Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0040

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгч С.*******, Ч.*******, Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Мандахсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэртэй, М.******* нарын 4 иргэний нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******, С.*******, Ч.*******, Ч.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож,  тус тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгохыг, нэхэмжлэгч М.*******, С.*******, Ч.*******, Ч.******* нарын бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон нийслэл, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд тус тус мэдээлэхийг Налайх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч М.*******, Ч.*******, Ч.*******, С.Цэрэнсамбуу нарыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон боловч ...төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. ...түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдоогүй, ийнхүү түдгэлзүүлэх болсон нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна... гэжээ.

Нэхэмжлэгч нар нь Орон нутгийн хурлын сонгуульд оролцохдоо ямар нэгэн байдлаар хууль дүрэм зөрчилгүй, ард түмнээ хуурч мэхлэлгүйгээр шударгаар өрсөлдөх ёстой атал Налайх дүүргийн 3 дугаар хорооноос буюу Сонгуулийн 3 дугаар тойргоос нэр дэвшсэн дээрх хүмүүс сонгогчдын саналыг хууль бусаар татах зорилгоор гурил, будаа тараасан гэсэн үндэслэлээр Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, цагдаад баригдсан бичлэг нь хүртэл олон нийтэд цацагдсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандахад гарсан зөрчлүүдийг “зөрчлийн 3981, 4009, 4021 дугаарт бүртгэн шалгаж байна” гэсэн хариу ирүүлсэн.

Дүүргийн Сонгуулийн хорооны гишүүд хуралдаж, хуралдаанаараа дээрх асуудлыг авч хэлэлцэсний эцэст Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дах хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно" гэж заасан эрхийнхээ дагуу хууль хяналтын байгууллагад Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн гэж шалгагдаж байгаа М.******* нарын 4 хүнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгох асуудлыг түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл шүүхээс дүүргийн Сонгуулийн хороог хурал огт хийгээгүй мэтээр дүгнэн, нэхэмжлэгч талын хурал хийгээгүй гэсэн мэдээлэлд үндэслэлгүйгээр итгэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, нотлох баримтаар өгсөн хурлын тэмдэглэлийг үнэлээгүйг нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Цагдаад шалгагдаж байгаа 2 зөрчил нь Санал хураах өдрөөс өмнө үүссэн ба тухайн үед нь ....Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2. Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ... гэсэн үндэслэлээр шалгагдаж байсан атлаа Санал өгөх өдөр дахин зөрчил гаргаж, айлуудаар гурил будаа тараасан болох нь гэрч нарын мэдүүлэг, тухайн үеийн бичлэг баримтаар нотлогдож байсан учраас Цагдаагийн хэлтэс дээр 3 дахь зөрчил нь үүсч шалгагдаж эхэлсэн.

... Дүүргийн Сонгуулийн хорооны хуралд гишүүдийн дийлэнх нь буюу 9 гишүүнээс 8 гишүүн оролцсон бөгөөд гишүүн О.Манарбек сууж байгаад хурал эхлэхээс өмнө орхиод гараад явсан. Араас нь удаа дараа биеэр болон утсаар нь дуудсан боловч ирээгүй. Үлдсэн 7 гишүүн хуралдаад санал нэгтэйгээр шийдвэр гаргасан. Гишүүн О.Манарбек өмнө нь ч хурал хаяж гарч байсан учраас Нийслэлийн Сонгуулийн хороонд энэ гишүүнийг Ёс зүйн зөрчил гаргасан талаар албан бичиг хүртэл хүргүүлж байсан. ...

Мөн Анхан шатны шүүх хариуцагчийг Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчим болон маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчмуудыг баримтлаагүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

Нэр дэвшигч нар нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг бүх төрлийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж байгаа ажиллагааг ойлгоно гэснийг үл ойшоон зөрчил гаргасан байсан.

Тэдний шалгагдаж байсан асуудлууд одоо ч дуусаагүй, зөвхөн нэг зөрчил нь Багахангай Налайх дүүргийн шүүхээр хянан хэлэлцэгдээд дахин шалгуулахаар Цагдаагийн байгууллагад буцсан учир одоо ч ажиллагаа хийгдсээр байгаа. Энэ талаараа ч Цагдаагийн байгууллагаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан ёсоор мэдэгдсэн байсан.

... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч М.******* нарын 4 иргэн нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, тус дүүргийн 3 дугаар тойрогт хамгийн олон санал авч сонгогдсон байх бөгөөд Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн талаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр тэдгээр нэр дэвшигч нарт төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заажээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох”-оор зааснаас үзвэл мөн хуулийн 159.2, 159.3-д заасан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэрийг Сонгуулийн хороо гаргахдаа Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргахаар байна.

Харин цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлсэн нь буруу байна. Учир нь цагдаагийн байгууллага хэзээ, хэрхэн шалгаж шийдвэрлэх нь тодорхойгүй байх тул түр үнэмлэх олгохыг түр түдгэлзүүлсэн Сонгуулийн хорооны тогтоолын зорилго тодорхойгүй, ач холбогдолгүй байна.

Иймд хариуцагчийн “... Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно.”  гэж заасан эрхийнхээ дагуу хууль хяналтын байгууллагад Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн гэж шалгагдаж байгаа М.******* нарын 4 хүнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгох асуудлыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх шүүхээс хийсэн үзлэгээр тэмдэглэл байгаагүй гэх үндэслэлээр “... маргаан бүхий тогтоолыг гаргахдаа дүүргийн Сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцээгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуралдаан хийсэн. Оролцвол зохих 9 гишүүнээс 8 гишүүн оролцож, түүнээс хурал орхиж гарсан О.Манарбек гишүүний саналыг татгалзсанд тооцож, тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн. Сонгуулийн үед ажлын ачаалал ихтэй, хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байсан, Манарбекэд хурал хаяж гарсантай нь холбоотой ёс зүйн зөрчил гаргасан гэж Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүртэл хүргүүлж байсныг ч шүүх харгалзалгүй хурал хийгээгүй гэж үзсэнд гомдолтой ...” гэх тайлбар, хэрэгт авагдсан Налайх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаарх гомдол үндэслэлтэй боловч шүүхийн энэхүү дүгнэлт нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Налайх дүүргийн Сонгуулийн хорооны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                   ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

                   ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                   ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ