Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Ж.М******,

Шүүгдэгч А.Б******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амартүвшиний Б******д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б******нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өглөө” дэлгүүрийн гадна 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ж.М******ыг хөлөн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн шилбэ ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б******нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өглөө” дэлгүүрийн гадна 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ж.М******ыг хөлөн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн шилбэ ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ****** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Намайг хэл амаар доромжлоод байсан учраас хянгар руу нь 2 удаа өшиглөсөн...хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг өгнө...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.М******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хянгараа 2 удаа зүсүүлсэн. Одоо хар болоод наалдчихсан атал ганцхан өшиглөсөн гэж худлаа яриад байх юм. Би цагдаа руу залгасан. Одоо утсан дээр байгаа. Худлаа ярих шаардлага байхгүй. Түүнээс хойш хажуу тийшээ тонгойход зүүн тал руу судас дагаж толгой руу хатгаж байгаа. Нэг минутын дотор бужигнуулаад хаячихсан...Би Улаанбаатар хот руу явж хөлөө үзүүлмээр байна. Би эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Хувийн эмнэлэгт ч олон удаа үзүүлсэн...бодит гарсан зардал дээр 2,000,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Ж.М****** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 290,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулна...”гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Гэрч Г.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт байрладаг Өглөө нэртэй дэлгүүрийн гаднах машины зогсоол дээр өнгөлгөө хийж байсан чинь зүс таних А.Б******мотоциклтой явж байснаа хажууд ирээд зогссон. Би А.Б******оос “юу байна ахын дүү” гэж асуугаад адуу мал яриад зогсож байтал нэг үл таних согтуу хүн хаанаас ч юм бүү мэд гараад ирсэн. Тэгснээ тэр хүн пизда наахуугаар нь дуудаж хараалын үг хэлж орилоод А.Б******ын мотоциклыг түлхэж унагаачих гээд байсан. Тэгэхээр нь А.Б******“та ингэж болохгүй, цаашаа яв” гэсэн зүйл яриад байсан. Тэгснээ А.Б******тэр согтуу залуутай наашаа цаашаа түлхэлцээд л яваад байсан. Би ч ажлаа хийгээд байж байхад тэр хоёр мотоцикл дээр цуг сундалдаад л яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч Н.Э******ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр дэлгүүрийнхээ урд талын зогсоолыг янзлаад байж байтал нэг согтуу хүн манай дэлгүүрийн гадаа ирсэн. Тэр хүн бол өмнө нь ч дэлгүүрт согтуу орж ирээд амгалан тайван байдал алдагдуулах, худалдан авагч нар руу ч гэсэн том том дугараад ер нь өөрөө их болдоггүй хүн. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б****** надтай хамт ажил хийж байсан. Тэр үед А.Б******гэх залуу бид нар дээр ирээд байж байсан юм. Тэгсэн чинь тэр согтуу хүн орилж хашхираад онцгүй авир гаргаад байхаар нь бид нар “яв, яв, яваарай” гээд уг нь хөөсөн. Тэгсэн чинь тэр А.Б******гэх залуу согтуу хүнтэй муудалцаж байснаа хөл рүү нь өшиглөсөн байсан. Тухайн согтуу хүн босож явж чадахгүй хэсэг байж байснаа тэр хоёр хоёулаа хамт яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 548 дугаартай дүгнэлтэд: “

1.Ж.М******ын биед зүүн шилбэ ясны хугарал, зүүн тохойд сорви бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Ж.М******ын биед үүссэн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  (хх-ийн 26-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 33-40-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 44-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 45-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ****** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б******нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өглөө” дэлгүүрийн гадна 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ж.М******ыг хөлөн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн шилбэ ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв.

Шүүгдэгч А.Б******нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч А.Б******нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өглөө” дэлгүүрийн гадна 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ж.М******ыг хөлөн тус газарт нь өшиглөсний улмаас зүүн шилбэ ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.М******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),

Гэрч Г.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч Н.Э******ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 548 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.М******ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Б******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч А.Б******нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.Б******нь хохирогч Ж.М******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.М****** нь 2,000,000 төгрөг нэхэмжилж байх ба шүүгдэгч А.Б******нь 2,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч А.Б******оос 2,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М******т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.М****** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Б******оос нэхэмжлэх эрхтэй болохыг  нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Мөн иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 290,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Ж.М******т 290,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 14-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б******оос 290,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгааг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзэх, шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас шүүгдэгч А.Б******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б******нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 33-40-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт малаа маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч А.Б******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянгат овогт Амартүвшиний Б******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Амартүвшиний Б******ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б******нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Б******оос 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М******т, 290,000 (хоёр зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

5. Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.М****** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Б******оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР