Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/01473

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 срын03 өдөр

                           181/ШШ2021/01473

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ү.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ц.М-т холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Ц.М  хоёр хүүхдээ асарч, анхаарал халамж тавьж чадахгүй гэж хэлсэн. Мөн Ц.М  нь гэрээсээ гарахаараа 7 хоног алга болдог. 2020 оны 03 дугаар сараас эхлэн гэртээ ирэхгүй, алга болсон. Одоо том хүүхэд маань 4 настай, бага хүүхэд маань 2 настай. Иймд хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна.

Би хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж хэлсэн. Би нэг компанид ерөнхий механик хийдэг бөгөөд одоо хүүхдүүдээ харах гээд чөлөө авчихсан байгаа. Манай ээж Солонгос улсад байдаг, хорио тавигдахаар Монгол Улсад ирж манай хоёр хүүхдийг харж өгнө гэж хэлсэн. Ээжийг Солонгосоос ирэхээр би буцаад ажилдаа орно” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.М  нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хот руу томилолтоор удаан хугацаагаар явсан бөгөөд явахаасаа өмнө хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг Ү.Н тай харилцан ярилцаж тохиролцсон талаар хариу тайлбартаа бичсэн. Ц.М  нь 2016 оноос хойш Ү.Н тай хамтран амьдрах хугацаандаа хоёр хүүхэдтэй болж, 2020 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Ү.Н  нь хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг бөгөөд, хариуцагч Ц.М  нь өөрийн гэсэн тогтсон гэр байхгүй, амьдралын боломж тааруу байгаа учраас аавынх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн.

Талуудын тайлбараар хоёр хүүхдийн асрамж, халамжийн асуудал дээр Ц.М  дутагдалтай гэдэг нь харагдаж байна. Хүүхдүүд Үндсэн хуульд заасан үнэ төлбөргүй сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх нь зөрчигдөж байна. Ц.М  нь өөрийн дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хүүхдүүдийн асрамжийг аавд нь үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаараа хүүхдийн тэтгэлэг шаардаагүй байсан, мөн хоёр тал энэ талаар ярилцсан юм байна лээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Н  нь хариуцагч Ц.М т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ү.Н , хариуцагч Ц.М  нарын дундаас 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Н.М , 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Н.Мө нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү Н.М , охин Н.Мө нарын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ү.Н , хариуцагч Ц.М  нар нь гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2020 оноос хойш тусдаа амьдрах болсон, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хүүхдүүдийн асрамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд хүү Н.М , охин Н.Мө нарыг эцэг Ү.Н ын асрамжид  үлдээхээр тохиролцсон байх тул хүү Н.М , охин Н.Мө нарыг эцэг Ү.Н ын асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд дараа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саадгүй болохыг дурдав.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Н.М , 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Н.Мө нарыг эцэг Ү.Н ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ү.Н , хариуцагч Ц.М  нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,740 төгрөгөөс 70,200 улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 5,540 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.М оос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Н т  олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР