Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Г.Д******,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,

Шүүгдэгч Я.П******н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я******ийн П******нд  холбогдох эрүүгийн ******  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.П******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 05-07 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Д******ыг зодож, биед нь зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглаганд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.П******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 05-07 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Д******ыг зодож, биед нь зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглаганд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ****** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.П******нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Д****** гуайн гэрт дөнгөж ортол архи уусан хүний хөл барихгүй ээ гээд хэлж байсан, өөрөө ч Д****** гуай халамцуу байсан. Тэгээд сууж байтал Ү****** ээжээсээ мөнгө аваад архинд явсан. Ирэхдээ 1 шил Монгол гэсэн нэртэй хямд архи авч ирсэн. Би тийм архи уудаггүй болохоор архинаас нь уугаагүй. Тэгээд байж байтал зүс таних Од гэх залуу орж ирээд тэр гурав архийг уугаад дуусгасан. Од такси баръя гээд гарсан. Ү****** хэсэг байж байгаад араас нь гарсан. Тэр хоёрыг такси бариад ирэхийг хүлээгээд байж байтал Д****** гуай хажууд ирээд намайг хэл амаар доромжилж хүүгийн минь амьдралд гай болдог гэсэн зүйл ярьсан. Би гаръя гэж бодоод өндийтөл миний нүүр лүү юмаар цохисон. Нүүрээ дараад тонгойтол толгойны ар нуруу луу барьсан юмаараа цохиод байсан. Би юугаар цохиод байгааг нь мэдээгүй. Намайг цохиод байхаар нь би түлхсэн чинь Д****** гуай уначихсан. Нүүрнээс нь их хэмжээний цус гарч байсан. Би их айж сандарсан...Тэгээд Ү****** орж ирээд чи ээжийг зодлоо гээд цагдаа дуудсан...Би эхнээсээ уучлалт гуйсан. Хохирол төлье гээд нэг удаа очсон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Маш их гэмшиж байна. Торгуулын арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Д******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 02-нд манай гэрт оройны 22 цаг болж байхад гаднаас манай хүү Ү****** нь П******н гэдэг манай бэрийн төрсөн дүүтэй нь суусан залуу хоёр ороод ирсэн. Энэ хоёр тухайн үед бага зэрэг архи уусан согтуу бас архи барьсан орж ирсэн. Орж ирээд энэ хоёр надтай ойр зуурын юм яриад хэсэг суунгаа нөгөө архиа хувааж уусан. П******н тухайн үед архи уугаад нэлээн муудаад унтаад манай гэрээс явахгүй байсан. Ингэж байхад гаднаас Мөнх-Од гэдэг миний таньдаг залуу орж ирээд П******нг явуулах гээд Мөнх-Од, Ү****** хоёр такси барих гээд гараад яваад өгсөн. Энэ хоёрыг гадаа явсны дараа П******н надад хөл бариад өг гэхээр нь би согтуу хүний хөл барихгүй гэж хэлсэн чинь л босож ирж байгаа харагдаж байсан. Би тухайн үедээ нээх тоогоогүй байж байхад гэнэт л миний толгой руу тас гээд л яваад өгсөн. Би тэгээд цохиулаад л шууд ухаан алдаад унасан байна лээ. Нэг чимээ гараад байхаар нь ухаан ороод харсан чинь шалаар дүүрэн цус болсон гаднаас Ү******, Мөнх-Од хоёр орж ирсэн...Өдөр, шөнө унтаж чадахгүй толгой, хүзүү байнгын өвдөөд хэцүү байна. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр орой Мөрөн суманд ирлээ. Гэмтлийн эмнэлэг дээр хагалгааны заалттай байсан боловч эрсдэлтэй хагалгаагаа дийлэхгүй байж магадгүй гэсэн зүйл ярьсан тул 1 сарын хугацаанд эмийн эмчилгээ хийлгэж харахаар болсон. Үнэхээр болохооргүй бол хагалгаа хийнэ гэсэн. Одоогийн байдлаар надаас болон миний охин Мөнгөнтуяагаас эмчилгээний зардал гарсаар л байна...Би одоо гарсан байгаа эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг бүгдийг нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 13, 15-р хуудас),

Хохирогч Г.Д******ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Шүүгдэгч худлаа яриад байна. Намайг өөрөө сандлаар цохиод ийм болгосон. Одоо хүн харахаас санаа зовж, ичиж байна. Урт нь 9 см, зузаан 8 см цагаан тархинд цус хуралттай гээд хагалгааны заалттай байсан. Тэгээд хөгшин хүн учраас хагалгаа даахгүй гэсэн. Тэгээд шимэгдэх эмчилгээ хийлгэхэд 10 өдрийн эмчилгээ 1,000,000 төгрөг байдаг. Сүүлдээ хүүхдүүд минь эмчилгээ хийлгэж өгөх боломжгүй болсон. Одоо ойр зуурын эм, тариа аваад явж байна. Би маш их хохирсон...Нийт 5,205,155 төгрөгийг нэхэмжилж байна…” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Г.Д****** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,671,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулна...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-р хуудас),

Гэрч Ч.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нагац эгчийн хүү болох Ү****** мөн Пүүжий гэх базын хамт архи уусан сууж байсан. Тэгэхээр би Д****** эгчийнхээс гэрийн түлхүүрээ аваад гарсан юм. Тэгтэл Ү****** намайг дагаад гараад манайд орж ирээд хэсэг юм ярьж суугаад гараад явсан юм. Удаа ч үгүй намайг аллаа гэх чимээ сонсогдсон юм. Тэгээд тэр үед би гүйгээд гэрт нь ортол Д****** эгчийг тэр Пүүжий гэгч цус нөжтэй нь холиод зодсон байсан юм. Тэгээд шууд цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч Л.Ү******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой 19 цагийн үед би П******нгийн хамт манай ээжийн одоо энэ хэрэг гарсан газар буюу 4-5-7 тоотод ирээд ээж би П******н бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Мөнх-Од ах орж ирээд хамт уусан. Тэгээд 22 цагийн үед гэр, гэр рүүгээ харих болоод би Мөнх-Од ахын хамт ээжийнхээс гараад такси барихаар гарсан юм. Бараг 10 минут зогсож байгаад такси аваад ээжийн гадаа таксигаа зогсоочхоод гэрт нь ортол манай ээж гал тогооныхоо өрөөнд зодуулчихсан байдалтай толгойноос нь цус гарчихсан шалан дээр хэвтэж байсан. Тэр үед П******н хажууд нь сандал дээр юу ч дугарахгүй сууж байхаар нь чи манай ээжийг зодчихсон юм уу гэж П******нгээс асуухад юу ч дугараагүй харин ээж маань надад хандан хэлэхдээ намайг П******н зодчихлоо шдээ гэж хэлсэн. Тэгтэл Мөнх-Од ах шууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24, 26, 28-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дугаартай дүгнэлтэд: “

1. Г.Д******ын биед зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, зүүн хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглаганд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Г.Д******ын биед үүссэн хатуу хальс доорх цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, шарх нь тусдаа бусад цус хуралт зулгаралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  (хх-ийн 31-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Хүндэвтэр гарсан гэмтэл болгон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь цаашид ямар нэгэн эд, эрхтэн тогтонги үйл ажиллагаагаа алдсан тохиолдолд хувь тогтоодог...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 47-49-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 51-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 53-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 54-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 55-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ****** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.П******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 05-07 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Д******ыг зодож, биед нь зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглаганд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.П******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Я.П******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 05-07 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Д******ыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна...” гэв.

Шүүгдэгч Я.П******н нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Я.П******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 05-07 тоотод 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Д******ыг зодож, биед нь зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглаганд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Я.П******нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.Д******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13, 15-р хуудас),

Хохирогч Г.Д******ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 64-р хуудас),

Гэрч Ч.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч Л.Ү******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24, 26, 28-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 551 дугаартай дүгнэлт (хх-ийн 31-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Д******ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Я.П******нгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Я.П******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Я.П******н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Я.П******н нь хохирогч Г.Д******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.Д****** нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 5,205,155 төгрөг нэхэмжилж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад: 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр пос машинаар уншуулсан 17,500 төгрөг, Ази фарма эмийн сангаас авсан эм тарианы үнэ 33,450 төгрөг, Мед Ази Тауэр эмийн сангаас авсан эм тарианы үнэ 427,700 төгрөг, шүүдэргэнэ эмийн сангаас авсан эм тарианы үнэ 81,000 төгрөг, Орхон постоор уншуулсан 1,000 төгрөг, Хөвсгөл постоор уншуулсан 1,000 төгрөг, Анаби дэлгүүрээс авсан бараа 6,000 төгрөг, Бензин авсан үнэ 50,000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ авсан 150,000 төгрөг, Сод монгол шатахуун түгээх станцаас авсан шатахууны үнэ 96,000 төгрөг, Оюу эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 111,800 төгрөг, эм, тарианы үнэ 13,200, Оюу эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 23,500 төгрөг, Агар фарм эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 5000 төгрөг, Оюу эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 17,600 төгрөг, шатахуун авсан үнэ 50,000 төгрөг, Оюу эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 1,600 төгрөг, Оюу эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 7,400 төгрөг, НИК шатахуун түгээх станцаас авсан шатахууны үнэ 20,000 төгрөг, тэспетролиум шатахуун түгээх станцаас авсан шатахууны үнэ 57,000 төгрөг, лидэр эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 97,160 төгрөг, шүүдэргэнэ эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 54,000 төгрөг, нийт 1,321,910 төгрөг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн E баримтууд болох оюу эмийн сангаас эм тариа авсан 21,600 төгрөг, Үлэмж Эс эмийн сангаас авсан эм тариа 14,400 төгрөг,  Шунхлай Петролиум ХХК-аас авсан шатахууны үнэ 110,405 төгрөг, Оюу эмийн сангаас авсан эм тарианы үнэ 10,000, 20,000, 15,000 төгрөг, Лидэр өвс эмийн сангаас авсан эм тарианы үнэ 11,800 төгрөг, 1,500 төгрөг, оюу эмийн сангаас эм тариа авсан үнэ 8,000 төгрөг, лидр өвс эмийн сангаас авсан эм тарианы үнэ 3,150 төгрөг, оюу эмийн сангаас авсан эм тарианы үнэ 6,300, 8,000 төгрөг, нийт 230,155 төгрөг, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар таксины үнэ 7,000, 5,000, 5,000, 5,000, 4,000, 5,000, 5,000, 4,000 төгрөг, ор хөнжлийн даавууны үнэ 34,000 төгрөг, халаад таавчиг 88,000 төгрөг, нийт 162,000 төгрөг буюу бүгд 1,714,065 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Я.П******н нь хохирогч Г.Д******д 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Я.П******нгээс 714,065 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д******д олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин хохирогч нь үлдэх 3,491,090 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэн хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Я.П******нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Я.П******н нь эрүүл мэндийн даатгалын санд 2,671,000 төгрөгийн хохирол учруулсан ба дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Я.П******нг иргэний нэхэмжлэгч Г.Аззаяад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хэрэг авагдсан Med Trauma үзлэгийн хуудас 150,000 төгрөг, хүнс авсан үнэ 13,000 төгрөг, юнителийн нэгж авсан үнэ 9,900 төгрөг, юнителийн нэгж авсан үнэ 6,900 төгрөг, хавтаст хэргийн 58 дугаар хуудаст авагдсан Фохоу-аас авсан 2023 оны 11 дүгээр  сарын 26-ны өдрийн 285,000 төгрөгийн орлогын баримт, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1,751,800 төгрөгийн орлогын баримт, Фохоу-аас авсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 615,600 төгрөгийн орлогын баримтууд нь хаанаас авсан нь тодорхойгүй, тамга тэмдгээр баталгаажаагүй, эрүүл мэндийн эмчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй, зарим баримт нь давхацсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар хохирогчид 1,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо тус  тус төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь өнөөдөр хохирогчийн данс руу 1,000,000 төгрөгийг хийсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нь баримтаар нотлогдон хэмжээнд хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна гэж ойлголоо. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.П******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.П******н нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 47-49-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээн тэжээн тэтгэж мал маллан амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн ******  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ёл овогт Я******ийн П******нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я******ийн П******нг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.П******н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Я.П******нгээс 714,065 (долоон зуун арван дөрвөн мянга жаран тав) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д******д олгосугай.

5. Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяад төлөх төлбөргүй, хохирогч Г.Д****** нь 3,491,090 (гурван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга ер) төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Я.П******нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.П******нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР