Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/03147

 

 

 

 

 

 

 

2021 10 13 101/ШШ2021/03147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Консул 2-р гудамж, 52а тоотод оршин суух, Бадамсэдийн Төмөр-Очирын /РД: ИН60052819/ нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Төмөр-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төмөр-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Төмөр-Очир миний бие 1976 оны 7 сарын 10-ны өдрөөс эхлэн 1979 оны 5 сарын 30-ны өдрийг дуустал Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдлийн Нуур бригадад шууданчаар ажиллаж байгаад 1979 оны 6 сарын 23-нд өдөр цэргийн албанд татагдсан.

Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1976 онд ажилд авсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, гарсан тушаал бичигдээгүй, холбогдох архивуудад тушаалын хуулбар байхгүйгээс дээрх хугацаа ажилласан хугацаанд тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төмөр-Очир нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдлийн Нуур бригадад 1976 оны 7 сарын 10-ны өдрөөс 1979 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шууданчаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Бадамсэдийн Төмөр-Очир нь Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдлийн Нуур бригадад 1976 оны 7 сарын 10-ны өдрөөс 1979 оны 5 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шууданчаар ажиллаж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Түүний шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

-Б.Төмөр-Очирын ажилласан жил цалингийн талаархи Завхан аймгийн архивын тасгийн 2020 оны 4 сарын 28-ны А/1512 тоот, 2021 оны 8 сарын 30-ны өдрийн А/1672 тоот лавлагаанууд,

-Жаргалын Зам нэгдлийн зөвлөлөөс Б.Төмөр-Очирт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн түүний 385406 дугаар бүхий цэргийн батлахын хуулбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 сарын 27-ны өдрийн 4/5931 тоот ...Бадамсэд Төмөр-Очир, ажилд орсон 1976 он, Тэлмэн сум... лавлагаа,

-Гэрч Б.Шаравсамбуугийн 2021 оны 10 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн ...Би 1976 оны 3 сард Жаргалын Зам нэгдлийн Нуур бригадад малын эмчээр ажилласан. Б.Төмөр-Очиртой 1976 оноос 1979 оны хооронд хамт ажиллаж байсан бөгөөд тэрээр 1979 онд цэрэгт явсан... гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй.

/ХХ-ийн 3-8, 18-22, 25-28, 31-37 дугаар тал/

 

Үндэсний төв архивын газрын 2021 оны 8 сарын 23-ны өдрийн 03/766 тоот лавлагаанд ... сан хөмрөгт Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн баримт шилжиж ирээгүй тул Б.Төмөр-Очирт холбогдох лавлагаа гаргах боломжгүй,

Дээр дурдсан байдлаас дүгнэхэд Б.Төмөр-Очирын ажиллаж байсан болохыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байна.

/ХХ-ийн 23-24 дүгээр тал/

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бадамсэдийн Төмөр-Очирын Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын Зам нэгдлийн Нуур бригадад 1976 оны 7 сарын 10-ны өдрөөс 1979 оны 5 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд шууданчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Төмөр-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН