Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

          Улсын яллагч Д.Ууганцэцэг,

          Шүүгдэгч Г.Сайханзаяа, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Г.Сайханзаяад холбогдох эрүүгийн 201626012767 дугаартай, 188/2017/0212/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

             Биеийн байцаалт :   

             Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 33 дугаар гудамжны 583 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Ганбатын Сайханзаяа /РД:ЧП87032065/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэг. Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг :

1.1. Шүүгдэгч Г.Сайханзаяа нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 63 тоотод оршин суух иргэн Г.Гантуяагийн гэрээс эрэгтэй, эмэгтэй монгол дээл, хантааз 2 ширхэг, даавуун бүс, ширэн бүс, бүрх малгай 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж бусдад 715,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

1.2. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөн айлын гэрээс давтан үйлдлээр шарах шүүгээ, ухаалаг будаа агшаагч, Сиди тоглуулагч, цасны гутал, 2 ширхэг платье, эмэгтэй хүний савхин куртик зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1,100,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

1.3. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 63 тоотод оршин суух иргэн Т.Өлзийсайханы эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж, бусдад 260,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдын 2,075,000 төгрөгийн эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь :

 

          Шүүгдэгч Г.Сайханзаяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр хойд эцгийн охин Гантуяагийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 63 тоотод амьдарч байхдаа нилээн согтуу гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй байхаар нь цэнхэр өнгийн чемодан дотроос эрэгтэй, эмэгтэй хүний цагаан саарал өнгийн дээл, дээлний гадуур өмсдөг хоёр ширхэг хантааз, эрэгтэй, эмэгтэй хүний шлэйпэн малгай, хоёр ширхэг бүс зэрэг эд зүйлсийг аваад Хархорин зах дээр аваачиж бүгдийг нь 60,000 төгрөгөөр явуулын хүнд зарсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Гантуяа эгчийн гэрт дахиж очоод гэрийн хаалгыг нь өөрт нь байсан түлхүүрээр онгойлгож орсон. Гантуяагийн гэрийн түлхүүр надад нэг хувь байсан. Гэрээс будаа агшаагч, шарах шүүгээ, цасны гутал, сиди тоглуулагч зэрэг эд зүйлс авсан. Будаа агшаагч, шарах шүүгээ нарыг танихгүй хүмүүсээр заруулсан, сиди тоглуулагчийг архи ууж явж байгаад хаясан, цасны гутлыг мөн өмсөж явж байгаад алга болгочихсон. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өлзийсайханы гэрийн цоожийг гэрийнх нь хажууд байсан лоомоор эвдэж, гэрийнх нь баруун хойд талд байсан бор өнгийн хувцасны шүүгээн дээр байсан хар өнгийн ЛСД зурагтыг орны бүтээлгээр нь ороож аваад 21 дүгээр хороололд Хакуба гэдэг ломбардад 50,000 төгрөгийн барьцаанд өөрийн иргэний үнэмлэхээр тавьсан. Тэр мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Би архи уух гээд мөнгөгүй болохоор нь хулгай хийсэн. Мөнгөтэй болох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн, өөр ямар нэгэн шалтгаан байхгүй.

          …Надад мөрдөн байцаагч Цолмонбаяр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа бичүүлж авсан, хэрэв оргон зайлбал хүлээлгэх хариуцлагын талаар сануулж тайлбарлан хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд дэмий тэнэж, орц хонгилоор амьдарч, амьдрах газар байхгүй, дандаа гадуур явдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, ТЭЦ-47 дугаар байранд орцны жижүүрийн ажилд орсон. Уг ажилд орсоноос хойш ажил ихтэй завгүй, бас утасгүй байсан болохоор очиж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         

Хохирогч Т.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байдалтай байхаар нь гайхаад гэртээ ороод үзтэл гэрийн баруун хойд хэсэгт хувцасны шүүгээн дээр байсан зурагт байхгүй байсан. Хаалгай онгойчихсон хаалганы цоож, даруулга хоёр нь байхгүй байсан. Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн зурагтыг 2011 онд 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 800,000 төгрөгөөр үнэлнэ. Сайханзаяаг танины манай хөрш айлын Г.Гантуяагийн дүү гээд 30 орчим насны хүүхэн байдаг юм. ...Би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 27 х/,

 

Хохирогч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ цэвэрлэж байгаад чемоданаа онгойлгоод үзсэн чинь дотор нь байсан эрэгтэй, эмэгтэй хоёр дээл, хоёр малгай, хоёр бүс, эрэгтэй, эмэгтэй хоёр хантааз алга болсон байсан. Тэгээд цагдаад хандсан. Түүнээс хойш нэг хоногийн дараа манай гэрээч печ, будаа агшаагч, цасны гутал, хоёр платье, эмэгтэй богино савхин куртик, жижиг сиди тоглуулагч зэрэг зүйлс алга болсон байсан бөгөөд тэр талаар цагдаад хандаагүй. Манай өргөмөл дүү Сайханзаяаг манай гэрээс ирж хулгай хийгээд байна гэж бодсон, тэгээд цагдаагийн байгууллагад хандаагүй. Сайханзаяа манай гэрт амьдардаг байсан бөгөөд манай гал тогоонд манай гэрийн нэг илүү түлхүүр байсаныг нь авчихсан юм байна лээ. Би өмнө нь өргөдөл өгөхдөө дээл, хантааз, бүс, малгай зэргээ үнэлсэн байгаа, харин печийг 2016 оны 06-р сард 162,000 төгрөгөөр худалдан авч байсан, ухаалаг будаа агшаагчийг 2016 оны 06-р сард150,000 төгрөгөөр,  цасны гутал 2016 оны 05-р сард 100,000 төгрөгөөр Солонгос улсаас авчруулж байсан, бор өнгийн платье 2015 онд 50,000 төгрөгөөр, хар өнгийн платье 2016 оны 02-р сард Солонгос улсаас 100,000 төгрөгөөр авахуулж байсан, эмэгтэй богино савхин куртикийг 2016 оны 09-р сард 500,000 төгрөгөөр манай эгч авч өгч байсан, сиди тоглуулагчийг 40,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 х/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би  “BG&EE” ХХК-ний “Хас оргил” ломбардад мэргэжилтэн хийдэг. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яг хэдэн цаг болж байсаныг санахгүй байна Ганбат овогтой Сайханзаяа гэдэг бичиг баримттай эмэгтэй орж ирээд Самсунг маркийн 32 инчийн зурагтыг удирдлага, бор өнгийн орос бүтээлгийн хамт авч ирээд 50,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Одоо 53,500 төгрөг нэхэмжилнэ. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/,

            

          Гэрч Н.Заяабаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байхаар нь гайхаад орсон чинь манай гэрийн хоймор хэсэгт байсан зурагт болон хойд орны бор эрээн өнгийн бүтээлэг алга болсон байсан. Манай гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байдалтай, гэрийн хаалга онгорхой байсан. Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн зурагт, хар өнгийн удирдлага, бор эрээн өнгийн орны бүтээлэг алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 х/

          Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 х/

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 х/

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 59-60 х/,

 

          Хоёр : 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдан хулгайн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь :

         

          -Шүүгдэгч Г.Сайханзаяагийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Надад мөрдөн байцаагч Цолмонбаяр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа бичүүлж авсан, хэрэв оргон зайлбал хүлээлгэх хариуцлагын талаар сануулж тайлбарлан хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд дэмий тэнэж, орц хонгилоор амьдарч, амьдрах газар байхгүй, дандаа гадуур явдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, ТЭЦ-47 дугаар байранд орцны жижүүрийн ажилд орсон. Уг ажилд орсоноос хойш ажил ихтэй завгүй, бас утасгүй байсан болохоор очиж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          - Гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 34, 35, 81 х/,

          - Оргодол эрэн сурвалжлах тухай /хх-ийн 64-66 х/

          - Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 94 х/

          - Түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 96 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Хохирогч Т.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 27 х/, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдуламын хохирол төлбөр хүлээн авсан баримт /хх-ийн 125 х/, хохирогч Г.Гантуяагийн “... гомдол, саналгүй, уг алдагдсан эд зүйлийг Сайханзаяагаас нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 99 х/ зэргээс үзэхэд хохирогч Т.Өлзийсайхан хулгайд алдагдсан зурагтаа буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдуламд 53,500 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Гантуяа хохирол нэхэмжлэхгүй гэсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул Г.Сайханзаяаг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

          Г.Сайханзаяа нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 х/-аар тогтоогдож байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой.

 

          Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

          Шүүгдэгч Г.Сайханзаяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанараар их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 5 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгээр оногдуулсан 1 жилийн хорих ял дээр хулгай гэмт хэрэгт оногдуулсан 5 сарын баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биелэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нийт 70 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Бэсүд овогт Ганбатын Сайханзаяаг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

          Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.Г.Сайханзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Сайханзаяа-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 05 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Сайханзаяад оногдуулсан 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Г.Сайханзаяад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нийт 70 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Сайханзаяад оногдуулсан 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Сайханзаяа-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

                

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ