Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1121

 

105/2020/0996/Э

 

 

 

  2020             09            03                                         2020/ДШМ/1121  

 

Н.А-, Д.Т- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Д.Саранчимэг,

шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч М.Хувцагаан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1058 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А-, Д.Т- нарт холбогдох 1906064510119 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

 

2. Т-,

 

Н.А-, Д.Т- нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Түү Болд” ХХК-ийн барилгын талбай дээрээс шилтэй жижиг вакум цонх 1 ширхэг, том вакум цонхны хуванцар хүрээ 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.830.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.А-, Д.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Дүгэрсүрэнгийн Т-, Харнууд овогт Намсрайн А- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.А-ыг 2 жил 6 сарын хорих ялаар, Д.Т-ыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Н.А-оос 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Н.А-, Д.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.А- давж заалдах гомдолдоо: “...би эхнэр, 13-19 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Болормаа маань 2015-2016 онд бөөрний дутагдалд орж 3 дугаар шатны эмнэлэгт эмчлүүлж байсан. Одоо ч байнгын эмчилгээнд байдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж анхнаасаа хэргээ үнэн зөв мэдүүлж гэм буруу дээрээ маргаагүй. Надад шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял нь амьдралаа ахуйгаа үүрч явдаг хүний хувьд маш урт хугацаа тул намайг хоригдсоноор ар гэрийн минь амьдралд хүнд тусаж байна. Охин А.Мөнгөнзул нь Плехановын нэрэмжит санхүү эдийн засгийн сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг. Би барилгын ажил хийж охиныхоо сургалтын төлбөрийг хувиараа, ББСБ-д тавьсан зээлээ төлөхийн зэрэгцээ ар гэрээ авч явдаг. Эхнэрийн авч буй цалин оюутны төлбөр, ББСБ-ын төлбөр, амьдрал ахуйгаа авч явахад хаана ч хүрэлцэхгүй байна. Намайг хоригдсоноор ар гэрийн амьдрал хүндэрч нийгэмд ядуу гэр бүл нэгээр нэмэгдэхээр боллоо. Мөн надаас 6.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүнд байдалд байгааг минь харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Н.А-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Н.А-оос 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно”, 1.3-д “худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах” гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Н.А-оос 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж хуульд заагаагүй заалтыг хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульд заасан байна. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэрэгт авагдсан баримтаас харахад, шүүгдэгч нар хулгайлсан эд зүйлсээ хашаанаас гаргасны дараа машинд ачиж зөөсөн байдаг ба үүнийг анхан шатны шүүх машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Н.А-, Д.Т- нар нь хулгайн эд зүйлийг авсныхаа дараа, өөрөөр хэлбэл вакум цонхыг “Түү Болд” ХХК-ийн хашааны завсраар гаргаснаар болон “Түү Болд” ХХК-ийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ оруулж, захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайн гэмт хэргийг төгссөн гэж үзэх үндэслэл байна гэж ойлгож байна. Тодруулбал, Д.Т- “...харуулын байрнаас баруун тийш 100 орчим метр зайд Н.А-ын машин байсан ба А- бид хоёр нэг ширхэг том вакум цонхны хүрээ /шилгүй/ өргөөд торон хашааны завсраар гаргаж машинд ачсан...” гэж мэдүүлсэн байдаг. Эндээс дүгнэхэд цонх аваад хашаанаас гаргах хүртэл машиныг ашиглаагүй, хулгай хийсэн цаг хугацаа төгссөн ба нөгөө талаар уг машиныг байнга ажилдаа ашигладаг бөгөөд шүүгдэгч нар төрөл бүрийн машин механизмыг зориуд ашиглаж хулгай хийх арга болгон хэрэглээгүйг анхааран, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарт ашигтайгаар шийдэж өгнө үү. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн атлаа дан ганц Н.А-оос 6.800.000 төгрөгийг гаргуулж, нэг шүүгдэгчид дагнан хариуцуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно гэж үзэж байна. Хэрэв шүүх Н.А-, Д.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж л байгаа бол Н.А-, Д.Т- нараас эн тэнцүү хэмжээгээр 6.800.000 төгрөгийг хуваан гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн, 1 жилийн хорих ял оногдуулж, мөн Н.А-оос 6.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэнийг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлын  агуулгаас харахад Н.А-оос 6.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгуулах, боломжгүй бол Д.Т-тай хувааж төлнө гэх агуулга харагдаж байна. Н.А-, Д.Т- нарыг хамтран хулгай хийсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Н.А- жижиг цонхыг хэзээ авсан нь мэдэгддэггүй. Харин том цонхыг авахын тулд урьдчилан объектыг сонгож машинаа бэлдсэн, цонхыг ганцаараа өргөж чадахгүй байсан учир Д.Т-ыг дуудаж өргүүлсэн. Н.А- “Д.Т- энэ хоёр цонхыг авчих гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Энэ үгэнд их учир холбогдол байгааг тунгааж үзнэ үү. Тухайн байгууллагын хашаанаас юм алга болоод байсан учраас Н.А-ыг сэжиглэсэн. Хохирогч Н.А-ын гэрт очиход хаалга хийлгэсэн, 00 барьсан, вакум цонх байшиндаа суурилуулсан байсан бөгөөд “чи хулгай хийлээ” гээд Баасандорж нь Н.А-той муудалцсан. Энэ талаарх Баасандоржийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Д.Т- нь Баасандоржтой хамаатан садан учир түүнийг чадахаар “Д.Т- энэ хоёр цонхыг авчих гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Д.Т- өөрөө “боль, болохгүй” гэж хэлж байсан. Д.Т- хувийн байдлын хувьд, хүн “үүнийг өргөөд өгөөч” гэж хэлэх юм бол “за” гэж хэлээд гүйгээд очих хөнгөн шингэн хүн. Д.Т- энэ хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж хэрэгсэхгүй болгуулахаар прокурорт  гомдол гаргаж байсан. Гэтэл шүүхээс хамтран оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцсон. Д.Т- машин луу зөөж аваачаад машин дээр гаргахад тусалсан. Харин машиныг Н.А-ынх мөн эсэхийг мэдээгүй. Шүүгдэгч Д.Т- нь Н.А-оос юу ч аваагүй, мөнгөний асуудалд ямар ч оролцоо байхгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ажлаа хийж яваад ийм хэрэгт холбогдчихсон. Хэргийн үйл баримтаас хархад Д.Т-ын ялыг хамжигчаар оролцсон гэж хөнгөрүүлэх боломж байгаа. Д.Т- урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах хүсэлтэй байсан боловч Д.Т- “яах юм бэ, хэрэггүй” гэж хэлээд зөвшөөрөөгүй учир гомдол гаргаагүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.А-, Д.Т- нар нь бүлэглэн, 2019 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Түү Болд” ХХК-ийн барилгын талбай дээрээс шилтэй жижиг вакум цонх нэг ширхэг, том вакум цонхны хуванцар хүрээ нэг ширхэгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.830.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Т.Баасандоржийн “...тэгээд би Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд байдаг гэрт нь очиход манай барилгын талбай дээрээс алга болсон том, жижиг хоёр цонхыг байшиндаа хийсэн байсан. Би эдгээр зүйлсийг баталгаажуулаад зургийг нь дарсан байгаа. А-той уулзахад “намайг уучлаарай” гэж хэлсэн. ...” /хх 16-17/,

гэрч Х.Хүдэрийн “...би өмнө нь мэдээгүй байж байгаад “Түү Болд” ХХК-ийн менежер Т.Баасандорж надад хэлээд бид хоёр А-ын гэрт хамт очиход баригдаж байгаа байшин байсан ба байшингийн гадна талд цагаан хөөсөнцөр шахдаг хөөс зэрэг “Түү Болд” ХХК-ийн эд зүйлс байна гэдгийг хараад мэдсэн. ...” /хх 41-42/,

гэрч М.Нурланы “...Манай хашаанд амьдарч байхдаа барилгын янз бүрийн юм цуглуулаад хашаагаар энд тэндгүй хог болгочихсон байхаар би хөөгөөд шахуу нүүлгэсэн. ...” /хх 136-138/,

гэрч П.Гантулгын “...шат, цонх авчирч өгсөн гэж дараа нь сонссон. ...” /хх 161-163/,

Н.А-ын яллагдагчаар өгсөн “...“Түү Болд” ХХК-ийн хашаанаас том вакум цонхны хүрээ, жижиг вакум цонх зэргийг тухайн үед миний унаж байсан Хүдрээ гэх хүний “Porter” загварын машинаар ачиж явсан. Энэ цонхыг авахад надтай хамт “Түү Болд” ХХК-ийн мужаан Түмээ ах байсан. ... /хх 74-75/,

Д.Т-ын яллагдагчаар өгсөн “...А- бид хоёр үлдээд жоохон архи байхаар хувааж уусан. А- "Түмээ ахаа нөгөө цонхыг авчих уу" гэхээр би “боль” гэсэн чинь А- “яадаг юм бэ авчий” гэсэн. Тэгээд харуулын байрнаас баруун тийш 100 орчим метр зайд А-ын машин байсан ба бид хоёр нэг ширхэг том вакуум цонхны хүрээ /шилгүй/ өргөөд торон хашааны завсраар гаргаж машинд ачсан. ...А- бид хоёрыг барилгын хашаанаас вакум цонх ачсан талаар өөр хэн нэгэн мэдээгүй байхаа. …” /хх 83-86/ гэх мэдүүлгүүд, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх 54/, хохирогчийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-24/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Н.А- болон түүний өмгөөлөгч “...шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэж давж заалдах гомдол гарган, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ.

 

Прокуророос Н.А-, Д.Т- нарыг бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй, алдаатай дүгнэлт хийжээ.

 

Тухайлбал, шүүгдэгч нар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Түү Болд” ХХК-ийн барилгын талбай дээрээс шилтэй жижиг вакум цонх нэг ширхэг, том вакум цонхны хуванцар хүрээ нэг ширхэгийг хулгайлан авч Х.Хүдэрийн эзэмшлийн, Н.А-ын унаж явсан “Hyundai porter” загварын 32-63 УБЭ улсын дугаартай автомашинаар зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

 

Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.

 

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.

 

Шүүгдэгч Н.А-, Д.Т- нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Н.А-, Д.Т- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.А-од 2 жил 6 сарын, Д.Т-т 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж байгаатай холбогдуулан, мөн шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-од 1 жил 6 сарын, Д.Т-т 6 сарын хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын “...хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 Н.А-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй гэж үзсэн бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1058 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.А-, Д.Т- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигин овогт Дүгэрсүрэнгийн Т-, Харнууд овогт Намсрайн А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай. ...” гэснийг “...Боржигин овгийн Дүгэрсүрэнгийн Т-, Харнууд овгийн Намсрайн А- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.А-ыг 2 жил 6 сарын хорих ялаар, Д.Т-ыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-ыг 1 жил 6 сар хорих ялаар, Д.Т-ыг 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын “...хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН