Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1876

 

 

“С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01502 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Г-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,

Хариуцагч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201152201 тоот дугаартай Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1 300 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, сард бодогдох хүү 3.55 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 685 346 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Б.Г нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 300 000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2 772 545 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 422 846 төгрөг, нийт 4 495 391 төгрөгийг төлөөгүй байгаа ба дээрх дүнгийн 995 391 төгрөгөөс татгалзаж, 3 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “С ББСБ” ХХК-аас 1 500 000 төгрөг зээлэх хүсэлт тавихад хүүг нь хасч бодоод 1 300 000 төгрөгийг олгосон. Хүү болон бусад шимтгэлүүдийг нэмээд 3 500 000 төгрөг төлөхөөр болсон. Уг мөнгөнөөс зохих журмын дагуу хасалтууд хийгдэж 2 600 000 төгрөг төлөхөөр болж, уг тооцоог хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус ББСБ-д очиж эдийн засагч албан тушаалтай Д.Г гэж хүнд 2 400 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн ба үүний дараа дутуу үлдэгдэл 200 000 төгрөгийн дансаар шилжүүлсэн. Уг зээлээ төлөхөд тэтгэврийн зээл авч төлсөн. Би төлбөрөөс зугтсан зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтыг баримтлан С ББСБ ХХК-ийн гаргасан Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Г нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус байгууллагад ажиллаж байсан Д.Г-д 2 400 000 төгрөг бэлнээр, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дансаар 200 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөг төлсөн гэх боловч тус төлбөр нь нэхэмжлэгч байгууллагын дансанд ороогүй. Харин дансаар Д.Г руу шилжүүлсэн төлбөр нь нотлогдож байх боловч бэлнээр төлсөн гэх 2 400 000 төгрөгийн баримт нь эргэлзээтэй байхад шүүх үнэлж нэхэмжлэгчид төлсөн гэж үзсэн. Тус баримт нь байгууллагын албан ёсны бэлэн мөнгө хүлээн авсан баримт биш бөгөөд хэн хэдэн төгрөг төлж, хэн хэдэн төгрөг хүлээн авсан нь ч тодорхойгүй байсан. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн төлөөлөгч "хариуцагч 2 400 000 төгрөгийг Д.Г-д төлсөн үйл баримтыг үгүйсгээгүй" гэж бичжээ. Хариуцагч Д.Г-д тус төлбөрийг төлсөн эсэх талаар бидэнд ямар ч баримт байхгүй тул ямар нэгэн дүгнэлт өгөх боломжгүй байсан.

Д.Г-ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүй. Хариуцагч 2 400 000 төгрөгийг Д.Г-д төлсөн эсэх нь эргэлзээтэй байсан тул төлбөр авсан гэх Д.Г-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж тухайн асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Хариуцагчийн зүгээс Д.Г-г гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд шаталсан хүү тусгасан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Зээлийн хүүг богино хугацаанд огцом өсгөж байгаа гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна. Иймээс зээлийн гэрээнд тусгагдсан 8.5 хувийн шаталсан хүүтэй гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус хэдий ч үлдсэн хэсэг буюу сарын 3.25 хувийн хүүтэй нөхцөл нь хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн шүүхээс зээлийн гэрээнд ийнхүү шаталсан хүү тогтоосон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т зааснаар нөгөө талдаа хохиролтой, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзсэн. Шаталсан хүүтэй байхаар зохицуулсан стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус хэдий ч энэ нь гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээнд тусгагдсан сарын 3.25 хувийн нөхцөл нь нөгөө талдаа илт хохиролтой биш, зах зээл дээрх дундаж хүүгийн хэмжээ тул шударга ёсны зарчимд нийцсэн стандарт нөхцөл юм. Тиймээс шүүх гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн тохиолдол болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Г-оос 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХКнь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь гэрчээр Д.Г-г асуулгах тухай хүсэлт гаргасан, уг гэрчийн мэдүүлэг хэрэгч ач холбогдолтой атал шүүх гэрчээр асуулгах этгээдийн регистрын дугаар, оршин суугаа газар зэрэг мэдээллийг шүүхэд өгөөгүй тул хариуцагчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Хэргийн оролцогчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.НАРМАНДАХ

 

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ