| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2024/0722/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/763 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/763
2024 07 02 2024/ШЦТ/763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Ч.Батбаатар,
хохирогч Л.Б ,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А д холбогдох эрүүгийн 2403 00229 0370 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Д.А нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь хангай мебель ХХК-ий арын замд Toyota prius 30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах оролцогч нар оролцож, мэдүүлэг өгч, тайлбар хийснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Л.Б ээс “2024 оны 04 дүгээр сарын 12-нд Д.А гийн жолоодож явсан машинд мөргүүлж дунд чөмгөө хугалж 2024 оны 04 дүгээр сарын 16-нд дунд чөмгийн хагалгаанд орж 7 хоног хэвтсэний дараа “Альфа медикал” сэргээн засах эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Одоогийн байдлаар 2.700.000 төгрөг хохирол төлбөрт авсан. Түүнээс хойш тухайн эмнэлэгт сард 12 удаа эмчилгээнд явж байгаа. Сар бүр бороололтын рентген зураг авхуулж байна. Миний дунд чөмөг 0.1 сантметрийн зайтай хугарсан бөгөөд энэ зайндаа цаашид эмчилгээ хийлгэнэ. “Альфа медикал” эмнэлэгт 3 сар эмчилгээ хийлгэж байна. Цаашид 6 сарын турш рентген зураг авхуулж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Би өдрийн эмчилгээндээ явахдаа ирж очихын 12 километрт 30,000 төгрөгийг таксины зардалд гаргадаг. Уг баримтыг гаргаж өгсөн. Би 1-1,5 жилийн дараа ган хадаасаа авахуулна. Ган хадаас авхуулсны дараа толгой, нурууны MRI-д харуулах зардлыг нэхэмжилж байна. Хадаас авхуулсны дараа “Альфа медикал” эмнэлэгт 10 хоног хэвтэнэ. Үүний дараа үргэлжлүүлэн 14 хоног сэргээн засах эмчилгээ хийлгэнэ. Дараа гарах эмчилгээний зардлын нэхэмжлэлд ороогүй зүйлс нь хадаас авхуулах хагалгааны зардал, кальци, д витамин, ажилдаа явах таксины зардал, кальци, д витамин ууж байгаа учраас эрдсийн шинжилгээ цаашид хянуулах ёстой боловч эдгээр зардлуудыг нэхэмжлэлд оруулаагүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад 990096... дугаараас “.... дугаартай саарал өнгийн приус 30 машин хүн мөргөчихлөө” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4 дэх тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дэх тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Доржхорол овогтой Д.А г драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 12 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн баруун дээд буланд 04-12-2024 Fri 10:47:40 гэсэн цаг хугацаа заасан бичиглэлтэй, дэлгэцийн зүүн доод буланд Camera 01 гэсэн бичиглэлтэй байв. Бичлэгт дүрслэгдэж буй зам орчны байдал нь асфальт, тэгш, хуурай, эсрэг, хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай зургаан эгнээтэй, хашлагатай, хайсгүй авто зам байх бөгөөд уг авто замын цаад талын гурван эгнээ авто замын хөдөлгөөн сийрэг, наад талын гурван эгнээ авто замын хөдөлгөөн ачаалал ихтэй буюу түгжрэлтэй байх бөгөөд авто замын наад талд явган хүний замтай, түүний наана асфальт, тэгш, хуурай, үзэгдэх орчих чөлөөтэй, тусгаарлах зурвасгүй, эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээ, хашлагатай, хайсгүй зам байх бөгөөд бичлэг эхлэх үед эсрэг хөдөлгөөнтэй, зургаан эгнээ бүхий цаад талын авто замаар баруун талдаа бараан өнгийн цүнх үүрсэн, бараан өнгийн хүрэм, өмд, гуталтай эмэгтэй хүн ганцаараа хяналтын камер байрлуулсан тал руу буюу нааш чиглэн гүйж авто зам болон явган хүний замыг хөндлөн гараад наад талын хоёр эгнээ авто замын цаад эгнээнд байрлуулсан автомашинууд буюу цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашины урдуур гүйгээд гарах үед тус автомашин зогссон чиглэлд буюу дэлгэцийн баруунаас зүүн чиглэлд явж буй цайвар өнгийн тоёота приус 30 маркийн автомашин зүүн урд талаар тус эмэгтэй хүний биеийн баруун тал руу мөргөх үед газарт шидэгдэн унаад зам дээр биеийнхээ баруун талаар хэвтээд зүүн гар нь хөдлөөд босохгүй байх бөгөөд энэ үед уг эмэгтэй хүнийг мөргөсөн тоёота приус 30 маркийн автомашины жолооч нь автомашинаасаа буух гээд баруун урд хаалгаа онгойлгоход автомашин зогсохгүй урагш бага зэрэг хөдлөх бөгөөд дахин автомашинаасаа гарах үед машин нь зогсохгүй урагш явах үед буцаад автомашин дотроо орж суугаад машиныг зогсоогоод дотроос нь бууж байх бөгөөд энэ үед хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн машинд мөргүүлсэн эмэгтэй хүний дэргэд ойртон очоод бичлэг дуусаж байв. Дэлгэцийн баруун дээд буланд 04-12-2024 Fri 10:48 гэсэн цагийн заагаад бичлэг дуусаж байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 23-25 дахь тал/,
Хохирогч Л.Б ийн “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 56 минутын үед Баянзүрх дүүрэг Нарантуул захын авто замын уулзварын баруун хойд талаас урагш чиглэн авто замыг хөндлөн гараад авто замын урд талд байрлах Япон даавуу гэсэн дэлгүүр рүү орох гээд явж байгаад уг дэлгүүрийн гадна автомашины зогсоол бүхий хэсгийн туслах зам дээр Тоёота приус маркийн автомашинд мөргүүлээд нэлээн хол шидэгдээд газарт унасан. Миний гар утас, нүдний шил, цүнх гутал тал тал тийшээ шидэгдсэн. Ингээд би босох гээд босож чадахгүй, дээшээ харж чадахгүй тэнд байсан хүмүүсийн гутлыг л харааж байж байсан. Тэнд байсан хүн миний гар утас, нүдний шил, цүнх гурвыг надад авч ирж өгсөн. Мөн тэнд байсан эгч өөрийнхөө гар утсаар эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.О-ийн “Миний Тоёота приус 30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэн дүү Д.А надаас гуйгаад аваад явсан. Удалгүй над руу залгаад зам дээр хүн мөргөчихлөө гэхээр нь яваад очсон. Машинд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Бусдад учирсан хохирол гэм хорыг би хариуцан арилгахад татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 40-41 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас ний 3,554,080 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5135 дугаартай “Л.Б ийн биед баруун дунд чөмөг ясны ташуу эргэлттэй, холдож салсан далд хугарал, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Toyota prius 30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Доржхоролын Д.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Явган зорчигч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 66-67 дахь тал/,
Яллагдагч Д.А ий “2024 оны 04 дүгээр сарын 12-ны Баасан гарагт миний автомашин явдаггүй дугаартай болохоор би хадам эгч С.О-ийн Toyota prius 30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйж аваад ганцаараа Их наяд худалдааны төвийн орчим хүнтэй уулзчихаад 11 цагийн үед Кино үйлдвэрт байрлах гэр рүүгээ буцаад явж байхад Нарантуулын уулзвар руу чиглэсэн баруунаас зүүн рүү чиглэсэн авто зам нь түгжрэлтэй байхаар нь түүний урд талын буюу Говь хангай мебель дэлгүүрийн арын замаар дөтлөөд явж байсан. Тэр зогсоолоор цааш гарахдаа хаалтын манаачид нь 500 төгрөг өгчхөөд гарчихдаг бөгөөд би ослын өмнө буюу жолоо барьж явахдаа 500 төгрөгөө өгөх гээд мөнгө бэлдэж байгаад явган хүн урдуур гарч ирснийг анзаараагүй мөргөсөн. Ингээд би автомашинаасаа буух гэхэд автомашинаа бүрэн зогсоолын араанд нь хийгээгүй. Тухайн үедээ сандраад хоёр удаа автомашиныг ухасхийлгэж байгаад зогсоосон. Ингээд тэр гудамжаар явж байсан эмэгтэй эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа түрүүлж ирээд дараагаар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин ирээд машинд мөргүүлсэн эмэгтэйн эгч нь ирсэн байсан. Эгчтэй нь уулзахад мэс засалд орохоор болсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дахь тал/,
Хохирогч Л.Б ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 84-94, 96 дахь тал/,
Шүүгдэгч Д.А ий хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 дахь тал/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 16 дахь тал/,
Байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 17 дахь тал/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь тал/,
Гэрч Х.Г-ын “Манай найз Д.А 1983 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ... суманд төрсөн бөгөөд сумандаа 8 дугаар ангиа төгсөөд үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн төвийн 3 дугаар сургуулийг 9-10 дугаар ангиа суралцан төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирээд хувийн байгууллагуудаар ажил эрхэлж байсан бөгөөд одоо Амгалан зах дээр төрсөн дүүгийнхээ хамт лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг. Манай найз Д.А хугацаат цэргийн алба хааж байгаагүй. Гэр бүлийн хувьд эхнэр Одноотой 2011 оны орчим танилцаж одоо эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Ааш зангийн хувьд цайлган зантай, тусч залуу бөгөөд элдэв муу зуршилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дахь тал/,
Гэрч С.О-гийн “Д.А бид хоёр 2010 онд танилцан 2012 онд нэг гэрт орж хамт амьдрах болсон бөгөөд дундаасаа 4-11 насны гурван хүүхэдтэй. Гэрлэлтээ батлуулаагүй. Ааш зангийн хувьд төлөв даруу, шударга, найз нөхдийн хүрээлэл сайтай, гэр бүлдээ халамжтай, хүүхдүүдээ хардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дахь тал/,
Хохирогч Л.Б ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Альфа Медикал сэргээн засах эмнэлгийн эмчлэгч эмч Б.Амарсанаагийн гаргасан эрүүл мэндийн байдлын талаарх тодорхойлолт, цаашид гарах эмчилгээний үнийн мэдээлэл бүхий 3 хуудас баримт, эмчилгээ үйлчилгээ авсан талаарх 8 ширхэг и-баримт, гэр, эмнэлэг, ажил гэсэн маршрутаар такси үйлчилгээ авсан гэх 3 хуудас баримт,
Шүүгдэгчийн Д.А гээс гаргаж өгсөн хохирогч Л.Б ийн эзэмшлийн Голомт банкны 3005100562 тоот дансанд 2,751,370 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд 3,554,080 төгрөг шилжүүлсэн талаарх 2 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь хангай мебель ХХК-ий арын замд Toyota prius 30 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Б ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Л.Б , яллагдагч Д.А нарын мэдүүлэг, Л.Б ийн эрүүл мэндэд хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Д.А ий Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.
Д.А нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Л.Б ийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эхсүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг,
"Явган зорчигч" гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүнийг тус тус ойлгоно.
Хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаагаар Д.А д “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхийг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр олгожээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хувьд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрсөн байх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
Д.А ий эс үйлдэхүй болон хохирогч Л.Б ийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Д.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тогтоогдсон бөгөөд хохирогч Л.Б ээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 2,751,370 төгрөг нэхэмжилж, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын сангаас 3,554,080 төгрөг тус тус нэхэмжилснийг Д.А нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Л.Б ээс цаашид гарах эмчилгээний зардал буюу сэргээн засах эмчилгээ хийлгэхэд 4,840,000 төгрөг, толгойн судастай MRI шинжилгээ хийлгэхэд 350,000 төгрөг, бүтэн нуруу MRI шинжилгээ хийлгэхэд 550,000 төгрөг,
Альфа медикал эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэсэн 405,000 төгрөг, эмчилгээ хийлгэх, ажилдаа авахад гарсан такси үйлчилгээний зардал 271,175 төгрөг зэргийг тус тус нэхэмжилжээ.
Шүүхээс эмчилгээ хийлгэсэн 405,000 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгч Д.А гээс гаргуулж хохирогч Л.Б т олгох, такси үйлчилгээтэй холбоотой зардалтай баримт нотлох баримтыг шаардлага хангаагүй тул хэлэлцэхгүй орхих, уг зардал болон цаашид гарах эмчилгэний зардлыг Д.А гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргасныг хангасан ба энэ хугацаанд шүүхээс тогтоосон төлбөл зохих 405,000 төгрөгийн хохирлыг төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Л.Б нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.А ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Д.А ий хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүхээс Д.А ий гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 2-13 насны хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Д.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогч Л.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.А ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ