Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 2-31-6 тоотод иргэн *******тай “манай эхнэр чамтай цуг байна уу” гэж хардсаны улмаас хоорондоо маргалдаж улмаар ******* руу модон сандал авч шидэх үед хохирогч *******гийн толгойг онож биед духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 22-24, 26, 47-48, 50/, насанд хүрээгүй гэрч Т.Алтантулгын мэдүүлэг /33-34/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 52-53/,гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 55-56/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хх-ийн 47/, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/,сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтгүйгээр 250000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд .... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд зааснаар эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ ........гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

 Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний биед учирсан гэмтэл үр дагавар  сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан  сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр тогтоож,  шүүгдэгч *******аас 500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч нийт 207521 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 207521 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандал 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 207,521 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандал 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Ч.БАЙГАЛМАА