Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                        2019

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Э.А********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э********гийн А********рт холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянцарам дэлгүүрийн арын гудамжинд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Б****ийн эзэмшлийн Axio Corolla загварын ****ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянцарам дэлгүүрийн арын гудамжинд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Б****ийн эзэмшлийн Axio Corolla загварын ****ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А********рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:“...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-4-16 тоотод байх гэртээ 2023 оны 10 сарын 31-ний орой эхнэр Г.Отгонтуяатай бага зэргийн маргалдсан юм. Тэгсэн чинь манай эхнэр утсаар нэг хүнтэй ярьж байгаад гэрээс гараад явчихсан. Би араас нь дагаад гартал нэг машин луу манай эхнэр суугаад хаалгаа хааж байсан. Тэгэхээр нь би бодохдоо сая утсаар яриад байсан хүн нь ирээд аваад явчхаж байгаа юм байна гэж бодсон. Тухайн үед би тэр машиныг нь зогсож бай гэтэл зогсоогүй хөдлөөд явах гэхээр нь би дугуй руу нь өшиглөсөн. Тэр машин зогсохгүйгээр хурдтайгаар хөдлөхөөр нь миний уур хүрээд газраас чулуу аваад машин луу шидсэн. Машины багаажных нь дээд талын шил хагарчихсан. Тэгтэл тэр машин зогсоод жолооч нь гэх нэг залуу бууж ирсэн. Харахад зүс таньдаг эмнэлэгт ажилладаг залуу байсан. Би нэрийг нь мэддэггүй. Тэр залуу надад “яаж байгаа юм” гэхээр нь би “зогс гээд байхад яагаад зогсохгүй байгаа юм” гэж хэлээд хальт маргалдсан. Тэр залуу цагдаад дуудлага өгөөд цагдаа дээр бид хоёр ирсэн. Би ч өөрөө цагдаагаар энэ асуудлаа шийдүүлье гээд ирсэн... Эхнэрээ гэрээр асарч, хүүхдүүд гэрт байгаа учраас ажил хийгээд шилийг нь өөрөө сольж өгөөд үнэлгээний 38,000 төгрөг, нийт 388,000 төгрөгийг төлнө...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Б****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би найз Б.Ц********ийн хамт зааланд тоглочхоод түүнийг гэрийнх нь гадаа буюу Мөрөн сумын 3-р багт байрлах Баян царам дэлгүүрийн арын гудамжинд буулгачхаад эргээд хөдөлтөл үл таних нэг эмэгтэй гар өргөөд такси барих гэж байхаар нь би таксинд явчихъя гэж бодоод зогстол тухайн эмэгтэй машины хойд суудалд суусан. Тэр эмэгтэй суунгуутаа шууд яваарай гэж надад хэлсэн. Би дөнгөж хөдөлтөл машины арын багаажны дээд талын цонх руу нэг хүн чулуу шидээд хагалчихсан. Би шууд буугаад арагшаа хартал миний машинд суусан эмэгтэйн нөхөр нь бололтой нэг үл таних ах ирээд эхнэрээ татаж буулгаад “чи хэн юм бэ, чи эмнэлэгт ажилладаг биз дээ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “тийм, та яагаад миний машины цонхыг хагалж байгаа юм бэ, энийг одоо яах юм” гэж асуухад цагдаагаа дууд л гэж тэр ах хэлсэн. Би шууд цагдаа дуудсан. ...Би гомдолтой байгаа, үнэлгээгээр тогтоогдсон 350,000 төгрөгийг болон үнэлгээ хийлгэсний хөлс 38,000 төгрөг болон шил хотоос тээвэрлүүлэх наалгах гээд л зардлаа барагцаагаар тооцож үзэхэд 500,000 төгрөг болох байх гэж бодож байна. Тухайн хүн өөрөө шил авч ирээд наалгаад өгвөл асуудал байхгүй, үнэлгээний хөлс 38,000 төгрөгөө л нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 10, 11-12-р хуудас),

Гэрч Б.Ц********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ... 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Б**** бид хоёр зааланд тоглочхоод Н.Б**** намайг Согоlla маркийн машинаараа хүргэж өгсөн юм. Манай гэр 3-р баг, 3 дугаар гудамж, 14 тоотод байдаг. Гэхдээ би хашааныхаа ард хүргүүлж буугаад арын хаалгаараа гэр лүүгээ барагцаагаар 20-21 цагийн хооронд орсон. Намайг яг гэр лүүгээ орох гэж байхад манай чанх арын айл бололтой нэг үл таних эгч гараа өргөөд такси барих гээд зогсож байсан. Тэгэхээр нь би Н.Б****эд хандаж энэ хүн такси барих гээд байгаа юм биш үү, чи таксинд яваач гэж хэлчхээд буусан. Намайг машинаас буухад тэр эмэгтэй зөрөөд Н.Б****ийн машинд суусан. Би ч хашаа руугаа ороод бие засах гээд явж байтал тас гэх чанга чимээ сонсогдохоор нь би нөгөө эмэгтэйг машины хаалгыг ямар чанга хаачхав аа гэж бодоод гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),

Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн ТХҮ-923/8199 дугаартай дүгнэлт  (хх-ийн 21-23-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 31-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 33-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 34-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.А********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянцарам” дэлгүүрийн арын гудамжинд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Б****ийн эзэмшлийн Axio Corolla маркийн ****ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв.

Шүүгдэгч Э.А********р нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Э.А********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянцарам дэлгүүрийн арын гудамжинд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Б****ийн эзэмшлийн Axio Corolla загварын ****ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.А********рын  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Б****ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Б.Ц********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),

Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн ТХҮ-923/8199 дугаартай дүгнэлт  (хх-ийн 21-23-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Хохирогч Н.Б****ийн өмчлөх эрхэд хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.А********рын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг шүүгдэгч Э.А********р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.А********р нь хохирогч Н.Б****ийн эзэмшлийн Axio Corolla загварын ****ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээж 350,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Б**** нь машины шил хийлгэх зардал, шилний үнэ 350,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 38,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар үнэлгээ хийлгэсэн хөлс 38,000 төгрөг, шилний үнэ 350,000 нийт 388,000 төгрөгийн  хохирол нь тогдоогдсон ба шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.А********раас 388,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б****эд олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Н.Б**** нь үлдэх хохирол болох машины шил хийлгэх зардал 112,000  төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А********раас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилээр дээсээр тогтоох саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.А********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.А********р нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А********р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.А********рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 3 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.А********р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар овогт Э********гийн А********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э********гийн А********рыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А********рын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 3 (гурав) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А********р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.А********раас 388,000 (гурван зуун наян найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б****эд олгосугай.

7. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Б**** нь машины шил хийлгэх зардал 112,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А********раас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А********рт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР