Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1120

 

186/2020/0362/Э

 

 

 

  2020             09            03                                         2020/ДШМ/1120  

 

Э.М-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ууганбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлээр Э.М-од холбогдох 2011003390194 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-о,

 

Э.М-о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “My Go” бааранд А.Ж-тай маргалдан хоолойг нь гараараа боох, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Э.М-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх торгох ял оногдуулж, уг ялыг нэг сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоож эрх хэмжээгээ хэтрүүлсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Э.М-о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “My Go” бааранд А.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хоолойг нь гараараа боох, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн дунд хуруу, баруун тохойнд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч А.Ж-ын “...нутаг болон улс төрийн талаар ярьж байгаад согтуу хумүүс болсон хойно ам зөрөлдөн маргалдан миний хор шарыг янз бүрээр малтаад байхаар нь баруун гарынхаа нэг хуруугаар М-ын дух руу тулгаж байгаад түлхтэл ёжтой байдлаар инээгээд байсан. ...М-о миний ард гаран араас хоолой боогоод байхаар нь ам руу нь гараа хийгээд доош нь дараад өөрөөсөө салган тухайн баарнаас гартал араас хамгаалагч залуу болон М-о хоёр гарч ирэн...хоёр хөлнөөс зэрэг татан миний гарыг тавиулахаар нь гараа нүүрэндээ аваад зүүн талаараа шалан дээр хэвтэхэд миний толгой, баруун гap, нуруу, ууц хэсэг рүү хөлөөрөө ч юм уу гараараа ч юм уу алийг нь мэдэхгүй цохиод байхаар нь “ахыгаа уучлаарай, ах нь зүгээр гаръя, хоёр хүүхэдтэй хүн” гэж хэлэхэд М-о “чи өглөө цагдаа дуудаад гай болно биз дээ, чамайг энд ална” гээд байхаар нь “би тэгэхгүй” гэж амлахад гаргахгүй байсан. ...” /хх 19-20/,

гэрч Н.Одончимэгийн “..02 цагийн орчим хамгаалагчтайгаа хамт вип өрөө рүү ортол манай захирал хамт сууж байсан залуугийнхаа хамт дээгүүрх хувцсаа тайлчихсан бөх барилдаж байгаа аятай гар хөлөө өчилцөөд, хүзүү энэ тэрээ боолцоод байсан. ...Тэр хоёрын маргаан дуусахад тэр хоёрын хүзүү хоолой нь нил улайгаад нэг нэгнийгээ аймаар самардчихсан байсан. ...” /хх 29-31/,

гэрч Н.Нарангаравын “...Жамьянжав “чи миний энэ дээр байгаа сорвийг харж байна уу” гээд дух руугаа зааснаа “энэний сорви” гэж хэлснээ архитай шилэн аяга барьж байснаа дух руугаа 2-3 удаа цохисон. ...Удалгүй тэр хоёр ахиад зодолдож эхэлсэн бөгөөд хамгаалагч орж салгасан. ...М-о ганцаараа Ж-тай зууралдаад зодолдоод байсан. ...” /хх 32-34/,

гэрч Г.Долгорсүрэнгийн “...Ж- гэх залуу нь М-оос өөр хүнтэй хэрүүл маргаан хийж барьцалдаж авсан зүйл байхгүй. Ж-, М-о хоёр хоорондоо барьцалдаж аваад байсан, харин хамгаалагч очиж салгасан. ...” /хх 35-37/,

гэрч И.Улаанбандийн “...Миеэ, Жамиагийн дээр гарчихсан зууралдаад байж байхаар нь гарыг нь сугалж гаргатал Миеэ, Жамиа хоёр “чи гар л даа гap, гар” гээд загнаад байхаар нь гарах гээд явж байтал Жамиа Миеэгийн хөлнөөс бариад цаашаа зууралдаад явахаар нь очиж салгаад “та хоёр одоо боль” гэхэд нөгөө хоёр намайг “гap” гээд байсан. ...М-о тэр хоёр л хоорондоо барьцалдаж аваад зууралдаад байсан болохоор хэн нэгэнд нь гэмтэл учирсан бол тэр зууралдаж байх үедээ үүссэн байх боломжтой. Ж-ын зүүн нүд улайсан байсан.  Өөр зүйл харагдаагүй. ...” /хх 39/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...зүүн дунд хуруу, баруун тохойд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 48/ гэх мэдүүлгүүд,

 

“...А.Ж-ын биед зүүн дунд хуруу, баруун тохойнд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1874 дугаартай дүгнэлт /хх 43-44/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Э.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх ялтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 1 сар гэж багасгаж тогтоосон нь буруу байх тул шүүгдэгч Э.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/402 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай. …” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН