Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

 

          Улсын яллагч Ц.Гансүлд,

          Шүүгдэгч О.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0-938/,

          Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Борлууд овогт Буянтогтохын Мөнх-Эрдэнэ, Ламаахан овогт Оюунхандын Цолмонбаяр нарт холбогдох эрүүгийн 201726010116 дугаартай, 188/2017/0207/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

             Биеийн байцаалт :   

             Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зочид буудлын зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 6 дугаар гудамж 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Борлууд овогт Буянтогтохын Мөнх-Эрдэнэ /РД:ОН93101837/,

 

             Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Увс аймгийн Давст сумын 3 дугаар баг Хандгайт-д оршин суух, ял шийтгэлгүй, Ламаахан овогт Оюунхандын Цолмонбаяр /РД:ОВ96091716/,

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Нэг : Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нар нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгай тоотод оршин суух иргэн Н.Оюунбаатарын гэрээс хув толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 408,000 төгрөгийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

          -Шүүгдэгч О.Цолмонбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз Мөнх-Эрдэнэ-н хамт хамаатны ах Оюунбаатарын гэрийг нь хараад унтаад үлдсэн. Мөнх-Эрдэнэд мөнгөний хэрэг гараад мөнгөн аяга, хөөргийг түр хэрэглэчихээд буцаагаад өгнө гэж бодоод аваад ломбарданд тавьсан чинь гэрийнхэн нь мэдээд цагдаад баригдсан. Би хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би уг хэрэгт шалгагдаж байгаад хулгайлсан эд зүйлээ хураалгаж аваад хохирлыг нь барагдуулаад явсан. Түүнээс хойш цагдаа дээр ирэх гээд чадахгүй явж байснаа хүлээн зөвшөөрч байгаа ч мөнгөө өгөөд эд зүйлсийг нь хүлээлгээд  өгчихсөн болохоор нөгөө хүн нь гомдолгүй болоод хэрэг хаагдчих байх гэж санасан учир оргосон гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг удаа ирээд мөрдөн байцаагчтай таараагүй болохоор нь явчихсан юм. Түүнээс хойш ирээгүй надад холбоо барих утас байгаагүй.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            -Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз Цолмонбаярын хамт тэдний хамаатны ах Оюунбаатарын гэрт нь унтаад үлдсэн. Босоод гэрийг нь цэвэрлэж байгаад шүүгээнд нь хөөрөг байгааг олж мэдсэн. Тэгэхэд би байр хөлслөх гээд мөнгөний хэрэгтэй байсан болохоор тэр хөөрөг, мөнгөн аягыг түр ломбарданд тавиад буцаагаад аваад өгье гэж санаад ломбарданд тавьсан юм. Тэр мөнгөөрөө байр түрээсэлж чадаагүй үрээд дуусгасан. Уг эд зүйлсийг нь байсан ломбардыг нь зааж өгөөд хураалгуулсан.  Цагдаа дээр дуудахад нь ирсэн боловч Цолмонбаяр ирэхгүй байхаар ах нь эд зүйлээ аваад гомдолгүй болчихсон юм байх гэж санасан, тэгээд ирээгүй. Мөрдөн байцаагч хэрэг хаагдаагүй шалгагдана Цолмонбаярыг олж ир гэж хэлж байсан. Цолмонбаяр өмнө нь хэлэхдээ манай ах гайгүй байх, юмыг нь аваад өгчихвөл гомдлоо авах байх гэж хэлж байсан болохоор тэр үгэнд нь итгээд явчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            -Хохирогч Н.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цолмонбаяр манай хадам аав Сайнбуянгийн төрсөн дүү Сүхбаатарын хүүхэд нь байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагт Цолмонбаяр найзын хамт ирээд том өрөөнд унтаж байсан. Би удаагүй ажилдаа явсан, эхнэр Анхзаяа хүүхдийн хамт, Цолмонбаяр найзын хамт унтаад үлдсэн. Манай эхнэр хүүхдээ цэцэрлэгт өгөөд өөрөө 10 цагийн орчим гарч явсан, гэрт Цолмонбаяр найзын хамт үлдсэн байсан. Орой 19 цагийн орчимд манай эхнэрийн дүү Ариунтунгалаг над руу залгаад таны хөөрөг чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэр өдөр Ариунтунгалагийг гэртээ байж байтал манайхаас хүн гарч байгаа чимээ гарахаар нь гарч харахад Цолмонбаяр найзын хамт гарч таарсан гэсэн. Манайхаас алдагдсан хөөрөг хув толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай, усан гартаам хөөрөг байгаа юм. Уг хөөргийг 200,000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын мөнгөн аягыг бэлгэнд авч байсан ба 150,000 төгрөгөөр үнэлнэ. Бага гарын мөнгөн аягыг 580,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би өөрийн алдсан эд зүйлээ буцаан авсан учир ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан эд зүйл маань мөн байна, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна, бүрэн бүтэн хүлээн авлаа.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

            -Иргэний нэхэмжлэгч Б.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хоёр залуу энэ барьцаанд тавигдсан хөөргийг авч орж ирээд хэдэн төгрөгөөр авах вэ гэхээр нь 30,000 төгрөгөөр авна гээд тэр хөөргөө барьцаанд 30,000 төгрөгөөр тавьсан. Хулгайн гэж хэлээгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Барьцаанд тавьсан мөнгөө уг хүн төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

 

            -Иргэний нэхэмжлэгч А.Мөнхдөлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ломбард хүнээс эд зүйл авахдаа өөрийнх нь иргэний үнэмлэх бичиг баримтаар царай зүстэй нь тулгаж эд зүйлсийг барьцаанд авдаг. Уг хүмүүс нь бичиг баримттай байсан болохоор л эд зүйл барьцаанд тавьсан байна. Уг хүмүүс 2 ширхэг мөнгөн аягыг нийтэд нь 65,000 төгрөгөөр тавьсан ба хүүтэй нь нийлээд 69,550 төгрөг болж байна. Уг хүмүүс барьцаанд тавьсан эд зүйлийн мөнгийг төлж барагдуулж байгаа тул манайхаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

            -Гэрч С.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим гэртээ ирээд Оюунбаатар ахын хүүхдийг нь оруулах гэсэн чинь байшин нь харанхуй хүнгүй байхаар нь би хүүхдийг дагуулаад гэртээ ороод байж байтал удаагүй хөлийн чимээ гарахаар нь хэн ирж байгаа юм бол гээд гараад харсан чинь Цолмонбаяр нэг залуугийн хамт Оюунбаатар ахын байшингаас гарч байсан ба гэрийг нь цоожлоод зогсож байсан юм. Би түлхүүрийг нь аваад зөрөөд ороод хөргөгчнөөс нь мах гаргаж тавиад хөөрөг нь байгаа юм болов уу гэж санаад Оюунбаатар ах руу залгаад хөөрөг чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь орны хажуу талын шүүгээнд байгаа гэхээр нь онгойлгоод үзсэн чинь хөөрөг, мөнгөн аяга нь байхгүй байсан учир Оюунбаатар ахад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

            -Гэрч Д.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цолмонбаяр нь манай төрсөн ах Сүхбаатарын төрсөн хүү байгаа юм. Цолмонбаяр нь ээж Оюунхандаар овоглож ээжтэйгээ Увс аймагт амьдрах болсон. Цолмонбаяр Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд амьдарч байсан айлаасаа эд зүйл хулгайлсан байсан. Цолмонбаяр зан байдлын хувьд элдэв муу зангүй, муу зуршилгүй, хүнтэй эвтэй харьцдаг, хүний үгнээс гараад байдаггүй хүүхэд байсан. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбодогож байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

  • Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17 х/
  • Хураан авах тогтоол /хх-ийн 18 х/
  • Хураан авах тогтоол /хх-ийн 19 х/
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 22 х/,

 

Хоёр: Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

-Шүүгдэгч О.Цолмонбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... хэрэгт шалгагдаж байгаад хулгайлсан эд зүйлээ хураалгаж аваад хохирлыг нь барагдуулаад явсан. Түүнээс хойш цагдаа дээр ирэх гээд чадахгүй явж байснаа хүлээн зөвшөөрч байгаа ... Нэг удаа ирээд мөрдөн байцаагчтай таараагүй болохоор нь явчихсан юм. Түүнээс хойш ирээгүй надад холбоо барих утас байгаагүй.  ... Увс аймгаас баригдаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            -Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Цагдаа дээр дуудахад нь ирсэн боловч Цолмонбаяр ирэхгүй байхаар ах нь эд зүйлээ аваад гомдолгүй болчихсон юм байх гэж санасан, тэгээд ирээгүй. Мөрдөн байцаагч хэрэг хаагдаагүй шалгагдана Цолмонбаярыг олж ир гэж хэлж байсан. Цолмонбаяр өмнө нь хэлэхдээ манай ах гайгүй байх, юмыг нь аваад өгчихвөл гомдлоо авах байх гэж хэлж байсан болохоор тэр үгэнд нь итгээд явчихсан юм. ... Увс аймгаас баригдаж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            -Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Цолмонбаярыг Улаанбаатар хотод таних хүн байхгүй, батлан дааж авахгүй хүнгүй гээд гуйгаад байхаар нь батлан дааж авсан. Түүнээс хойш уулзаагүй. Цолмонбаяр над руу нэг удаа ярихдаа Увс аймаг руу явж байна гэсэн. Цолмонбаяр утасгүй болохоор холбоо барьж болохгүй байсан. Би өөрөө хөдөө явж байгаад ирсэн болохоор Цолмонбаярын араас хөөцөлдөж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 х/

            -Гэрч Б.Бат-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дүү Мөнх-Эрдэнэ-г батлан дааж авсан боловч Дорнод аймагт ажлаар явж байгаад ирж байна. Мөнх-Эрдэнэ надад миний хэрэг хаагдсан гэж хэлж байсан. Би хэрэг хаагдсан талаар нь мөрдөн байцаагчтай ярьж асуугаагүй. Батлан дааж авсны дараахан мөрдөн байцаагчтай ярихад Мөнх-Эрдэнэ ирэхгүй байгаа ирж уулз гэж хэлж байсан. Тэрний дараахан Мөнх-Эрдэнэтэй таараад мөрдөн байцаагч дээрээ оч гэж хэлсэн чинь хэрэг хаагдсан гэхээр нь за гээд өнгөрсөн. Би хуульд заасан арга хэмжээг авахуулна, торгууль төлнө. Мөнх-Эрдэнэ-г батлан дааж авсан Тэмүүжин хаана байгаа талаар хэлж мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 х/

 

-Бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 41, 46 х/,

-Батлан даагч нарт торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр /хх-ийн 135-136 х/,

-Оргодол эрэн сурвалжлах тухай /хх-ийн 115-119 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

          Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд :

 

          - Б.Мөнх-Эрдэнэ-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 х/

          - О.Цолмонбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 х/

          - Б.Мөнх-Эрдэнэ-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 х/

          -О.Цолмонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 х/ зэргээр Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нар урьд өмнө гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон.

         

             Хохирлын талаарх баримтууд :

             -Хохирогч Н.Оюунбаатарын гаргасан хүсэлт: “...Миний гэрээсээ алдсан эд зүйлсийг О.Цолмонбаяр авсан байсныг тогтоож алдсан эд зүйлээ авсан. О.Цолмонбаяр миний хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /хх-ийн 137 х/

             -Иргэний нэхэмжлэгч А.Мөнхдөл-н гаргасан хүсэлт: “...Б.Мөнх-Эрдэнээс 70,000 төгрөгийг хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй болно. ...” /хх-ийн 138 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

-Иргэний нэхэмжлэгч Б.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Барьцаанд тавьсан эд зүйлийнхээ мөнгөө уг хүн төлж барагдуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/ зэргээр шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нар бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзэх боломжтой.

 

Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн үйлдэлд тохирсон, шүүхээс хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

          Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг бүрэн арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогдоогүй болно.

 

        Б.Мөнх-Эрдэнэ, О.Цолмонбаяр нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанараар их биш, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн болон хувийн бусад байдал зэргийг харгалзан тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

        Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нийт 68 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Борлууд овогт Буянтогтохын Мөнх-Эрдэнэ, Ламаахан овогт Оюунхандын Цолмонбаяр нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

          Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2.О.Цолмонбаяр-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар О.Цолмонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн тэдгээрийн биечлэн эдлэх ялыг нийт 03 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Цолмонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарт оногдуулсан 03 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5.О.Цолмонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нийт 68 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Цолмонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарт тус бүрт нь оногдуулсан 03 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Цолмонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нар тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

                

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ