| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2021/04075/И |
| Дугаар | 101/ШШ2021/03912 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/03912
| 2021 11 29 | 101/ШШ2021/03912 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө, 37/1 тоотод оршин байрлах Ж ХХК
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хуягт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, түүний өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хуягт нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай. Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хариуцагч Ц.Хуягт надтай сайн дурын үндсэн дээр эвлэрч гэрээ байгуулсан. Уг гэрээнд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 31,327,999.99 төгрөгийн төлбөрт барьцааны гэрээнд авагдсан хариуцагчийн эзэмшлийн БЗД-ийн 20-р хороо Гачуурт Арцатын аманд байрлах 18665312137814 нэгж талбартай, мөн 18665312163918 нэгж талбартай 700 м.кв талбайтай 2 ширхэг газрыг нийт 31,327,999,99 төгрөгт тооцож авч өр төлбөр барагдуулж дуусах талаар харилцан тохиролцож уг хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн юм. Гэвч шүүхийн шүүгч 2019-10-09-ий өдрийн 101/ШШ2019/02705-тай захирамж гаргахдаа зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3-т : ИХ-ийн 175-р зүйлийн 175.1 -д зааснаар хариуцагч Ц.Хуягт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох БЗД-ийн 20-р хороо Гачуурт Арцатын аманд байрлах 18665312137814 нэгж талбартай, 000547057 дугаар гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах 18665312163918 нэгж талбартай, 000547058 дугаар гэрчилгээтэй 700 м.кв талбайтай 2 ш газар зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай гэж буруу бичиж гаргаж, улмаар 2020-01-22-ны 101/ШШ2020/019545 шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2020-01-22-ны өдрийн101/ГХ2020/00134-тай шүүхийн гүйцэтгэх хуудсыг буруу гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байдаг. Төлбөр төлөгч Ц.Хуягт надад холбогдох дээрх захирамж алдаатай, буруу гарсныг мэдээд 2021-06-р сард шүүхэд хүсэлт гаргаж БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сарангүнээр захирамжийн алдааг нь зөвтгүүлж 2021-06-23-ны өдөр 101/UI32021/010124-тай захирамжийг гаргуулж шийдвэрлүүлсэн юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгч Майбаяр, ахлах шийдвэр гүйцэтгэгч Алтанзул нар 2021-06-23-ны өдрийн 101/Ш32021/010124-тай шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн шийдвэрт заасан ажиллагааг хэрэгжүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан хэрэгжүүлсэн нь хууль бус юм. Учир нь: Талуудын эвлэрлийн гэрээнд Хуягт чиний бие Жи Эс Би Капитал ББСБ-ын 31,327,999.99 төгрөгийн өр төлбөртөө тооцон өгөхөөр тохирсон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгч нар нь Ц.Хуягт миний эзэмшлийн БЗД-ийн 20-р хороо Гачуурт Арцатын аманд байрлах 18665312137814 нэгж талбартай, мөн 18665312163918 нэгж талбартай 700 м.кв талбайтай 2 ширхэг газарт хөрөнгө үнэлгээний “Итгэлт истимэйт” ХХК-иар үнэлгээ тогтоолгож, 2 газрыг нь нийт 14,000,000 төгрөгөөр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн, мөн албадан дуудлага худалдаанд оруулж нэг газрыг нь 4,300,000 төгрөг, нөгөө газрыг нь 4,500,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг ноцтой зөрчиж, хууль бус ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Хуягт намайг хохироосон ба тус шүүхийн 2021-06-23-ны өдрийн 101/ШШ32021/010124 тоот шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулсан юм. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч нь энэ газар үнэ хүрэхгүй гэж маргах нь үл хамаарах бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг тэд нарын хооронд байгуулсан тохиролцооны дагуу төлж төлбөрийг барагдуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж төлбөр төлөгч Хуягт миний эзэмшлийн 2 газрыг түүнээс гаргуулан төлбөр авагчид шилжүүлснээр дуусах ёстой юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар шүүхээс дээгүүр эрх мэдэл гаргаж шүүхийн шийдвэрт зөвтгөж заасны дагуу ажиллагаа явуулаагүй өөрсдөө дур мэдэн өөрчлөн буруу тайлбарлан дуудлага худалдаа явуулсан нь шүүхийн эрх мэдэлд халдаж байна гэж үзэхээс аргагүй юм. Иймд: Ц.Хуягт миний зүгээс: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар удаа дараа санал, хүсэлт, гомдлыг гаргасан боловч нааштай хүлээж аваагүй, хуулийн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэрт заасны дагуу хэрэгжих ёстой юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч Ц.Хуягт надад холбогдох №20260298-тай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг илтэд хууль зөрчиж явуулсан хөрөнгө үнэлгээний “Итгэлт истимэйт” ХХК-р Хөрөнгө үнэлүүлсэн тайлан, ШГА-ын 2021 -06-22-ны өдрийн 7/30 анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мөн 2021 -07-20-ны өдрийн 8/24-тай 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн 2021-08-06-ны өдрийн 10 цагт болсон албадан дуудлага худалдаа зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль зөрчсөн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү.
Шийдвэр биелүүлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх дээр эвлэрлээр тохиролцсон шийдвэрээр мөнгөн дүнд уг газрыг өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2 газрыг зарж үнэлгээг доогуур явуулсан. Зарна гэсэн зүйл яригдаагүй. Шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж эвлэрлийн гэрээг буруу тайлбарласан нь хууль бус юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж оролцоно. ББСБ нь зээлийн гэрээний үүрэгт 31 саяыг нэхсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлээр тооцохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулагдсан. Шүүх эвлэрлийн гэрээг батлах ёстой байхад хариуцагчийн зөвшөөрөл баталж алдаа гаргасан. Үүнийг 124-д зааснаар хүсэлт гаргасан. Улмаар захирамжаар алдаа засагдсан. 2019.10.9-ны захирамжийн 3 дахь заалт, гүйцэтгэх хуудасны 2.2-г өөрчилсөн. Энэ захирамжийг шийдвэр гүйцэтгэлд аваачиж өгсөн. Захирамж алдаатай гарснаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа алдаатай явагдаж байгаа талаар хэлсэн. Сүүлийн захирамжийг хүлээн авсан боловч алдаатай хэвээр ажиллагаа явагдсан. Эвлэрлийн гэрээгээр зээлд эд хөрөнгө өгөхөөр тохиролцож шийдсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж байгаа нь буруу бөгөөд хууль зөрчсөн юм. Шүүгч захирамжид өөрчлөлт оруулсан байхад ажиллагаа явуулж байгаа нь буруу юм. Анх зээлийн эрсдэлээ тооцож барьцаанд аваад буруу шийдвэр гаргуулсан. Иймд энэ ажиллагаанд газрыг шилжүүлж, ажиллагааг хаах байсан юм. Иймд захирамжид зааснаар ажиллагаа явагдаагүй тул хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Майбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Хуягтын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 сарын 09-ны өдрийн 101/ШШ2019/02705 дүгээр захирамжаар Ц.Хуягтаас 31,327,999 төгрөгийг гаргуулж “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20260298 дугаар захирамжаар үүсгэж, төлбөр төлөгч Ц.Хуягтад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Ц.Хуягтын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байршилтай 700 м.кв талбайтай, 18665312163918 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 000547058 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газар, мөн хаягт байрлалтай 700 м.кв талбайтай, 18665312137814 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 0005470057 дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газрыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20260298/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20260298/6 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ц.Хуягт 2 айлын өмчлөлийн газрыг 40.000.000 төгрөгөөр, төлбөр авагч “Жи Эс Би r-ал ББСБ” ХХК шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/77 дугаар шинжээч томилох тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХКомпанийг томилоход 2 айлын газрыг 14.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-186/11706 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
БЗДИХАШШ-н шүүгчийн 2019.12.9-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020.3.4-нд захирамжаар ажиллагааг үүсгэж удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөөгүй тул барьцаалсан 2 газрыг 4.30-нд битүүмжилж, 5.20-нд хураасан. Уг хөрөнгөд үнийн санал ирүүлэхэд төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд шинжээч томилсон. Ингээд 14 саяар үнэлэгдээд талуудад үнэлгээг мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 6.23-ны захирамж нь ажиллагаа явагдаад хураах ажиллагаа явагдсаны дараа гарсан тул бид энэ талаар ажиллагаа явуулах боломжгүй. Захирамжийн 3 дахь хэсэгт газрыг шаардлага хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн. Төлбөр нь мөнгөөр хэрэгжих тул ажиллагаа газар дээр явагдах шаардлагатай юм. Төлөөгүй тохиолдолд ажиллагаа явуулсан байгаа юм гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Tyc дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Ц.Хуягтын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байгаад, шинжээчийн дүгнэлт, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар маргадаг. Манай байгууллага Ц.Хуягтын хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 03 сарын хугацаатай сарын 4%-ийн хүүтэйгээр 20,000,000 төгрөгийг №ЗГ0303170180 дугаартай зээлийн гэрээ болон №ЗБ0303170180 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Ц.Хуягт нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Арцатын Аманд байрлах нэгж талбарын 18665312137814 дугаартай, 700 м.кв талбайтай газар” болон “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Арцатын Аманд байрлах нэгж талбарын 18665312163918 дугаартай, 700 м.кв талбайтай газар”-ийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээл олгосноос хойш зээлийн төлөлт удааширч байсан тул хугацаа олгож, төлөх боломжит хугацааг олгож байсан. Тэгтэл нэг ч удаа төлөлт хийгээгүй, утсаар холбогдохгүй, ирж уулзахгүй, зээлээ төлж барагдуулах талаар ямар ч идэвх санаачилгагүй байсаар ирсэн.
Иймд тус шүүхэд хандахдаа :
1. Зээлийн гэрээний үүрэгт 31,327,999.99 төгрөгийг гаргуулах;
2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагч зээл төлөх хугацаа олгооч, одоо яг төлөөд дуусгана гэж өмгөөлөгчтэйгөө ирж гуйж, ярилцсан тул 2 сарын хугацаа олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Гэтэл Ц.Хуягт нь зээл олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрөөд байхад зээлээ огт төлөөгүй, зээлээ төлөх талаар оролдлого гаргаагүй байж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна. Учир нь ШШГ ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр дээрх барьцаа хөрөнгө нь нийт 14,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь тогтоогдсон. Энэ нь зээлийн төлбөрт нь хүрэлцэхгүй манай байгууллагыг хохироож байгаа бөгөөд албадан дуудлага худалдаагаар зарагдсан байхад ажиллагааг түдгэлзүүлж, ШШГ ажиллагааг удаашруулж, төлбөрөө төлөхөөс зориудаар зайлсхийж байна. Бид 31,327,999.99 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцож эвлэрсэн байтал Ц.Хуягт нь үнэлгээндээ хүрэхгүй байгаа барьцаа хөрөнгийг зориудаар төлбөрт тооцон авахыг шаардаж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй байна. Манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу үндэслэлтэй явагдаж байна гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Батчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн хэлснээр хэрэг шийдэгдэж гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Албадан дуудлага худалдаа явагдсан. Ингээд төлбөр төлөгч гомдол гаргаад шүүхийн шатанд ирсэн. Ямар нэг байдлаар төлбөр төлөхөд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2019 оны үйл баримтыг ярьж байна. Тухайн үед Хуягт нь өмгөөлөгчтэй оролцож байсан. Тухайн үед ямар эвлэрэл хийгдсэнийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч У.Түвшин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан эсэх нь хамааралгүй юм. Нэхэмжлэгч нь ажиллагааг хууль бус гэсэн байдаг. Гэтэл ШШГТХ-н аль заалтыг зөрчсөн талаар яригдана. Нэхэмжлэгчийн гомдол гаргаж байгаа цаг хугацааны хувьд эвлэрэл баталснаас хойш 7-8 сар ажиллагаа явсны дараа гомдол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл мөнгөө төлнө, төлөөгүй бол газар дээр ажиллагаа явуулна гэсэн. Эвлэрлийг баталсан захирамж гүйцэтгэх хуудас нь 6 сар хүртэл хүчинтэй байсан. ШШГГ нь хүчин төгөлдөр баримтаар ажиллагаа явуулсан. Захирамжид өөрчлөлт орсноороо хүчин төгөлдөр захирамжаар хийсэн ажлыг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй байна. ШШГТХ-н 43, 44-т заасан ажиллагааны дараа шүүхэд хандах байсан. Ахлах болон ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргана гэсэн байдаг. Өмгөөлөгч гомдол гаргаж байгаа нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг заасан. Гэтэл үнэлгээнд 7 хоногийн дотор гомдол гаргаагүй байна. Мөн ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргаад шийдвэрт нь гомдох 14 хоногийг хэтрүүлсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Хуягт нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 02705 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 010124 дүгээр захирамж гарах үед ажиллагааны ихэнх хэсэг явагдаж дуусан байсан тул буцаах боломжгүй гэж маргаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчиж, нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02705 дугаар захирамжаар Ц.Хуягтад холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 31,327,999.99 төгрөг гаргуулах тухай “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Хуягтын эзэмшлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/109 тоот захирамжийн дагуу олгогдсон, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах, иргэний ахуйн зориулалтаар олгосон, 700 м.кв талбайтай, нэгж талбарын 18665312137814 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000547057 дугаар гэрчилгээтэй газар, мөн Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/109 тоот захирамжийн дагуу олгогдсон Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах, иргэний ахуйн зориулалтаар олгосон, 700 м.кв талбайтай, нэгж талбарын 18665312163918 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000547058 дугаар гэрчилгээтэй газар зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 86-87 дугаар тал/
Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 00134 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 20260298 дугаар тогтоолоор ажиллагааг эхлүүлсэн байна. /хэргийн 84, 88 дугаар тал/
Ийнхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д нийцсэн байна.
Үүний дараа барьцаа хөрөнгө болох Ц.Хуягтын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах, иргэний ахуйн зориулалтаар олгосон, 700 м.кв талбайтай, нэгж талбарын 18665312137814 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000547057 дугаар гэрчилгээтэй газар, 700 м.кв талбайтай, нэгж талбарын 18665312163918 дугаар бүхий газар эзэмших эрхийн 000547058 дугаар гэрчилгээтэй газрыг тус тус 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20260298/03 тогтоолоор битүүмжилж, 2021 оны 05 дүгээр сарын 25-ны өдрийн 20260298/6 дугаар тогтоолоор хураажээ. /хэргийн 84-95 дугаар тал/
Дээрх ажиллагаа тус бүрд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчтэй уулзалт хийж, тэмдэглэл хөтлөн улмаар төлбөр төлөхийг мэдэгдэж байсан болох нь хэрэгт байгаа дээрх баримтуудаар тогтоогдсон.
Иймд эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг зөрчөөгүй байна.
Улмаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч нь дээрх 2 газрыг нийт 40,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан бол төлбөр авагч нь энэхүү үнэлгээг эс зөвшөөрч, шинжээч томилох тухай хүсэлт гаргасан байна. /хэргийн 96-97 дугаар тал/
Төлбөр төлөгч болон авагч нар нь барьцаа хөрөнгөний үнийн талаар тохиролцоогүй тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилох тухай 6/77 дугаар тогтоол батлагдсан байна. /хэргийн 98 дугаар тал/
Дээрх тогтоолоор “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид хууль сануулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн.
Шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээний тайланг хүргүүлсэн бөгөөд төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид 14-ны өдөр үнэлгээний талаар мэдэгджээ. /хэргийн 102-103 дугаар тал/
Ийнхүү маргаж буй эзэмших эрхтэй 2 газрын үнэлгээ гарснаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр болох анхны албадан дуудлага худалдааны талаар 06 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн бөгөөд 08 дугаар сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх 2 газар худалдан борлогдсон талаар мэдэгдсэн байна. /хэргийн 105-114 дүгээр тал/
Хариуцагч нь 2 дахь албадан дуудлага худалдаа болох талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн эсэх, улмаар 2 дахь албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Гэвч хэргийн оролцогчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үнэлгээ хийгдэж, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаж, худалдан борлогдсон талаар мэдэгдэл хүлээн авсан талаар маргаагүй тул шүүх 2 дахь албадан дуудлага худалдаатай холбоотой баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Эдгээр ажиллагаа хийгдэх явцад буюу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 010124 дүгээр захирамжаар дээрх 02705 дугаар захирамжид “Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК хариуцагч Ц.Хуягтын барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах нэгж талбарын 18665312137814 дугаартай, 700 м.кв талбайтай газар болон Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах нэгж талбарын 18665312163918 дугаартай 700 м.кв талбайтай 2 газрыг хамтад нь 31,327,999.99 төгрөгт тооцон нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахад татгалзах зүйлгүй, 2019 оны 10 сарын 9-ний өдрөөс хойш 2 сарын дотор хариуцагч нэхэмжлэлийн дүн болох 31,327,999.99 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц.Хуягтын 2019 оны 10 сарын 9-ний өдрийн тайлбартаа тусгасан 3, 4 дэх заалт хэрэгжих үндэслэл болохыг дурдсугай” гэж, мөн дээрх 00134 дүгээр гүйцэтгэх хуудсанд “Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК хариуцагч Ц.Хуягтын барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах нэгж талбарын 18665312137814 дугаартай, 700 м.кв талбайтай газар болон Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт Арцатын аманд байрлах нэгж талбарын 18665312163918 дугаартай 700 м.кв талбайтай 2 газрыг хамтад нь 31,327,999.99 төгрөгт тооцон нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахад татгалзах зүйлгүй, 2019 оны 10 сарын 9-ний өдрөөс хойш 2 сарын дотор хариуцагч нэхэмжлэлийн дүн болох 31,327,999.99 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй тохиолдолд хариуцагч Ц.Хуягтын 2019 оны 10 сарын 9-ний өдрийн тайлбартаа тусгасан 3, 4 дэх заалт хэрэгжих үндэслэл болохыг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсан байна. /хэргийн 125-129 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид өөрчлөлт орсноор зээлийн гэрээний төлбөрт дээрх 2 газрын эзэмших эрхийг шилжүүлж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой гэж тайлбарласан.
Хариуцагч, гуравдагч этгээд нар нь 010124 дүгээр захирамж гаргахаас өмнө хөрөнгийн үнэлгээ хуульд заасан журмын дагуу хийгдэж, холбогдох бусад ажиллагаа дуусгавар болсон гэж маргасан.
Гуравдагч этгээд буюу төлбөр авагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 010124 дүгээр захирамжид заагдсан өөрчлөлт нь зээлийн гэрээний талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд заасантай нийцэж байгаа талаар тайлбарласан.
Мөн энэхүү эвлэрлийн гэрээнд заасан тохиролцоо нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗБ0303170180 дугаар зээлийн барьцааны гэрээний 3.1-т нийцэж байгааг тэмдэглэж байна. /хэргийн 148 дугаар тал/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд түүний агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Мөн хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1-д зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана.
Дээрх 010124 дүгээр захирамжид зааснаар буюу Ц.Хуягтад холбогдох “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хэрэгт зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээний үгийн шууд утгаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 31,327,99.99 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нь энэхүү төлбөрт дээрх 2 газрыг тооцох буюу “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д уг 2 газрыг шилжүүлэх замаар төлбөрийг барагдуулна гэж ойлгогдож байна.
Тодруулбал, 010124 дүгээр захирамжид заасан Ц.Хуягтын 2019 оны 10 сарын 9-ний өдрийн тайлбартаа тусгасан 3, 4 дэх заалт гэдэг нь дээрх 2 газрыг хамтад нь 31,327,999.99 төгрөг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагч Ц.Хуягт нар тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцоог сайн дурын үндсэн дээр хийсэн талаар заажээ.
Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл дээрх үндэслэлүүдээр 010124 дүгээр захирамж гарах хүртэл буюу анхны дуудлага худалдаа явуулах тухай 7/30 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд явуулсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүний дагуу олгосон гүйцэтгэх хуудасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна.
Үүнээс үзэхэд хэдийгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байсан боловч гүйцэтгэх баримт бичигт өөрчлөлт орсноор 010124 дүгээр захирамжид зааснаар ажиллагааг өөрчлөн явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, нэгэнт гүйцэтгэх баримт бичигт өөрчлөлт орсон бол түүнд нийцүүлэн эвлэрлийн гэрээнд зааснаар дээрх 2 газрыг төлбөр авагчид шилжүүлэх замаар төлбөрийг барагдуулах юм.
Энд хариуцагчийн төлөөлөгч нь 010124 дүгээр захирамжийг хүлээн авсан талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдсөн бөгөөд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч, түүний өмгөөлөгч нар нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болох нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4/28 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/1881 дүгээр албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 33, 38 дугаар тал/
Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй бөгөөд шүүхэд гомдол гаргах 14 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж маргасан. Гэвч нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай шаардлага гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа хамаарахгүй.
Мөн төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт байгаа мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч маргаагүй.
Иймд 010124 дүгээр захирамжид зааснаар 31,327,999.99 төгрөгт дээрх 2 газрыг тооцохоор заасан байх тул уг газрыг битүүмжилсэн, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасантай нийцэх юм.
Дээрх үндэслэлээр шинжээч томилсон 6/77 дугаар тогтоол болон уг тогтоол гарснаас хойших хугацаанд хийгдсэн ажиллагаануудыг хүчингүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойших ажиллагааг зөвшөөрөхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул түүний урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, буцаан олохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 02705 дугаар захирамж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00134 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэж гарсан 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 20260298 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 6/77 дугаар шинжээч томилох тухай тогтоол болон уг тогтоол гарснаас хойших хугацаанд хийгдсэн ажиллагаануудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6/77 дугаар тогтоол гарахаас өмнөх ажиллагааг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хуягтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД