Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд

Улсын яллагч:Н.Цогням

Шүүгдэгч: *******, түүний  өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 4-510 тоот хашааны гадна *******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар *******ийн эзэмшлийн ******* БНА улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн урд хэсэгт төмрөөр 1 удаа цохисны улмаас тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, хаалганы борооны хамгаалалт хагарсан, оройн хэсгийн эмжээр 2 хэсэг газарт цөмөрсөн эвдрэл, гэмтэл буюу бага хэмжээнээс дээш 310,000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, Энх нахиа ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-32/,  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу хэргийн зүйлчлэлд маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Шүүгдэгч  ******* нь  бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч *******од холбогдох  эрүүгийн хэргийг  2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № 725 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *******ыг эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулж түүнийг олж ирүүлсэн, хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тул хэргийг сэргээж, шүүх хуралдааны товыг тогтоож хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч *******од холбогдох 2314000000174 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хэргийг хүлээн авч, тус шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр шүүгдэгч *******од хувийн баталгаа гаргах авсан ба 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 612 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах авсан өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт түүний ял шийтгүүлсэн болон холбогдох нотлох баримтуудын талаар шийтгэх тогтоолыг /хх-ийн 43-96/, цагдаагийн хайлтын системээс авсан баримтуудыг хуулбарлаж холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлэхдээ хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн, шаардлага хангахгүй /хэрэгт ач холбогдолгүй, бусад хэргийн оролцогч нартай холбоотой баримтад, эрх бүхийн албан тушаалтнаас гаргадаг эрхийн актад дээр канондсон, ар хэсгийг баланкийн хар зүйлээр дарах, арилгах зэргээр балласан/, байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай байна. 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      ТОГТООХ нь :

 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч  ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА