Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,

Шүүгдэгч Н.А******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н********ийн А********өд холбогдох эрүүгийн ********  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах “Гэрэл” караокены гадна 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.Т********той маргалдаж улмаар түүнийг хавсран унагааж нүүрэн тус газарт нь цохиж, хамран тус газар нь мөргөж, биед нь хамар яс, зүүн ухархайн хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах “Гэрэл” караокены гадна 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.Т********той маргалдаж улмаар түүнийг хавсран унагааж нүүрэн тус газарт нь цохиж, хамран тус газар нь мөргөж, биед нь хамар яс, зүүн ухархайн хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.А********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цаг болж байхад миний таньдаг дүү Х.Төгөлдөр над руу залгаад Гэрэл дээр хүрээд ир Гэрэлийн хөгшин ах бараг зодлоо гэхээр нь би Төгөлдөр гэдэг дүүтэйгээ хамт очсон. Тэнд очоод уулзахад янз бүрийн зодоон болоогүй байхаар нь би Х.Төгөлдөрийг аваад цаашаагаа явах гэж байсан чинь Гэрэл нэртэй караокеноос 2 ах гарж ирээд бид хэдийг дуудсан. Тэгэхээр нь тэр дуудсан хүмүүс дээр очсон чинь арай махлагдуу ах нь надтай хамт ирсэн Төгөлдөрийг шууд хавсраад газар унгаасан. Тэгэхээр нь би нөгөө махлаг ахтай хамт явж байсан залууг нь би цээж хэсэг рүү түлхээд цааш нь унгаах гэж байгаад хөлөнд нь тээглээд хамт газар унасан. Тухайн үедээ бид хоёр газарт унасан байхдаа өнхөрч ноололдож байгаад босож ирээд бие биеэ заамдаж авсан. Заамдаад авсан байхдаа би тэр ахыг нэг удаа нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Ингээд байж байхад манай найз Дариа ирээд намайг салгасан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Т********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цаг өнгөрч байхад манай ажил дээр миний төрсөн хүүхэд Бямбахүүгийн ангийн хүүхдүүд болох 7-8 хүүхэд орж ирсэн. Тухайн үед эд нар манай хүүхдийг асууж орж ирэхээр нь яав юу болов гэж асуусан чинь тэр хүүхдүүд Гурван-Эрдэнэ сургуулийн ах нар бид нарыг зодох гэж дайраад байна гэж хэлэхээр нь хаана байгаа юм тэр хүүхдүүд чинь гэсэн чинь урд талын гудамд байгаа гэж хэлсэн. Ингэж хэлсэн чинь манай том хүүхэд Сүхбат тэр зодох гэж дайраад байгаа хүүхдүүд рүү нь гарсан. Удалгүй Сүхбат миний ажил руу ороод ирэхээр нь яасан юу болов гэж асуухад намайг өшиглөөд ор гэж хэллээ гэсээр ороод ирсэн. Ингэж хэлэхээр нь би ажлаасаа гараад ирсэн чинь 9 дүгээр хорооны засмал зам хөндлөн гарсан бараг 10-аад хүүхдүүд явж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдүүдийг дуудсан чинь нэг хөх малгайтай хүүхэд хүрээд ирэхээр нь чи яагаад хүүхэд өшиглөөд байгаа юм гэж хэлээд цээж рүү нь түлхсэн чинь хуажуунаас хэдэн банди нар орж ирээд намайг хавсарч унгаагаад нүүр ам руу нэлээн олон удаа өшиглөсөн. Тэгээд босоод ирсэн чинь цагаан куртиктэй байсан бил үү нэг хүүхэд нь миний хамар луу толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би тэр хүүхдийг барьж аваад чи хэдэн настай юм архи уусан юм уу гэхэд би тэр цагаан куртиктэй хүүхэд би 17 настай гэж хэлж байсан. Ингэж бужигнаж байгаад манай дүү Мөөгий гарж ирээд тэр хүүхдүүдээс намайг салгасан. Ингээд салаад байж байхдаа би тэр цагаан куртиктэй хүүхдийг чи яаж байгаа юм гэж хэлээд тэврээд авсан чинь намайг дахиад нэг удаа хамар луу мөргөсөн. Тэгээд л шууд цагдаа дуудсан...Эмчилгээний зардалд гарах мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Т******** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 140,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Гэрч Х.Н********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 17-нд орой 21 цагийн үед намайг очиход А********, манай үеэл дүү Төгөлдөр, А********ийн дагуулж ирсэн, бас нэг Төгөлдөр гэдэг хүүхэд байсан. Эд нар намайг ирсэн байхад тэр Гэрэлт караокед байдаг хүний хүүхдийг Төгөлдөр нэг удаа бөгс хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь тэр хүүхэд Гэрэлт рүү гүйгээд яваад орсон. Тэгэхээр нь бид нар буцаад явж байсан чинь тэр Гэрэлт караокеноос хоёр ах гарж ирээд бид нарыг дуудахаар нь эргээд очсон чинь тэр хоёр ахын арай махлаг нь А********ийн дагуулж ирсэн Төгөлдөрийг хавсраад газар унгаасан. Тэгсэн чинь А********ийг нөгөө нэг ах нь гүйж ирээд түлхсэн чинь энэ хоёр барьцалдаж аваад бие, биеэ цохиод унасан. Ингэж байгаад А******** нөгөө ахыг газар хавсарч унгаагаад босоод ирэхээр нь нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд л нөгөө хоёр ах Гэрэлт караоке луу дагуулаад орсон. Үүнээс хойш би юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Салгаад байж байхад саарал юүдэнтэй малгайтай цамцтай хүүхэд нь Т******** ахын нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөөд Төгсөө ахыг цохиод унасан. Харин Төгсөө ах нөгөө хүүхдийг бол хүчтэй цохиж барьсан зүйл байхгүй, нэг хоёр удаа л алагдсан. Тэгээд би энэ хоёрыг салгаад нөгөө саарал юүдэнтэй малгайтай цамцтай хүүхдийг дагуулаад Гэрэл караоке луу орсон...Гадаа гараад байж байхдаа Төгсөө ах нөгөө саарал цамцтай малгайтай хүүхдэд чи ингэж омголон байж болохгүй гэсэн чинь нөгөө хүүхэд би ийм омголон байсаар ирсэн гэж хэлээд Төгсөө ахын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Харин Төгсөө ах тэр хүүхдэд гар хүрээгүй. Тэгээд л цагдаа дуудах болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 576 дугаартай: “

1. Д.Т********ын биед хамар яс, зүүн ухархайн хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.

3. Д.Т********ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ”  гэх дүгнэлт (хх-ийн 28-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 39-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 40-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 41, 43-47-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй, дархан байх эрхэд халдаж бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Н.А******** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Н.А******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах “Гэрэл” караокены гадна 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Д.Т********той маргалдаж улмаар түүнийг хавсран унагааж нүүрэн тус газарт нь цохиж, хамран тус газар нь мөргөж, биед нь хамар яс, зүүн ухархайн хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.А********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Т********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 11-13-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Гэрч Х.Н********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 576 дугаартай дүгнэлт (хх-ийн 28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Т********ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.А********ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Н.А******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.А******** нь хохирогч Д.Т********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч Д.Т******** нь эмчилгээнд гарах зардлын мөнгөө нэхэмжилж байх боловч эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч Д.Т******** нь эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.А********өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Харин иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 140,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Д.Т********од 140,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 16-р хуудас)-гаар тогтоогдож байх ба шүүгдэгч Н.А******** нь 140,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.А********өд 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээгээр шийтгэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, одоо үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн  зөвшөөрч хохирогчид хохирол, төлбөр төлөх санал, санаачилга гаргаж байсан зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А******** нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 41, 43-47-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.А********өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч нь ам бүл 5, өвөө, эмээ, ээж, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтаар шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т******** нь эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.А********өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Н********ийн А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н********ийн А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А********өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А********ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 2 (хоёр) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

7. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Т******** нь эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.А********өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А********өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР