Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Л.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л*******ийн Д*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой 3 дугаар гудамжны ***** тоотод Ц.Б*******тэй үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний биед баруун бугалга хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой 3 дугаар гудамжны ***** тоотод Ц.Б*******тэй үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний биед баруун бугалга хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Д*******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би 9 дүгээр хороонд байдаг Гэрэлт нэртэй караокед орсон чинь манай таньдаг хүмүүс байсан. Тэгээд би тэр хүмүүстэй нэг том 2.5 л хэмжээтэй нийслэл нэртэй пиво уусан. Тэгээд би тэндээс гараад өөрийнхөө найз болох Баттулгатай утсаар ярьсан чинь би хөх толгойд 2 найзтайгаа ууж байна. Чи хүрээд ир гэхээр нь би такси бариад Баттулгаар тухайн айлын гэрийг заалгаад гэрийнхэн гадаа очсон чинь Баттулга нь гарч ирж намайг тухайн айл руу дагуулж орсон. Би тухайн айлд орсон чинь миний зүс таних Мөөгий гэдэг тэр айлын эзэн нь бололтой /тухайн үед танилцсан/ Б******* нар сууж байсан. Бид 4 нэг том 2.5 л хэмжээтэй сэрүүн нэртэй пиво задалж хувааж уусан. Би тухайн пиво ууж байх хугацаандаа тэр гэрийн эзэнтэй танилцсан. Тэгээд би ууж байсан пивонд согтоод байсан. Миний санаж байгаа юм бол би тухайн гэрийн эзэнтэй маргаад байх шиг байсан. Миний ухаан санаа орж гараад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь намайг гадаа Баттулга нь барьцан зогсож байсан. Тэгээд намайг чи хүн хутгалчихлаа, чи одоо яв гээд байсан. Тэгээд би айгаад сандраад яваад өгсөн...Өөрийн үйлдлээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед найз Баттулгатай уулзаад манай гэрт очиж хоёр том хүрэн савтай Сэнгүр нэртэй пиво уусан. Ингээд юм ярьж байтал Баттулга найзыгаа дуудчихъя манай найз энд ирчихсэн байгаа гэж байсан. Тэр найзынх нь талаар би өмнө Баттулгын амнаас сонсож байсан. Өмнө нь 2-3 удаа харж байсан болохоос харилцаж үзэж байгаагүй. Ярианаас нь Улаанбаатар хотод ажил хийж байгаад Мөрөнд ирсэн юм байна гэж ойлгосон...Тэр залуу манайд ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу орж ирсэн. Бид гурав нэмж нэг том пиво аваад ууж байтал тэр залуу намайг үгээр өдөөд үл тоогоод байгаа бололтой байхаар нь би чи одоо яагаад байгаа юм. Айлд ирчхээд гэсэн чинь намайг баруун гараа нэг удаа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би “чи одоо яагаад байгаа юм” гээд түлхсэн чинь чамайг яадаг юм гээд дахиад нэг удаа нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохисон чинь бултаад оногдоогүй. Тэгээд баруун халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэг рүү чичихээр нь би хойшоо ухраад холдсон. Тэгтэл Баттулга дундуур орж ирээд тэр залууг болиоч чи одоо яагаад байгаа юм гээд гарыг нь барьж аваад үйлдлийг нь хориглоод байж байтал Баттулгын гарыг тавиулаад түлхэнгүүтээ далайгаад миний баруун гарын бугалганы гадна хэсэгт хутгалсан. Би харин ч далайхаар нь хамгаалах үйлдэл хийж гараа өргөөд бугалга хэсэгт таарсан. Тэрнээс хүзүү, мөр орчимд хутгалж таарахаар далайсан. Тэгээд л шууд гараад зугтаад алга болсон. Хутгаа өөрөө аваад гарсан. Тэр хутга нь угаасаа өөрийнх нь халааснаас гаргаж ирсэн хутга юм. Би хутгалуулсныхаа дараа Баттулгатай хамт эмнэлэг орж гартаа боолт хийлгээд буцаж гэртээ харьж байж байгаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 08-09-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Б******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 138,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),

Гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой найз Мөнхбаярын хамт Б*******гийнд очиж хоёр том пиво уусан. Б*******гийнд байж байтал Д******* над руу залгаж хаана юу хийж байна гэж асуусан. Би айлд ууж байна гэдгээ хэлээд чи хүрээд ирэх юм уу гэсэн чинь яваад очъё гэсэн. Тэгээд Д******* Б*******гийнд такси бариад ирсэн. Би Б*******г Д*******тэй танилцуулсан. Тэгээд бид нар пиво уугаад сууж байсан. Тэгж байтал Б*******, Д******* хоёр маргалдсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор яг юу ярьж байгаад юунаас болоод маргалдаад байсныг нь сайн санахгүй байна. Би ямар ч байсан Б*******д хандаж “андаа наад чинь чамайг ахаа гэж хүндэлж байна ш дээ, чи яагаад энэ хүн рүү томроод байгаа юм бэ” гэж хэлснээ сайн санаж байна. Тэр хоёр цохилцох шиг болсон. Гэхдээ яг хэн нь хэнийгээ түрүүлж цохисныг нь сайн нарийн мэдэхгүй байна. Би ямар ч байсан салгах гэж дундуур нь орсон. Тэгтэл Б*******гийн гараас цус гоожиж байсан. Б******* орон дээрээ суусан. Д******* шууд гараад явсан. Би түргэн дуудаж Б*******г үзүүлсэн. Мөнхбаяр бас цусыг нь тогтоох гээд наагуур цаагуур гүйж л байсан. Түргэний эмч ирж үзээд эмнэлэг дээр очиж боолт хийсэн. Би Мөнхбаяртай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, Д*******тэй хүүхэд байхаасаа хөрш байсан болохоор найзалж өссөн. Одоо бол хөрш биш өөр, өөр газарт байгаа. Б*******тэй 10 жилд байхдаа танилцаж тэрнээс хойш 4-5 жил найзалж байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 556 дугаартай: “

1. Ц.Б*******гийн биед баруун бугалгад шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Ц.Б*******гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ”  гэх дүгнэлт (хх-ийн 21-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 34 хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 35-р хуудас),  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 36-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 37-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв.

Шүүгдэгч Л.Д******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Л.Д******* нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой 3 дугаар гудамжны ***** тоотод Ц.Б*******тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар түүний биед баруун бугалга хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Д*******гийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),

Гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 556 дугаартай дүгнэлт (хх-ийн 21-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Б*******гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Д*******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Д******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.Д******* нь хохирогч Ц.Б*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Ц.Б******* нь эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хохирогч Ц.Б******* нь эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эрүүл мэндийн хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Д*******гээс 2,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Харин иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 138,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Ц.Б*******д 138,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 40-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Д*******гээс 138,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал суулгах арга хэмжээ авах саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Д******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. 

Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Л.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 12 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 180 нэгжээр тооцож 180,000 төгрөгийг торгох ялаас нь хасч тооцлоо.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б******* нь 2,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Д*******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Л*******ийн Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л*******ийн Д*******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д*******гийн цагдан хоригдсон 12 (арван хоёр) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 180 (нэг зуун ная) нэгжээр тооцож 180,000 (нэг зуун наян мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Д******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Д*******гээс 138,000 (нэг зуун гучин найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б******* нь 2,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Д*******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР