| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2021/01529/и |
| Дугаар | 182/ШШ2021/02284 |
| Огноо | 2021-10-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2021/02284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч Э.А-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт оршин суугч Б.Б-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дашдаваа, хариуцагчийн төлөөлөгч Б.Сувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А- шүүхэд болон төлөөлөгч Э.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Нүүр номоос суудлын автомашин түрээс гэсэн зар хараад гэсэн дугаарт холбогдон өдрийн 70,000 төгрөгөөр приус 20 автомашин түрээсэлдэг урт хугацаагаар түрээслэвэл өдрийн 50,000 төгрөг болно гэхээр нь ажлын шаардлагаар хол газарт ажил хийх байсан тул түрээслэн авъя гэдгээ хэлсэн. Ингээд орой 22 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар хороололд ирж машинаа ав гэхээр нь очтол УБЭ улсын дугаар бүхий Хонда Инсайт автомашиныг 30 хоногийн хугацаатай өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Ингэхдээ барьцаа 100,000 төгрөгийг нэмж 1,600,000 төгрөгийг Б.Б-ийн Хаан банк дахь 51 тоот дансанд өөрийн Хаан банкны 50 тоот данснаас шилжүүлэн өгсөн. Уг автомашины улсын дугаар нэгээр төгссөн учир эхний өдрөө унаж чадалгүй өнгөрөөгөөд маргааш нь болох 2 дахь өдөр нь буцаан өгсөн. Учир нь машины хурдны хайрцаг нь их дуутай угзарч хөдөлдөг явах эд анги их дуу орчихсон байсан эвдэрч асуудалд орох эрсдэлтэй санагдаад буцааж өгсөн. Анх авахад Б.Б- өөрөө сайн мэдэж байсан бөгөөд хэд хоногоос бусад приус 20 автомашинууд түрээсийн хугацаа дуусаад ирнэ тэгэхээр сольж өгч болно гэж тайлбарласан. Би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр машиныг албан ёсоор буцаан өгсөн бөгөөд ямар нэг машинд гэмтэлгүй гээд авсан. Мөнгөө буцаан авъя гэхэд маргааш шилжүүлж өгнө гээд өнөөдрийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй худлаа яриад 10 сар болсон. Энэ хугацаанд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн боловч Баянгол дүүргийн прокуророос иргэний хэрэг гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Б-оос барьцаа мөнгө 100,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг нийт 1,600,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж, олон сар чирэгдүүлсний хохиролд нийт 2,000,000 төгрөгийг гаргуулна. Олон сар чирэгдүүлсний хохирол 400,000 төгрөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс гэж тодруулж байна гэв.
Хариуцагч Б.Б- шүүхэд болон төлөөлөгч Б.Сувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр надтай гэрээ байгуулаад 30 хоногийн хугацаатай өдрийн 50,000 төгрөгөөр УБЭ Хонда Инсайт машиныг түрээсэлж барьцаанд 100,000 төгрөг төлсөн. Э.А- анх машиныг түрээслэхдээ гэмтлээс 120 мянгатын Хурд хотхон хүртэл унаж явсан бөгөөд тухайн үед машин ямар нэг доголдолгүй байсан. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авчирч өгөхдөө би ажлаасаа машин авчихлаа машинаа буцаая гэсэн. Бид харилцан тохиролцож түрээсийн төлбөрт 2 хоногийн нийт 140,000 төгрөг буцааж олгоно гэж тохиролцсон. Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Э.А-ы данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Энэ үеэс Коронавирусын халдвар гарч нийтийг хамарсан хөл хорио тавигдсаны улмаас би түрээсийн мөнгийг буцаан өгч чадаагүй. Гэтэл Э.А- Баянгол дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргаж сар гаруй шалгуулсан бөгөөд Прокурорын байгууллага миний Хаан банкны дансыг битүүмжилсэн. Үүнээс болоод надад орж ирэх байсан орлого орж ирээгүй учраас ихээхэн хэмжээний хохирол учирсан. Одоо ч гэсэн Прокурорын байгууллагаас миний дансыг хаасан бөгөөд маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,000 төгрөгийг шилжүүлээд 1,390,000 төгрөгийг буцааж өгөхөөр байгаа тул 7 сарын хугацаанд сарын 200,000 төгрөгөөр төлөх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.А- хариуцагч Б.Б-ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дашдаваа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж барьцаа 100,000 төгрөг, түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваагаас эрх зүйн туслалцаа авсан хөлс 400,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг шаардсан гэж тайлбарлав.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Сувд нэхэмжлэлийн шаардлагаас 1,480,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 520,000 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Э.А- хариуцагч Б.Б-той 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хонда Инсайт УБЭ улсын дугаартай автомашиныг 30 хоногийн хугацаатай өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.
Түрээслэгч түрээсийн барьцаа 100,000 төгрөг, түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөгийг түрээслүүлэгч Б.Б-ийн Хаан банк дахь 51 тоот дансанд шилжүүлэн өгсөн тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э.А- нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Э.Дашдаваад итгэмжлэл олгож /хх-ийн 21 тал/, дээрх итгэмжлэлийн үндсэн дээр Э.Дашдаваа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож эрх үүргээ хэрэгжүүлсэн. Итгэмжлэл олгох нь нэг талт хэлцэл бөгөөд нэхэмжлэгч Э.А- нь эрх зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрт итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдаваад шилжүүлсэн гэх 400,000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй байна. /хх-ийн 30, 34 тал/
Иймд хариуцагч Б.Б-оос түрээсийн гэрээний төлбөрт 1,500,000 төгрөг, барьцаа 100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Э.А-ы данс руу шилжүүлсэн 50,000 төгрөгийг хасч, хохирол 400,000 төгрөг нийт 450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дашдаваа нь шүүх хуралдаанд “хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар шүүхэд ирэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй. Хууль, шүүхийн байгууллагыг илтэд үл хүндэтгэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахуулах” хүсэлт гаргаж байна.
Тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2021/06038 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт товлосон бөгөөд уг шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулсан.
2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- ирээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанд оролцуулах нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- оролцохгүй хүсэлтээ бичгээр ирүүлсэн боловч нэхэмжлэгч тал түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн.
Тус шүүх хуралдаанд хариуцагч Б.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ удаа дараа ирүүлсэн тул түүнийг шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б.Б- нь Б ХХК-иар Э.А-тай гэрээ байгуулсан гэх тайлбар гаргасан боловч уг гэрээ, холбогдох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгч тал Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа түрээслэгчийн гарын үсэг зурагдаагүй гэрээ авчирч өгсөн гэж маргаж байгааг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 1,550,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 39,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2021/07385 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ