Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/00067

 

                                             

 

 

 

 

 

 

 

                                     2021         01          12

            182/ШШ2021/00067

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.М

 

Хариуцагч: Б.Г

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.М, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: О.М миний бие 2015 онд Б.Гтэй танилцан хамтран амьдарч байгаад 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 1125790016 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 01 сарын 19-ний өдөр хүү М.Э төрсөн. Б.Г нь өмнө хүнтэй сууж байсан ба охин Г.Э нь одоо 7 настай. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оны 07 сараас салж тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүү М.Э нь 2 талд ирэн очин байсан. Миний бие 2018 оны 04 сараас “MMSE” ХХК-ийн Оюутолгой төсөлд механикаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа. Б.Г нь хүү М.Эыг төрснөөс хойш байнга гэрт баймааргүй байна, ажилдаа ормоор байна гэж гомдоллож, байнга хэрүүл салахгүй хардаж хэрүүл өддөг энэ байдал даамжирсаар бид тусдаа амьдрах болсон. Тухайн үед бид байр хөлсөлдөг байсан ба би 28 хоног ажиллаад 14 хоног амардаг ажилтай байсан. Нэг удаа ажлаас буугаад ирэхэд онгоцны буудал дээр хүү М.Эыг хамаг хувцастай нь тэвэрчихсэн хүүхдээ ав гээд үлдээгээд явсан ч, хэсэг хугацааны дараа хүүгээ санаад байна гээд аваад явсан. Эхэндээ ажлын 5 өдөр авч ирж харуулаад, амралтын 2 өдөр авч явдаг байснаа 2020 оны 02 сараас авч ирэхээ больж хүүтэй минь уулзуулахгүй болсон. Би Б.Гийг хоёр хүүхдийг хараа хяналтгүй орхиж явдаг болохыг 2020 оны 08 сарын 07-ны өдөр 108 дугаарт хөрш айлын хүн 2 хүүхэд харгалзах хүнгүй байнга өнждөг гэж дуудлага өгч манай ээж П.Мөнгөнхуяг очин баталгаа бичиж авсан өдөр л мэдсэн. Энэ үед би ээлжийн ажилдаа явсан үе таарсан. Б.Гийн хуучин нөхөр нэг гудамжинд амьдардаг ба охин Г.Э нь хааяа дүүгээ орхиод аавындаа очдог тухай мэдүүлсэн байсан. Хүүгээ ээжээрээ харуулна гэхэд зөвшөөрдөггүй мөртлөө хуучин нөхрөөрөө мөнгийг нь өгч харуулна гээд бид муудалцсан. Өгч явуулахгүй гэсэн болохоор 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 сарын 24-ний өдөр хүртэл би өөрийн дүү О.Дыг гэр лүү нь явуулж хүү М.Эыг, Б.Гийн охин Г.Этэй харуулсан. Энэ хугацаанд Б.Г нь манай дүүг очиход 2 хүүхдийг орхиод явчихсан байдаг, орой 21:30-22:30 хооронд ирдэг байсан. Ирсэн явсан цагийг нь тэмдэглэсэн тэмдэглэлийг хөтөлсөн бүртгэл бий. Б.Г нь өөрөө шүүхдээ чи өргөдлөө өг гэчихээд өгөхөөр салахгүй, эвлэрүүлэн зуучлалд материалаа өгөөд 3 удаа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Бидний хооронд ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, би Б.Гд итгээд өөрийн хүү М.Эыг өгч чадахгүй, буцаад хуучин нөхөртэйгээ холбоотой юм шиг байсан. Миний хүүг яахыг би мэдэхгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, өөрийн хүү М.Эыг өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие О.Мын нэхэмжлэлтэй танилцаад гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Харин хүү минь болох М.Эыг өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулна. О.М нь аав хүний үүргээ үл ухамсарлан хүүгээ хайр халамжаар дутаадаг. 2019 оны 07 сараас бид 2 тусдаа байх болсон ба 2 хүүхдээ халамжилж, юугаар ч дутаахгүй гэсэндээ эргэн ажилдаа орсон. Ажилд явах зарим өдрүүдэд хүү М.Эыг О.М нь авч хардаг байсан. Гэвч өөрөө харахаас төвөгшөөж ээжийнхээ дүү болох П.Мөнхбат гэх сүрьеэтэй хүнтэй 7 сартай хүүг минь үлдээж, хотод байдаг холын хамаатных руугаа надад хэлэлгүй өгөөд явуулсан байсан. Хүүг минь авчирч өгөөч гэж зөндөө гуйсан боловч надад ерөөсөө хэлээгүй хөдөө сум руу явуулсан. Ингээд цагдаад хэлнэ гэж байж 14 хоногийн дараа өөрөө очиж хүүгээ авч ирсэн. Тэрнээс хойш хүүгээ зөвхөн гэрт минь ирж харж бай гэсэн боловч О.М нь амарч байх хугацаандаа хүү дээрээ ирдэггүй, миний фэйсбүүк, утасны дугаар зэрэг бүх зүйлийг блоклоод алга болдог. Энэ байдал нь үргэлжилж явсаар 108 утсанд дуудлага болон очсон болно. Хорооны нийгмийн ажилтантай уулзаж, хурлаар орсны эцэст хүүгээ 2 гэрээр харахаар болсон. О.М нь өөрийн гэр оронгүй, түрээсийн байшингаар амьдардаг. Ээлжийн ажилдаа явахдаа ээж дээрээ хүүг үлдээдэг ч ээж нь ажил хийдэг, хүүг минь хардаггүй. Модны 2 цагаан байранд байдаг хамаатнууд дээрээ аваачаад орхидог. Одоо байгаа түрээсийн байшин нь бясаа, хулганатай хүүг минь очих болгонд 2 гар, нүүр, хөлийг нь хавдтал яр шарханд нь бариултал хазсан байдаг. О.М нь амралтаараа ирэхдээ ч гэр орондоо тогтдоггүй, найз нөхөд хамаатан садны айлуудаар хоноглож явдаг. Иймээс энэ хүн хүүг минь асран хамгаалж авч явахад итгэлгүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургууль, өрхийн эмнэлэг, Засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                                            

    ҮНДЭСЛЭХ нь:

 

О.М, Б.Г нар нь гэр бүл болж 2019 оны 05 сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2019 оны 01 сарын 19-ний өдөр хүү М.Эыг төрүүлэн амьдарсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 7 сараас салж тусдаа амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүсэж зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хүүхэд бага насны, нэхэмжлэгч, хариуцагч нар тусдаа амьдарснаас хойш хүүхэд эхтэйгээ хамт амьдарч байгаа байдлыг харгалзан үзэж 2019 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Эыг эх Б.Гийн асрамжид үлдээж эцэг О.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан О.М, Б.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2019 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Эыг эх Б.Гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн хүү М.Эыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Маас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Гээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мт олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                       

                                 ДАРГАЛАГЧ                                       С. БУД