Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Ц.Мөнхжаргал,

            шүүгдэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч О.Баяраа /ҮД:0-333/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Баярсайханы Одхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000032 дугаартай, 188/2017/0175/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 24-47 тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигин овогт Баярсайханы Одхүү /РД:УЛ91073056/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Одхүү нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд Д.Байгалийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж “Бат Тэмүүн групп” ХХК-ийн эзэмшлийн “Хонда Сивик” маркийн 25-71 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 823.000 төгрөгийн, Э.Мандахын эзэмшлийн Хьюндай аксент маркийн 51-62 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 47.000 төгрөгийн, Д.Байгалийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.415.000 төгрөгийн шууд хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж,

мөн дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Төвшинтөгсийн кузов засварын ажил дээр 20 цаг өнгөрч байхад очсон. Намайг ажил дээр нь очиход Төвшинтөгс жаахан халамцуу ганцаараа байсан. Би Төвшинтөгсийг Драгон орж  хүнээс юм аваад ирье засварт байгаа саарал приусээр чинь яваад ирье гэж гуйсан. Төвшинтөгс наад машины чинь эзэн милл заалтаа харсан байгаа болохгүй гэхээр нь би зүгээрээ маргааш бензин хийгээд өгье гэж хэлээд автомашины жолооны хүрдэн дээр суухад түлхүүр нь зоолттой байхаар нь асаагаад Төвшинтөгсийг хажуудаа суулгаад Драгон төв рүү очоод хүнтэй уулзах гэтэл уулзах хүн маань ирээгүй болохоор нь буцаад яараад  Баянхошууны ханын материалын замаар Хилчин хотхоны хажуугаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал цас орчихсон байсан болохоор нилээн их гулгаатай байсан ба урд зогсож байсан Хонда сивик маркийн хөх автомашины араас тоормослоод дийлэлгүй гулгаад уг машины арын гупер хэсгийг би жолоодож явсан машины баруун хэсгээр мөргөөд зогссон. Тэр үед Хонда Сивик маркийн автомашиныг би мөргөлтөндөө саваад хажуудаа явж байсан аксент маркийн машиныг бас шүргэчихсэн. Тэгээд би зогсоод машинаас буугаад тохиролцох санаатай Х.Сивик машины жолооч нэг залуу мөн аксентны жолооч эмэгтэй нартай уулзахад бэлэн мөнгө байвал одоо эндээ тохирч болно, байхгүй бол тохирохгүй гэж хэлсэн. Би бэлэн мөнгө байхгүй гэж хэлэхэд сивикний жолооч цагдаа дуудсан. Би бичиг баримтгүй явж байсан учраас айсандаа ослын газар унаж явсан машинаа орхиод зугтаачихсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 х/

 

Шүүгдэгч Б.Одхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төвшинтөгс найз дээрээ Facebook-ийн группийг нь идэвхжүүлэх зорилгоор очсон. Төвшинтөгсийн засварын газар байхад над руу хүн утсаар яриад Драгон дээрээс ирээд эд зүйлээ аваарай гэж ярьсан. Тэгэхээр нь би Төвшинтөгсөөс Тоёота приус маркийн автомашиныг Драгон орчоод ирье гээд гуйсан. Төвшинтөгс тэгье хоёулаа хамт явъя гээд Төвшинтөгс бид хоёр хамт явсан. Драгон дээр очоод хүнээ хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаж явсан. Тэр өдөр цас орсон зам гулгаатай байсан. Хүний тээврийн хэрэгсэл унаж явсан болохоор яарч явсан. Буцах замдаа Хонда сивик маркийн машины араас гулгаад мөргөх гэж байхаар нь 2 машины голоор орох гэж байгаад баруун урд талаараа Хонда сивик маркийн машиныг мөргөж, мөргөх савалтандаа аксент маркийн автомашины хаалгыг мөргөсөн. Би буугаад мөргөсөн 2 машиныхаа жолоочтой тохиролцъё гэж хэлсэн. Тэр хоёр жолооч бэлэн мөнгө байвал тохиролцож болно гэсэн надад бэлэн мөнгө байхгүй байсан. Ах руугаа залгатал утсаа авахгүй байхаар нь гэр рүү нь очиж мөнгө авахаар Голден Билл хотхон руу явсан. Буцаад хэргийн газраа ирсэн чинь миний унаж явсан тээврийн хэрэгслийг ачаад аваад явсан байсан. Маргааш өглөө нь Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн газар очиход төв Замын цагдаагийн газар руу шилжүүлсэн гэсэн. Тоёота приус маркийн автомашины эзэмшигч нь 8.000.000 төгрөгөөр худалдаж ав үгүй бол би гомдолтой гэсэн. Надад мөнгө нь байгаагүй учраас хэргийг удаасан. Тоёота приус маркийн автомашиныг Төвшинтөгс өөрөө засварын газраасаа гаргаж өгсөн. Тухайн үед Төвшинтөгс бага зэргийн согтолттой байсан болохоор би машиныг унасан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Д.Байгалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн эзэмшлийн 95-44 УНД улсын дугаартай Тоёота  Приус-20 макийн тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах кузов засварт Төвшинтөгс засварчинд жолооч талын хаалганы төө хиртэй сэвийг янзлуулахаар өгсөн. Гэтэл Төвшинтөгс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний машиныг өөрийн найз Одхүү гэж хүнд жолоодуулан осол гаргаж миний машинд 1,689,600 төгрөгийн хохирол учруулсан. Би Төвшитөгст машиныхаа түлхүүрийг засуулахдаа өгсөн. Харин өөр хүнд унуулах зөвшөөрөл өгөөгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14 х/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “…Би “Бат Тэмүүн” ХХК-г төлөөлж уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. H.Civic маркийн 25-71 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Дарамбазар нь 2017 оны 1 сарын 13-ны өдөр730,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж манай компани руу нэр шилжүүлсэн ба одоо уг автомашин манай өмч. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нийт 1,053,000 төгрөгийн хохиролоос 500,000 төгрөгийг төлсөн байгаа. Осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Үнэлгээгээр тогтоогдсон мөнгөний үлдэгдэл 553,000 төгрөгийг төлбөл өөр санал хүсэлт байхгүй.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 х/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед би эхнэр Есөн-Эрдэнэ-н хамт эхнэр маань жолоо бариад би хажууд нь суугаад Х.Аксент маркийн 51-62 УБЦулсын дугаартай машинтай Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд зорчих хэсгийн 2 дугаар замд явж байтал 1 дүгээр эгнээнд нэг сивик маркийн машин зогсож байсан, тэр машины хажуугаар өнгөртөл зүүн талаас нэг приус маркийн машин нэгдүгээр эгнээнд зогсож байсан нэг машиныг мөргөөд дараа нь манай машиныг мөргөсөн. Тэгээд зогссон, уг машины жолооч залуу гарч ирээд тохиролцоё гээд зогсож байтал машинаа хаяад зугтаачихсан. Ослын улмаас жолоочийн эсрэг талын хаалга, хоримой хонхойсон. Би гомдолтой байна, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ болох 129,000 төгрөгийг нэхэмжилж байна.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х/

 

Гэрч Р.Цогмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн найз Дарамбазарын зөвшөөрлөөр түүний эзэмшлийн25-71 УНР улсын дугаартай Хонда сивик маркийн автомашиныг жолоодоод замынхаа урдаас хойш чигт замын 1 дүгээр эгнээнд түр зогсолт хийгээд зогсож байхад араас машины зүүн хойд хэсэг рүү Т.Приус-20 маркийн автомашин баруун гупер хэсгээрээ мөргөсөн. Тэгээд урагшлаад зугтахдаа хажуу 2 дугаар эгнээгээр явж байсан аксентыг мөргөөд зогссон. Би машинаас буугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч байх хооронд Приус машиныг жолоодож явсан залуу алга болчихсон. Тухайн үед хөдөлгөөн сийрэг, 2 эгнээ асфальтан зам байсан ба үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй байсан. Тэр машин ямар хурдтай явж байсаныг мэдэхгүй байна, их л хурдтай явж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

Гэрч Ж.Есөн-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад би өөрийн нөхөр Мандахын эзэмшлийн 51-62 УБЦ улсын дугаартай аксент маркийн машиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны автобусны буудлын урд төв зам дээр зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал миний баруун талд явж байсан Хонда сивик маркийн машиныг саарал өнгийн Т.Приус маркийн автомашин мөргөөд нөгөө Приус машин зогсолгүй миний автомашины баруун талын урд хаалгыг зүүн талын урд хэсгээрээ мөргөөд зогссон. Тэгээд би зогсоод машинаасаа буухад нөгөө Приусээс 25-30 орчим насны нэг өндөр залуу гарч ирээд надтай уулзаад зохицох уу гэж яриад бэлэн мөнгө байхгүй болохоор нь сивикний жолооч цагдаа дуудсан . Нөгөө Приусны урд хаалагнаас бас нэг залуу бууж ирсэн. Цагдаа ирэхээс өмнө Приусны жолооч машинаа орхиод цуг явж байсан хүнтэйгээ алга болсон. Тухайн үед цас орсон гулгаатай, гэрэлтүүлэгтэй, 2 эгнээ зам байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/

 

Т.Төвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 11-р хороо 32 дугаар тойргын баруун талын “Хөсөг” кузов засварын газар ажиллаж байтал өдөр 11 цагийн орчим найзууд болох Батбаяр, Хуягаа хоёр ирж  0.75-ын ерөөл архи хувааж уусан. Гаднаас Тоёота Приус-20 маркийн 9544 УНД улсын дугаартай автомашин орж ирээд жолооч ах нь нэг талын хормойгоо янзлуулъя гэхэд машиныг нь хүлээж аваад янзалж эхэлсэн. Орой 20 цагийн үед найз Одхүү ажил дээр ирээд Драгон орж хүнээс юм аваад ирье энэ приусээр чинь яваад ирье гэхээр нь би болохгүй ээ хүн нь миллээ харчихсан байгаа гэтэл зүгээрээ бензиныг нь хийгээд өгье гэхээр нь би Одхүүтэй хамт машины урд сандалд суугаад Одхүү жолоон дээр суугаад хөдөлсөн. Одхүү бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэс өнгөрөөд ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээнд зогсож байсан сивик маркийн машины араас Одхүү хүчтэй мөргөөд зогссон. Одхүү бид хоёр машинаас буухад уг сивик машины урд бас нэг аксент мөргүүлсэн байсан ба жолооч нартай нь уулзсан боловч мөнгө байхгүй учраас тохирч чадаагүй. Цагдаа ирэхээс өмнө Одхүү бид хоёр айсандаа яваад өгсөн. Осол болох үед цас орсон зам хальтиргаатай, 2 эгнээ зам, замын хажуугийн гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би дунд зэрэг согтолттой байсан, Одхүү эрүүл байсан. Би хүлээн зөвшөөрч байна, хохирогч машинуудын үнэлгээтэй танилцсан, санал хүсэлтэй байхгүй, хохирлыг барагдуулна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

Гэрч Г.Дарамбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд миний эзэмшлийн 25-71 УНР улсын дугаартай Х.Сивик маркийн автомашиныг манай найз Цогмандах жолоодож явахад нь 95-44 УНД улсын дугаартай Т.Приус маркийн автомашин ард нь явсан аксентыг мөргөөд уг аксент манай машиныг мөргөж миний машинд 1,053,000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед приусны жолооч машинаасаа бууж ирж уулзаад тохиролцоод ярьсан боловч цагдаа ирэх үед алга болсон байсан гэсэн. Би тухайн үед байгаагүй учраас зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Миний машин Бат-Тэмүүн авто ломбардын эзэмшилд байдаг ба уг ломбардад машинаа 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа. Бат-Тэмүүн компанийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү, би оролцохгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

Техникийн шинжээчийн №88 тоот дүгнэлт 

1.Т.Приус маркийн 95-44 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Баярсайханы Одхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  

2.Т.Приус маркийн 95-44 УНД улсын дугаартай автомашины тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.  

3.Н.Accent маркийн 51-62 УБР улсын дугаартай тээврийн жолооч Ж.Есөн-Эрдэнэ нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.Н.Н.Civic маркийн 25-71 УНР дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Цогмандах нь МУ-н ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахлах дэслэгч С.Пүрвээ /хх-ийн 55 х/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-4 х/

Автомашин техник үнэлгээний тайлан /хх-ийн 36 х/

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-38-42, 44 х/

Автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 45 х/

Автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 51 х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 х/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-75 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас Б.Одхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх үзсэн.

Иргэн Д.Байгаль нь Б.Төвшинтөгс-д өөрийн эзэмшлийн Тоёота Приусмаркийн 95-44 УНД улсын дугаартай автомашиныг засварлуулахаар түүний эзэмшилд шилжүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчимд Б.Одхүү нь Төвшинтөгс дээр ирээд “Драгон” авто вокзал руу түүний зөвшөөрлийн дагуу уг автомашинаар хамт явсан болох нь:

 

Хохирогч Д.Байгалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн эзэмшлийн 95-44 УНД улсын дугаартай Тоёота  Приус-20 макийн тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах кузов засварт Төвшинтөгс засварчинд жолооч талын хаалганы төө хиртэй сэвийг янзлуулахаар өгсөн. Гэтэл Төвшинтөгс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний машиныг өөрийн найз Одхүү гэж хүнд жолоодуулан осол гаргаж миний машинд 1,689,600 төгрөгийн хохирол учруулсан. Би Төвшитөгст машиныхаа түлхүүрийг засуулахдаа өгсөн. Харин өөр хүнд унуулах зөвшөөрөл өгөөгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү....” /хх-ийн 12-14 х/

 

Т.Төвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн түрээсэлж байсан Сүхбаатар дүүргийн 11-р хороо 32 дугаар тойргын баруун талын “Хөсөг” кузов засварын газар ажиллаж байтал ... Тоёота Приус-20 маркийн 9544 УНД улсын дугаартай автомашин орж ирээд жолооч нь нэг талын хормойгоо янзлуулъя гэхэд машиныг нь хүлээж аваад янзалж эхэлсэн. Орой 20 цагийн үед найз Одхүү ажил дээр ирээд Драгон орж хүнээс юм аваад ирье энэ приусээр чинь яваад ирье гэхээр нь би болохгүй ээ хүн нь миллээ харчихсан байгаа гэтэл зүгээрээ бензиныг нь хийгээд өгье гэхээр нь би Одхүүтэй хамт машины урд суудалд суугаад Одхүү жолоо бариад хөдөлсөн. …” /хх-ийн 30 х/,

 

Шүүгдэгч Б.Одхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Төвшинтөгсийн кузов засварын ажил дээр 20 цаг өнгөрч байхад очсон. Намайг ажил дээр нь очиход Төвшинтөгс жаахан халамцуу ганцаараа байсан. Би Төвшинтөгсийг Драгон орж  хүнээс юм аваад ирье засварт байгаа саарал приусээр чинь яваад ирье гэж гуйсан. Төвшинтөгс наад машины чинь эзэн милл заалтаа харсан байгаа болохгүй гэхээр нь би зүгээрээ маргааш бензин хийгээд өгье гэж хэлээд автомашины жолооны хүрдэн дээр суухад түлхүүр нь зоолттой байхаар нь асаагаад Төвшинтөгсийг хажуудаа суулгаад Драгон төв рүү явсан …” /хх-ийн 67 х/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд: Т.Төвшинтөгс нь Д.Байгалийн автомашиныг засварлаж өгөхөөр өөрийн эзэмшил, хадгалалтанд хууль ёсны дагуу түр шилжүүлэн авсан, энэ хугацаанд уг автомашины бүрэн бүтэн байдал, хадгалалтын асуудлыг Т.Төвшинтөгс хариуцаж байсан, Б.Одхүү уг автомашиныг дур мэдэн авч яваагүй тухайн үед хууль ёсны дагуу эзэмшиж, хадгалж байсан Т.Төвшинтөгсийн зөвшөөрлөөр түүнтэй хамт унаж явсан болох нь гэрч Т.Төвшинтөгс, шүүгдэгч Б.Одхүү, хохирогч Д.Байгаль нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа, Б.Одхүүг эхлээд автомашин гуйхад Т.Төвшинтөгс зөвшөөрөөгүй байдал тэдний мэдүүлгээс харагддаг боловч бензинийг нь хийгээд өгнө гээд дахин гуйхад татгалзалгүй өөрөө хамт суугаад явснаас үзэхэд уг автомашиныг унаж явахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа. Т.Төвшинтөгс иргэн Д.Байгалийн эзэмшлийн автомашиныг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байсан учраас түүний зөвшөөрлөөр уг машиныг унаж явсан байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх байдал Т.Төвшинтөгсийн “...Орой 20 цагийн үед найз Одхүү ажил дээр ирээд “Драгон” орж хүнээс юм аваад ирье энэ приусээр чинь яваад ирье гэхээр нь би болохгүй ээ хүн нь миллээ харчихсан байгаа гэтэл зүгээрээ бензиныг нь хийгээд өгье гэхээр нь би Одхүүтэй хамт машины урд сандалд суугаад Одхүү жолоон дээр суугаад хөдөлсөн ...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа, субьектив талын шинж болох түр зуур унаажих, сэлгүүцэх, дүрсгүйтэх, оргох, зугтаах гэсэн санаа зорилгууд бүрэн тогтоогдоогүй тул Б.Одхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Б.Одхүү 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд Д.Байгалийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 95-44 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж “Бат Тэмүүн групп” ХХК-ийн эзэмшлийн Хонда Сивик маркийн 25-71 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг, Э.Мандахын эзэмшлийн Хьюндай аксент маркийн 51-62 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Одхүү нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Одхүүгийн: “…Баянхошууны ханын материалын замаар Хилчин хотхоны хажуугаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал цас орчихсон байсан болохоор нилээн их гулгаатай байсан ба урд зогсож байсан “Хонда сивик” маркийн хөх автомашины араас тоормослоод дийлэлгүй гулгаад уг машины арын гупер хэсгийг би жолоодож явсан машины баруун хэсгээр мөргөөд зогссон. Тэр үед “Хонда Сивик” маркийн автомашиныг би мөргөлтөндөө саваад хажуудаа явж байсан аксент маркийн машиныг бас шүргэчихсэн. Тэгээд би зогсоод машинаас буугаад тохиролцох санаатай Х.Сивик машины жолооч нэг залуу мөн аксентны жолооч эмэгтэй нартай уулзахад бэлэн мөнгө байвал одоо эндээ тохирч болно, байхгүй бол тохирохгүй гэж хэлсэн. ... Би бичиг баримтгүй явж байсан учраас айсандаа ослын газар унаж явсан машинаа орхиод зугтаачихсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд зорчих хэсгийн 2 дугаар замд явж байтал 1 дүгээр эгнээнд нэг сивик маркийн машин зогсож байсан, тэр машины хажуугаар өнгөртөл зүүн талаас нэг приус маркийн машин нэгдүгээр эгнээнд зогсож байсан нэг машиныг мөргөөд дараа нь манай машиныг мөргөсөн. Тэгээд зогссон, уг машины жолооч залуу гарч ирээд тохиролцоё гээд зогсож байтал машинаа хаяад зугтаачихсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х/

 

Гэрч Р.Цогмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ... 25-71 УНР улсын дугаартай “Хонда сивик” маркийн автомашиныг жолоодоод замынхаа урдаас хойш чигт замын 1 дүгээр эгнээнд түр зогсолт хийгээд зогсож байхад араас машины зүүн хойд хэсэг рүү Т.Приус-20 маркийн автомашин баруун гупер хэсгээрээ мөргөсөн. Тэгээд урагшлаад зугтахдаа хажуу 2 дугаар эгнээгээр явж байсан аксентыг мөргөөд зогссон. Би машинаас буугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч байх хооронд Приус машиныг жолоодож явсан залуу алга болчихсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

Гэрч Ж.Есөн-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад ... “Хонда сивик” маркийн машиныг саарал өнгийн Т.Приус маркийн автомашин мөргөөд нөгөө Приус машин зогсолгүй миний автомашины баруун талын урд хаалгыг зүүн талын урд хэсгээрээ мөргөөд зогссон. Тэгээд би зогсоод машинаасаа буухад нөгөө Приусээс 25-30 орчим насны нэг өндөр залуу гарч ирээд надтай уулзаад зохицох уу гэж яриад бэлэн мөнгө байхгүй болохоор нь “сивик”-ний жолооч цагдаа дуудсан . ... Цагдаа ирэхээс өмнө Приусны жолооч машинаа орхиод цуг явж байсан хүнтэйгээ алга болсон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 х/

 

Т.Төвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний хариуцагчаар өгсөн: “… Одхүү бид хоёр машинаас буухад “сивик” машины урд бас нэг аксент мөргүүлсэн байсан ба жолооч нартай нь уулзсан боловч мөнгө байхгүй учраас тохирч чадаагүй. Цагдаа ирэхээс өмнө Одхүү бид хоёр айсандаа яваад өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

Гэрч Г.Дарамбазарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Тухайн үед приусны жолооч машинаасаа бууж ирж уулзаад тохиролцоод ярьсан боловч цагдаа ирэх үед алга болсон байсан гэсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Одхүүг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Д.Байгаль автомашин техник үнэлгээний тайлангаар тогтоогдсон 1,689,600 төгрөг, үнэлгээний хөлс 58,000 төгрөг, журмын хашааны төлбөр 155,000 төгрөг, дуудлагын засварын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөгийг /хх-36, 38-41 х/, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнтогтох үнэлгээгээр тогтоогдсон мөнгөний үлдэгдэл 553,000 төгрөгийг /хх-ийн 21 х/, иргэнийн нэхэмжлэгч Э.Мандах автомашины эвдрэл 129,000, хохирлын үнэлгээ болох 19,000 төгрөг /хх-ийн 23 х/ зэргийг тус тус нэхэмжилсэн, Б.Одхүүгийн зүгээс дээрх нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр хохирол төлбөрийг бэлнээр төлж барагдуулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 109-111 х/-аар нотлогдон тогтоогдож байна. 

 

Б.Одхүүд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 608 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 74-75 х/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 01 жилээр хянан харгалзсан хугацаа дууссан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал арилсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

 

Б.Одхүү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Одхүү нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, өөрийн сайн дураар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн.

 

Б.Одхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Байгалд 1,952,600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнтогтох-т 553,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Мандах-д 148,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болохыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсгийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б.Одхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Боржигин овогт Баярсайханы Одхүүг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Б.Одхүүг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Одхүүд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

 

5.Б.Одхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Байгалд 1,952,600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнтогтох-т 553,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Мандах-д 148,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Одхүүд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2  дугаар хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Одхүүд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ