Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2024/00241

 

 

ЧДНДГ-ын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/02056 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01185 дугаар магадлалтай,

ЧДНДГ-ын нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 505,682,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ЧДНДГ нь “М” ХХК-д холбогдуулан 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 352,172,022 төгрөг, алдангид 153,510,404 төгрөг, нийт 505,682,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/02056 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан "М" ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 500,682,426 төгрөгийг гаргуулж, ЧДНДГт олгож, үлдсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,661,362 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01185 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/02056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "М” ХХК-иас 457,823,628 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧДНДГт олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,858,798 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад "2,661,362” гэснийг "2,447,068” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 930,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгон шийдвэрлэсэн.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяалал зөрчин алдангитай холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 -т "шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах", 172.2-т "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" гэх хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байгаа тул дараах үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны тохиолдолд хэрэглэх эрх зүйн зохицуулалт, хэм хэмжээг хоёр өөр байдлаар тайлбарлаж, үндэслэл болгосон байгаа тухайд: Нэхэмжлэгч ЧДНДГ-аас шүүхэд хандан 2022.05 сараас 2023.12.30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрд 352,172,022 төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй алданги 154,510,400 төгрөг, нийт 505,682,426 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуучин 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл, түүнд ногдох алдангийг шаардаж байгаа боловч шаардлагын үндэслэлээ 2023.07.07-ны өдөр батлагдаж, 2024.01.01-ний өдрөөс хүчин  төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хуульчилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж буй нь хоорондын зөрчилтэй байгаа болно. Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлийг хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгож маргаж байгааг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт тодорхой дурдсан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг аль хугацаанд хамаарах эрх зүйн зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэх асуудал дээр огт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг илт зөрчсөн хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болсон.

Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа талуудын маргаантай харилцаа, маргааны зүйлийг зөв тодорхойлж, анхан шатны шүүхийн гаргасан маргааны тохиолдолд хэрэглэх ёстой хуулийг шинэ батлагдсан хуулиар биш хуучин хуулиар шийдвэрлэгдэх ёстой гэж хууль хэрэглээний үндэслэлийг оновчтой харж залруулан, үндэслэл бүхий дүгнэлт хийн хууль хэрэглээний сонголтын хувьд үнэн зөв шийдвэрлэсэн.

2. Давж заалдах шатны шүүхээс маргаантай эрх зүйн харилцаанд үйлчлэх хуулийг оновчтой сонгон хэрэглэсэн боловч, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаандаа төлөгдөөгүй алдангид холбогдох хэсгийг хянан шийдвэрлэхдээ маргааны тохиолдолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн заалтыг буруу тайлбарласан хууль хэрэглээний алдаа гаргасан. Магадлалын тогтоох хэсгийн үндэслэл болгосон зохицуулалт нь шимтгэл төлөгч тооцооны буюу санхүүгийн алдаа гаргасны улмаас төлөх ёстой шимтгэлээ дутуу төлсөн тохиолдолд үйлчлэх ёстой эрх зүйн зохицуулалт гэдэг нь маш тодорхой харагдах ба шүүхэд үүссэн байгаа маргааны хувьд тооцооны алдаа гаргасны улмаас дутуу төлсөн шимтгэлтэй холбоотой маргаан бус нийгмийн даатгалын төлбөл зохих шимтгэлийг хугацаандаа төлөөгүй улмаас үүссэн алдангийн төлбөртэй холбоотой маргаан үүссэн байгааг шүүхийн зүгээс тодорхойлж чадалгүй хууль хэрэглээний алдааг гаргасны улмаас тухайн тохиолдолд үндэслэл болохгүй хуулийн заалтыг магадлалын тогтоох хэсгийн үндэслэл болгосон алдааг гаргажээ.

1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль буюу маргаантай эрх зүйн харилцааг үүсгэсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 25.1.3-т "нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах" эрх нь нийгмийн даатгалын байгууллагад байхаар хуульчилсан. Тодруулбал, ЧДНДГ нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагчийн акт үйлдэх, үйлдсэн актад алданги, шимтгэлийн хэмжээг тодорхой заасан байх, уг алдангийг төлөх хугацааг зааж өгөх, тогтоосон хугацаанд алдангийг төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах дараалалтай байсан. Гэтэл дээрх ажиллагааг хийгээгүй тул нэхэмжлэгч талд хуульд заасан алданги тооцох урьдчилсан нөхцөл хангагдаагүй байгаа учраас алданги шаардах эрх, нөгөө талд алданги төлөх үүрэг үүсээгүй байгааг хэрэг маргааныг бүхэлд нь хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах чиг үүрэг, эрх бүхий давж заалдах шатны зүгээс анзаарч, тодорхойлж чадаагүй хууль хэрэглээгүй алдааг гаргасан.

3. Нэхэмжлэгчийн алданги тооцон шаардаж буй хэсэг нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөнийг 2 шатны шүүх анхааралгүй хүлээн авч, шийдвэрлэсэн ноцтой алдаа гаргасан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан 13 дугаар зүйлийн 13.1-т энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилсны дагуу нэхэмжлэгчийн 154,510,400 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, хэргийн харьяалал зөрчсөн байгааг буруу дүгнэж шүүхийн харьяалал зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тухайд байж боломгүй алдаа гэж үзэж байна. Өмнөх хэсэгт дурдсанчлан маргааны үйл баримт болсон цаг хугацаа буюу дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа нь хуучин хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж дүгнэсэн учир тус хуульд алданги тооцох үндэслэл, журмыг хэрхэн тогтоосон байна үүнийг дагаж, мөрдөх нь хуульд нийцэх байсан. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ..... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.... гэж, цаашлаад дээрх хуулийн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг тогтоосон ба уг хуулийн 6.15-д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгахаар заажээ. Иймд хариуцагч хуулийн этгээдийн шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг шийдвэрлэх харьяаллыг хуулиар тусгайлан зохицуулсан байх тул алдангид холбогдох шаардлага нь хэргийн харьяалал зөрчсөн болох нь нотлогдож байхад 2 шатны шүүх энэ асуудал дээр алдаатай дүгнэлт хийж, хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэж чадаагүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан алданги 154,510,400 төгрөгт ногдох маргаантай харилцаа нь иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхад уг асуудлыг харьяалал зөрчин шийдвэрлэсэн, хуульд заасан алданги тооцох урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад тухайн тохиолдолд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх ёстой мэтээр хуулийн агуулга, утга санааг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч талд алданги төлөх үүрэг үүсээгүй байхад, төрийн байгууллагын эрх ашгийг илтэд хамгаалсан, хууль зүйн бодит үндэслэлгүй шийдвэр гаргаж хариуцагч талийн эдийн засгийн байдлыг илтэд дордуулсан үндэслэлгүй шийдвэр гаргасан байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01185 дугаар магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, алдангид холбогдох 154,510,400 төгрөгт холбогдох хэсгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/01153 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч ЧДНДГ нь “М” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 505,682,426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Ажил олгогч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2-т  заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх үүрэгтэй. “М” ХХК нь 2024.01.30-ны өдрийн байдлаар 2022.05 сараас 2023.12.31-ний өдрийг хүртэл төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 352,172,022 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 44.1.2-т заасны дагуу дутуу төлсөн шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож 153,510,404 төгрөг нийт 505,682,426 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлдээ: “... Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 153,510,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алдангийн шаардлагын тухайд хэргийн харъяалал зөрчсөн. Тодруулбал Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024.01.01-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын хуулийн үйлчлэлд хамаарна. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр болохыг дурдсан. Түүнчлэн мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 20.5-д холбогдох хариуцлагыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар тодорхойлсон. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3-т Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба нийт шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8-д зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны харъяалал тогтоосон. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17, 15 дугаар зүйлийн 15.2.1-т заасан зөрчлийг шалгах эрх олгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдахгүй. 2024.01.01-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг шимтгэлийн өрд тооцохоор заасан. Иймд алданги тооцож нэхэмжлэхийн тулд урьдчилсан ажиллагаа хийгдэж, улсын байцаагчийн акт үйлдэгдсэн байх ёстой байхад мэдэгдэл гэх баримтыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй.  ...” гэж тайлбарласан.

9. Анхан шатны шүүх хариуцагч “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 500,682,426 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “...Хариуцагч “М” ХХК нь ажил олгогч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр шаардах эрхтэй.  Хариуцагч “М” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 352,172,022 төгрөгийг зөвшөөрч маргахгүй байна. Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр даатгагчтай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасан нь Зөрчлийн тухай хуульд хамаарахгүй.  Хариуцагч даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйд талуудын хэн аль нь маргаагүй тул 2022 оны 05 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 505,682,426 төгрөгөөс хариуцагчийн 2024.04.17-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж тооцоод хариуцагчаас 500,682,426 төгрөгийг гаргуулах үндэстэй...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас 457,823,628 төгрөгийг гаргуулж, үлдэх 47,858,798 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулжээ. Магадлалд “... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, харъяаллын дагуу хянан шийдвэрлэсэн боловч маргааны зүйлд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна. Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2024.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн тул маргаан бүхий харилцаанд үйлчлэхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь  хуучин хуулийн үйлчлэлд хамаарах тул алданги гаргуулах шаардлагаас 105,651,606 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх 47,858,798 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд хариуцагчаас 457,823,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1-т заасанд нийцнэ. Нэхэмжлэлийг хангасан нийт дүнгээс маргааны зүйлд хамаарах төлөлт эсэх нь тогтоогдоогүй 5,000,000 төгрөгийг хасч тооцохгүй. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэх, мөн актаар төлбөр, торгууль ногдуулах эрхийг эдэлнэ. Энэ хэрэгт нэхэмжлэгч нь актаар бус хуульд зааснаар ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилж буй уг төлбөрийг заавал акт тавигдсаны дараа нэхэмжлэх хуулийн зохицуулалт байхгүй. Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.

11. Анхан ба давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байх ба ийнхүү зөрүүтэй хэрэглэсэн асуудал нь 2022 оны 05 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй өр төлбөр 352,172,022 төгрөгт алданги тооцох эсэх маргаанд 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль, эсхүл 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэх эсэх, холбогдох хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлах тухай асуудал байна.  Энэхүү маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Улсын дээд шүүхийн чиг үүрэгт хамаарч байна.

12. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон. Тодруулбал, хариуцагч “М” ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 2022 оны 05 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд 352,172,022 төгрөг болж хуримтлагдсан байх ба энэ өрийг хариуцагч төлж барагдуулаагүй байна. Хариуцагч өр төлбөрийг төлөх ёстой, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаараа зохигч маргаагүй. Харин энэ өр төлбөрт алданги тооцогдох учиргүй, алданги тооцвол 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журам, эсхүл улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тогтооно гэж хариуцагч маргаж байгаа бол нэхэмжлэгч өр төлбөр, түүний алдангийг шаардах харилцаанд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэнэ гэж маргаж байна.

13. Анхан шатны шүүх дээрх хэрэг маргаанд 2023.07.07-ны өдөр батлагдаж 2024.01.01-ний өдрөөс мөрдсөн Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэнэ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэнэ гэж дүгнэжээ. Маргаантай харилцаа 2022 оны 05 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс үүссэн байх тул уг харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

14. Маргаж буй харилцаанд үйлчлэх Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн “Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага” гэх нэртэй 20 дугаар зүйлийг 2020.01.10-ны өдөр өөрчлөн найруулсан. Тус өөрчлөлтийн дагуу 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.

Уг зохицуулалт нь ажил олгогч-даатгуулагчийн алданги төлөхтэй холбоотой тус маргаанд үйлчлэхээр байхын зэрэгцээ энэ зохицуулалтаар алданги тооцох тусгайлсан нөхцлийг тавьсан гэж үзэхээр байна. Тодруулбал, алданги тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь “тооцооны алдаанаас үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн дутагдал” байхыг уг зүйлээр шаардсан байна. Харин зохигчийн маргаж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь тооцооны алдаанаас үүссэн гэх боломжгүй байна. Даатгуулагч-ажил олгогч “М” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө тайлангаар мэдүүлж, аливаа тооцооны алдаа гаргаж байгаагүй, энэ талаар улсын байцаагчаас акт тавьж, тооцооллыг залруулж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэстэй.

15. Түүнчлэн, нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлийн өр 352,172,022 төгрөгт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцох үндэстэй гэж маргаж байх бол хариуцагч Зөрчлийн тухай хуулийн дагуу өр төлбөр, алданги нэхэмжлэх бол энэ талаар улсын байцаагчийн акт гарч, уг актын талаар шүүхээс өмнөх шатанд маргах боломж хариуцагчид бүрдсэн байх ёстой, ... гэтэл энэ талаар улсын байцаагч акт тогтоож байгаагүй гэж мэтгэлцсэн. Энэ талаар хяналтын журмаар гаргасан гомдолд мөн дурджээ.

Хоёр шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл, тус зүйлийн дор байх тайлбар гэх хэсэгт дурдагдсан агуулга, уг зохицуулалтыг хэрэглэх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмын талаар тухайлсан дүгнэлт өгөөгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийг 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ..... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...” гэж, харин хуулийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус зохицуулсан. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.15-д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алдангид холбогдох зөрчлийг хянан шалгаж улсын байцаагч акт тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй, уг актын талаар зохих харьяалал журмын дагуу гомдол гаргах даатгуулагч-ажил олгогчийн эрхийг хангасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч хуулийн этгээдийн шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлээгүй тул тус хуулийн дагуу алданги нэхэмжлэх үндэслэл бүрдээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн гомдол үндэстэй. Энэ талаар зохих дүгнэлт хийгээгүй хоёр шатны шүүхийн алдааг залруулна.

16. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл бүрдсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01185 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/02056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 352,172,022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧДНДГт олгож, нэхэмжлэлээс үлдэх 164,510,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,918,810 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас  2024.07.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 930,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА 

                         ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД