Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2017/0139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: ... дугаар тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж өгөхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байх өөрийн эзэмшлийн ... дугаар Суварга нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээнд гаргасан боловч хариуцсан ажилтан Н.Х нь "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" баталгаажаагүйн улмаас хүлээн авахаас татгалзсан.

Бид дээрх 2016 оны "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө"-г 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын удирдлагад хүргүүлсэн боловч Сумын засаг дарга болон байгаль орчны байцаагч нар нь ээлжийн амралттай, орлон гүйцэтгэх хүн байхгүйн улмаас баталгаажилгүй удааширсаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бидэнд ирүүлсэн. Энэ өдөр мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө өгөх гэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан мэргэжилтэн Н.Х нь хуулийн хугацаа өнгөрсөн учир хоцроосон шалтгаанаа бичсэн албан бичгээ тухайн Сүхбаатар сумын тайлбар бичгийн хамт авч ир гэж буцаасан. Бид Сүхбаатар сумын удирдлагуудтай холбогдож дээрх тайлбар бичгийг яаралтай гаргаж өгөхийг шаардсан боловч амралтын өдрүүд таарсан тул 2016 оны 09 дүгээр сарын 11-нд хуулбарыг цахим шуудангаар явуулсан. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн даваа гарагт дээрх шалтгааныг тайлбарлан Сүхбаатар сумын албан бичгийн хуулбарын хамт өргөдлөө өгөх гэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээний ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдсөн байсан тул хүлээн авах хүнгүй байсан юм. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт албан бичгийг өгөх гэсэн боловч бичиг хэргийн ажилтан нь албан бичгийн огноог өнөөдрөөр болгон мөн Ашигт малтмалын газар биш Ашигт малтмал, газрын тосны газрын гэж өөрчилж ир гээд буцаасан.

Иймд ..., ... дугаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийн албан бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн. Гэвч 2016 оны 09 дүгээр 16-ны өдөр утсаар Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээний Тусгай зөвшөөрлийн сунгалт хариуцсан /шинээр томилогдсон/ ажилтан нь танай ... дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй, харин .... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой тул материалаа авчирч өг гэсэн тул .... дугаар тусгай зөвшөөрлийн материалыг хүлээлгэн өгч .... дугаар тусгай зөвшөөрлийн материалыг хүлээн аваагүй. Хэрэв .... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх үед буюу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Н.Х-т албан бичгээр хүсэлт гаргаад хугацаандаа өргөдлөө өгье, Сүхбаатар сумын албан бичгийг ирэхээр нь нөхөөд өгье гэсэн боловч заавал Сүхбаатар сумын албан бичгийг хавсарга гэсэн тул тухайн үед Сүхбаатар сумын албан бичгийг хүлээхээс өөр аргагүй байдал үүссэн. Иймд дээрх ажилтны буруугаас болж хугацаандаа өргөдлөө өгч чадаагүй тул дурдсан хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзэж .... дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Суварга нэртэй газар 3664 гектар талбайд .... дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр Ү ХХК-д олгосон байна.

....дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 9.... дугаар гэрчилгээтэй Т ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 936 дугаар шийдвэрээр шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу Т ХХК нь ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирүүлэхээр хуульчилсан байна.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.

"Т ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд Ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч өргөдлийг хугацаандаа Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй байна.

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг нөхөн авхуулах хүсэлтийг хуулиар хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.

Т ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ... дугаар тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын хайгуулын ... дугаар тусгай зөвшөөрлийг 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ү ХХК-д олгож, Геологи, уулуурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 936 дугаар шийдвэрээр Ү ХХК-иас нэхэмжлэгч Т ХХК шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөлд зааснаар ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусах юм.

Ашигт малтмалын тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5.-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааны дотор буюу 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл гаргахдаа мөн хэсэгт заасан баримт бичгүүдээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй болох нь хэрэгт авагдсан өргөдлөөр[1] нотлогдож байна.

Гэрч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Х нь хуульд заасан баримт бичиг дутуу бол хүлээн авч бүртгэлгүй буцааж байсан талаар мэдүүлсэн болно.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл-ийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгөхөөр очиход ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдсөн, хүлээн авах хүн байгаагүй, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр албан бичгийн огноог солих, Ашигт малтмалын газар биш Ашигт малтмал, газрын тосны газар гэж өөрчилж ир гэж буцаасан гэж нэхэмжлэгч тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 7/1340 дүгээр албан бичигт нэг цэгийн үйлчилгээний танхимд камер ажилладаг боловч бичлэг нь удаан хугацаагаар хадгалагддаггүй учир тухайн үеийн бичлэгийн шүүх үзэх боломжгүй байна гэжээ.[2]

Шүүх, нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл гаргахдаа мөн хэсэгт заасан баримт бичгүүдээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй нь Т ХХК-ийн буруутай үйлдлээс болоогүй гэж үзлээ.

Учир нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/129 дүгээр албан бичгээр[3] ...Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г 2016 оны 06 дугаар сарын 27-нд ирүүлсэн боловч байгаль орчны байцаагч ээлжийн амралтаа авсан орлох хүнгүй учир хянах хүнгүй байсан. Иймд дээрх төлөвлөгөөтэй 2016 оны 09 сарын 05-ны өдөр танилцаж баталгаажуулан тус компанид хүргүүлсэн болно. гэж Ашигт малтмалын газарт, мөн тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/07 дугаар бичгээр[4] ...хувь хүнээр ирсэн учир бичиг хэргээр албан ёсоор бүртгүүлээгүй... уг менежментийн төлөвлөгөө 2016 оны 08 дугаар сард батлуулах гэж ирээд Засаг дарга миний бие болон БОХ-ын улсын байцаагч Д.Б нар ээлжийн амралттай байсан учир буцсан нь үнэн болно... гэж тус тус тайлбар гаргасан нь нэхэмжлэгчийн буруугүйг нотолж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын байгаль орчны байцаагч байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр танилцсанаар огноолж[5] гарын үсэг зурсан байна.

Дээрх тайлбар болон нотлох баримтуудаас үзвэл Т ХХК нь ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан эрхийнхээ дагуу сунгуулахаар хуулийн хугацаанд гаргасан өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Харин хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. гэж зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эрхтэй байх тул нэхэмжлэгч Т ХХК-ийн .... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмыг шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т ХХК-ийн ... дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмыг шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН