| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000149 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хишиг Монгол” караокены гадаа *******ийг үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд тухайн үед*******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед******* надад 400000 төгрөг өгсөн. Би тухайн үед мөнгө бэлнээр нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2024 оны 04 дүгээр сарын 21-ний 01 цагийн үед гадуур явж байгаад Хишиг Монгол караоке руу орсон. Тус караокед ороод жижиг кола ундаа авч уучхаад гадна талд нь гараад тамхи татаад зогсож байтал миний хажууд зогсож байсан танихгүй залуу миний нүүр лүү 2 удаа цохисон. Миний хамраас цус гоожоод би доошоо газарт хэсэг сууж байгаад хойшоогоо алхаад явж байгаад утасны камераа гаргаад нүүрээ хартал миний хамар мурийсан, нүд хавдсан байсан. Намайг цохисон залуутай би ерөөсөө маргаагүй. Намайг зүгээр зогсож байхад ямар ч шалтгаангүй намайг зодсон. Би Хишиг Монгол караоке орохоосоо өмнө найзуудтайгаа хэдэн пиво уусан байсан би согтоогүй биеэ авч явах чадамжтай байсан. Миний зүүн нүд хөхөрсөн, хамар баруун тал руугаа мурийсан байдалтай байгаа, өөрөөр биед гэмтэл учраагүй. Би тухайн залууг харвал танина. Тухайн залуу халамцуу байх шиг байсан нээх согтуу байгаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.... Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан одоо надад нэмж ярих зүйл байхгүй. ******* гэх хүнтэй би уулзсан надад хохиролд 400,000 төгрөг өгсөн. Одоо миний биед өвдөж байгаа зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 19-20/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2024 оны 04 дүгээр сарын 21-ний 01 цагийн үед Хишиг Монгол Караокены гадна бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу очсон. Тэгээд Хишиг Монгол Караокены камерыг шүүж үзэхэд караокены гадна талын үүдэнд миний зүс таних залуу болох нь******* гэх хүнийг гараараа 2 удаа цохиж байгаа бичлэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлах Хишиг монгол гэх караоке дотор нэг найзын хамт үйлчлүүлж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр*******той Хишиг монгол караокены гадаа уулзсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан “намайг хаана очих юм” гэж асууж байсан. Намайг хэл амаар доромжилсон зүйл болоогүй.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тийм их согтуу байгаагүй. Би цохиж авахыг харсан,******* намайг хоргоогоод миний гараас барьж аваад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би орлоо гээд хэлсэн чинь ******* цаана нь тамхи татаад зогсож байгаад ирээд манай найзыг яагаад явуулахгүй байгаа гээд намайг өмөөрөөд нүүр лүү нь цохиод авсан. Би*******ийн хамраас нь цус гарахаар нь би наад цусаа угаа гэсэн чинь цагдаа дуудна гээд яваад өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 250 дугаартай
1.*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 /,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-09/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/, депозит дансны хуулгууд /хх-ийн 63/ Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 89-90/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-94/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95-97/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Хишиг Монгол” караокены гадаа *******ийг үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ..Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Миний хувьд тухайн үед*******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж гэмтэл учруулсан нь үнэн. Тиймээс уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51
Хохирогч *******ийн...Гараад тамхи татаад зогсож байтал миний хажууд зогсож байсан танихгүй залуу миний нүүр лүү 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 19-20/
гэрч *******ын...Зүс таних залуу болох ******* гэх хүнийг гараараа 2 удаа цохиж байгаа бичлэг байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч ийн...******* цаана нь тамхи татаад зогсож байгаад ирээд нүүр лүү нь цохисон... гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 250 дугаартай...*******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 /болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхийн хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 40-41/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******ид 400,000 төгрөг төлсөн, хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.... гэх дүгнэлтийг
Шүүгдэгч ... би ажил хөдөлмөр эрхэлдэг, сарын 1200000 төгрөгийн цалинтай тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч *******ийн нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, / Баянхонгор сумын Засаг даргын тамгын газарт цахилгаанчин ажилтай, сарын 1,300,000 төгрөгийн цалинтай/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,
Шүүгдэгч ... гар утас....ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч ... гар утас....ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй , түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА