| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0201/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | 080.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 74
Ч.Э-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0201/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал
Шүүгдэгч Ч.Э-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолтой, Ч-ийн Э-ад холбогдох, 2018000000059 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ч-ийн Э-.
Шүүгдэгч Ч.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Юнигаз” газ түгээгүүрийн урд талын зам дээр 26 тонн улаан буудай ачсан 22-88 ДАА улсын дугаартай, 3ил-130 маркын чиргүүлтэй авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.ийн А хэсэг, 12 дугаар бүлгийн 12.1, 12.3.д заасныг тус тус зөрчсөний улмаас тус зам дээр зогсож байсан хохирогч Б.У-ын эзэмшлийн 77-75 УБК улсын дугаартай “Лексус Эйч Эс” 250 маркийн машины араас мөргөж, хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Н-ын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаларт үүсгэсэн, мөн Б.У-ын эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Ч-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар Ч.Э-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Ч.Э-ад оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.т зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар Ч.Э-аас 1.194.523 төгрөг гаргаж, үүнээс хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 29 дүгээр гудамж, 12а тоотод оршин суух Т- овогт Б-ын У-т /РД:**********, утас: ********/ 333.023 төгрөг, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангай 29 дүгээр гудамж, 12а тоотод оршин суух В- овогт Ч-ын М-д /РД: **********, утас: ********/ 668.000 төгрөг., иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, 239 тоотод оршин суух Б- овогт Д-ийн Н-д /РД: **********, утас: ********/ 193.500 төгрөгийг тус тус олгох, хохирогч Б.У-ын 3.106.390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 33647 дугаартай жолоочийн үнэмлэх, 22-88 ДАА улсын дугаартай, ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн 00620918 дугаартай гэрчилгээ, 79-01 АЧ улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Э-ад буцаан олгох,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.У-ын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:
Хохирогч Б.У- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал, тээврийн зардал, техникийн засварын зардалд нийт 11,003,413 төгрөгийн зардал гаргаснаас шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгчээс 7,522,000 төгрөгийн хохирол төлсөн тул төлөгдөөгүй үлдсэн 3,439,413 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэтэл анхан шатны шүүх хохирогч Б.У- нь 3,106,390 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж дүгнэн, 3,106,390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Б.У- нь нэхэмжлэл гаргахдаа бүх баримтаа ехsel файл дээр хүснэгтээр нэг бүрчлэн жагсааж, нийлбэрийг ехsel файлын программ ашиглаж, бодож гаргасан тул тооцооны алдаа гараагүй.
Тухайлбал Мөнгөн гүүр эмнэлгийн 780,000 төгрөгийг эмнэлгийн данс руу Б.Э- шууд шилжүүлсэн, машины үнэлгээ, журмын хашааны төлбөрийг шууд дансаар шилжүүлсэн баримт нь Ч.Э-ад байгаа, мөн вьетнам засварын урьдчилгаа 380,000 төгрөгийг Б.У- өөрөөсөө гаргаж төлснийг баримтгүй гэж хасаж тооцсонд гомдолтой юм. Түүнчлэн хадаасны мөнгө 1,300,000 зэрэг хохирлыг шүүгдэгч Ч.Э- нь өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн тул нэгэнт төлөгдсөн хохирлыг баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн сэлбэгийн 505,000 төгрөгийн баримтыг давхардсан гэх утгаар үнэлэхгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүх нь хохирлын тооцоог гаргахдаа алдаа гаргасан, мөн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөний улмаас нэхэмжлэлийн дүнг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дугаар заалтын 3,106,390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.У-ын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчид нийт 11 сая төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны шүүх хохирлын нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Шүүгдэгчээс өмнө төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээс өмнө төлсөн үнийн дүнг хасж тооцсон нь хууль зөрчсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Д.Бурмаа тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нийт 7.522.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Мөн баримтгүйгээр 1.500.000 төгрөгийг эмчилгээнд зориулж өгсөн. Хохирогч нийт хохирлоо жагсаагаад бичсэн гэж тайлбарлаж байгаач тэрхүү баримтууд нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хохирогчийн өмгөөлөгч гомдолдоо яг ямар баримтыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосноо тайлбарлаагүй байсан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн байгаа. Анхан шатны шүүх цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Э- тайлбартаа:
Шүүх хуралдаан болсноос хойш 1 сая гаруй төгрөгийг хохирогч нарт шилжүүлсэн байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хохирлыг бодитоор тооцож нийт хохирлоос хасч цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ч.Э- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр “Юнигаз” газ түгээгүүрийн урд талын зам дээр 26 тонн улаан буудай ачсан, 22-88 ДАА улсын дугаартай, 3ил-130 маркын чиргүүлтэй авто машин жолоодон замын хөД-д оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.ийн А хэсэг, 12 дугаар бүлгийн 12.1., 12.3.д заасныг тус тус зөрчсөний улмаас тус зам дээр зогсож байсан хохирогч Б.У-ын эзэмшлийн 77-75 УБК улсын дугаартай, “Лексус Эйч Эс” 250 маркийн машины араас мөргөж, хохирогч Б.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 4 сар 10 хоногтой У.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Н-ын биед дагзны хуйх, ахар сүүлний хэсэгт зулгаларт үүсгэсэн, мөн Б.У-ын эд хөрөнгөнд 4.078.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхолд учирсан үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, мөн шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тогтоохоор заасан.
Шүүх хэргийг хэлэлцэхдээ үйл баримтыг болон эх сурвалжтай нотлох баримтыг тус бүрийг нэг бүрчлэн үнэлж, үнийн дүнг тодорхойлох нь хуульд нийцэх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, ямар үйл баримтаар нотлогдож байгааг тодорхой зааж нэхэмжлэлийг хангах, эсхүл ямар нотлох баримт нь яагаад нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байгаа талаар нотлох баримт тус бүрт нь дүгнэлт хийж гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай.
Гэтэл анхан шатны шүүх Ч.Э-ад холбогдох хэргийг хэлэлцэхдээ хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлын хуулийн дагуу үнэлж чадаагүй., тухайлбал “ ...хохирогч Б.У- эмчилгээний зардал, тээврийн зардал, техникийн засварын зардал нийт 11.003.413 төгрөг нэхэмжилсэн 73 баримтаас 71 баримтыг үндэслэн 7.897.023 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж., хэргийн 63 дугаар хуудасны баримт шаардлага хангахгүй, зарим баримт нь давхцсан..,” гэх мэтээр дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт тус бүрийг ...ирсэн шатахууны мөнгө тэд., гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тэд., эм тарианы мөнгө тэд ., машиныг тийм нэртэй засварын газарт засвар хийлгэсэн тэд., сэлбэгийн үнэ тэд гэх мэтчилсэн тодорхой дүн бичих., мөн хуудасны дугаарыг тавьж нийт гэм хор хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй.
Шийтгэх тогтоолын энэ хэсэг ойлгомжгүй учраас хохирогчийн өмгөөлөгч ...хохирогч эмчилгээний зардал, тээврийн зардал, техникийн засварын зардалд нийт 11,003,413 төгрөгийн зардал гаргаснаас шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгчээс 7,522,000 төгрөгийн хохирол төлсөн тул төлөгдөөгүй үлдсэн 3,439,413 төгрөгийг нэхэмжилсэн., иймд “ Мөнгөн гүүр” эмнэлгийн 780,000 төгрөгийг эмнэлгийн данс руу Ч.Э- шууд шилжүүлсэн, машины үнэлгээ, журмын хашааны төлбөрийг шууд дансаар шилжүүлсэн баримт нь Ч.Э-ад байгаа, мөн вьетнам засварын урьдчилгаа 380,000 төгрөгийг Б.У- өөрөөсөө гаргаж төлсөн, хадаасны мөнгө 1,300,000 зэрэг хохирлыг шүүгдэгч Ч.Э- нь өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн тул 3,106,390 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуулийн дагуу хохирол, төлбөрийг тооцоогүй., нийт 73 баримт байна., 71 баримтын шаардлагыг хангаж .. гэсэн байхад өмгөөлөгч нийт үнийн дүнгээс тодорхой баримтыг нэрлэж нэхэмжлэлийг хангуулах, энэ талаар шийтгэх тогтоопд өөрлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах, хохирлыг тооцож зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хэргээс үзвэл гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтэл, хор уршиг., бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан бодит нөхцөл байдал нь тогтоогдсон байх бөгөөд мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар, оногдуулсан ялын талаар давж заалдах шатны шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй болно.
Мөн хохирогч өөр орон нутагт оршин суудаг, биеийн эрүүл мэндийн хувьд тэргэнцэртэй байгаа зэрэг нөхцөл байдлаас шалгаалж түүний ирж, очих боломжийн хувьд тодорхой хугацаа шаардагдах байдлыг харгалзан хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч-ийн Э-ад холбогдох, 2018000000059 дугаартай 2 хавтас, эрүүгийн хэргийг мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлын ...хохирлыг буруу тооцсон.., гэснийг буюу зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА