Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01475

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны08 срын03 өдөр

                        181/ШШ2021/01475

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Т -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Г.Д -д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т , хариуцагч Г.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Гэр бүлийн хүн маань архины хамааралтай мөн гэр бүлээс гадуур харилцаанд орж байсан учраас цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байна. Г.Д  нь архи уухаараа үглэж, заримдаа надад гар хүрч байсан. Би үүнийг миний амь насанд халтай гэж үзсэн учраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Би Г.Д тай 1999 онд танилцаж бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Г.Д  нь 2005 оноос хойш эрчимтэй ууж эхэлсэн. Би Г.Д ын уухыг болиулах гээд янз бүрийн арга хэрэглэж үзсэн ч чадаагүй. Иймд гэрлэлт цуцлуулах болон 2 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:                                “Гэрлэлт цуцлуулах хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх болон тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Би жоохон уугаад газар унтаж байхад хүү таараад намайг ирж авсан. Би хүүхдээ аав нь жоохон ядраад байна, өнөөдөр ажилгүй амарч байгаа жоохон амаръя гэхэд хүү маань намайг дагуулаад гэр лүүгээ орсон. Гэтэл охин маань намайг согтуу ирлээ гээд ээжийгээ дуудсан. Би гэхдээ агсам согтуу тавиагүй” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т  нь хариуцагч Г.Д д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Т , хариуцагч Г.Д  нар нь 1999 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсноо 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2000 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.Ц , 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Д.А  төрсөн болох нь зохигчдын тайлбар, №75 тоот гэрлэлтийн гэрчилгээ, охин Д.А гийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Т , хариуцагч Г.Д  нар нь 2020 оноос хойш гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан тусдаа амьдрах болсон, мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын тусгаарлах байрнаас нэхэмжлэгч нь шүүхэд хамгаалалттай ирсэн тул шүүх эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж  шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

2000 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Д.Ц  нь насанд хүрсэн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд охин Д.Ариунцэцэгийг эх С.Т ийн асрамжид  үлдээхээр тохиролцсон тул охин Д.Ариунцэцэгийг эх С.Т ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Г.Д   нь өөрийн төрсөн охин Д.Ариунцэцэгийг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Ариунцэцэгийг сар бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Г.Д аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.Т, Г.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Д.А г эх С.Т ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Д.А г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Д аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч С.Т , хариуцагч Г.Д  нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д аас 130,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Т т  олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР