| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/01582/И |
| Дугаар | 181/ШШ2021/01547 |
| Огноо | 2021-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2021/01547
| 2021 оны 08 сры 12 өдөр | 181/ШШ2021/01547 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М К ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б-д холбогдох
736,851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч MyMobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 40655108 тоот гэрээ байгуулж 94101222 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр багцаа шинэчилж мөн гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 839,000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy A6 Gold гар утасны төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.
Д.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 94101222 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2020 оны 03, 04, 05-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 722,049 төгрөг, интернэт банк ашигласны хураамж 14,802 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Д.Б аас 94101222 дугаарын үйлчилгээний төлбөр 317,379 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy A6 Gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 349,560 төгрөг, торгууль 69,912 төгрөг нийт 736,851 төгрөг гаргуулахаар нэхэмжилж гаргасан.
2021 оны 05 дугаар сард гүйцэтгэх захирлын зарим хэрэглэгчдийн торгуулийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх тушаалын дагуу Д.Б ын төлбөрөөс 31,460 төгрөгийг хөнгөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаас 31,460 төгрөгийг хасч нийт 705,391 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв.
Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М К ХХК нь хариуцагч Д.Б д холбогдуулан 9410-1222 дугаарын үйлчилгээний төлбөр 317,379 төгрөг, зээлээр авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 349,560 төгрөг, торгууль 69,912 төгрөг, нийт 736,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 31,460 төгрөгөөс багасгаж, 705,391 төгрөг шаардсан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.
Хариуцагч Д.Б нь М К ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 40655108 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай” гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 40655108 дугаартай үйлчилгээний гэрээг тус тус байгуулжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлах боловч талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 40655108 дугаартай Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээнд хүү тооцоогүй байх тул гар утасны үнийг дараа төлөхөөр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэв.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 40655108 дугаартай үйлчилгээний гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худапдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Хариуцагч Д.Б нь гар утасны төлбөрт нийт 489,440 төгрөг төлсөн одоо 349,560 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн 9410-1222 дугаарын төлбөрийн үлдэгдэл 317,379 төгрөг болох нь баримтаар нотлогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан барааны үнэ буюу гар утасны үлдэгдэл төлбөр 349,560 төгрөг болон үйчилгээ худалдсан үлдэгдэл төлбөр 317,379 төгрөг, нийт 666,939 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж, талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 40655108 дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай” гэрээний 3.9-д “Торгуулийн дүн нь ... 20 хувьтай тэнцүү байна” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь гар утасны үлдэгдэл төлбөр 349,560 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль буюу 69,912 төгрөгийн торгууль нэхэмжилсэн бөгөөд торгуулийг 31,460 төгрөгөөс багасгаж 38,452 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д.Б аас 705,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М К ХХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагч Д.Б д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан ба хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардсан өдрөөс хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Д.Б яжаргалд 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-т “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга...-д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна” зааснаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргад хүргүүлсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Б аас 705,391 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М К ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 21,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М К ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР