Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******т,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Атарб******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Б.Б******х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******ийн Б******хад холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг “Дэлэн” гэх газарт ****ХӨВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С******гийн Э******лыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б******х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг “Дэлэн” гэх газарт ****ХӨВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С******гийн Э******лыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б******хын мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн: “….би бусдыг санамсар болгоомжгүй дайрч бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******хын өгсөн: “ Мэдүүлэг өгөхгүй...гэм буруугийн талаар маргаангүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1-р хх-ийн 02-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 03-11-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 12-15-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 16-17-р хуудас),

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (1-р хх-ийн 19-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 20-21-р хуудас),

Аймгийн начин гэгээнтэн овогт Б.Бодио агсны хань, үр хүүхдүүдээс зохион байгуулж буй Жалханц хутагтын 9-р дүр жалханз гэгээн Саруулын Билэгдэмбэрэлийн авшиг хүртсэн ураг төрлийн гэгээнтний баярын хөтөлбөр (1-р хх-ийн 23-р хуудас),

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... талийгаач аав маань энэ оны 07 дугаар сарын 31-ний шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг Дэлэн гэх нэртэй газарт Билэгдэмбэрэл гэгээнтний ургийн баярт оролцохоор очоод тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан юм. Би хэргийн талаар, мөн үйл явдлын талаар сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 27-28, 30-р хуудас),

Гэрч Д.О******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед гадна ил талбай дээр нийтийн бүжиг болсон. Бүжиг 22 цагт үргэлжлэн явагдаж байсан. Манай нагац ах талийгаач Э******байхгүй, харагдахгүй байхаар нь би гадуур утасны гэрэл тусгаад хайж явтал ургийн баяр болж байсан талбайн хоймрын асрын ард мөнгөлөг саарал өнгийн приус-11 маркийн машины урд, доогуур орчихсон хоёр хөл нь цухуйж байхаар нь би машинд дайруулж гэж бодоод гүйж ирж хөгжим явуулж байсан Нямдаваа гэх залууд хандаж “хөгжим өө унтраа, гадаа машинд хүн дайруулсан байна” гэж  хэлсэн. Тэгээд асар дотор сууж байсан талийгаачтай байнга хамт явж байсан Тулга ахад хандаж “Э******ах машинд дайруулсан байна” гэж хэлээд асраас авч гараад үзүүлсэн. Тэр үед манай эхнэр харчхаад ухаан алдаад уначихсан. Тэгээд хүмүүс мэдээд цурхиралдаад эхэлсэн. Хүмүүс машиныг өргөж хойш нь тавиад талийгаачийг машин доороос жаахан чирч гаргаж ирсэн. Намайг очиж харахад талийгаач урагшаа тонгойгоод машины тэнхлэг хүзүүнд нь дарагдсан байдалтай бие нь эвхэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 32-34-р хуудас),

Гэрч Б.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манай хадам аав болох С.Э******лын хамаатан, садны ургийн баяр болж байсан. Тэгээд өчигдөр орой 21 цагийн үед нийтийн бүжиг задгай талбай дээр болж. Тэр үед хадам аав бүжигт оролцоод бүжиглээд явж байсан. Тэгээд байж байтал аав гэнэт байхгүй болоод харагдахгүй болсон. Тэгээд бид нар хайж эхэлсэн. Хэсэг хугацаанд хайж байхад О****** ах аавыг машин доор хэвтэж байна гээд сандарсан байдалтай хэлсэн. Бид нар бүгдээрээ гүйж очоод машиныг олуулаа өргөөд аавыг татаж гаргасан. Би аавын толгойд нь хүрээд нүүрийг нь харахад баруун талын жавьж нь урагдаж жайжийсан байсан, бас шүднээс нь бага зэргийн цус шүүрээд нүүр нь жайжийсан юм шиг л харагдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч Д.П******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... нэг мэдсэн өглөө гэрт сэрсэн. Тухайн газар юу болсон, яаж гэртээ ирснээ санахгүй байна. Өдөр гэртээ байж байтал сумын хэсгийн төлөөлөгч манай гэрт ирээд намайг гэрээс аваад явсан. Би өдөр 15 цагаас эхлээд л архи ууж эхэлсэн. Би таарсан хамаатны төрөл садан болох Батмөнх, Чадраабал хоёртой 1 шил архи хувааж уусан, мөн дундуур нь касс уусан. Би ер нь уугаад л яваад байсан. Тэгээд нэг мэдсэн тасраад гэртээ ирж унтсан. Намайг хэн гэрт хүргэж ирснийг ч би мэдэхгүй...Би Б******хтай таарсан. Тэгэхэд л саарал өнгийн приустэй байсан...” гэх мэдүүлэг  (1-р хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч Б.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... орой гэр лүүгээ явах гэж байтал манай хамаатны П****** ах бүжгийн талбайн хажууд тасраад уначихсан унтаж байхаар нь би өөрөө мотоциклийн араар суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон...би ёстой мэдэхгүй бүжиг болж байхад л гэнэт бүжиг зогсоод хүн дайруулчихлаа гээд шуугилдаад эхэлсэн..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 46-47-р хуудас),

Гэрч Б.О******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 сарын 31-ний өдөр Билэгдэмбэрэл гэгээнтний сувраг, ургийн баярт зориулсан бүжиг цэнгүүний арга хэмжээ 20 цагийн үед эхэлсэн. Хүмүүс олон ирсэн байсан. Уулын сүүдэр эргэчихсэн харанхуй болох дөхөж байсан. Би бүжигт харуй бүрий болж байх үед ирсэн. Тэгээд би бүжиглэж яваад малгайгаа унагааж авах үед тэнд бүжиглэж явсан Б******х та ямар хөл сайтай байна аа гээд миний малгайг авч өгч  анх түүнтэй харьцсан. Б******х ах надад 1 шил архи байна, түүнийг уух уу гээд бүжгийн талбайгаас гарч бүжгийн хөгжим хэрэгсэл байршуулсан асрын ар талд зогсоосон байсан машин дээр нь очсон. Тэгээд намайг Б******х жолооч талаараа суу гээд би жолооны хүрдтэй хэсэгт нь орж суусан. Б******х бид хоёрыг машинд суух үед П****** гэж залуу хамт байсан. П****** нь машины жолооч талын эсрэг суудалд сууж байсан. П****** гэж залуу нь нэлээн согтуу байсан. П****** та намайг таньж байна уу гэж байсан. Чи хэний хүүхэд вэ гэж асуухад өөрийгөө Башигаа бөгөөд жинхэнэ нэрээ П******, Дайчинхүү гэж хүний хүүхэд гэж байсан. Б******х нь архи гаргаж ирж бидэнд аяглаж тойруулсан. Тэгээд би тэр архинаас нь ойролцоогоор 5 орчим удаа тойруулж өгөх үед уучхаад одоо хэдүүлээ бүжиглэе гээд машин дотор П****** үлдэж, Б******х бид 2 машинаас бууж бүжгийн талбай руу орсон. Бүжгийн талбайд орохдоо би тухайн асрын зүүн талаар нь Б******х баруун талаар орох бололтой явсан. Миний араас лав ирээгүй... Би бүжгийн өмнө айлд зочилж 5 орчим хундага архи уусан байсан. Болсон явдлыг сайн санаж байна. Ухаанаа алдтал уугаагүй байсан... Би Б******хын машины жолооны ард сууж архи ууж байх үедээ машиныг нь хөдөлгөөгүй. Намайг машинд сууж байх үед машин нь унтраалттай байсан...Би дахин машинд нь ирж суугаагүй. Б******хтай дахиж тааралдаагүй... Б******х нь намайг машинаас нь буугаад явсны дараа машиндаа ирж машинаа хөдөлгөсөн байж магадгүй. Эсвэл намайг бүжгийн талбайгаас авч ирэхээс өмнө машинаа хөдөлгөсөн байж магадгүй. Ямар ч байсан намайг машинд сууж байхад машин хөдлөөгүй. Би түүнтэй бүжгийн талбай руу орсноос хойш нэлээн хугацаа өнгөрсний дараа ойролцоогоор 30 орчим минутын дараа байх манай авгай уйлж ирээд яанаа манай Э******ах машинд дайруулсан юм шиг байна гээд ирсэн. Тэгээд бүжиг тарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 56-58-р хуудас),              

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай: “

1. Амь хохирогч С.Э******лын цогцост цээжний хэнхэрцэгт битүү гэмтэл болон зулайн хуйх, баруун хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэл гэх мэт хүнд жинтэй зүйлд мөргүүлэх, дор нь дарагдах үед үүсгэгджээ.

3. Дээрх цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ.

4. Амь хохирогч С.Э******лын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Амь хохирогч С.Э******лын хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

6. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна.

7. Амь хохирогч С.Э******нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 63-64-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас  нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн этгээдүүдийн дардаснууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 80-81-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай: “

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 5 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 6 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан дунд толины зүүн талаас бэхжүүлсэн гэх гарын мөр нь Б.Б******хын гэх гарын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 87-88-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай: “

1. Шинжилгээнд ирүүлсэн дээлийн урд хэсэгт зүүн талын зах ирмэгээс дотогш 26,5 см доод оёдлын зах ирмэгээс эгц дээш 53 см зайд 05х04 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Уг гэмтлийн зах ирмэгийн оёдлын утаснууд хөвөрсөн, нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, тэгш бус, байх тул хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн урагдалт байна.

Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмдний ар хэсэгт буюу баруун талын оёдлын зах ирмэгээс дотогш 14,8 см, доод оёдлын зах ирмэгээс 22 см зайд 0,5х04 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь дугуй хэлбэрийн, зах ирмэг шарлаж, хатуурсан, нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, байх тул түлэгдэлтээс үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 101-102-р хуудас),

2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа “... 1. Ослын үед ****ХӨВ улсын дугаартай тоёота маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Б******х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 10 дугаарт заасан “... Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 2. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх магадалгаа  (1-р хх-ийн 107-110-р хуудас),

Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №2245617200384 дугаартай: “...Иргэн Б.Б******хын эзэмшлийн ****ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3,200,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...“ гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 115-116-р хуудас),

****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 117-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 132-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 133-р хуудас), Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 134-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар (1-р хх-ийн 137-139-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 135-р хуудас), Б******хын Цэвээндаарий, Жавхланбаатар, Ариунзаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 140-142-р хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хх-ийн 146-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ****** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...Шүүгдэгчээс 1,771,189 төгрөгийг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, сэтгэл санааны хохирлын тухайд Улсын дээд шүүхийн 25 дугаартай тогтоолоор 85,250,000 төгрөг гэж тогтоогдож байх тул шүүгдэгчээс 70,000,000 төгрөгийг  гаргуулах саналтай байна...” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна…Шүүх баримтаар 5,771,189 төгрөгийн хохирол тогтоогдож гэж үзсэний дагуу шүүгдэгчийн зүгээс 4,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул үлдэх 1,771,189 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна…Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д сэтгэцэд учирсан хохирлын талаар тодорхой заасан. Мөн хохирогчид аль ашигтайгаар шийднэ гэж заасан байх тул хуулийн дагуу 82,500,000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн зүгээс 4,000,000 төгрөгийн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн…Энэ хүний сэтгэл санаанд хохирол учраагүй. Яагаад гэвэл гэр бүлийн гишүүн биш. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж хуулиар тогтоогдсоноос биш гэр бүлийн гишүүн биш учраас сэтгэцэд учирсан хохирлыг төлөх боломжгүй. Харин шүүхээс тогтоосон 1,771,189 төгрөгийн төлнө...” гэв.

Шүүгдэгч Б.Б******х нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.Б******х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг “Дэлэн” гэх газарт ****ХӨВ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С******гийн Э******лыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б******хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (1-р хх-ийн 02-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 03-11-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 12-15-р хуудас),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 16-17-р хуудас),

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (1-р хх-ийн 19-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 20-21-р хуудас),

Аймгийн начин гэгээнтэн овогт Б.Бодио агсны хань, үр хүүхдүүдээс зохион байгуулж буй Жалханц хутагтын 9-р дүр жалханз гэгээн Саруулын Билэгдэмбэрэлийн авшиг хүртсэн ураг төрлийн гэгээнтний баярын хөтөлбөр (1-р хх-ийн 23-р хуудас),

Хохирогч Э.Н******тын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 27-28-30-р хуудас),

Гэрч Д.О******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 32-34-р хуудас),

Гэрч Б.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч Д.П******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг  (1-р хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч Б.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 46-47-р хуудас),

Гэрч Б.О******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 56-58-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 63-64-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 80-81-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 87-88-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 101-102-р хуудас),

2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (1-р хх-ийн 107-110-р хуудас),

Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №2245617200384 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 115-116-р хуудас),

****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 117-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Э******нь хэнхэрцгийн битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Б******хын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б******х нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Б******х нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Э******лын амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******т нь оршуулгын зардалд 1,771,189 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбоотой /407,000, 485,400, 874,900, 463,600, 805,000, 162,000, 238,800, 190,900, 150,000, 123,000, 206,000/ нийт 4,106,600 төгрөг, амь хохирогчийн малчны  зээлийн үлдэгдэл 1,203,989 төгрөг, шатахууны зардал 460,600 төгрөг, нийт 5,771,189 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх ба шүүгдэгч Б.Б******х нь 4,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тад төлсөн байх тул шүүгдэгч Б.Б******хаас оршуулгын зардал 1,771,189 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалтыг 2022 оны байдлаар тооцоолж гаргахдаа эрэгтэй хүний дундаж наслалтыг 66 нас гэж тооцоолсон бөгөөд амь хохирогч нас барах үедээ 59 настай байсан нь тогтоогдож байна. Уг насны зөрүү 7 нас байх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж  заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тын сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогчид аль ашигтайгаар илүү тооцож олгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн насны зөрүүгээр /7 нас/ үржүүлэн тооцоход 19,250,000 төгрөг болж байна. Тооцоолол: (66-59=7  550,000х5х7=19,250,000),

Иймд шүүгдэгч Ө.Тэрбишээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тад олгуулахаар шийдвэрлэв.

Дээрхээс дүгнэвэл: шүүгдэгч Б.Б******хаас  нь оршуулгын зардал 1,771,189 төгрөгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг нийт 84,271,189 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...оршуулгын зардал 1,771,189 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах...гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын  дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахад улсын яллагчийн саналтай санал нэг байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Хохирлын тодорхой хувийг төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б******х нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б******х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч нь ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэр бүлээ тэжээн тэтгэж мал маллан амьдардаг, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан   

шүүгдэгч Б.Б******хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн ****** дугаар хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн 3,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Приус-11” загварын ****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын ****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн ****** дугаар хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 3,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Приус-11” загварын ****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц******л овогт Б******ийн Б******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Б******хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******хад оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б******хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******хаас оршуулгын зардлын үлдэгдэл хохирол 1,771,189 (нэг сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 (наян хоёр сая таван зуун мянга) төгрөг, нийт 84,271,189 (наян дөрвөн сая хоёр зуун далан нэгэн мянга нэг зуун наян ес) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н******тад олгосугай.

6. Эрүүгийн ****** дугаар хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “Приус-11” загварын ****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын ****ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б******хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ХҮРЭЛБААТАР