Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/00250

 

                                    Д.И-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00521 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 207/МА2024/00057 дугаар магадлалтай,

Д.Иийн нэхэмжлэлтэй

Д.О, О.Х нарт холбогдох

Гэм хорын хохиролд 1,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч, хариуцагч О.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.И нь Д.О, О.Хнарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 142/ШШ2024/00521 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Д.О, О.Х нараас гэм хорын хохирол 1,070,000 төгрөг гаргуулах Д.И-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 207/МА2024/00057 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.Үүнд:

4.1. Тээврийн прокурорын газрын 2023.09.15-ны өдрийн 820А дугаартай тогтоолоор:"...О.Х нь Жет скутэрийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан "Гэрлэн дохио дарааx утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас ".... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 906,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн О.Х-ыг Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээг авхуулахаар Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст материалыг хүргүүлсэн ба 2023.07.27-ны өдрийн 753 дугаартай Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сын гаргасан мөрдөгчийн магадалгааны

- 6.1-т Жет маркийн скутерийг жолоодож явсан жолооч О.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "8.9. гэрэл дохио дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно "гэсэн заалтыг зөрчсөн

- 6.2. Тоёота кроун маркийн .... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч И.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна...” гэж дүгнэсэн.

Зам тээврийн ослыг шалгах эрх бүхий этгээд нь шалгаад хуульд зааснаар Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч М.Сын мөрдөгчийн 753 дугаартай магадалгаа, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 820А дугаартай тогтоолоор О.Х нь явган зорчигчийг явахыг хориглосон улаан гэрлээр гарч .... УНЧ улсын дугаартай Д.И-ийн автомашинд хохирол учруулсан болохыг тогтоосон байхад анхан болон давж заалдах шатны шүүх О.Хын буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж надад 2023.11.29-ний өдөр хэргийн материалтай танилцуулсан ба хариуцагч О.Х нь өөрийн төрсөн аав Д.Од итгэмжлэл хуульд зааснаар олгосон нь одоо хүртэл хэрэгт авагдаагүй байхад шүүх хурлыг хийсэн, мөн шүүх хурал дээр хэрэгт ач холбогдолгүй хаанаас хэнээс ирсэн CD болох нь тодорхой биш баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Миний бие уг баримттай урьдчилан танилцаагүй, анхан шатны шүүх хэргийн материалтай танилцуулахгүйгээр шүүх хурлаа хийсэн, давж заалдах шатны шүүх намайг цахимаар оролцох боломжоор хангаагүй шүүх хурлаа хийсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангалгүй анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргаад байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/01210 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Д.О, О.Х нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... тээврийн хэрэгсэл жолоодон явсан И.Быг зөвшөөрөгдсөн гэрэл дохио ... ногоон гэрлээр уулзвар нэвтэрч байх үед 17 настай О.ХМонгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж скутертэй мөргөж машины урд салхины шил, зүүн урд их гэрэл, урд буфер, капуд эвдэрч гэмтсэн тул хохирол 1,070,000 төгрөгийг шаардах үндэслэлтэй. О.Хын биед хөнгөн гэмтэл учирсан нь И.Бын буруутай үйлдэл байхгүй, өөрөө буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Тэрээр насанд хүрээгүй тул эцэг Д.О нь хариуцах ёстой.” гэж тайлбарласан.

8. Хариуцагч О.Хнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ: “... миний бие цэргийн алба хааж байна. ... эцэг Д.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалтай, эх н.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төрсөн ах О.О нь ... их сургуульд 2 дугаар курсын оюутан бөгөөд тэтгэлгээр сурдаг. Иймд манай гэр бүлийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан бол хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... хүү маань машинд мөргүүлж, амь насаараа хохирох шахаж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон. ... тухайн үеийн камер шүүхэд яаж мөргүүлж, өндөр шидэгдсэн нь бичигдсэн. ... гэтэл хүн мөргөж гэмтээсэн жолооч төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. ... бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. ...” гэж мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлээ “... 2023.07.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Петровис шатахуун түгээх газрын баруун талын уулзварт УНЧ .... дугаартай Тоёота Кроун маркийн авто машин жет скутерийг жолоодож явсан О.Хтай мөргөлдөж зам тээврийн осол болсон. Ослын актаар замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг хэн зөрчсөн, хэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна. Прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч О.Х-ыг буруутай гэж дүгнэх боломжгүй. О.Х тухайн үедээ машин эвдэрсэнд уучлалт хүсч байсан нь хариуцагчийн гэм бурууг нотлохгүй. ... ослын дүрс бичлэгээр хэн, ямар гэрлээр замын хөдөлгөөнд оролцсоныг тодорхойлох боломжгүй ... тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  Иргэний хуульд нийцсэн байна. ... осол хэний буруугаас болсныг тухайн газарт нь үзлэг хийсэн зам тээврийн ослын актаар тодорхойлдог ... уг актаар хэний буруутай үйлдэл болохыг тодорхойлоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. ...” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүгүй тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтыг адил тайлбарлан хэрэглэсэн байх боловч нотолгооны үүргийн хуваарилалтыг тодорхойлсон гэм хорын эрх зүйн үндсэн зарчмаас өөрөөр хуулийг хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт хамаарна гэж үзэж хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлэхээр хүлээн авчээ.

12. Зам тээврийн осол гарах үед өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр тээврийн хэрэгслийг түүний охин И.Б жолоодож явсан үйл баримт, осол гарах үед скутерийг унаж явсан О.Х нь 18 нас хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжтай болоогүй, 17 нас 9 сар 11 хоногтой байсан үйл баримт, зам тээврийн ослын улмаас 1,070,000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтын тухайд зохигч тус тус маргаагүй, уг үйл баримтыг хоёр шатны шүүх адил тогтоосон. Харин зохигч зам тээврийн осолд хэн гэм буруутай болох тухайд маргаж байх ба нэхэмжлэгч нь хариуцагч О.Х Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, тээврийн хэрэгслийн жолооч аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй гэж тайлбарлаж байх бол хариуцагч О.Х буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар О.Х нь дээрх заалтыг зөрчсөнийг хангалттай тогтоох баримт хэрэгт үгүй, хэрэгт авагдсан бичлэгээр О.Х ямар өнгийн гэрлээр замын уулзвар нэвтэрч байгаа нь эргэлзээгүй мэдэгдэх боломжгүй гэж маргасан.

13. Маргааны үйл баримт дээрх байдлаар тогтоогдсон боловч “ ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хэрэгт авагдсан Хяналтын прокурорын тогтоол болон О.Х машин эвдэрсэнд уучлал хүссэнд үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй.” гэсэн хууль зүйн адил дүгнэлтийг хоёр шатны шүүх өгсөнийг зөвшөөрөх боломжгүй.

14. Хэрэгт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023.09.15-ны өдрийн 820А дугаартай тогтоол, мөн хяналтын прокурорын 2023.08.23-ны өдрийн 820 дугаар тогтоол тус тус нотлох баримтаар авагдсан байх ба эдгээр тогтоолуудад “... О.Х нь Жет скутерийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан Гэрлэн дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж ... гарцаар гарахдаа Toyota Crown маркийн .... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Д.Ид 906,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан ...” гэж дурдсан байна.

15.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж тус тус заасан. Эдгээр заалтын дагуу гэм хорын эрх зүйн хүрээнд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болохыг хариуцагч нотлох үүрэгтэй. Тус хэрэгт нэхэмжлэгч нь зам тээврийн осолд хариуцагч О.Х буруутай болохыг нотлох зорилгоор ослын үзлэгийн баримт, хяналтын прокурорын 820, 820А дугаар тогтоолуудыг хавсаргасан бол хариуцагч гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан дүрс бичлэгийн СиДи-ээр нотлогдоно гэжээ.

Нэхэмжлэгчийн заасан баримт болох Хяналтын прокурорын тогтоолд хариуцагч О.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх заалтыг зөрчсөн болон энэ тухай мөрдөгчийн магадлагаанд хэрхэн дүгнэсэн талаар дурдаж, тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг заасан байх ба хариуцагч О.Х эрх зүйн бүрэн чадамжтай болсны дараа шүүхэд гаргасан тайлбартаа гэм буруугүй болохоо илэрхийлж мэтгэлцээгүй байна. Хариуцагч Д.Оаас гаргасан дүрс бичлэгийн си ди-д анхан шатны шүүхээс үзлэг хийж баталгаажуулаагүй байх хэдий ч талууд тус бичлэгээр зохигчийн хэн нь ямар өнгийн гэрлэн дохиогоор уулзвар нэвтэрч байгаа нь тодорхойгүй гэх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэнгүй. Хариуцагч түүнийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх прокурорын тогтоолд гомдол гаргаагүй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан “… гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

16. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан си ди бичлэгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх бол давж заалдах шатны шүүх тус бичлэгээс гэрэл дохионы өнгийг тодорхойлох боломжгүй гэж үзэн хариуцагчийн гэм бурууг нэхэмжлэгч нотлоогүй талаар дүгнэхдээ нэхэмжлэгчээс гаргасан дээрх баримтууд, гэм хорын эрх зүй дэх нотолгооны үүргийн хуваарилалтад үндэслээгүй алдаа гаргажээ. Өөрөөр хэлбэл, си ди-д авагдсан бичлэгээс зохигчийн маргааны зүйл болсон гэрэл дохионы өнгө тодорхойгүй талаарх хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгчийн гаргасан гэм буруугийн талаарх бусад баримтыг хариуцагч няцааж чадаагүйг илтгэж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, прокурорын тогтоол хариуцагчийн тайлбар нь гэм бурууг нотлох баримт биш гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцсэнгүй. Маргаан бүхий зам тээврийн осолд хариуцагч О.Х-ыг гэм буруутай гэж үзэх үндэстэй байна.

16. Хариуцагч О.Х нь 2023.10.02-ны өдөр буюу нэхэмжлэлийг шүүхэд гаргасан 2023.10.09-ний өдрөөс 7 хоногийн өмнө 18 нас хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болсон байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулжээ. Нэгэнт зам тээврийн осолд гэм буруутай этгээд насанд хүрч, эрх зүйн бүрэн чадамжтай болсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч О.Х өөрийн бусдад учруулсан хохирол 1,070,000 төгрөгийг хариуцан арилгах нь зүйтэй гэж үзэн түүний эцэг хариуцагч Д.Од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

17.  Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч О.Хаас 1,070,000 төгрөгийг гаргуулан автомашины өмчлөгч Д.Ид олгон, хариуцагч Д.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 207/МА2024/00057 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00521 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Хаас 1,070,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ид олгон, хариуцагч Д.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.И-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 30,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-ын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.29-ний өдөр 30,320 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ                       

                                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                     Н.БАЯРМАА