| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/157 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: М.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Болдбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000199 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, Өөлд овогт Мандахын Болдбаатар, Регистрийн дугаар:*************,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч М.Болдбаатар нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.Ганбатын гэрт хохирогч Г.Гансүхийг үл ялих зүйлээр шалтаглаж, улмаар түүний зүүн чихний омгийг заазуур тасалж эрүүл мэндэд нь зүүн чихний омогны тасарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч М.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн хуралд очиж суугаад Архангай аймгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл дотор архи зарж байсан хүнээс 2 шил 0.75 литрийн архи аваад хоёр хүнтэй хамт хувааж уусан. Тэгээд цааш юу болсныг санахгүй байсан ба тухайн хэрэг гарсны маргааш нь би Г.Гансүхийн зүүн талын чихний омгийг заазуураар тасалсан байснаа мэдсэн. Өөр ярих зүйл алга байна. Надаас Г.Гансүх 200.000 төгрөг нэхэмжилснийг нь би бэлнээр өөрт нь өгсөн. Би архи ууснаасаа хойших юмыг огт санахгүй байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн хохирол учруулсан нь миний буруу ...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,
Хохирогч Г.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2024 оны 05 дугаар сарын 22-ны орой би саахалт айл болох Ганбат гэх айлд очиж хонио хотлуулах гээд 21 цагийн үед очиход тухайн айлын малын хашааны хажууд Болдбаатар, Ганбат, Батдорж нар байсан. Тэгээд би Ганбатын гэр лүү нь орсон чинь гэрт хүн байхгүй байсан ба араас М.Болдбаатар ганцаараа орж ирээд чамайг ална гээд гал тогооны савнаас заазуур аваад над руу дайрахаар нь би заазууртай гараас нь хоёр гараараа барьж аваад өөрийгөө хамгаалж байгаад Идрээ салгаарай гээд гэр дотроос орилсон. Тэгээд би гарыг нь бариад ноцолдоод байж байтал миний зүүн чихний тал хэсгийг тасалсан. Тэгээд удалгүй Идэрээ гэх манай эхнэрийн орж ирээд салгасан. Тухайн үед миний биеийн өөр хэсгийг зүсээгүй... Миний эрүүл мэндэд учирсан хохирол болох 200.000 төгрөгийн хохирлыг М.Болдбаатар надад төлж багадуулсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, 23-24,
Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Г.Гансүхийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 607.464 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Д.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “
.. Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн хурал болоод орой нь бүжиг болоод тарсан чинь М.Болдбаатар архи уусан байсан. Тэгээд М.Болдбаатар эхнэрээ сундалж явж чадахгүй унаад байхаар нь би авгайг нь араараа суулгаад М.Болдбаатарыг ганцааранг нь мотоциклтой нь өмнөө оруулаад явж байтал замдаа мотоциклоосоо унаад байхаар нь зам дагуу Л.Ганбат ахынд үлдээчхээд эхнэрийг нь цааш гэрт нь хүргэж өгчхөөд буцаад Л.Ганбат ахынд ирсэн чинь М.Болдбаатар хашаа даваад Л.Ганбат ахын гэр лүү гүйж орсон. Тэгээд би Ганбат ах, Идэр нартай хамт малын хашааных нь дэргэд байж байтал удалгүй Идэр, Ганбат ахын гэр лүү Болдбаатарын араас нь ортол гэрт Г.Гансүх ирсэн. М.Болдбаатар тэр хоёр зодолдсон байсныг Идэр салгаад гаргаж ирсэн. Тэгээд би та нэр нэг доор байдаг байж ийм байж болохгүй гээд Г.Гансүх, М.Болдбаатар хоёрыг гэр гэр лүү нь явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Л.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...орой 21 цагийн үед манайд М.Болдбаатар, Батдорж хоёр нэг, нэг мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд удалгүй Ш.Идэрээ хүрч ирээд бид 4 манай малын хашааны хажууд юм яриад сууж байсан. Тэгтэл Г.Гансүх ирээд шууд манай гэр лүү яваад орсон чинь М.Болдбаатар манай гэр лүү Г.Гансүхийн араас яваад орсон. Удалгүй гэр дотор М.Болдбаатар, Г.Гансүх хоёр орилолдоод шуугилдаад байхаар нь араас нь Ш.Идэрээ гүйж ороод гэрт байсан хоёрын салгаад гэрээс гарч ирсэн чинь Г.Гансүхийн чихнээс цус гарсан байхаар нь гэр лүү нь явуулсан. Тухайн Г.Гансүхийн чихийг тасалсан заазуур манай хар өнгийн иштэй заазуур байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэрч Ш.Идэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. орой 21 цагийн орчимд Л.Ганбат ахынд очсон чинь малын хашааны дэргэд М.Болдбаатар, Батдорж, Л.Ганбат гурав юм яриад зогсож байсан. Тэгээд намайг очоод удаагүй байтал Г.Гансүх ах ирээд Л.Ганбат ахын гэр лүү орсон чинь удалгүй араас нь М.Болдбаатар гүйгээд гэр лүү нь орсон. Тэгтэл гэр дотор орилолдоод шуугилдаад байхаар нь би гүйж ороход М.Болдбаатар Г.Гансүх ахыг орон дээр дарсан, багалзуур дээрээс нь заамдсан байсан. Тэгтэл Г.Гансүх ах хутгыг ав гээд орилохоор нь М.Болдбаатарын гар луу хартал заазуур барьсан байхаар нь булааж аваад салгаад Г.Гансүх ахыг гэрээс гар гээд гаргаад явуулсан. Тэгээд М.Болдбаатарын барьсан заазуурыг Л.Ганбат ахын гэрийн хаяаны доогуур хийсэн. Намайг гэр лүү орж Г.Гансүх ах, М.Болдбаатар хоёр салгахад Г.Гансүх ахын чихнээс цус гарсан байсан. Тухайн үед М.Болдбаатар согтуу байсан. Харин Гансүх ах, Батдорж, Ганбат ах нар эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай
1.Г.Гансүхийн биед зүүн чихний омгийн тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 8-38-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
5.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл болно... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 /,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч М.Болдбаатар нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багт байрлах иргэн Л.Ганбатын гэрт хохирогч Г.Гансүхийг үл ялих зүйлээр шалтаглаж, улмаар түүний зүүн чихний омгийг заазуур тасалж эрүүл мэндэд нь зүүн чихний омгийн тасарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч М.Болдбаатарын...би Г.Гансүхийн зүүн талын чихний омгийг заазуураар тасалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,
Хохирогч Г.Гансүхийн ...М.Болдбаатар ганцаараа орж ирээд чамайг ална гээд гал тогооны савнаас заазуур аваад над руу дайраад гарыг нь бариад ноцолдоод байж байтал миний зүүн чихний тал хэсгийг тасалсан....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, 23-24,
Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын...Г.Гансүхийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 607.464 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч Д.Батдоржийн...Болдбаатар, Гансүх хоёр зодолдож байсныг Идэр салгаад гаргаж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Гэрч Л.Ганбатын...М.Болдбаатар, Гансүх хоёрын салгаад гэрээс гарч ирсэн чинь Г.Гансүхийн чихнээс цус гарсан байсан, Г.Гансүхийн чихийг тасалсан заазуур манай хар өнгийн иштэй заазуур байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Гэрч Ш.Идэрийн...Болдбаатарын гар луу хартал заазуур барьсан байхаар нь булааж аваад салгаад Гансүх ахыг гэрээс гарсан..Г.Гансүх ахын чихнээс цус гарсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаартай...Г.Гансүхийн биед зүүн чихний омгийн тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч М.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч Г.Гансүхтэй үл ялих зүйлээр шалтгаалсны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч М.Болдбаатар нь хохирогч Г.Гансүхийн биед зүүн чихний омгийн тасарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 59-60/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Болдбаатар нь хохирогч Ц.Лхагвадоржийн бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч М.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бусдын үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь шүүгдэгч М.Болдбаатар анхаарах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Болдбаатар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч М.Болдбаатар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Болдбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Болдбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Гансүхэд 200,000 төгрөг төлсөн, хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Г.Гансүх нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 607500 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч М.Болдбаатар нь эрүүл мэндийн даатгалын санд 607500 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч М.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.... гэх дүгнэлтийг
Шүүгдэгч М.Болдбаатар ... би хөдөө мал малладаг, буруугаа ойлгож байна, торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч М.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Болдбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч М.Болдбаатар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн, хохирогч Г.Гансүх нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал / Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд мал малладаг, 108 толгой бод мал тоологдсон талаар малын А дансны хуулга, өөрийн 5249213646 тоот дансанд 1378000 төгрөгийг орлоготой/ , шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Болдбаатарыг нэг мянган гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Болдбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Болдбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч М.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Болдбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Мандахын Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Болдбаатарыг нэг мянган гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Болдбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Болдбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Болдбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА