Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/00439

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

                                     2021         02          10

            182/ШШ2021/00439

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Э

 

Хариуцагч: Г.Д

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э, хариуцагч Г.Д, нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П.Э миний бие 2011 онд Г.Дтэй танилцаж улмаар 2012 оноос хойш дотно харилцаатай болсон. Ингээд 2013 онд жирэмсэн болж, 2 талын гэр бүлтэй танилцан 2013 оны 06 сараас эхлэн манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. Г.Дг гэр бүлээс гадуурх харилцаатай болсныг 2013 оны 12 сард мэдсэн, хэзээ мөдгүй төрөх гэж байсан болохоор мэдээж уучилж, тэр харилцаагаа дуусгахыг удаа дараа Г.Дгээс гуйж, шаардсан. Ингээд бидний дундаас 2014 оны 01 сарын 07-ны өдөр хүү Д.А төрсөн. Г.Дг гэр бүлээс гадуурх харилцааг дуусгавар болгосон гэж итгэж найдсан ч хүүг төрснөөс хойш 2 сарын дараа буюу 2014 оны 03 сарын 10-ны өдөр нөгөө эмэгтэйтэйгээ амьдрахаар манай гэрээс хамаг юмаа аваад явсан. Тухайн үед миний бие нялх биетэй байсан, мөн сэтгэл санааны хувьд асар хүнд цохилтод орсон. 2015 оноос хойш хүүгийн эцэг болох Г.Д нь ямар ч холбоогүй байгаа бөгөөд өдий хүртэл би хүүгээ ганцаараа өсгөж байна. Энэ хугацаанд Г.Д нь өөрийн хүү Д.Аийг харж хандах нь бүү хэл нэг ч удаа асууж, сураглаж байгаагүй. Эцгийн хувьд хүүдээ хайр халамж үзүүлдэггүй юмаа гэхэд ядаж хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ ухамсарлахгүй, хүүхдийнхээ өмнө эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна. Одоо миний хүү сургуулийн сурагч болсон энэ хүртэлх хугацаанд Г.Д нь хүүхдийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээж байгаагүй учир цаашид эцгийн зүгээс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

 

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие П.Этай 2011 онд танилцаж дотносон, хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2014 оны 01 сарын 07-ны өдөр хүү Д.А мэндэлсэн. Би П.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна, хүү Д.Аийг ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг өгөх ёстой гэж үзэж байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлаад                                                                           

                                

    ҮНДЭСЛЭХ нь:

 

 

П.Э, Г.Д нар нь 2011 онд танилцаж, 2014 оны 01 сарын 07-ны өдөр хүү Д.Аийг төрүүлэн хамтран амьдарчээ. Тэд хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2014 оны 03 сараас салж тусдаа амьдарсан байна.

Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй ба Г.Д нь Д.Аийн эцэг мөн болох нь захиргааны журмаар тогтоогдсон байна.

Хүү Д.А нь эх П.Эгийн хамт, түүний асрамжинд амьдарч байна.

 

Хариуцагч нь хүү Д.Аийг эхийн асрамжид байлгахад татгалзахгүй байгаа ба хүү Д.Ат хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар тогтов. 

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 

  1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ыг баримтлан 2014 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Аийг эх П.Эгийн асрамжинд үлдээж, хүү Д.Аийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Дгээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Г.Дгээс 35.868 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

  1. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       

                                 ДАРГАЛАГЧ                                          С. БУД