Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2017/0133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-.. дүгээр тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг бүртгүүлж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь ашигт малтмалын ашиглалтын МV-... дүгээр тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байсан.

М ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Б миний бие хүнд хэлбэрийн нурууны ёзоорын суулт, үрэвсэл, таталт, нойр булчирхайн үрэвсэл, бөөрний үрэвсэл өвчний улмаас 2016 оны 05 дугаар сард удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлага гарсан бөгөөд эрүүл мэндийн байдал дээрдээгүйгээс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 03-ны хооронд Интенсив каре эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний дараа Оросын Холбооны улс руу явж үргэлжлүүлэн эмчлүүлж байгаад Монгол Улсад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт "хүндээр өвчилсөн-ийг хамааруулан үздэг. Иймд М ХХК-ийн төлбөрийг төлөх үүрэг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Б миний бие хүндээр өвчилснийг хүндэтгэн үзэх нөхцөл байдалд оруулж тооцдог учир М ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Б миний хүндээр өвдсөн байдал хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Ашиг малтмал, газрын тосны газар нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой талаар 7/264 дүгээр албан бичгээр мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдэл нь Ашигт малтмал, газрын тосны газрын байр суурийг илэрхийлж, олон жил хариуцлагатай хамтран ажиллаж ирсэн байдал, төлбөрөө төлөхийг сануулсан зохих ёсны үйл ажиллагаа гэж үзэж хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Тус компани МV-... дүгээр тусгай зөвшөөрлийн төлбөрт 10 934 450 төгрөгийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д заасны дагуу хугацаа хэтэрсэн алданги болох 1 443 350 төгрөгийн хамт 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал уг гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэдэг. Энэ нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх алданги юм.

Нэхэмжлэгч М ХХК төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутмаар тооцон алдангид 1 443 350 төгрөг төлсөн нь хугацаа хэтрүүлсэн хариуцлагаа хүлээсэн гэж үзнэ.

Ашигт малтмал, газрын тосны газар нь төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн захиргааны байгууллага бөгөөд энэ байгууллагын дансанд М ХХК-иас төлсөн төлбөр орсноор зохих төлбөр төлөгдсөн гэж үзнэ.

Энэ талаарх хүсэлтийг хариуцагч байгууллагад удаа дараа гаргасан боловч эс үйлдлээр бүртгэл хийхгүй байгаа нь манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байна.

Тухайлбал, М ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 16/10 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүртгүүлэх, тусгай зөвшөөрөлд бичилт хийлгэх тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М-т гаргахад 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/669 дүгээр албан бичгээр манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.

Мөн М ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16/12 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүртгүүлэх, тусгай зөвшөөрөлд бичилт хийлгэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б-д гаргахад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7/669 дүгээр албан бичгээр манай хүсэлтийг мөн хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ирүүлжээ.

"М ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 1508,2 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын М\/-... дүгээр тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд зохих төлбөрийг ямар нэг саадгүй төлж ирсэн, мөн хугацаанд хайгуулын ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсан, одоо ашиглалтын ажиллагаа явуулахад зарцуулсан төслийн хөрөнгө оруулалт гээд маш их хэмжээний хөрөнгө хаясан үйл ажиллагааг төрийн зүгээс дэмжиж, дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан-ыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасны дагуу Ашигт малтмалын ашиглалтын М\/-015040 дүгээр тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг бүртгэж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр М ХХК-ийн MV-... дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7/2022 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

М ХХК нь дээрх шийдвэрээр тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16/13 дугаар албан бичгээр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан эсэх талаар бидэнд мэдэгдээгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Хадан-Ус нэртэй 1508.2 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-... дүгээр тусгай зөвшөөрлийг 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-д олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, мөн зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

М ХХК тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол алдангийн хамт төлөх хугацаа /30 хоног/ 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болон уг хугацаанаас хойш алдангийн хамт төлөх боломжит хугацааг тус тус хэтрүүлсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын М\/-... дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэгч М ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан MV-... дүгээр тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг бүртгүүлж, тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул дээрх нэхэмжлэлийн хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын ашиглалтын MV-... дүгээр тусгай зөвшөөрлийг М ХХК-д 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон бөгөөд Ашигт малтмалын тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар 8 дахь жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөх байжээ.

Хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/264 дүгээр мэдэгдлээр MV-... дүгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгджээ.

Нэхэмжлэгч компани дээрх тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийн хамт 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлж, мөн өдрийн 16/10 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал А.Б хүндээр өвчилж, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн талаарх шалтгаанаа дурдаж, 8 дахь жилийн төлбөрийг бүртгүүлэх хүсэлт гаргасан нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. гэж заасантай нийцэж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7/669 дүгээр албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгч, хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Хадан-Ус нэртэй талбайн MV-... дүгээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... гүйцэтгэх захирал А.Б миний бие хүнд хэлбэрийн нурууны ёзоорын суулт, үрэвсэл, таталт, нойр булчирхайн үрэвсэл, бөөрний үрэвсэл өвчний улмаас 2016 оны 05 дугаар сард удаан хугацаагаар эмчилгээ хийлгүүлэх шаардлага гарсан бөгөөд эрүүл мэндийн байдал дээрдээгүйгээс 2016 оны 08 дугаар сарын 15-аас 2016 оны 09 дүгээр сарын 03-ны хоорондох хугацаанд Интерсив Каре эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний дараа Оросын Холбооны Улсын руу явж үргэлжлүүлэн эмчлүүлж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн. ... А.Б миний бие хүндээр өвчилснийг хүндэтгэх үзэх нөхцөл байдалд оруулан тооцох учиртай.... гэж маргаж байна.

Төрийн захиргааны байгууллага хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй боловч хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баримт бичигт дурдсан үндэслэлийг шалгаж мэдэгдлээ хүчингүй болгох боломжтой байжээ.

Хэрэгт авагдсан И ХХК-ийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас зэрэг баримтуудаар гүйцэтгэх захирал А.Б нь өвчтэй байсан нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, MV-... дүгээр тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг бүртгэж тусгай зөвшөөрөлд бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн

70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН