг хууль ёсоор эзэмшигч гэж дүгнэсэн. Энэ хүрээнд нэхэмжлэгч нь орон сууцыг өмчлөх бус эзэмших эрхтэй хэдий ч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардах гаргуулах эрхийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу эдэлнэ гэж үзсэн байна. Энэ дүгнэлтээрээ анхан шатны шүүх орон сууц нь хэзээ ч эзэнгүй эд юмс байгаагүй гэж үзсэний зэрэгцээ өмчлөгч ЗХЖШ, эсхүл хууль ёсны эзэмшигч “У” ОНӨААТҮГтай хэлцэл байгуулалгүйгээр бусад этгээд орон сууцыг хууль ёсоор эзэмших боломжгүй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Гэвч анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчийн эзэмшлийг хууль ёсны гэж дүгнэж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангасан атлаа нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ “…энэ шаардлагыг хариуцах этгээд нь хариуцагч Л.А биш, өмчлөгч болох “З анги” гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Учир нь Л.Аийн эзэмшлийг хууль бус гэж үзэн нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг хангаж байгаа үед хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг буруу хариуцагчид холбогдуулсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь өөр хоорондоо зөрчилтэй байна.
17. Давж заалдах шатны шүүх тус тогтоолын 15 дахь хэсэгт дурдсан маргааны зүйлийн холбогдох хэсгүүдэд дүгнэлт өгөх замаар анхан шатны шүүхийн дотоод зөрчилтэй дээрх дүгнэлтийг залруулж, нэхэмжлэгч нь нэгэнт хууль ёсны эзэмшигч тул бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэстэй, энэ нэхэмжлэлийг түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэж хангасан тул “хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох” тусдаа шаардлага байх шаардлагагүй, энэ нь эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын үндэслэл гэж дүгнэсэн. Харин “бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөх эрхгүй эзэмшигч гаргасан бол Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримтлах ёстой гэсэн анхан шатны шүүхийн зүйлчлэлийг өөрчилж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан байна.
18. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан 15.1-15.6 дахь хэсэгт заасан хууль зүйн маргааны зүйл тус бүрээр дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
18.1. Хариуцагч орон сууцыг орхигдсон буюу эзэнгүй эд юмс гэж үзэн түүнийг илээр эзэмшиж байсан тул хуульд заасан хугацаа өнгөрснөөр өмчлөх эрх үүссэн гэж маргасан. Энэ тайлбарыг эс зөвшөөрсөн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна” гэж заасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг бусад этгээд өмчлөгч гэж шударгаар итгэсэн итгэл үнэмшлийг хамгаалах зорилго бүхий өмчийн эрх зүйн зохицуулалттай манай улсын хувьд эзэнгүй эд юмсыг эзэмшилдээ байлгах замаар өмчлөх эрхдээ олж авах нөхцөл бүрдэхийн тулд “улсын бүртгэлд бүртгүүлсэн байх” шаардлага тавих нь утгагүй. Гэвч энэ хэргийн тухайд Иргэний хуулийн 104.2 дахь хэсгийг үндэслэж өмчлөх эрх үүсээгүй гэх гол үндэслэл нь “бүртгэлд бүртгүүлээгүй эзэмшсэн” гэх дүгнэлт биш, харин маргаан бүхий орон сууц нь орхигдсон эд хөрөнгө буюу өмчлөгч хүсэл зоригийн дагуу өмчлөлөөсөө татгалзсан эд хөрөнгө биш гэх дүгнэлт юм.
Тодруулбал, хариуцагч тайлбарлахдаа түүний нөхөр П.Г ..... дүүрэгт сургуулийн захирлаар томилогдон ирэх үед Боловсролын газрын буюу төрийн өмчийн байгууллагаас өгсөн чиглэл удирдамжийн дагуу орон сууцыг эзэмшиж эхэлснээ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үзвэл уг орон сууцыг өмчлөгч нь эд хөрөнгөө хамгаалах үүргээ биелүүлээгүй, арчлалтгүй байлгаснаас бус эд хөрөнгийг өмчлөх эрхээсээ бүрмөсөн татгалзаагүй. Өмчлөгч эд хөрөнгөө хайхрахгүй орхих тохиолдол бүрийг эзэнгүй эд юмс бий болсон буюу өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан гэж дүгнэж болохгүй. Тухайн үед улс орон даяар өрнөсөн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны шилжилтийн хүндрэлээс шалтгаалан төрийн болон орон нутгийн өмчийг хайхрах, арчлах, хамгаалах эдийн засаг, санхүүгийн боломж хязгаарлагдмал байсан нөхцөл байдлыг анхаарвал зохино.
Иймд энэ талаарх үндэслэлийг хангалттай тодорхойлоогүй ч агуулгын хувьд эзэнгүй эд юмс биш гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
18.2. Орон сууцыг эзэмшилдээ буцаан авахаар шаардаж байгаа этгээд болох “У” ОНӨААТҮГ нь эзэмших эрхтэй эсэх талаар хоёр шатны шүүх зохих хэмжээнд дүгнэлт өгсөн. Тодруулбал, хоёр шатны шүүх нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-ыг хууль ёсны эзэмших эрхтэй этгээд бөгөөд хариуцагч Л.Аийн эзэмшлийг хууль бус гэж үзэн, хариуцагч Л.Аийн эзэмшлээс орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ. Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь .... тоот орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, харин ийнхүү шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг тодруулбал зохино.
18.2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий орон сууц нь төрийн өмчийн орон сууц болох үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж төрийн өмчлөх эрх үүсэх шаардлага тавигдаагүй, харин төрийн өмчлөх эрх дуусгавар болоход эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх замаар иргэн, эсхүл хувийн эрх зүйн хуулийн этгээдийн өмчлөх эрх үүсэх агуулга бүхий зохицуулалт үйлчилж байна. Гэвч энэ шаардлага төрийн өмчийн статустай хувийн эрх зүйн этгээд (Төрийн өмчит компани, үйлвэрийн газар г.м), төрийн өмчийн статустай нийтийн эрх зүйн этгээд (яам, агентлаг г.м) -д ялгаатай байх эсэх нь тодорхойгүй байна. Маргаан бүхий тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг төрийн өмчийн статустай нийтийн эрх зүйн этгээд буюу БХЯны харьяа “З” анги үндсэн хөрөнгөдөө бүртгэх замаар өмчилж байгаа үйл баримтыг зохигчийн хэн аль нь маргаагүй, удаа дараагийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэнт нийтийн эрх зүйн этгээд үндсэн хөрөнгийн бүртгэлдээ орон сууцыг бүртгэсэн бол энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ.” гэж заасантай нийцэж байна.
18.2.2. Улмаар “З” ангийг харьяалах төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалахын сайдын 2011.06.08-ны өдрийн 173 тоот “Хамтарсан хөрөнгө оруулалт хийх тухай” тушаалаар арчлалт, сайжруулалт, хөрөнгө оруулалт хийх тодорхой нөхцлийг тавьж “У” ОНӨААТҮГт маргаж буй орон сууцны эзэмшлийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба тус илэрхийлэл өнөөдөр ч хүчин төгөлдөр байж, зохих тооны орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа нь БХЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “З” ангиудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 120, 121, 127 дугаар тал/ Төрийн өмчийн талаар талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн эд хөрөнгийг хариу төлбөртэй ба төлбөргүйгээр бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх харилцаатай адилтгаж болно.
18.2.3. Иймд нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь .... тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хууль ёсны эзэмшигч гэж үзсэн атлаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү өмчлөгчийн эсрэг гаргах учиртай, хариуцагч Л.А хариуцах этгээд биш гэж тайлбарласан нь буруу. Өөрөөр хэлбэл, хууль ёсны эзэмшигчийн эзэмших эрх нь хэлцэл, эсхүл хуулийн аль ч үндэслэлээр үүссэнээс үл хамаарч эдийн баялгийн эрх зүйгээр хамгаалагдах эзэмшил хэмээх хууль зүйн фактыг бий болгох тул эзэмшлээ хамгаалуулахаар хууль ёсны эзэмших эрхийг нь зөрчсөн хэний ч эсрэг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү өмчлөгчийн эсрэг гаргах учиртай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт эдийн баялгийн эрх зүй дэх шаардах эрхийн туйлын шинжийг анхаараагүй буруу байна.
18.2.4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох” шаардлагыг “бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах” нэхэмжлэлтэй зэрэгцүүлэн гаргасан үед бие даасан шаардлага гэж үзэхгүй, харин хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулах шаардлагын үндэслэл гэж тайлбарласан нь зөв. Харин ийнхүү холбогдох маргааны зүйлээр нэмэлт дүгнэлт өгөхдөө анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлтийг дурдан залруулах нь зүйтэй байв.
18.2.5. Түүнчлэн хоёр шатны шүүх хариуцагч Л.А нь .... тоот орон сууцыг эзэмших эрхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Учир нь хариуцагч болон түүний гэр бүл ....00 онд тус орон сууцыг эрх бүхий этгээдтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар түүний гэр бүл Налайх дүүргийн Боловсролын газрын зааварласнаар орон сууцыг анх удаа эзэмшилдээ авсан гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн үед уг орон сууцыг мэдэлдээ байлгаж бусдад эзэмшүүлж, ашиглуулах хэлцэл байгуулах эрх бүхий этгээд нь БХЯ, түүний зөвшөөрлөөр “З” анги, эдгээр байгууллагатай гэрээ байгуулан орон сууцыг эзэмшиж байсан “У” ОНӨААТҮГ байсан гэж үзэх үндэстэй. Эдгээр байгууллагатай харилцалгүй орон сууцыг эзэмшиж эхэлсэн тул энэ агуулгаар хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.
Ийнхүү хариуцагчийн эзэмшил “хууль бус” хэдий ч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “шударга эзэмшил” байсан гэж үзэх боломжтой. Учир нь тухайн нөхцөл байдалд уг орон сууцыг бусдад эзэмшүүлж, ашиглуулах шийдвэрийг тус дүүргийн Боловсролын газар дангаараа гаргах эрхгүй байсан болохыг хариуцагч, түүний гэр бүл мэдэх боломжгүй байсны зэрэгцээ өмчлөгч, эсхүл өөрийгөө тухайн үеэс хууль ёсны эзэмшигч болсон гэж үзэж байгаа нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ хариуцагч Л.А, түүний гэр бүлийг орон сууцнаас гарахыг шаардаж байгаагүй байна. Иймд өөрийгөө орон сууцыг эзэмших эрхтэй гэж шударгаар итгэж үнэмшсэн хариуцагч Л.А, түүний гэр бүлийг Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “хууль бус боловч шударга эзэмшигч” гэж үзнэ.
18.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан өөр нэг үндэслэл нь нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш тул эд хөрөнгийг бусдын эзэмшлээс шаардах нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж тайлбарласан. Хоёр шатны шүүх энэ талаар нарийвчилсан дүгнэлт өгөөгүй боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, давж заалдах шатны шүүх 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдсэн.
18.3.1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан. Иргэний хуулийн “Эзэмшил” гэсэн нэртэй Арваннэгдүгээр бүлгийн 89-98 дугаар зүйлд эзэмшлийг хамгаалах зорилготой зүйл, заалтууд томьёологдсон. Энэ хэсгийг бүхэлд нь авч үзвэл эзэмшил нь “хууль ёсны” ба “хууль бус” аль ч тохиолдолд хамгаалагдах ерөнхий зарчим үйлчлэх ба хэрэв эзэмшил нь “хууль бус” бол уг эзэмшлийг “шударга” ба “шударга бус” эзэмшлийн төрөлд ангилан, өөр хооронд нь ялгаатай түвшинд хамгаална. Харин Иргэний хуулийн “Өмч” гэсэн нэртэй Арванхоёрдугаар бүлгийн 99-108 дугаар бүлэгт өмчлөгчийн эдлэх эрхийг тодорхойлсны зэрэгцээ энэ хүрээнд өмчлөгчийн “эзэмших эрх”, “эзэмшихээс бусад эрх”-үүд хэрхэн хамгаалагдахыг зохицуулсан. Эх газрын эрх зүйн бүлд өмчлөх эрх нь туйлын бөгөөд бүрэн эрх байдаг бол эзэмшил (эзэмших эрх ба эзэмшил) нь түүнээс агуулгын ялгаатай концепц юм. Иргэний хууль энэ хоёр ойлголтод хамгаалалтын тогтолцоог ялгаатай бий болгосон.
18.3.2. Иймд нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь .... тоот орон сууцны өмчлөгч бус, харин “хууль ёсны эзэмшигч” байх тул түүний эзэмшлийн хамгаалалтад Иргэний хуулийн Арваннэгдүгээр бүлгийн зохицуулалт үйлчлэх учиртай. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсгийн “… шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй.” гэх хэсгийг төсөөтэй хэрэглэж болно. Тус зүйлийн дагуу хууль ёсны эзэмшигчээс эрх зүйн хүчин чадлын хувьд буурай гэж хэлж болох “хууль бус” боловч “шударга эзэмшигч” өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө бусад этгээдээс шаардах боломжтой юм бол түүнээс давуу эрхтэй “хууль ёсны эзэмшигч” энэ төрлийн шаардлагыг гаргах эрхтэй байх нь зүйн хэрэг. Түүнчлэн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт мөн л “шударга эзэмшигч”-ийн шаардах эрхийг зохицуулсан байх ба энэ эрхийг “хууль ёсны эзэмшигч”-д хэрэглэх нь тус хуулийн зорилго, агуулгатай бүрэн нийцнэ гэж үзлээ.
18.3.3. Дээрх үндэслэлээр хууль ёсны эзэмшигчийн эзэмшлээ хууль бус боловч шударга эзэмшигчээс шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгээр тодорхойлж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.
18.4. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хууль ёсны эзэмшигч мөн, улмаар бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхийг өмчлөгчийн нэгэн адил эзэмшигч эдлэх боломжтой гэх дүгнэлтдээ суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэвч энэхүү шаардах эрх үгүйсгэгдэх бусад нөхцөл байж болохыг анхаараагүй, хуулийг бүрэн гүйцэд хэрэглэлгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18.4.1. Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ нь “З” анги /тухайн үеийн ..... анги/-тай 1999 онд “.... дугаар байрыг ашиглах тухай гэрээ” байгуулах замаар .... тоот орон сууцыг эзэмших эрхийг олж авсан ба энэ эрхийг ....2011 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар дахин баталгаажуулсан гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”. Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.2-т эзэмшигчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардах эрхийн хугацаа шударга эзэмшигчийн хувьд 3 жил байхаар зохицуулсан бол хууль ёсны эзэмшигчийн хувьд энэ талаар тусгайлсан хугацаа заагаагүйн зэрэгцээ хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тухай зохицуулаагүй. Иймд энэ шаардлагыг гаргахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа буюу 10 жилийн хугацаа үйлчилнэ гэж үзэх нь зүйтэй.
18.4.2. Тус хэргийн тохиолдолд нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГт 1999 он, эсхүл 2011 оны аль ч үеэс хууль ёсны эзэмших эрх үүсэж, хариуцагчийг орон сууцнаас гарахыг шаардах эрх бий болсон гэж тодорхойлохоос үл хамааран 2023.10.06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэгчийн эзэмшил хууль ёсны боловч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Энэ агуулгаар хоёр шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн талаарх дүгнэлт, шийдлийг өөрчилнө.
18.5. Хариуцагч Л.А эд хөрөнгийг 10 жил буюу түүнээс дээш хугацаанд хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй гэх үндэслэлийг зааж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй. Учир нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан давуу эрхийн зарчмаар өмчлөх эрх олж авах дээрх зохицуулалт тус хэрэгт үйлчлэхгүй бөгөөд энэ нь эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эд хөрөнгийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн үед уг эд хөрөнгийг өмчлөлдөө авахаар хүсэж буй бусад этгээдүүдээс 10 жил эзэмшсэн этгээд давуу эрхтэй байх тухай ойлголт юм. Тус хэргийн тухайд эд хөрөнгийн өмчлөлийг өөрчлөхөөр өмчлөгч аливаа шийдвэр гаргаагүй, түүнийг олж авахаар иргэд, хуулийн этгээд адил хүсэл зориг илэрхийлэн өөр хоорондоо өрсөлдөх байр суурь гаргаагүй тул энэ төрлийн шаардах эрхийг энэ хэрэгт хэрэглэх хууль зүйн боломжгүй. Түүнчлэн энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд өмчлөх эрхийг олж авахыг хүсэж буй эзэмшигчийн эзэмшил хууль ёсны байдлаар 10 жилээс багагүй хугацаагаар үргэлжилсэн байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай.
18.6 Хариуцагч Л.А сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “шударга өмчлөгч болохыг тогтоолгох” гэх агуулгаар тодорхойлсон нь тэрээр орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх агуулгыг илэрхийлэхийг зорьсон гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт энэ талаар зохицуулсан бөгөөд энэ зүйл, заалт нь эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцож, түүний өмчлөх эрхийг хамгаалан эрх зүйн тогтвортой байдлыг хангах зорилготой. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан.
Тус хэргийн хувьд хариуцагч Л.А нь орон сууцыг анх олж авах үедээ (2000 он) өмчлөх эрхдээ олж авах хүсэл зориг байгаагүй, дотоод ухамсрын түвшинд ийм хүсэл зоригтой байсан болохыг үгүйсгэхгүй ч энэ талаар өмчлөгчид хандан тодорхой илэрхийлж байгаагүй. Тэрээр анхнаасаа уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээр бус, гэр бүлээрээ амьдрах, оршин суух зориулалтаар эзэмших, ашиглах эрхдээ шилжүүлж авч байгаагаа мэдэж байсан. Харин өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэн шинэ өмчлөгчийг хамгаалах зохицуулалтыг хэрэглэхийн тулд шинэ өмчлөгч нь өмчлөгч гэж итгэсэн, өмчлөх эрхгүй өөр этгээдээс эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авах зорилгоор хууль зүйн үйлдэл хийсэн байхыг шаарддаг.
Тус хэргийн тохиолдолд Боловсролын газар нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрхгүй этгээд болохыг Л.А нар нь мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд энэ ч агуулгаар анх орон сууцанд орохдоо түүнийг өмчлөх зорилгоор бус, нийтийн албан тушаал эрхэлж байгаагийн хувьд төрийн өмчийг эзэмших, ашиглах зорилгоор олж авсан байх тул Иргэний хуулийн 114.1-д заасан өмчлөх эрхийг шударгаар олж авах тухай зохицуулалт үйлчлэхгүй. Тэрээр орон сууцыг олж авах үедээ нөхцөл байдлыг сайжруулахаар засвар үйлчилгээний ажилд санаа тавин зохион байгуулж ихээхэн хүч чармайлт гаргасан гэх хэдий ч энэ нөхцөл байдлаа баримтаар нотолж чадсангүй.
19. Гэвч хариуцагч Л.Ат Иргэний хуулийн холбогдох үндэслэлүүдээр өмчлөх эрх үүсээгүй тухай эдгээр дүгнэлтүүд нь түүнийг орон сууцаа эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хувьчлан авах зэрэг нийтийн эрх зүйн бусад үндэслэлээр зохих этгээдээс өмчлөх эрх олж авахад саад болохгүйг дурдвал зохино.
..... Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нын хяналтын журмаар гаргасан гомдлын хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга бүхий хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ....2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01219 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан .............. дүүргийн ................ .... дүгээр байрны ... дүгээр орцны .... тоот байрыг хариуцагч Л.А-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож ...” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Л.А нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.04-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН