| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02578/И |
| Дугаар | 101/ШШ2021/03414 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2021/03414
2021 10 28 101/ШШ2021/03414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 00000000000000 тоотод оршин суух, ЭМын /РД: УУ95110210/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 00000000000000402 тоот хаягт байрлах, Б ХХК /РД: 5395356/,
Хариуцагч: 00000000000000хаягт оршин суух, Б овогт Х О /РД: ГЮ89081105/ нарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.М нь 2016 оны 3 сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу 1 метр квадратыг нь 800.000 төгрөгийн өртөгтэй Хууль сахиулагч хотхон баригдахаар захиалга авахад хүсэлт өгсөн.
Ингээд Б ХХК-тай 2016 оны 4-р улиралд багтаан барьж ашиглалтанд оруулах нөхцөлтэй 2016 оны 3 сарын 29-ний өдөр BLLC2016/03/211 тоот орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Гэрээнд зааснаар 0000000000000000тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокын 1-р орц, 11-р давхарт 1 өрөө бүхий 41.81 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 800.000 төгрөгөөр тооцож 33.448.000 төгрөгөөр захиалсан болно.
Хөнгөлөлттэй нөхцлөөр баригдаж байгаа учир барилгын зургийн зардлыг захиалагч төлөх шаардлагатай гэсэн тул 2016 оны 3 сарын 7-ны өдөр Г ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 6666666 тоот дансанд 1.080.000 төгрөг төлсөн.
Мөн 2016 оны 3 сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр 10.080.000 төгрөг төлсөн бөгөөд байрны төлбөр 33.448.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Хөрөнгө санхүүгээс болоод тухайн компанийн барилгын ажил удааширч байсан тул удаа дараа гомдол гаргаж байсан ба 2019 оны 8 сарын 27-ны өдөр гэхэд бүх төлбөрөө төлсөн байсан ба энэ талаар Б ХХК-тай тооцоо нийлэн төлбөрийн тооцоогүй гэдгээ тогтоосон.
Б ХХК-иас 2020 оны хавар Э.Мыг дуудаж өрөөний ханын цаас болон паркетан шалны өнгөний сонголтоо хий гэсний дагуу цайвар өнгийн ханын цаас, хүрэн өнгийн паркетыг сонгосон.
Б ХХК нь 2020 оны 7 сарын 8-ны өдөр орон сууцыг ашиглалтанд оруулж дүгнэлт гаргуулахаар улсын комисст хандахад тагтны хаалт, орчны тохижилт зэрэг 54 заалт бүхий ажлын даалгавар өгч, 14 хоногийн хугацаатай үүрэг өгсөн боловч тус компанийн захирал Х.О санхүүгийн боломжгүй, хөрөнгө олж тагтны хаалт хийнэ гэсэн.
Захиалагчдын зүгээс компанийн захирал Х.Отай уулзахад тагтны хаалтаа өөрсдөө хийлгэ, 1.000.000 орчим төгрөг болж байсан, тэгээд түлхүүрээ ав гэсэн хариуг өгсөн. Гэрээнд ийм заалт байхгүй, 2016 оны 4-р улиралд ашиглалтанд оруулах ёстой байрыг одоо оруулж байгаа нь захиалагчдын эрх ашгийг зөрчиж, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгааг нь хэлж, тагтны хаалтаа өөрсдөө хийлгээд түлхүүрээ авахаар тохиролцоод байраа үзээд явсан.
2021 оны 5 сарын 27-ны өдөр сонгосон байраа үзэж тагтны хаалтны хэмжээ авах гээд очиход манай байранд 2020 оны 8 сарын 17-ны өдөр Б ХХК-тай А-20 тоот орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх Д.Ц гэх айл орсон байсан.
Д.Цогцолмонгийн Б ХХК-тай байгуулсан гэрээг үзэхэд уг гэрээнд нь тус байрны 11 давхрын манай байр биш, 13 давхрын байрны гэрээ байсныг мэдэж компанид хэлсэн боловч тийм зүйл байх боломжгүй гэсэн.
Э.М нь Б ХХК-тай 2016 оны 3 сарын 29-ний өдөр байгуулсан BLLC2016/03/211 тоот орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул Э.Мыг 0000000000 тоот хашаанд байрлах, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок, 49Б байрны 1-р орц, 11 давхрын 41.81 м.кв талбайтай, 1 өрөө /48 тоот/ орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б ХХК болон мөн компанийн захирал ажилтай, иргэн Х.О нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б ХХК-тай 2016 оны 3 сарын 29-ний өдөр BLLС2016/03/211 тоот орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч Э.М тус компанийн Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар барьж буй 00000000000000 тоот хашаан дахь үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокын 1-р орц, 11 давхрын 1 өрөө, 41.81 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 800.000 төгрөгөөр, нийт 33.448.000 төгрөгөөр захиалан бариулахаар,
хариуцагч буюу гүйцэтгэгч Б ХХК нь 2019 оны 3-р улиралд багтаан зураг, төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохирсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Харин мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг учиртай.
Тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон тохиолдолд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулах бөгөөд нэгэнт бий болсон орон сууц санал болгон тохирсон үнийг төлж буй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, Б ХХК, Б групп ХХК-ийн захирал Х.О байгууллагын тамгаа даран баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч тал нь Б ХХК-ийн Хаан банк дахь 5084354105, 5129055028 тоот дансуудад 2016 оны 3 сарын 15-ны өдөр 10.080.000 төгрөг, 2017 оны 7 сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 4.700.000 төгрөг, 2017 оны 11 сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 5 сарын 8-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 11 сарын 7-ны өдөр 265.300 төгрөг, 2019 оны 4 сарын 5-ны өдөр 3.500.000 төгрөг, 2019 оны 6 сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 7 сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг, 2019 оны 8 сарын 27-ны өдөр 5.602.700 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд тэрээр орон сууц захиалгын гэрээ ёсоор нийт 33.448.000 төгрөгийг төлсөн талаар гэрээний талууд тооцоо нийлэн Б ХХК түүнийг дээрхи төлбөрийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулан санхүүгийн тэмдгээ даржээ.
/ХХ-ийн 12-13, 28 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, 8-р хороо, УС-15 гудамж, 74 тоот хашаанд байрлах, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок буюу Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Амгалан /13260/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 49Б тоот хаягт байршилтай 9.000 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204090339 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 8 сарын 8-ны өдөр Б ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон болно.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 7 сарын 20-ны өдрийн 04/2465 дугаартай хаягийн тодорхойлолтоор Баянзүрх дүүрэг, 8-р хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай дутуу барилга нь Амгалан /13260/, Цагдаагийн академийн өргөн чөлөө, 49Б гэсэн дугаартай болохыг бүртгэлийн байгууллагад мэдэгджээ.
/ХХ-ийн 30-149 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан 2016 оны 3 сарын 29-ний өдрийн гэрээний 2.6-д Тухайн байрны төлбөр 100 хувь хийгдэх хүртэл хуулийн дагуу тухайн байрны хууль ёсны өмчлөгч Б ХХК байна гэж заасан бөгөөд Э.М орон сууц захиалгын гэрээний дагуу төлөх 33.448.000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч Б ХХК энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх,
106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,
343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.М нь орон сууц захиалгын гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсөө төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Б ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг уг хуулийн этгээдийн захирал ажилтай иргэнээс шаардаж буй нь үндэслэлгүй тул Б ХХК-ийн захирал ажилтай, иргэн Х.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЭМыг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, УС-15 гудамжны 74 тоот хашаанд байрлах, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок буюу Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Амгалан /13260/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 49Б байрны 1-р орц, 11 давхрын 41.81 м.кв талбайтай, 1 өрөө бүхий /48 тоот/ орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 6 сарын 17-ны өдөр хүлээн авч 2021 оны 6 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Б ХХК болон Б ХХК-ийн захирал ажилтай иргэн Х.О шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 сарын 26-ны өдрийн 11458 дугаар захирамжаар хариуцагч талыг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Б ХХК, Б ХХК-ийн захирал ажилтан иргэн Х.Од нэхэмжлэлийн хувийг 2021 оны 9 сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн хувийн гардуулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 160-163 дугаар тал/
Хариуцагч Б ХХК болон мөн компанийн захирал ажилтай, иргэн Х.О нарт 2021 оны 10 сарын 28-ны өдрийн 12 цагт шүүх хуралдаан болохыг боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 7 хоногийн өмнө мэдэгдсэн боловч мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 168-186 дугаар тал/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ЭМыг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, УС-15 гудамжны 74 тоот хашаанд байрлах, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блок буюу Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Амгалан /13260/, Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 49Б байрны 1-р орц, 11 давхрын 41.81 м.кв талбайтай, 1 өрөө бүхий /48 тоот/ орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.Од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 325.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН