Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 99

 

С.О, Т.О, Ж.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаар магадлалтай, 201711000033 дугаар эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Т.О-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-нд Өршөөл үзүүлэх комиссын 2991 дүгээр тогтоолоор 1 жил 3 сар 8 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2011 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Адуучин овогт С.О.

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг өршөөн хасч, 2007 оны 8 дугаар сарын 1-нд 7 сар 4 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, Хатагин овогт Т.О

3.Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шувуухай овогт Ж.У.
Шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ухаа хошуу” гэх газарт Истана загварын 52-02 УБХ улсын дугаартай авто машиныг ашиглан хохирогч Н.Мягмарсүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, 18 тооны хонь, 15 тооны ямаа дээрэмдэж 3.840.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаар магадлалаар 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э, тэдний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн аливаа шийдвэр нь хууль зүйн хувьд ойлгомжтой бөгөөд үндэслэлтэй, хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн чадамжтай байх хуулийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрүүд байна. Учир нь шүүгдэгч С.О, Т.О, Ж.Энарын үйлдлийг хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэний дараа хохирогч Н.Мягмарсүрэн мал дээрээ ирсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан Н.Мягмарсүрэн болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр хохирогчийн малыг хулгайлах үед хохирогч тэдэн дээр ирсэн нь тогтоогдсон, хулгайн гэмт хэргийн үндсэн шинж болох нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдээгүй. Харин бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан эд хөрөнгийг нь өөрсдийн эзэмшилд авсан болох нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байсан. Гэтэл тухайн нэг хэрэг, үйлдэл дээр давж заалдах шатны шүүх эхлээд дээрэмдэх гэмт хэрэг гэж дүгнэсэн атлаа дараагийн шийдвэртээ хулгайн гэмт хэрэг гэж 2 өөрөөр дүгнэсэн нь буруу бөгөөд тухайн шүүхийн 37 дугаар магадлал нь 50 дугаартай магадлалаас агуулгын хувьд зөрүүтэй шийдвэрүүд байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхий магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Т.О гаргасан гомдолдоо: “...2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй. Миний хувьд найздаа туслаж явах болсноор энэ гэмт хэрэгт холбогдсон. Тиймээс гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан. Өндөр настай эх болон охин маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч мөн адил хорих ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэсэн саналаа шүүх хуралдаан дээр хэлсэн. Иймд хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон. Шүүгдэгч нарын хохирогчид хүч хэрэглэн, нүүрийг нь баглан, машины тэвшинд ачиж авч явсан үйлдэл нь хүн хулгайлах гэмт хэргийн шинжтэй байхад шүүх энэ талаар анхаарч үзээгүй нь буруу байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Т.О-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нар нь “хохирогч Н.Мягмарсүрэнгийн хоттой хонины хашааны хаалгыг онгойлгоод 20 гаруй хонь, ямаа хулгайлаад гэрээс нь тууж машиныхаа зогсож байсан газарт аваачиж 5-6 хонь нядалж байхад нь хохирогч Н.Мягмарсүрэнг ирэхэд нь зүс царайгаа нуун далдалж, газар унагаж, гар хөлийг нь хүлж, нүүрийг таглаж юмаар ороогоод машиндаа авч явж, аймгийн төвийн ойролцоо буулгаж хаясан” үйл баримт тогтоогдсон талаар дүгнэлт хийсэн атлаа хулгайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэний дараа хохирогчийг ямар ч шалтаг, шалтгаангүйгээр бүлэглэн хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөхгүйгээр, хохирогч Н.Мягмарсүрэн нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нар дээр очсон болох нь тогтоогдсон, мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд утга агуулгын зөрчилтэй, хохирогч Н.Мягмарсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг гуйвуулан тайлбарлаж, хуулийг илтэд буруу хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор амь нас, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахтай зэрэгцэн нэг цаг мөч, орон зайд үйлдэгдэхээс гадна бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан даруй тухайн эд хөрөнгийг өөрсдийн эзэмшилд үлдээж, өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болж буй этгээдэд хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлийг дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Энэ талаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.О, Т.О, Ж.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 52-01 УБХ дугаартай Истана загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Т.Тунгалагийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр уг тээврийн хэрэгслийг буцаан олгохдоо уг тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирол нөхөн төлүүлэх, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.О-ын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.О, Т.О, Ж.Энарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            ДАРГАЛАГЧ,                                               Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН